| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/03969/И |
| Дугаар | 182/ШШ2016/01062 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2016/01062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Ц-д холбогдох
Ч** тоотод байршилтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэх,
Ч.Ц-гийн 2015 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ц- нь 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 12000903 тоот зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд зээлдэгч Ч.Ц- нь 2015 оны 07 сарын 07-ны өдөр Я.Баярсайханд **3 тоот, УБД-22** 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан олгосон. Энэхүү итгэмжлэлийн дагуу Ч.Ц-тэй харилцан тохиролцож, тухайн үл хөдлөхийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүн болох 171,000,000 төгрөгт тооцон 2015 оны 07 сарын 30-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр М ББСБ худалдаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийг хаасан. Иймд М ББСБ-ын өмчлөлийн **3 тоот, УБД-22** 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс албадан нүүлгэж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01 сарын 08-ны өдөр М ББСБ-аас 1000903 дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлж авч өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Эрчим Арт компанийн БЗД-ийн 16-р хороо, 72-р хотхонд барьж байгаа барилгын ажлын санхүүжилтэнд оруулсан. Гэвч барилгын хөрөнгө оруулалт зогсож ажил зогссоноос зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн гэрээний хугацаанд тодорхой хэмжээний зээлийн хүүг төлж байсан. Тус санхүүгийн байгууллагаас надтай эдийн засагч болон хуульч нь гээд 2 залуу байнга уулздаг байсан.Тэгээд хуульч Я.Баярсайхан нь 2015 оны 07 сарын 07-нд ирээд “Та надад итгэмжпэл хийгээд өгчих би бусдад шилжүүлэх болвол танд заавал хэлнэ. Та зээлээ төлөх аргаа л бод би энэ итгэмжлэлийг чинь аваад байлгаж байя. Ингэхгүй бол намайг ажлаас халах гээд байна. Дарга нар ажил хийхгүй байна гээд байна” гэж шалсаар байгаад итгэмжлэл хийлгэж авсан. Дараа нь надад 2015 оны 10 сарын 22-ны өдөр М ЕБСБ-аас “Зээлийн барьцааны Ч**тоот хаягтай 104.5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 10 сарын 25-ны дотор бүрэн суллаж өгнө үү.” гэсэн мэдэгдлийг өгсөн болохоос миний үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан шилжүүлсэн тухай огт хэлээгүй мэдэгдэлд ч дурдаагүй. Энэ тухай нэхэмжлэл гардан авч л мэдлээ. Надад огт мэдэгдэлгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хямд үнээр тооцон бусдад шилжүүлж миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж намайг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд М ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ц- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ; Ч.Ц- би М ББСБ-тай 2014 оны 01 сарын 08-ны өдөр 12000903 дугаартай зээл барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулан 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай өөрийн өмчлөлийн **тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй 104,5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлж авч өөрийн 100 хувь үүсгэн байгуулсан Эрчим-Арт ХХК-ийн барьж байгаа БЗД-ийн 16 дугаар хороо 16 хороолол 72 дугаар хотхонд байрлах барилгын ажлыг санхүүжүүлсэн. 2014 оны 10 сараас хойш Эрчим Арт ХХК-ийн барилгын ажил санхүүгийн хүндрэлийн улмаас бүрэн зогссноос шалтгаалан авсан зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрсэн. Ингээд М ББСБ-ын ажилтан Я.Баярсайхан эдийн засагч Б.Мөнхнасан нартай удаа дараа уулзаж энэ байдлаа хэлж шүүхэд өгч хүүг зогсоож өгөхийг хүсч байсан. Гэтэл М ББСБ нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 07 сарын 30-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-гээр өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэхдээ надтай харилцан тохиролцож улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг надтай байгуулсан мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. М ББСБ нь 2015 оны 10 сарын 22-ны өдөр надад барьцаа хөрөнгө суллах тухай мэдэгдлийг өгсөн. Энэ мэдэгдэл нь тус ББСБ-д барьцаалсан барьцаа хөрөнгийг 2015 оны 10 сарын 25-ны дотор суллаж чөлөөлж өгнө үү гэсэн агуулгатай байсан. Энэ мэдэгдлийг надад өгөхдөө өөрийн ажилтан Я.Баярсайхантай худалдах худалдан авах гэрээ байгуулж барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тухайгаа огт мэдэгдээгүй надаас нуусан байна. Хэрэв надад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өмчлөх эрхийг тус ББСБ-д шилжүүлнэ гэдгийг мэдэгдэж байсан бол би шууд өмчлөх эрх шилжүүлэхийг зөвшөөрөхгүй, Я.Баярсайханд ч итгэмжлэл өгөхгүй байх байсан. Тус ББСБ-ын ажилтан Я.Баярсайхан нь “намайг ажпаас халах гээд байна та туслаач би өөр ББСБ-аас зээл асууж өгье, хэрвээ ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлэх бол танд хэлж мэдэгдэж байж өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж өөр ББСБ-аас зээл авч миний М ББСБ дээр байгаа зээлийг хаах зорилгоор надаас уг итгэмжлэлийг авсан бөгөөд итгэмжлэлд заасан аливаа үйлдлийг хийхдээ надад заавал мэдэгдэнэ гэж тохиролцсон. Ингээд би Я.Баярсайханд ерөнхий агуулгатай итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлд 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 12000903 дугаартай зээл барьцааны гэрээний зээлдэгч, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний барьцаалагч болох М ББСБ-ын зээлийн төлбөрийн үнэд тооцон 171,000,000 төгрөгөөр худалдах болон зээлийн гэрээний үүрэгт тооцон худалдах хэлбэрээр шилжүүлэх эрх огт олгоогүй, итгэмжлэлд худалдах үнэ тогтоогоогүй. Мөн надаас миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа заавал үнийн санал авах ёстой байсан боловч надаас үнийн санал авалгүй өмчлөх эрхийг М ББСБ-д нууцаар шилжүүлсэн байна.
Иймд М ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан ББСБ нь 2014 оны 01 сарын 08-ны өдрийн “Зээл ,барьцааны гэрээ”-ний 5.1, 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 12000903 дугаартай “ Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ”-ний 6.2, 6.3 заалтуудыг тус тус зөрчин өөрийн ажилтан Я.Баярсайхантай хуйвалдан намайг хуурч мэхлэн, өр зээлтэй байдлыг далимдуулан надаас итгэмжлэл авч миний **тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй 104,5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр 2015 оны 07 сарын 07-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” гэгчийг байгуулан өөрийн байгууллагын өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байгаа тул М ББСБ болон тус байгууллагын ажилтан Я.Баярсайхан нарын хооронд 2015 оны 07 сарын 30-ны өдөр хууль бусаар байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Мөнхнасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ч.Ц- нь М ББСБ-аас 2014 оны 01 сарын 08-ны өдөр 12000903 тоот дугаартай зээл барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулан 150,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй ,6 сарын хугацаатай **тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй 104.5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан. Мөн 2014 оны 01 сарын 09-ний өдөр Салбар-2-ын эрхлэгч Б.Мөнхнасанд дээрх гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд үл маргах журмаар ББСБ-ын нэр дээр шилжүүлнэ гэсэн итгэмжлэлийг өгсөн. Тус зээлийн гэрээний хугацаанд төлөлт хийгдээгүй ба зээл төлөх мэдэгдэлийг амаар болон бичгээр удаа дараа өгч Б.Мөнхнасанд өгсөн итгэмжлэлийн дагуу худалдан борлуулах болсоныг мэдэгдэж байсан боловч Ч.Ц- өөрийн итгэл үнэмшлийн дагуу 2015 оны 07 сарын 07-ны өдөр тухайн үед М ББСБ-ын хуульч албан тушаалтай ажиллаж байсан Я.Баярсайханд 261 тоот нотариатчийн гэрчилсэн хүчин төгөлдөр итгэмжлэлийг өгч худалдан борлуулж өгөхийг хүссэн бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу 2015 оны 07 сарын 30-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг” байгуулан М ББСБ-ын нэр дээр **тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй 104.5 м.кв үйлчилгээний золиулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, зээлдэгч Ч.Ц-гийн М ББСБ-тай байгуулсан 12000903 тоот зээлийг хаасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ц-д холбогдуулан Ч** тоотод байршилтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Ц- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2015 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК хариуцагч Ч.Ц-тэй 2014 оны 01 сарын 08-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж 150,000,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, Ч** тоотод байршилтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ байгуулж зээл олгосон болох нь Зээл, барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагыг хангасан бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзахын өмнө Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар 2014 оны 06 сарын 19-ний өдөр, 2014 оны 07 сарын 28-ны өдрийн албан бичгээр 2 удаа, сүүлийн байдлаар 2014 оны 06 сарын 23-ны өдрийн дотор төлбөр төлөх, уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй бол гэрээнээс татгалзах талаар мэдэгдэл өгч төлбөр төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн нь баримтаар нотлогдож байна.
Зээлдэгч Ч.Ц- нь мэдэгдлийг хүлээж аваад 2014 оны 07 сарын 07-ны өдөр Я.Баярсайханд “Энэхүү итгэмжлэлийн дагуу Ч** тоот хаягт байрлах Ү-22** улсын бүртгэлийн дугаартай, ** тоот гэрчилгээтэй 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлөх, зээл, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-т бүртгүүлэх, буцаан авах, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, аль ч банк болон ББСБ-д төлөөлөх, зээл төлөх бүрэн эрхийг олгож байна. 3 жилийн хугацаа”-тай Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх” хуулийн шаардлагыг хангасан итгэмжлэл олгосон /хх-ийн 11 талд/ байна.
Төлөөлүүлэгч Ч.Ц-гийн олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгч Я.Баярсайхан М ББСБ ХХК-тай тохиролцож зээл, зээлийн хүүгийн төлбөр 171,000,000 төгрөгт тооцож барьцааны зүйл болох дагуу Ч** тоот хаягт байрлах Ү-22** улсын бүртгэлийн дугаартай, ** тоот гэрчилгээтэй 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч болох М ББСБ ХХК-нд 2015 оны 07 сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн байна.
Барьцаалагч М ББСБ ХХК нь дээрх барьцааны эд хөрөнгийг шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн болсон нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000433667 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан эрхийнхээ дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ч.Ц-д холбогдох Ч** тоотод байршилтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэж байрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч Ч.Ц- М ББСБ ХХК-нд холбогдуулан 2015 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж маргажээ.
Ч.Ц- 2014 оны 07 сарын 07-ны өдөр Я.Баярсайханд “Ч** тоот хаягт байрлах Ү-22** улсын бүртгэлийн дугаартай, ** тоот гэрчилгээтэй 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлөх, зээл, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-т бүртгүүлэх, буцаан авах, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, аль ч банк болон ББСБ-д төлөөлөх, зээл төлөх бүрэн эрхтэй итгэмжлэл” олгожээ.
Төлөөлүүлэгч Ч.Ц-гийн олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгч Я.Баярсайхан М ББСБ ХХК-тай тохиролцож зээл, зээлийн хүүгийн төлбөр 171,000,000 төгрөгт тооцож барьцааны зүйл болох дагуу Ч** тоот хаягт байрлах Ү-22** улсын бүртгэлийн дугаартай, ** тоот гэрчилгээтэй 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч болох М ББСБ ХХК-д 2015 оны 07 сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн байна.
Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй” гэж заасан байх тул Ч.Ц-гийн М ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Мөн Ч.Ц- сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 59 дүгээр 59.4-т “Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан хугацаа дууссан гэж үзнэ.
Шүүх хэргийг 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 15 цагт товлон зарлаж хариуцагч Ч.Ц-д өөрт нь “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй. Нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт бичгээр гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 73.1 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ц-д холбогдох нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч** тоот талбайтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэж, байрыг чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан М ББСБ ХХК-нд холбогдох Ч.Ц-гийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,012,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц-гээс 1,012,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 1,012,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ