Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 432

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч М.Г,

Шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э.Ш-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007060492 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Сонголонхайрхан” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, .......... тоотод орших суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Э.Ш,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ш нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сатурн баарны гадна М.Ганхуягийг зодож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Г “...намайг эмнэлэг дээр оёдол тавиулсны дараа цагдаа нар ирээд надаас мэдүүлэг авсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад согтуу байсан болохоор зөрүүтэй мэдүүлэг  өгсөн байна. Би Сатурн баар руу ороогүй. Үйлчилгээний төв дээр найз нартайгаа юм яриад зогсож байснаа санаж байна. Тэгээд эмнэлэг дээр ухаан орсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Шаравдорж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч Б.Б “...манай найз Ш зодоон хийж байгаа хүмүүс дээр очиход нэг ах гартаа барьсан савхин хар өнгийн куртикээрээ нүүр рүү нь цохиход нь Шаравдорж тэр ахын нүүр рүү нь гараараа цохиод газар унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Гэрч Ц.А “...манай найз Ш тэд нар руу очиж байгаа харагдсан ба Ш нүүр рүү нь нэг ах гартаа барьсан байсан савхин куртикээрээ цохисон. Тэгээд Ш нөгөө ахын нүүр рүү нэг удаа цохиход нөгөө ах газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 849 дугаартай “...М.Г биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 13-14/ шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Э.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хор учруулсантай холбоотой 450,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Э.Ш нь 250,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс 200,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгжээр торгох ялаар шийтгэж, цалин, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Х овогт Э.Ш-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х овогт Э.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10-29  тоотод оршин суух М овогт М.Г олгосугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД