Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 403

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Б.Ц,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000443 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1 дүгээр баг, Чулуутын 3-7 тоотод оршин суух, урьд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.С,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ок” гэх нэртэй баарны гадна Б.Ц маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь ­хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Ц “...нэг мэдсэн чинь гадаа би С маргалдсан чинь мөргөж унагаагаад дээрээс дэвсээд байх шиг байсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдаад босоод ирсэн чинь уруулнаас цус гарчихсан, нүүр шалбарчихсан байхаар нь эмнэлэг  рүү явсан. ... КТГ-ын зураг авахуулах 140,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн 300,000 төгрөг, тэгээд шархны тос, эмнүүд авахуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Гэрч Б.А “...Гэнэт л тас няс гээд явахаар нь хартал Цог-Эрдэнийг Баярмаагийн нөхөр цохиод газар унагаасан. Би хүүе болиоч ээ гэж орилоод Баярмаагийн нөхрийг салгаад зогсож байтал манай ажлынхан гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 809 дугаартай “...Б.Ц биед дээд уруулын дотор салстад шарх, дух, баруун нүдний зовхи, хацар, доод эрүү, баруун тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

 

Яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх /хх-ийн 17-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Б.С нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд хохирогч Б.Ц 800,000 төгрөг  төлөхөөр эвлэрсэн байх тул энэ талаар тогтоолд  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой зэргийг харгалзан 600 нэгжээр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Б.С нь хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож 105 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 495 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 495,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Б овогт Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож 105 нэгжээр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжээр торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 495 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 495.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 99,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

  1.  Шүүгдэгч Б.С нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд хохирогч Б.Ц 800,000 төгрөг  төлөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүхболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД