Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 402

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Х.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006160452 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол 7-13 тоотод оршин суух хаягтай, урд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 7 дугаар байрын гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Н  “...ээжийг машинаас түлхэж буулгаад явна гээд байхаар нь би машиныг чинь шатаана гэж сүрдүүлсэн чинь Батдөлгөөн машинаасаа бууж ирээд миний баруун хацар руу шанаадсанаа багалзуурдаад газар чирээд хувцас хунар ураад ноцолдож байсан чинь ээж цагдаа дуудсан. “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Шүүгдэгч Х.Б “...ченжтэй уулзаад машинаа зарахаар болоод 18 цагийн орчимд гэрийн гадаа очоод Нарангэрэлийг түлхүүр аваад гараад ир гэж дуудаад машинаа үзүүлсэн чинь нөгөө хүнтэй мөнгөө тохирч чадаагүй. Тэгээд байрны урд машинаа тавьчхаад Н ээжтэйгээ машинаас буухгүй болохоор нь би дэлгүүр ороод ус тамхи аваад ирсэн чинь Н машинаас хамаг юм гаргаад хаячихсан, аккумуляторыг салгачихсан, дорцоовоор аккумуляторын толгойг цохиж байхаар нь  боль гээд болиулсан чинь дорцоовоор толгой руу цохих гэхээр нь би хаасан чинь миний гарыг онохоор нь би түлхэж унагаагаад Н ээжид охиноо ав гэсэн чинь тоохгүй байхаар нь нэг алгадсан чинь босож ирээд миний хувцсыг ураад над руу дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 732 дугаартай “...Н.Н биед хүзүү, цээжний баруун дээд хэсэг, баруун хөх, баруун зүүн бугалга, зүү тохой, баруун мөр, шуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 9 оноо буюу дунд түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн  гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Н нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Х.Б-нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД