| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0395/Э |
| Дугаар | 404 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 404
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000477 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 4-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны орчимд иргэн А.Нямцоогийн санамсаргүйгээр унагаасан Самсунг Эс-8 плас маркийн хар өнгийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Н “...2019 оны 07 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би ээжийндээ очихоор Төмөр замын байрны орчим буухдаа өөрийн Самсунг Эс-8 плас загварын гар утсаа гээгдүүлсэн. Би утсаа наадмын өмнө Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утсаа хүлээгээд авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гээгдэл гар утасны имей кодыг авч прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 11/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Самсунг Эс-8 плас загварын гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 550,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгт авагдсан баримтуудаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Д.Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч А.Н нь гар утсаа буцаан авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Д учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Д гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД