Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 737

 

                                       Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-06 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ76041670, Салдангууд овогт Батцэрэнгийн Цог-Очирын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 19 тоотод оршин суух, РД:ОЗ83032416, Борлууд овогт Даваажавын Алтангэрэлд холбогдох,

         Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал 824.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Цог-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Цог-Очир миний бие Д.Алтангэрэлд ланд крузер 105 маркын машины их гэрлийн нэг хос 100.000 төгрөг, урд пурш нэг хос 100.000 төгрөг, чулак буюу урд мостны арьс 800.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн эд ангиудыг 2015 оны 2 дугаар сард тооцоо хийхээр тохиролцож худалдсан. Үүнээс 2015 оны 12 дугаар сард 100.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 100.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг өгөөгүй. Мөн эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 24.650 төгрөг, нийт 824.650 төгрөгийг Д.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Даваажав овогтой Алтангэрэл миний бие Б.Цог-Очирын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Авсан 2 их гэрэл, 2 пуршаа буцааж өгөөд урд тэнхлэгийн дутуу болох 200.000 төгрөгөө өгөөд тооцоо дуусгах саналтай байна. Ярилцаж тохиролцсоны дагуу 400.000 төгрөгөөс 2 удаа 100.000 төгрөгөөр өгөөд одоо 200.000 төгрөг дутуу байгаа болно” гэжээ.

    Нэхэмжлэгч Б.Цог-Очир, хариуцагч Д.Алтангэрэл нар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Б.Цог-Очир нь Д.Алтангэрэлээс 824.650 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад бид харилцан тохиролцож 350.000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч гэрээ байгуулав” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Цог-Очир нь хариуцагч Д.Алтангэрэлд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал 824.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Цог-Очир хариуцагч Д.Алтангэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Д.Алтангэрэл нь 350.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 474.650 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Цог-Очир, хариуцагч Д.Алтангэрэл нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 48.992 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 350.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөгийн тал хувь 5.575 төгрөгийг илүү төлөгдсөн 24.650 төгрөгийн хамт төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 18.767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтангэрэлээс 5.575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цог-Очирт олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Цог-Очир, хариуцагч Д.Алтангэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Цог-Очир нь нэхэмжлэлийн шаардлага болох 824.650 төгрөгөөс 474.650 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 350.000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 30.225 төгрөг, хариуцагч Д.Алтангэрэлээс 5.575 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Цог-Очирт олгосугай. 

       3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Алтангэрэл нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР