Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00334

 

Н.Сн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00128 дугаар магадлалтай,

Н.Сн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн ХХҮГхолбогдох

Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Я.Сьездын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.С миний бие хот хооронд тээвэр хийдэг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг рүү өөрийн автомашинаар ачаа ачиж явахад Ховд аймгийн Зэрэг суманд 2445 БӨТ улсын дугаартай ВЕIВЕN ND 1250 маркийн автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон. Манайх ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй ба хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, эхнэр О.Айнагүл маань тодорхой эрхэлсэн ажилгүй. Манай өрхөд гаднаас орох ямар ч орлогогүй, шатсан автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан. Өнөөдрийн байдлаар амьдрал маань маш хүнд байдалтай байна. Тухайн тэтгэмжийг олгох журамд өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал /жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт/ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэх ёстой. Н.С миний өмчлөлийн 2445 БӨТ улсын дугаартай ВЕIВЕN ND 1250 маркийн автомашинд гарсан гал түймрийн талаар Ховд аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Гал түймрийн хохирлын тухай №02\162\03 дугаар бүхий акт гарсан. Н.С надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар амьжиргааны эх үүсвэрээ алдсан, тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул нэг удаагийн тэтгэмж олгох ёстой гэж үзэж байна. Гэтэл би Баян-Өлгий аймгийн ХХҮГнийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөг гаргуулах тухай холбогдох материалыг өгсөн боловч өгөхгүй чирэгдүүлж байгаа явдалд гомдолтой байна. Одоо өөртөө учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Засгийн газрын 2012 оны 184 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн ХХҮГ-ын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулан Н.С надад олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.С нь өөрийн өмчлөлтэй 2445 БӨТ улсын дугаартай ВЕIВЕN 1250 маркийн автомашин нь шатсан тухай Ховд аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн акт бусад холбогдох материалуудын хамт манай байгууллагад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хуулийн хүрээнд хянан үзээд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул олгох боломжгүй талаар мэдэгдсэн болно. Нийгмийн халамжийн тухай 13 дугаар зүйлийн 13.5.1-т Гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэр алдсан өрхөд олгоно гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тэтгэвэр тэтгэмж олгох журмын 6.3.3 заалтад зөвхөн гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрх иргэнд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргахаар тодорхой заасан байдаг. Хууль болон түүнийг хэрэгжүүлэх журмын болзол шаардлагыг хангахгүй байгаа тул Н.Сн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.3, 13.5.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан Н.Сн Баян-Өлгий аймгийн ХХҮГ-ын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00128 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын гомдолдоо: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян- Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 212/МА2017/00128 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Н.С нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Баян- Өлгий аймагт өөрийн өмчлөлийн 2445 БӨТ улсын дугаартай BEIBEN ND1250 маркийн автомашинаар ачаа ачиж явах замд буюу Ховд аймгийн Зэрэг суманд автомашин шатаж дахин ашиглагдахгүй болсон юм. Н.С гэдэг айл ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй тэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа, эхнэр О.Айнагүл нь тодорхой эрхэлсэн ажилгүй юм. Тухайн өрхөд гаднаас орох ямар ч орлогогүй, осолд орсон автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан юм. Монгол улсын Засгийн газраас баталсан төрөөс нэг удаа мөнгөн тэтгэмж олгох журамд өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал, амьтан тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал /жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт/ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын акт гарсан тохиолдолд мөнгөн тэтгэмж авах эрхтэй юм. Н.Сн өмчлөлийн 24-45 БӨТ улсын дугаартай BEIBEN ND1250 маркийн автомашинд гэнэтийн галын аюул тохиолдон гал түймэрт өртсөн гэдгийг Ховд аймгийн Онцгой Байдпын Газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Гал түймрийн хохирлын тухай № 02/162/03 дугаартай акт, автомашин шатсан тухай фото зургууд, аймгийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” № 5/12 тогтоол, Ховд аймийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 215 дугаар албан бичиг, АЯ № 0212367 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн М.Хазкелдийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч Н.С нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар амьжиргааны эх үүсвэрээр алдсан тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул төрөөс нэг удаа олгох ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах ёстой гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 212\МА2017\00128 тоот магадлалыг тус тус хүчингүйд тооцон нэхэмжлэгч Н.Сн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Сн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Нийгмийн халамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 1 500 000 төгрөгийн тэтгэмж гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ”...миний бие хот хооронд тээвэр хийдэг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ачаа ачиж явахад Ховд аймгийн Зэрэг суманд автомашин шатаж, дахин ашиглагдахгүй болсон ба манай гэр бүл амьжиргааны эх үүсвэрээ алдсан...” гэж тодорхойлж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-т заасан тэтгэмжийг авах эрхтэй гэж үзжээ. 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д нийгмийн халамжийн нэг төрөл болох онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг олгох талаар заасан байх ба 13.5.1-д гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд тэтгэмж олгохыг заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Н.Сн эзэмшлийн 25-45 БӨТ улсын дугаартай, Норд бенз маркийн машин техникийн гэмтлийн улмаас шатсан нь тогтоогдсон, эд хөрөнгө устсан шалтгаан нь гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаантай холбоогүй болохоос гадна гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон үр дагавар бий болоогүй тул нэхэмжлэгч нь тэтгэмж шаардах эрхгүй байна. Хуулийн 13.5.1-д заасан “...амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх...” гэдгийг ...гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон байдал нь амьжиргааны эх үүсвэрээ алдсны улмаас гэр оронтой болох боломжгүй болсон нөхцөл байдалтай холбоотой гэж ойлгоно.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд тэтгэмж олгох нөхцөл, болзлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулдаг байх ба хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан тэтгэмжийн талаар зохицуулахдаа “...гэр авахад нь дэмжлэг үзүүлэх амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1 200 000 төгрөгийг нэг удаа олгох ...” агуулгаар тодорхойлсон байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА