| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2016/00915/И |
| Дугаар | 182/ШШ2016/01028 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2016/01028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-,
Хариуцагч: Р.Д- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,503,455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Д.Санчир шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О-, Р.Д- нартай 2015 оны 02 сарын 04-ний өдөр 15/67 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 11,475,000 төгрөгийг зээлийг олгосон. Зээлдэгч Д.О- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч зөрчил гаргаж байсан тул 2016 оны 01 сарын 26-ны өдөр банкны санаачлагаар зээлийн гэрээ цуцалж, автомашиныг хураан авсан бөгөөд АА аперейзал ХХК-иар үнэлгээ хийлгэж бусдад авиомашиныг худалдан борлуулсан. Гэрээ цуцлагдах үед 13,003,455 төгрөгийн өртэй байсан ба одоогийн байдлаар үндсэн зээл 6,503,455 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Д.О-оос 6,503,455 төгрөгийг гаргуулна. Р.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Д.О-, Р.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,503,455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /хх-ийн 27 талд/ татгалзлаа бичгээр ирүүлсэн тул татгалзлыг батлах үндэстэй байна.
Хариуцагч Д.О- нэхэмжлэгч А ХХК-иас 2015 оны 02 сарын 04-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 11,475,000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, Санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн буцаан төлөх хуваарь, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ /хх-ийн 6-9 талд/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж заасан байна.
Гэтэл Санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээд оролцоогүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Д.О-оос 6,503,455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгох үндэстэй.
Хариуцагч Д.О-од шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 сарын 26-ны өдөр гардуулж өгсөн ба хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2016 оны 11 сарын 04-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан Д.О-оос 6,503,455 /зургаан сая таван зуун гурван мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж А ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А ХХК хариуцагч Р.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,005 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.О-оос 119,005 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ