Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 426

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Т.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т.М  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918006680506 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.М  нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Бэрхийн өвөр гэх газар иргэн Л.Магванжавтай “миний хадлангийн газар хадлан хадлаа” гэж маргалдан нүүрэн тус газар нь гараараа, хөлөн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.М “...М ирээд намаг элэг барьлаа, би чамд хэлээд байхад чи миний хадлангийн газар хадлан хийлээ гээд над руу дайраад байхаар нь би машинаас буусан чинь намайг заамдаж аваад шанаа руу цохихоор нь би зөрүүлээд 1 цохисон. Машинтай 4 залуутай ирчхээд зүүн хөл, гар руу цохихоор нь би модноос нь барьж аваад М зууралдахад хамт явсан залуучууд нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 

Гэрч Б.У “...М ирээд М ахтай чи намайг доромжилж миний газар хадлан хадлаа гэж орилж хашгираад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. ...20-30 минутын дараа тавуулаа болж ирээд Мягмаржав гартаа цохиур мод барьж  ирээд хөл рүү нь нөгөө модоороо хэд хэд цохиж байгаа харагдсан. М-н баруун шанаа, хамарнаас цус гарч байсан ба зүүн хөлнийх нь гутлыг тайлаад харахад зүүн шилбийг яз цохисон цус гарч байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ий өдрийн 813 дугаартай “...Д.М биед зүүн шилбэнд шарх, зүүн чамархай, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хохирогч “...М сайн дураараа эвлэрч эмчилгээний 105,000 төгрөг гаргуулж авсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 64/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг багасгаж 450 нэгжээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т.М  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД