Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ХШТ/75

 

Т.Э-, Д.У-, Д.Ш- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  Г.Эрдэнэ, шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Н.Ууганцэцэг, цагаатгагдсан этгээд Д.У-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр магадлалтай Т.Э-, Д.У-, Д.Ш- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-н Э- (РД:***),

 

2.Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, *** тоотод оршин суух,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаатай хянан харгалзаж байсан, Х овогт Д-н У- (РД:***),

 

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 4, *** тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, С овогт Д-н Ш- (РД:***).

 

Шүүгдэгч Т.Э- нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт Д.Ш-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхдаа түүнийг хохирогчтой уулзаагүй, хохирлоо барагдуулаагүйг нь мэдсээр байж түүнд хууль бус зөвлөгөө өгсний улмаас Д.Ш- нь “...Б.М-  миний бие Д.Ш-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон. Мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба хохирлоо надад төлсөн. Иймд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж бичгээр гаргаж байна” гэх агуулга бүхий хүсэлтийг өмгөөлөгч Д.У-аар бичүүлэн ирж, тус бичгийг хуурамч болохыг мэдсээр байж Т.Э- прокурорт гарган өгч, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд Д.Ш-д давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,

мөн зохиомол байдлыг зориуд бий болгон Д.Ш-д “хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно” гэж 70,000 төгрөг залилж авсан,

Д.У- нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхдаа дээрх хүсэлтийг Д.Ш-д бичиж өгөн, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болгох зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,

Д.Ш- нь яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа дээрх хүсэлтийг өмгөөлөгч Д.У-аар бичүүлэн авч, хуурамч гэдгийг нь мэдсээр байж өмгөөлөгч Т.Э-оор дамжуулан прокурорт гарган өгч хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.У-ыг цагаатгаж,

шүүгдэгч Т.Э-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн, өмгөөлөгч бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Ш-г бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Т.Э-ыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Ш-г 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-од оногдуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-оос гэм хорын хохиролд 70,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ш-д олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Шүүгдэгч Б овогт Т-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,” гэснийг “Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Т-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,” гэж өөрчилж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,” гэснийг хүчингүй болгож,

3 дахь заалтын дугаарлалтыг 4 болгож, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Төмөрийн Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, 6 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5 дахь заалтын дугаарлалтыг 5, 6 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э- болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Э- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...Миний бие Д.Ш- гэгч нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг, Бүрдийн задгайн 01 тоотоос хохирогч Б.М- гийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт түүний хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр ажилласан.

Д.Ш- нь хохирогч М- гийн мотоцикл хулгайлсан хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч нэг сая төгрөгийг хохирогч М- д төлсөн, хохирогчоос 2023.04.21-нд прокурорт хандаж гаргасан хүсэлтэд үүнийг давхар дурдаж үлдэгдэл төлбөрөө 2023.05.20-ны дотор авахаар тохиролцсон тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй хялбаршуулан шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно гэдгээ бичсэн.

Прокурорт Ш-гийн хэрэг хянагдаж байх явцад хохирогчийн бичиж өгсөн “өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон, мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн гаргац муу, бүдэг бичигдсэн бичгийг 2023.04.18-ны өдөр Ш- надад өгсөн. Уг бичгийг хохирогч М-  нь Ш-д өгсөн бичиг гэж итгэн өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрджээ гэж ойлгон улмаар мэтгэлцэх үндэслэл байна гэж үзэн прокурорт өгснийг хэрэгт нь хавсаргасан. Уг бичиг нь гаргац муу бүдэгхэн бичигдсэнийг мөрдөгч Э.З- дээрээс нь дахин тодруулсан. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.17-ны 171 тоот шийтгэх тогтоолоор Д.Ш-г хулгайн хэрэгт гэм буруутайд тооцон, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж 1,430,000 төгрөгийг хохирогч М- д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс намайг 2023.04.18-ны өдөр Д.Ш-той бүлэглэн хохирогч М- гийн хохирлыг барагдуулаагүй, Д.Ш- нь хохирогчтой уулзаагүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн өмнөөс “...Б.М-  миний бие Ш-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би Ш-д ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн. Мөн дээрх хуурамч нотлох баримтыг прокурорт өгснөөр Д.Ш-д хохирлоо барагдуулж бусдад төлөх төлбөргүй мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэн гэм буруутайд тооцон ял шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухайд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Миний хувьд “....өөрийн үйлчлүүлэгч Ш-г Дорнод аймгийн төвөөс алс хол утасны сүлжээ барихгүй хөдөөнөөс аймагт ирэхдээ хохирогчтой уулзсан уу? Уулзаагүй юу? гэдгийг би мэдэхгүй. М- гийн бичсэн бичиг гэж Ш-гийн өгсөн бичгийг хэн, хаана ямар хүнээр бичүүлснийг би мэдэхгүй, М-  бичүүлсэн үү?, Ш- бусдаар бичүүлсэн үү? гэдгийг би шууд хараад мэдэхгүй гэдгээ хэлж ярьж мэдүүлсэн. Мөн хохирогч М-  нь өмгөөлөгч надтай уулзаагүй, утсаар яриагүй гэдгээ мэдүүлдэг. Харин ганцаараа Ш- болоогүй зүйлийг болсон мэт мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байдаг. Уг хуурамч бичгийг Ш- өөрөө хүсэж У- гэгчээр бичүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдог.

Д.Ш-гийн гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь Д.У-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023.11.15-ны өдрийн 92 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгддэг. Ш-гийн өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, харилцан зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхүйц байхад шүүх Ш-гийн мэдүүлгээр намайг яллах нотлох баримт болгон үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. 2023.04.18-ны өдөр М- гийн нэрээр бичсэн бичгийг хохирогч М-  нь Ш-д өгсөн бичиг гэж миний зүгээс итгэн өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрджээ гэж ойлгон улмаар агуулгыг нарийвчлан нягтлалгүй мэтгэлцэх үндэслэл байна гэж үзэн прокурорт өгсөн.

Хохирогч М- гийн нэрээр бичсэн бичгийг хуурамч байна гэж би тухайн цаг хугацаанд урьдчилан мэдэх боломжгүй, мэдээ ч үгүй, Ш-гоор хуурамч бичиг бичүүлж прокурорт өгөх санаа зорилго, шаардлага надад байхгүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Өөрийн үйлчлүүлэгчдээ итгэснээс түүнд хууртагдсан.

Шүүх миний мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй, Ш-той бүлэглэсэн гэж дүгнэсэн боловч ямар хэлбэрээр, яаж оролцсон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасныг ноцтой зөрчсөн үндэслэл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Ш-гийн мэдүүлгийг гэрч У- болон шинжээчийн дүгнэлттэй харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээн болох миний мэдүүлэг болон өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан тухай хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэл болно.

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023.11.15-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч М- гийн өмнөөс бичигдсэн бичгийн хэв загвар минийх биш гэдгийг тогтоосон бөгөөд би уг бичгийг бичээгүй, бусдаар бичүүлээгүй гэдгийг нотолдог. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх хэрэгт Д.Ш- сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлэн өмгөөлөгч надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх эдэлж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүрэг хүлээж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн.

Хохирогч М- гийн нэрээр бичсэн бичгийг хуурамч байна гэж би тухайн цаг хугацаанд урьдчилан мэдэх боломжгүй, мэдээ ч үгүй Ш-д итгэсэн уг бичиг бүдэг бичигдсэн гаргац муу байсан тул агуулгыг нарийвчлан нягтлаагүй шүүхэд мэтгэлцэх үндэслэлтэй гэж өгсөн. М- гийн өмнөөс Ш-гоор хуурамч бичиг бичүүлж прокурорт өгөх санаа зорилго, хэрэгцээ, шаардлага надад байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагааг явуулсан.

Монгол Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх, ойлгох тухай тайлбар, зөвлөмжийг гаргаж байгаагүй бөгөөд мөн төрлийн гэмт хэргийн субъект нь хуульчийн үйл ажиллагаа явуулдаг этгээд байгаагаар онцлог байх тул энэ төрлийн хэргийг шийдвэрлэх нэгдсэн практик тогтоох хуулийн хэрэгцээ шаардлага байна гэж үзлээ. Дээрхтэй төстэй кейсийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцон Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооноос сахилгын шийтгэл оногдуулж байсан тохиолдол байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид болох У-, Ш- болон миний мэдүүлгүүд харилцан хоорондоо эрс зөрүүтэй, Ш-гийн мэдүүлгүүд бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй, эх сурвалжаа зааж чадаагүй, эргэлзээ төрүүлэхүйц байхад шүүх Ш-гийн мэдүүлгийг үндэслэл болгон намайг Ш-той бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Би өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хуулийн байгууллагад үнэнч шударгаар ажиллаж, ямар нэгэн сахилгын шийтгэл авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэмт хэрэгтэн мэтээр яллагдах хэцүү байна. Хяналтын журмаар гаргасан өөрийн гомдол болон өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Т.Э- надад холбогдох хэсэг буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Мөн хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд шинэ төрлийн гэмт хэрэг буюу “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэргийг мөн хуулийн 21.14 дүгээр зүйлд тусгаж өгсөн байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн төрлийн гэмт хэрэг харьцангуй цөөн үйлдэгдсэн байх бөгөөд Монгол улсын дээд шүүхээр хэлэлцэгдсэн тохиолдол байхгүй байна.

Мөн Монгол улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай тайлбар, зөвлөмжийг гаргаж байгаагүй байх бөгөөд мөн төрлийн хэргийн субъект нь онцлог буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэгч этгээд байгаагаар онцлог байх тул энэ төрлийн хэргийг шийдвэрлэх нэгдсэн практик тогтоох хуулийн хэрэгцээ шаардлага байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухайд.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгодог.

Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой хэрэг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн зүйлийн 1 дэх хэсэгт томьёологдсон нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарахаар байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул ийм нөхцөлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байхаар байна.

Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох нь зүйтэй юм. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э-ыг бусадтай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр прокурорт гаргаж өгсөн гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай нийцэхгүй буюу хэргийн бодит байдлыг үндэслэл бүхий тогтоож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Т.Э-ыг, Д.Ш-той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг дүгнээгүй, шийтгэх тогтоолд мөн нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж, дүгнэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Т.Э- болон өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэлж, дүгнэхдээ нотлох баримтыг хууль ёсны арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн эсэх, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн дүгнэлтийг хийхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтийг хуулбарлан тавьсан байх ба шүүх хэрхэн дүгнэж байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй атал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зөрчлийг арилгаагүй бөгөөд шийтгэх тогтоолыг үндэслэлтэй болсон гэж дүгнэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, шүүгдэгч Д.Ш-гийн мэдүүлэг нь зөрүүтэй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн талаарх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн дүгнэлтийг хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд бүхэлд нь үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийгээгүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогч Д.Ш-гийн, гэрч Б.М- гийн, гэрч Д.Э-ын /прокурор/, гэрч Э.З-ын /өмнөх хэрэг шалгаж байсан мөрдөгч/, гэрч Б.Д-ийн /цагдаа, хэсгийн төлөөлөгч/, гэрч С.А-ын /Д.Ш- эгч/, гэрч Ц.М-ын /Д.Ш- хамаарал бүхий этгээд/, гэрч Ч.О-ы /Д.Ш- хамтран амьдрагч/ мэдүүлгүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, Б.М- гийн өмнөөс Прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Т.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн дүгнэвэл 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон мөн өдрөөс өмнө шүүгдэгч Д.Ш- нь шүүгдэгч Т.Э-той уулзсан, харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж холбогдсон гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийг санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч /цагаатгагдсан этгээд/ Д.У-ын удаа дараагийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Э-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн удаа дараагийн мэдүүлэг, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч, шүүгдэгч Д.Ш-гийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ш-гийн мэдүүлгээр бусад шүүгдэгчийг буруутгах, гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч, хохирогч Д.Ш-гийн мэдүүлэг, хохирогч, гэрч Б.М- гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлэг нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж заасныг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1-1.3 дахь хэсэгт “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Д.Ш-, гэрч Б.М-  нар мэдүүлэг гаргахдаа бичиг үсэг мэдэхгүй тухай дурдагдсан байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу “Монгол хэл, бичиг, үсэг мэдэхгүй” этгээдээс мэдүүлэг авах ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчмын хүрээнд бичиг, үсэг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авах ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулах, гэрч, хохирогчийн хувьд зайлшгүй томилогдсон мэргэжилтнийг оролцуулахаар хуульчилсан байх тул шүүгдэгч, хохирогч Д.Ш-, гэрч Б.М-  нарын мэдүүлэг буюу бичгийн нотлох баримт нь нотлох баримт бүрдүүлж, цуглуулах хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Д.Ш-гоос мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж байгаагүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ш- нь мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт буюу түүний мэдүүлгүүдтэй уншиж танилцан, шинжлэн судлахад мэдүүлэгт хэн гэж өмгөөлөгчийг оролцуулж байгаа талаар дурдаагүй, төгсгөлд гарын үсэг зуруулсан байгаа нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгийг үнэн зөв байна гэх дүгнэлтэд хүргэж байгаа болно.

Бусад нотлох баримт буюу гэрч Д.Э-ын /прокурор/ мэдүүлэг, гэрч Э.З-ын /өмнөх хэрэг шалгаж байсан мөрдөгч/, гэрч Б.Д-ийн /цагдаа, хэсгийн төлөөлөгч/ мэдүүлэг, гэрч С.А-ын /Д.Ш- эгч/ мэдүүлэг, гэрч Ц.М-ын /Д.Ш- хамаарал бүхий этгээд/ мэдүүлэг, гэрч Ч.О-ы /Д.Ш- хамтран амьдрагч/ мэдүүлэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, Б.М- гийн өмнөөс Прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт мөн боловч тухайн баримтуудаар Т.Э- нь Д.Ш-той бүлэглэн санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотолсон зүйлгүй байна.

Учир нь Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлтээр Б.М- гийн өмнөөс Прокурорын газарт гаргасан хүсэлт гэх баримтын бичгийн хэв загвар нь Т.Э-ынх биш байна гэдгийг нотлон тогтоож өгсөн бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримт гэж үзнэ.

Мөн Гэрч Д.Э-ын /прокурор/ мэдүүлэг, гэрч Э.З-ын /өмнөх хэрэг шалгаж байсан мөрдөгч/, гэрч Б.Д-ийн /цагдаа, хэсгийн төлөөлөгч/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэрч Б.М-  нь тухайн хүсэлтийг бичиж өгөөгүй гэх үйл баримтыг давхар нотолж байгаа боловч тухайн баримтыг Т.Э- үйлдсэн гэдгийг нотолсон зүйлгүй юм. Харин гэрч С.А-ын /Д.Ш- эгч/ мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч Д.Ш- нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, зорилготой байсан болох нь тогтоогдох бөгөөд хууль бусаар хохирол төлбөрөө барагдуулсан тухай хүсэлтийг бичүүлэх хүсэл зориг буюу өөртөө давуу байдлыг бий болгуулах бодит санаачилга байсан болох нь хангалттай тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч нь бичиг, үсэг мэдэхгүй эрх зүйн боловсролгүй этгээд гэж байгаа боловч түүний хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтаас үзэхэд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хулгайн гэмт хэрэгт, Дорнод аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хулгайн гэмт хэрэгт тус тус ял шийтгэгдэж байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн давуу тал, ач тусыг ухамсарлаж, ойлгох чадвар чадамжтай этгээд болох нь тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Э-, Д.У-, Д.Ш- нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, Б.М- гийн өмнөөс Прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн бодит байдлыг нотлох тогтоох ач холбогдолтой бичгийн нотлох баримтууд байх бөгөөд мөн баримтуудаас Д.Ш-гийн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Т.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийг бий болгохгүй, харин түүнд холбогдуулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлийг бий болгож байна.

 

2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “хуульч ” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг... ”, 3.1.2-т “... “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг...” олгохоор хуульчилж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг Монголын Хуульчдын холбооноос олгосноор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлдэг болно. Тухайлбал шүүгч прокурор өмгөөлөгч, нотариатч, ажиллахад заавал хуульч байхыг шаардсан хуулийн зохицуулалтай.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг хуульчилсан бөгөөд 24.1.1 дэх хэсэгт ‘‘...хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх... ”, 24.1.2 дахь хэсэгт “...хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах...” зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг хуульчилсан байхад мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар Өмгөөллийн тухай хууль батлагдан мөрдөгдөж байгаа бөгөөд тус хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг...” үйл ажиллагааны төрлийг хуульчилжээ. Иргэн Д.Ш- нь сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж өмгөөлөгч Т.Э-той эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэлцэл байгуулан, яллагдагч нь Д.Ш-д холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн туслалцааг үзүүлсэн үйлдэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зохицуулалттай нийцэж байна. Т.Э- нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, 14 дүгээр зүйлд заасан үүргийг хүлээдэг этгээд бөгөөд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болон дуусгавар болгосон тохиолдолд эсхүл Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд тус тус хуульчийн болон өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан бол хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үздэг болно. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд яллагдагч Т.Э-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ зэрэг эрх нь хүчин төгөлдөр байх ба уг эрхүүдийг хүчингүй болгосон түдгэлзүүлсэн тухай баримт байхгүй байх тул яллагдагчийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэхгүй. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн процессын хуулиар өмгөөлөгчийн эрх үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд эдгээр хуулиудаас бусад хуулийн талаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд Өмгөөллийн тухай хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн, хуулийн этгээдийн гэм буруутай үйлдлийг мөрдөгч, прокурор мөрдөх ажиллагаа явуулж, тухайн үйлдэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах үүрэгтэй бөгөөд өмгөөлөгч нь тухайн үйлдэлд хамаарал бүхий “баримт бичгийг” мөрдөгч болон прокурорт гаргаж өгөхөөр хуульчилсан. Иргэн Д.Ш- нь өмгөөлөгч Д.У-ад хүсэлт тавьж боловсруулсан хүсэлтийг (хүсэлтийн төсөл боловсруулсан гэж ойлгож байгаа) хуурамч нотлох баримт мөн, биш гэдгийг яллагдагч Т.Э- нь урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд өөрийн үйлчлүүлэгч Д.Ш-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа баримт бичиг хэмээн ойлгож прокурорт хүргүүлсэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр биш юм. Харин шүүгдэгч Т.Э- нь тухайн үеийн үйлчлүүлэгч Д.Ш-д итгэж, түүний хууль бусаар үйлдсэн байж болзошгүй бичиг баримтыг нягталж, шалгалгүйгээр прокурорын байгууллагад гарган өгсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Дүгнэхэд шүүгдэгч Д.Ш-гийн өөрийн өмгөөлөгч буюу Т.Э-од гарган өгсөн баримт бичгийг хуурамч гэдгийг мэдэх тусгай мэдлэг, боловсролыг Т.Э- нь эзэмшээгүй иргэн тул Б.М-  гэх бичиглэлийг үнэн зөв эсэхийг энгийн нүдээр харж тогтоох боломжгүй болох нь нийтэд илэрхий үйл баримт юм. Мөн агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй болно.

Иймд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар магадлалын шүүгдэгч Т.Э-д холбогдох хэсэг буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхээс Т.Э-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр гаргасан өмгөөлөгч Э.Түвшинбаярын гомдлыг агуулгын хувьд дэмжиж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүн нь нийтлэг субъекттэй, хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тусгай субъекттэй. Тэгэхээр нийтлэг болон тусгай субъекттэй гэмт хэргийн субъект этгээдүүдийн хэн аль нь гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал байгаа тохиолдолд хэргийг хэрхэн зүйлчлэх, хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлох нь хууль хэрэглээний хувьд зайлшгүй чухал ач холбогдолтой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хамтран оролцооны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан байтал Т.Э-, Д.Ш- нарын үйлдэл тус тусдаа зүйлчлэгдэж, шүүхээс ял оногдуулсан. Шүүх бүлэглэн гүйцэтгэгчийн үйлдэл, хамтран оролцооны хэлбэрийг үндэслэлтэй дүгнэж чадаагүйн улмаас Д.Ш-гийн үйлдэлд миний үйлчлүүлэгчийг буруутгасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Прокуророос Т.Э-ыг Д.У-аар хуурамч нотлох баримт бичүүлсэн гэж буруутгасан боловч Д.Ш-гийн үгээр бичсэн болох нь тогтоогдсоноор Д.У-ыг цагаатгасан. Тэгэхээр Д.У-ын мэдүүлэг үндэслэлтэй гэж үзвэл Д.Ш-гийн мэдүүлэг үгүйсгэгдэх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тэдний мэдүүлгийг хоёуланг нь үнэн гэж үзээд шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг үнэлэх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болжээ.

Яллах дүгнэлт үйлдэхдээ Т.Э- өөрөө нотлох баримт үйлдсэн учир хуурамч гэдгийг мэдсэн гэж үздэг. Эндээс харахад Т.Э- өөрөө үйлдээгүй, Д.У- Д.Ш-гийн хэлснээр үйлдсэн бол Т.Э- хуурамч гэдгийг хэрхэн, яаж мэдсэн эсэх асуудал яригдана. Гэтэл мэдсэн гэдгийг нотлох хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй. Д.Ш- нь хохирлыг дандаа бэлэн мөнгөөр төлсөн юм билээ. Тэгэхээр хохирлыг бэлнээр төлсөн тохиолдолд хэрхэн хүсэлт гаргадаг талаар зөвлөгөө өгч ажилласныг Д.Ш- буруу ойлгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй гэдгийг хангалттай мэдэх учир тухайн хүсэлтийг бичүүлсэн байх боломжгүй.

Тийм учраас Т.Э-ын үйлдэл хайхрамжгүй хандсан шинжтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийг жинхэнэ агуулгаас нь өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1, 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд нь эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдах нийтлэг харилцааг зохицуулж буй учир тухайн үйлдлийг давхар зүйлчлэх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Цагаатгагдсан этгээд Д.У-ын өмгөөлөгч Б.Ганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Д.У-ын хамтаар шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг, эсхүл өмгөөллийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан эсэх асуудлаар маргаж ирсэн. Энэ асуудлаар хуульд нийцүүлэн шийдвэр гаргах боломжтой гэсэн байр суурьтай байна. Цаашид мэргэжлийн үйл ажиллагаа явуулсантай нь холбогдуулж гэмт хэрэгт шалгах асуудлууд гарах тул хууль хэрэглээний нэгдмэл шийдвэр гаргах шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, нэгдсэн орсон Олон улсын гэрээний зохицуулалтаас үзэхэд мэргэжлийн үйл ажиллагаа явуулсантай нь холбогдуулж ял шийтгэл оногдуулахыг хязгаарласан байдаг. Хуурамч нотлох баримт гэдгийг тайлбарласан дэлгэрэнгүй тайлбарыг үзвэл энэ асуудлыг шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын хувьд хавтаст хэргийн материалтай танилцаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Т.Э- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудад тулгуурлан сэргээн тогтоосон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч Т.Э-ын хувьд хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Ш-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа, өөрийн үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж ялыг нь багасгуулах давуу байдлыг бий болгох зорилгоор хохирогчийн нэрийн өмнөөс хуурамч хүсэлтийг өөр хүнээр бичүүлэх арга замыг сонгож, яллагдагч Д.Ш-г явуулаад, өөр өмгөөлөгчөөр бичүүлээд ирснийг прокурорт гаргаж өгсөн.

Тухайн хүсэлтэд хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон гэдгээс гадна хулгайлах гэмт хэргийн объектив байдлыг үгүйсгэсэн буюу хохирогч өөрийн эд хөрөнгөө хулгайд алдаагүй, зөвшөөрөл өгч яллагдагчид шилжүүлсэн байсан гэсэн агуулга тусгагдсанаар түүнийг шалгаж, үнэлэх, шийдвэр гаргахдаа харгалзах үүрэг прокурорт үүссэн тул хоёр шатны шүүхээс уг хүсэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт мөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э-ын үйлдэл нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийн шинжийг хангах боловч тухайн үйлдэл нь яллагдагчийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явцад нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах замаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн хэрэгсэл, арга хэлбэр болсон байх тул нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэж салган давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлд заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэрэг нь зөвхөн хуульчийн эрхтэй этгээдэд хамаатай.

Харин шүүгдэгч Д.Ш-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болохгүй учир түүний үйлдлийг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн үндсэн шинжээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагаатгагдсан этгээд Д.У-ын хувьд уг гэмт хэрэгт субъектив санаа зорилгоор нэгдээгүй, гэмт санааны нэгдэл үүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон учир анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг бүхэлд нь, мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Э-д холбогдох зарим буюу залилах гэмт хэргийг шүүгдэгч Д.Ш-гийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй тул нотлогдоогүй гэж дүгнэж, тус тус хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Иймд Т.Э-ын нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан үйлдэл нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэргийн арга болсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн Т.Э-, Д.У-, Д.Ш- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан Д.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Т.Э-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

4.Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

5.Харин шүүхүүд Т.Э-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт эрүүгийн *** дугаартай хэрэгт Д.Ш-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа түүнийг хохирогч Б.М- гийн хохирлыг барагдуулаагүй, уулзаагүй гэдгийг нь мэдсээр байж түүнд хууль бус зөвлөгөө өгсний улмаас Д.Ш- нь “... Б.М-  миний бие Ш-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би Ш-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна ...” гэх хүсэлтийг бусдаар бичүүлэн Т.Э-д өгснийг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, “хохирлоо барагдуулж бусдад төлөх төлбөргүй” мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд Д.Ш-д давуу байдал бий болгох зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйл баримтыг зөв тогтоосон боловч хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болов.

 

6.Прокуророос шүүгдэгч Т.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн”, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан” гэж давхар зүйлчилсэн байна.

 

7.Гэмт хэргийн олонлогийн нэг төрөл болох нийлмэл гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлжээ.

 

8.Эрүүгийн эрх зүйн онолд нийлмэл гэмт хэргийг нэг удаагийн эсхүл хэд хэдэн удаагийн үйлдэлтэй гэж ангилан авч үздэг. “Нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг” гэдэгт нэг санаа зорилгод хүрэхийн тулд хийсэн нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр, түүнээс дээш эрх ашигт халдаж үйлдсэн гэмт хэргийг, “хэд хэдэн удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг” гэдэгт нэг цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлээр  дараалуулан үйлдсэнийг ойлгох бөгөөд энэ агуулга нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт “... нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр ...” гэсэн байдлаар тусгалаа олсон.

 

9.Шүүгдэгч Т.Э-ын хувьд нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангах боловч тухайн үйлдэл нь яллагдагчийн өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдүүлэн үйлчлүүлэгчийнхээ холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх зорилгоор прокурорын байгууллагад гаргаж өгсөн буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн арга, хэрэгсэл болсон байх тул түүний хууль бус үйлдлийг салган давхар зүйлчилж, нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд нийцэхгүй байна.

 

10.Өөрөөр хэлбэл Т.Э-ын дээрх гэм буруутай үйлдэл нь түүний идэвхтэй үйл ажиллагааны илрэл болохын хувьд гэмт санаа, зорилго юунд чиглэснийг харгалзахгүй үйлдлийн үр дагавраар давхар зүйлчлэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.

 

11.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-1.5 дугаар зүйлд заасан “хууль зүйн асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр лавлагаа, зөвлөгөө өгөх”, “хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах”, “иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх”, “нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах”, “шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулахыг хэлнэ.

 

12.Хууль тогтоогчоос хуульд заасан дээрх үйл ажиллагааг зөрчсөн хуульчийн хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн объектив шинжид хамааруулан хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Э- нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх”, 27.1.3-т “шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах”, 27.1.7-д “мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах” гэж заасныг, түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “үйлчлүүлэгчид хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл өгөх, хэрэг маргааны бодит байдлыг нуун дарагдуулах”, 15.1.6-т “хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах”, 15.1.9-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах” гэж тус тус заасныг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ш-д давуу байдал бий болгохын тулд санаатайгаар хуурамч нотлох баримтыг эрх бүхий албан хаагчид өгч буй нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ талаар хяналтын шатны шүүхэд прокурорын гаргасан хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

13.Шүүгдэгч Д.Ш-гийн хувьд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэмт хэрэг нь зөвхөн хуульчийн эрхтэй этгээдэд хамаарах учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болохгүй. Харин түүний нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

14.Иймд шүүгдэгч Т.Э-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн, шүүгдэгч Т.Э- болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т-н Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй”.

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “Шүүгдэгч Т-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, уг гэмт хэрэгт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, ял нэмж нэгтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                    Б.ЦОГТ