Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1123

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       ХХХХ-ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02703 дугаар шийдвэртэй                

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрсдэлийн сангийн мөнгө гэж хураан авсан 2 381 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ХХХХ нь тус банкинд 2008 онд эдийн засагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд хандаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 849 тоот тушаалаар ажилд авахаар болсон. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дахин ажлаас халсан. Ажилчдын шалтгалт авах журмынхаа дагуу өмнөх 2 улирлын ажлыг нь үнэлнэ гээд 2014 оны 3, 4 дүгээр улирлын ажлыг үнэлсэн байхад ХХХХ-ын хувьд 2015 оны 1 дүгээр улирлын ажлыг нь дүгнэсэн. ХХХХ ажилд ороод ганцхан улирал ажилласан байхад 2 улирлын ажлыг харьцуулан үнэлүүлэх боломж өгөөгүйгээрээ шалгалтыг шударгаар явуулаагүй. ХХХХ ыг ажлаас чөлөөлөх тушаал дээр Хөдөдмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8.1, хөдөлмөрийн гэрээний 6.4.7, Түвшин тогтоох шалгалт авах журмын 5.9, 6.2.2 дах заалтуудыг тус тус үндэслэсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 6.4.7 дээр хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцох тохиолдлуудыг зааж өгсөн. Эдгээр тохиолдолд түвшин тогтоох шалгалтанд тэнцээгүй бол ажлаас хална гэсэн заалт байгаа боловч ард нь “... мэргэжлийн комиссийн албан ёсны актаар тогтоогдсон бөгөөд дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой” гэсэн байгаа. ХХХХ эдийн засагчийн ажилд томилогдсон боловч энэ ажлаа хийхэд ажил олгогчийн зүгээс маш их дарамттай байсан. ХХХХ нь зээл олгох баримт бүрдүүлээд бусдад зээл олгох гэхээр энэ эрхийг нь хаасан байсан. Банкны ажилчдаас 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр түвшин тогтоох шалгалт авна гэж хэлсэн байдаг. Салбарын захирал нь энэ шалгалтаар ХХХХ ыг унгаана гэж хэлсэн байдаг. Энэ шалгалтад банкны хэмжээнд нийт 180 гаруй хүн оролцож 22 хүн дээд, 40 гаран хүн дундаж, үлдсэн 100 орчим хүн нь шалгалтандаа унасан байдаг. Ажилчдын ажлыг шалгахдаа 2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны 1 дүгээр улирлын ажлыг шалгасан. ХХХХ ыг шалгахдаа шударга бус шалгасан. Учир нь ХХХХ ажилдаа ороод дөнгөж 1 улирал нь ажилласан, ажлын үр дүн нь гараагүй байхад шалгалтад оруулсан. ХХХХ т хамаарах 22 зээлийн 14 зээл нь түүнийг ажилд орохоос өмнө олгогдсон зээл байсан. Ажлаас хална гэдгийг ХХХХ т 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд хэлсэн. Салбарын захирал нь чамайг шалгалтанд унгаах гэж байна чи өөрөө хүсэлт өгвөл яасан юм гэж хэлж байсан. Албан ёсоор ажлаас халах тухай мэдэгдлийг ХХХХ т ерөөсөө өгөөгүй. Ажлаас халах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдлээр өгөх ёстой. ХХХХ нь ажлаас халах тухай мэдэгдлийг и-мэйл хаягаар хүлээж аваагүй. Анхнаасаа ажил олгогчийн зүгээс буцаан халах зорилготойгоор шалгалт гэгч зүйлийг авсан ба журамд заасны дагуу шагалтыг үнэн зөв шударга явуулаагүй. Эрсдэлийн мөнгөн сангийн дээд хэмжээ 2 000 000 төрөг байсан. ХХХХ ыг шүүхийн шийдвэрийн дагуу буцааж ажилд ороход эрсдлийн мөнгөн сангийн журам нь өөрчлөгдөж 1 200 000 төгрөг болсон. ХХХХ ажилд орсон 2008 оноос эхлээд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 2 049 558 төгрөг хуримтлагдсан байсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 331 442 төгрөгийн суутгал хийсэн. Энэ мөнгийг суутгасан гэдгээ ажил олгогч цалингийн тодорхойлолтоор гаргаж өгсөн. Өмнөх суутгалтай гэрээ баримт нь байхгүй. Энэ баримтыг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гарсан боловч биелэгдээгүй. Хамгийн сүүлийн мөнгөн сангийн гэрээг авчирч өгсөн. Мөнгөн сан байгуулах гэрээнд зааснаар ямар нэгэн байдлаар танидаг хүнээсээ эд хөрөнгө авсан бол хуримтлалын мөнгийг өгөхгүй байх гэсэн заалт байхгүй. Хариуцагч ажилтан ажлаас халагдаад 1 жил 8 сар болсон мөн ажлаас халагдах тушаал гарсан бол хуримтлалын мөнгөн сангийн мөнгийг ажилтанд буцаан өгөхгүй гэж тайлбарладаг боловч ажилтантай байгуулсан эрсдэлтйн мөнгөн сангийн гэрээнд ийм заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчиж суутгал хийж байна мөн ажилтан ХХХХ-ын буруутай үйлдлийн улмаас Капитал банкинд хохирол учраагүй гэж үзэж байхад 2 381 000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ХХХХ ыг Архангай аймгийн салбарын зээлийн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан нийт хугацааны цалинг ажлаас халагдсан 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болж буй 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, сарын дундаж цалин 500 000 төгрөгөөр тооцоход 5 293 372 төгрөг болно. Уг мөнгийг гаргуулж өгнө үү. Мөн эрсдлийн сан гэж хураан авсан 2 381 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ ыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын 849 тоот тушаалаар 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Архангай салбарт зээлийн мэргэжилтнээр үндсэн ажилтнаар томилсон. ХХХХ ыг томилохдоо тус салбарын зээлийн мэргэжилтний орон тоог 2 болгон нэмж, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, ажилтанд танилцуулан мөрдүүлж ажилласан. ХХХХ ыг ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийн заавар чиглэлээр хангаж ажилласан. Мөн түүнчлэн банкны 2015 оны бизнес төлөвлөгөө, салбарын төлөвлөгөө, тухайн салбарын зээлийн мэргэжилтэн бүрт өгсөн бизнес төлөвлөгөөний дагуу улирал бүр төлөвлөгөөний биелэлтийг дүгнэдэг бөгөөд улирлын эхэнд зорилго тохиролцож, улирлын эцэст ажилтны ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгдөг. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр буюу улирлын сүүл сард Салбарын удирдлагын газраас ажилтны 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэн үзэж хангалтгүй үнэлгээ авсан тул ажилтанд танилцуулсан. ХХХХ нь ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан, мөн санхүү бүртгэлийн газраас хийсэн шалгалтын үед зохион байгуулсан сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдөр тасалсан тул МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн гүйцэтгэх захирлын 210 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Орон нутгийн салбар нэгжийн нийт ажилтнуудад аттестатчилалын шалгалтын өмнөх өдөр буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр 5 бүсийн төвд шалгалт авах ажлын хэсгүүдээс нээлттэй сургалт семинар явуулж, сургалт семинараар ханган ажилласан. Аттестатчилал-ыг УБ хот, орон нутгийн салбар нэгжийн нийт ажилтнуудад хийсэн бөгөөд салбар нэгжийн 293 ажилтан хамрагдсан. Шалгалтын үнэлгээний дагуу дараах зохицуулалт хийгдсэн. Сайн үнэлгээ авсан ажилтнуудыг албан тушаал дэвшүүлэх, сарын үндсэн цалинг нэмэгдүүлэх, дунд үнэлгээ авсан ажилтнуудыг шаардлагатай сургалтад хамруулах, чадваржуулах, муу буюу илт доогуур муу үнэлгээ авсан ажилтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч ажилласан байгаа. Аттестатчилалын үнэлгээг тест бодлого 50 оноо, өмнө 2 улирлын гүйцэтгэлийн үнэлгээ 30 оноо, ажилтны шууд удирдлагын үнэлгээ 20 оноо нийт 100 оноогоор дүгнэсэн. Нийт оноо 59 буюу түүнээс доош бол Муу үнэлгээ авсанд тооцохоор журамд тусгасан. ХХХХ нь нийт 100 оноо авахаас тест бодлого 24.35 оноо, 2014 оны 4 дүгээр улиралд ажиллаагүй тул оноог бүтнээр өгч 15 оноо, 2015 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн үнэлгээ 0 оноо, шууд удирдлагын үнэлгээ 0 оноо, нийт 39.35 оноогоор илт Муу үнэлгээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Капитал банкны Салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журмын 5.9, 6.2.2 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1 сарын өмнө мэдэгдэж, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 17 тоот мэдэгдэл гардуулж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 удаа олгож, холбогдох бүхий л эцсийн тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч өөрөө шалгалтаа тэнцээгүй гэдгээ зөвшөөрөөгүй бол тухайн үед тайлбар гаргах эрхтэй байсан гэвч шалгалтад тэнцээгүйтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй шалгалтыг хүлээн зөвшөөрч байсан. Хариуцагчийн зүгээс хуулийн дагуу хугацаатай мэдэгдэл өгч, нэг сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн. ХХХХ-ын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Капитал банкны салбар нэгжийн нийт ажилтнуудад явуулсан Аттестатчилал-ын үнэлгээ, ажилтны 2015 оны 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэл, Салбарын удирдлагын газраас ажилтанд өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, ногдуулсан Сахилгын шийтгэл зэргийг харгалзан үзэж банкны зүгээс эс зөвшөөрч байгааг хүлээн авч бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ ыг Капитал банкны Архангай салбарын эдийн засагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт хариуцагч ХХХХ ХХК-иас 4 892 594 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ т олгож, ХХХХ-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХХХ ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутган авсан 1 536 000 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ т олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагын үлдэх хэсэг болох 845 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 318 792 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч ХХХХ нь Капитал банкны захирлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Орон тоо шилжүүлэх ба ажилд томилох тухай 849 дугаар тушаалаар ажилд томилогдсон бөгөөд тэрээр 2 улирлын ажиллаагүй байхад шалгалтанд хамруулж дүгнэсэн нь "Капитал банкны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журам”-ын 5.3-т заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Энэ нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт Капитал банкны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журам авагдсан уг журмын 4.1-т “Ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтанд тухайн ажлын байранд 3 болон түүнээс дээш cap ажилласан банкны ажилтнууд хамрагдахаар заасан” байхад 2 улирал ажиллаагүй байхад шалгалтанд оруулсан мэтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. ХХХХ-ын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргахдаа шударга, тэгш үнэлэх үүднээс нэг улирлын үнэлгээг бүтнээр өгсөн байдаг. Энэ тухай баримт мөн хавтаст хэрэгт авагдсан байхад шүүхээс үнэлж үзсэнгүй. Мөн Архангай салбарын захирал ХХХХ-гийн гэрчээр асуугдсан мэдүүлгийг үндэслэжээ. Анхан шатны шүүх хуралдааны явцад ХХХХ-г ажиллаас чөлөөлөгдсөн байсан үгсэн хуйвалдсан байж магадгүй талаар дурьдаж түүний ажилласан хугацаандаа ХХХХ нь ажлын гүйцэтгэл хангалтгүй байна цаашид арга хэмжээ авч өгөхийг хүсч салбарын удирдлагын газарт хандаж ирүүлж байсан албан тоот хавсаргасанг мөн үнэлж үзэлгүйгээр ХХХХ ыг ажлаас чөлөөлөх ашиг сонирхлын үүднээс хандсан мэтээр ажил олгогчийн тушаалыг гуйвуулж байна. ХХХХ т хуулийн дагуу мэдэгдэх хуудсыг түүнийг ажиллаж буй салбар хүргүүлсэн бөгөөд өөрөө гарын үсэг зураагүй тул салбарын захирал нь энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж салбарын тамгаа дарсан байдаг үүнийг баримт хангалтгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. ХХХХ нь "Капитал банкны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журам”-д заасан хугацаанд тухайн шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар комиссын гишүүдэд ямар нэгэн гомдол өгч байгаагүй бөгөөд энэ талаар анхан шатны хурлын явцад яригдсан ч шүүхээс үнэлж үзээгүй болно. ХХХХ той байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын баталгаа болгож байгуулсан хуримтлалын мөнгөн сангийн гэрээний дагуу олгуулахаар 691,000 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХХХ той хөдөлмөрийн хуульд нийцүүлэн гэрээ хийсэн бөгөөд тус мөнгөө ажлаас гарснаас хойш тооцоогүй бол 6 сарын дараа эгүүлэн авах боломжтой байдаг. Үүний дагуу тойрох хуудсаа дуусган хүсэлт гарган авах боломжтой юм. Иймээс шүүхээс үндэслэлгүй суутган авсан гэж дүгнэсэнг буруу гэж үзэж байна. Иймд хариуцагчийн эрх ашгийг хөндсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй буюу буруу дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах, эрсдэлийн сангийн мөнгө гэж хураан авсан 2 381 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж , хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “…Салбарын удирдлагын газраас 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан”  гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХХ” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байгаад Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 611 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

                                                                              /хэргийн 3 дугаар тал/

 

Ажил олгогч 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 611 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ т ажлаас халах мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Хэргийн 195 дугаар талд ХХХХ т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг танилцуулсан баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “…мэдэгдэлтэй танилцсан ч гарын үсэг зураагүй” гэсэн бичиглэл хийгдэж тус салбарын эрхлэгч гарын үсгээ зурж, тамга дарагдсан байна.

 

Мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан явдал нь танилцуулаагүй гэж үзэхгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндсэлэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүхийн энэ дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ХХХХ” ХХК-аас 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот, орон нутгийн нийт 88 салбарын нэгжийн нийт ажилтнуудыг хамруулсан аттестатчилал зохион байгуулж, нийт 293 ажилтнуудын оролцуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх73-108/

 

Ажилтаны мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын нэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч ХХХХ нь нийт 100 оноо авахаас 53.35 оноо авсан гэж дүгнэсэн нь Капитал банкны салбар нэгжийн ажилтаны мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авах журмаар “муу” гэсэн үнэлгээ авсан байна. /хх108/

 

Капитал банкны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журмын 5.3-д Улаанбаатар хот болон салбар нэгжийн ажилтнуудын түвшин тогтоох шалгалтын нийт оноо 100 байна, 5.13 тест бодлого 50 оноо, 5.3.2 сүүлийн 2 улирлын ажлын гүйцэтгэл 30 оноо, 5.3.3 шууд удирдлагын үнэлгээ 20 байна гэж заасан байх бөгөөд уг заалтын агуулгаас үзэхэд тухайн ажилтан 2 улирал ажилласан байх шаардлагыг тавьжээ.

 

Капитал банкны захирлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Орон тоо шилжүүлэх ба ажилд томилох тухай” 849 дүгээр тушаалаар ажилд томилсон байх бөгөөд нэхэмжлэгч уг ажилдаа 2 улирал ажиллаагүй байхад шалгалтад хамруулан дүгнэсэн нь” Капитал банк”-ны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журмын 5.3-т заасантай нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар “ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс болон аттестатчилын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаардаг боловч Капитал банкны салбар нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах, дүгнэх журмын 5.3-т зааснаар шалгагдаж байгаа ажилтан 2 улирал ажилласан байх шалгуур тавигдсан байх тул шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч ХХХХ ыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг Капитал банкны Архангай салбарын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалттай нийцсэн байна гэж дүгнэв. 

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхйолох журам”-ын 7-д зааснаар “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 4.892.594 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

                  Мөн хариуцагч байгууллагаас эрсдэлийн сангийн мөнгө гэж хураан авсан 2.381.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

                  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 288 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

                       

                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХТӨР                                                                                        

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО