Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч

                                              Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                                              Шүүгчид                       Я.Туул

                                                                  Д.Буянжаргал

Оролцогчид:

                               Прокурор                        Д.Нямдэлэг

                               Хохирогч                        Б.Баатар

                                      Ялтны өмгөөлөгч          Г.Амартүвшин

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүгч Б.Нацагдорж, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарайд овогт Одончийн Отгонтөгсд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000174 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булгийн 1-р хэсэг 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шарайд овогт Одончийн Отгонтөгс /РД МА:83070711/           

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Отгонтөгсд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 35 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Шарайд овогт Одончийн Отгонтөгсийг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар шүүгдэгч Шарайд овогт Одончийн Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 07 /долоо/ жилийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10- д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсөд оногдуулсан 07 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,   

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Отгогтөгсийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоног нийт 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

 -Иргэний Хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Баатар, Д.Дангаасүрэнгийн нэхэмжилсэн 10.375.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хохирогч Б.Баатар сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг дурьдаж, хохирогч Д.Дангаасүрэнгийн сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, оршуулгын бодит зардалд 7.780.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж,

…-Шүүгдэгч О.Отгонтөгсөд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,…шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ О.Отгонтөгсөд 07 жилийн хорих ялыг оногдуулсан ба энэхүү тогтоол нь үндэслэлтэй боловч түүнд оногдуулсан ял шийтгэлийн хувьд хуулинд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзээгүй байна. Анхан шатны шүүх өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан 4 жилийн хорих ялыг оногдуулсан боловч Давж заалдах шатны 2017оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай магадлалын үндэслэл болох гэм хор арилаагүй байхад хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оноосон нь буруу гэж үзсэнийг хэрэгжүүлж хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол арилаагүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-ийг хэрэглэхгүйгээр дээрхи ялыг оногдуулсан гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ...хохирогч нарын сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн заалт зохицуулалт байхгүй, түүнчлэн түүнийг хэрхэн тогтоож яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй... гэж үзсэн хэрнээ гэм хор арилаагүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлеелөгч нарын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийг төлөөгүй учраас ялыг хөнгөрүүлж үзэх үндэслэлгүй гэсэн ойлголтыг цаад утгаараа өгч байна хэмээн ойлгогдохоор байна.

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д “... гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулж” болохоор заасан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирлыг бүрэн барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүх бүрэлдэхүүн ч хохирол төлөгдсөн гэдгийг тогтоолдоо дурьдсан, хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хувьд санаатайгаар үйлдэх сэдэлт зорилго байгаагүй, 1-5 насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч О.Отгонтөгсөд оногдуулсан ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч  Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Гэмт хэргийн зүйлчлэл болон, үйлдсэн гэмт хэрэгт ямар нэгэн гомдол байхгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан 07 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх талыг гомдлынхоо гол үндэслэл болгосон. Өмнө нь анхан шатны шүүхээс 04 жилийн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хохирол, гэм хор арилаагүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хохирол төлөгдсөн боловч гэм хор арилаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх  07 жилийн хорих ялыг оноосон. Тухайн үед бол хохирогч нартай ямар нэгэн байдлаар тохиролцоо хийх байдал шүүгдэгчид байгаагүй цагдан хоригдож байсан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар гэм хорыг арилгаж байгаа нь харагдана.  О.Шинэбаяр нь том ах нь байгаа юм. О.Отгонтөгсийн ар гэрээс 3 хүүхдэд нь байшин барьж өгч байгаа бөгөөд шүүхэд гаргаж өгсөн баримтад байшингийн баригдаж байгаа явц тодорхой харагдаж байгаа.

 О.Шинэбаяр нь хохирогчоор тогтоогдоогүй боловч асран хамгаалагчаар тогтоогдсон гэдэг утгаар хүсэлтийг хавсаргасан. Энэ хэрэг нь Д.Дангаасүрэн,  Б.Баатар гэсэн 2 хохирогчтой. Хохирогч Д.Дангаасүрэн нь гомдол саналгүй тухай бичгээ сая шүүхэд өгсөн, харин хохирогч Б.Баатар нь хуралд өөрөө ирсэн байгаа учраас хохирол гомдлынхоо талаар шүүх хуралдаанд хэлэх байх.

Иймд хохирол төлбөргүй, гэм хор арилсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл ангийн доод ялыг оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсч байна. Гэм хор арилсан. Мөн тухайн этгээдийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Шийтгэх тогтоолд ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэж байгаа ч үнэндээ ам бүл 6. эхнэр 1-5 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн хүүхэд нь ихэр. Ар гэрийн амьдрал хэцүү байгаа ч хохирол төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөөд, туслаад явж байгаа байдлыг харж үзээд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт О.Отгонтөгс бид нар үл ойлголцож байсан нь миний буруу байжээ. Өнөөдөр О.Отгонтөгсийн ар гэрийнхэнтэй уулзаад учраа олоод, асуудлаа шийдэж чадсан учраас О.Отгонтөгст тухайн хэргийнх нь хамгийн хөнгөн ялыг оногдлуулж өгөөч гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмнөөс хүсч байна. Би тухайн хүмүүст хатуурхаж явснаараа  шүүгдэгчид хүнд ял онооход хүрлээ. Миний буруу байж. Тухайн хүмүүсийг хүлээгээд суугаад байснаараа ойлголцолд хүрэх гэж хичээгээгүй байдал миний алдаа байж. Миний зүгээс гомдол саналгүй учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэх байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ороцлсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Гэм хорын асуудал арилсан ч гэж байна. Гэвч хувь хүний амь нас хохирсон асуудал байгаа.  Хохирол төлбөр төлөгдсөн ч гэм хор арилсан гэж үзэхгүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай “тоёота приүс 10” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж, Шарайд овогт Одончийн Отгонтөгсийг “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироох..”. гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 07 жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн 123 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:

Ялтан О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн материалд авагдсан хохирогч Б.Баатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Болоржин /1-р хх-ийн 65 дугаар тал/, гэрч Б.Төмөрчөдөр /1-р хх-ийн 66-67-р ху/, Г.Болорцэцэг /1-р хх-ийн       68-69-р ху/, О.Мөнгөн-Од /1-р хх-ийн 70-71-р ху/, Б.Бат-Эрдэнэ /1-р хх-ийн 72-73-р ху/, Т.Алтанхуяг /1-р хх-ийн 74-75-р ху/, М.Зоригтбаатар /1-р хх-ийн 76-77-р ху/, Э.Алтанбаяр /1-р хх-ийн 79-р тал/, Б.Бат-Оргил /1-р хх-ийн 81-р тал/, Г.Отгонцэцэг /1-р хх-ийн 86-87-р ху/, Ц.Эрдэнэтуяа /1-р хх-ийн 89-90-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   /1-р хх-ийн 3-15-р тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-19-р тал/, Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 92-р тал/, Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт /1-р  хх-ийн 102-104-р ху/, шинжилгээнд зориулан цус авахуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 109-р тал/, Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6339 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 116-р тал/, Цогцосд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 122-124, 137-139-р ху/, Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5538, 5540 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 126, 140-р тал/, Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5539, 5541 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 126, 141-р тал/, Шүүх эмнэлгийн 2016 оны 07 дугаар сарын      18-ны өдрийн задлан шинжилгээний 46, 47 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 142-143, 197-198-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 171-р тал/, шүүгдэгч О.Отгонтөгсийн хэргээ хүлээн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасны дагуу ялтны гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дангаасүрэнгийн “…О.Отгонтөгсийн ар гэрээс үлдсэн 3 хүүхдэд нь орон байр барьж өгч, анхаарал халамж тавьж, тодорхой хэмжээний мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа учир миний зүгээс ар гэрийнх нь аж амьдрал, нялх 4 хүүхдийг нь харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгч тусална уу” гэх, талийгаач нарын бүтэн өнчин үлдсэн хүү Д.Нямбаярын асран хамгаалагчаар тогтоогдсон О.Шинэбаярын “…О.Отгонтөгсийн гэр бүл бидэнд шинээр 8*10 хэмжээтэй байшин барьж өгч, анхаарал, халамж тавьж байгаа тул гомдол, санал байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “…Миний зүгээс гомдол саналгүй учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтүүд, ялтан О.Отгонтөгсийн хувийн болон ар  гэрийн нөхцөл байдал зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс О.Отгонтөгсөд оногдуулсан 07 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 05 жил 01 сарын хорих ял болгон  хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурьдсан “...Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү...” гэх гомдлын хувьд О.Отгонтөгсөд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж байгаа, энэхүү ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул хүлээн авах боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  35 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар шүүгдэгч Шарайд овогт Одончийн Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03  /гурав/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ жил 01 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”  гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсөд оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын  бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                             Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                          Д.БУЯНЖАРГАЛ