Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1153

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03237 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох

 

Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 52 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              ХХХХ

                                                                                    ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                           ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                 Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “ХХХХ” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ”ХХХХ” ХХК-тай №ЗТАГГ13112201 тоот зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нь МҮЭХ-ны Хөдөлмөрийн ордны барилгын экстерьер, интерьер, дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэж, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр захиалагч ”ХХХХ” ХХК-д ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг графикийн дагуу төлөхтэй холбогдох талуудын харилцааг зохицуулсан байдаг. “ХХХХ” ХХК нь гэрээний 3.2-т заасан графикийн дагуу гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид урьдчилж шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, захиалагчаас үүргээ гүйцэтгэх боломжит хугацаа олгосоор байхад зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөг хүрсэн. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулж байсан ба, ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул гэрээг нэг талын санаачлагаар цуцлах тухай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №1/271 тоот мэдэгдлийг гүйцэтгэгчид хүргүүлсэн. Гүйцэтгэгчээс мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 2-ны №15/01 тоот хариу мэдэгдлийг ирүүлсэн. Тус мэдэгдэлд “...сүүлийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр актаар захиалагчид хүлээлгэн өгсөн...” иймд Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай танай байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл нь үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн.

Гэтэл гүйцэтгэгч нь захиалагч талд ямар нэгэн байдлаар гэрээгээр тохиролцсон хугацаа, нэмэлт хугацаанд гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгөөгүй. Захиалагч талаас үүргээ гүйцэтгэх хугацааг сунгах буюу нэмэлт хугацааг тогтоож өгч байсан. Иймээс талуудын хооронд байгуулагдсан №ЗТАГГ13112201 тоот Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хууль зүйн үндэслэл бүрдсэн тул урьдчилж шилжүүлсэн төлбөр 52 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Талуудын байгуулсан гэрээнд зураг төслийг ”ХХХХХ” ХХК-иас өөр этгээдэд хүлээлгэн өгөхөөр заагаагүй бөгөөд мөн ”ХХХХ” ХХК нь өөр этгээдэд зураг төслийг хүлээлгэн өгөх зөвшөөрлийг гүйцэтгэгчид өгөөгүй. “ХХХХ” ХХК нь Хөдөлмөрийн ордны барилгын ажил гүйцэтгэгч бөгөөд одоо тус барилгын дотор талын засал буюу экстерьер, интерьер, дизайныг тухай бүр өөр этгээдээр гүйцэтгүүлж, ажлаа үргэлжлүүлж байна. “ХХХХ” ХХК-иас зураг авч түүгээр нэг ширхэг 00-ын өрөөны зохион байгуулалт ч хийгээгүй, зураг төслийг хүлээлгэн өгөхдөө акт үйлдээгүй, ажлын байдлаар хамаарч акт үйлдэгдэх ажил юм. Мөн ХХХХ ХХК нь зураг төслийн талаар Улаанбаатар хотын банктай харилцаж байгаа тухайгаа манай талд мэдэгдээгүй. “ХХХХ” ХХК нь зураг төслийн үнийг бүрэн шилжүүлсэн явдал бол ажлыг хүлээн авсан гэсэн үг биш бөгөөд ажил хэргийн явцад хоорондоо хэлэлцээд мөнгийг бүрэн шилжүүлсэн, гэхдээ ажлыг хүлээн аваагүй. “ХХХХ” ХХК нь №ЗТАГГ13112201 тоот зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гагцхүү “ХХХХ”ХХК-ийн өмнө хариуцаж, гүйцэтгэхээс өөр гуравдагч этгээдийн өмнө биелүүлэхгүй гэв.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХ нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “ХХХХ” ХХК нь гуравдагч этгээдээр барилга архитектурын болон барилга бүтээцийн зураг хийлгэсэн бөгөөд уг зураг нь өөрчлөгдсөний улмаас №ЗТАГГ13112201 тоот зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай гүйцэтгэвэл зохих гэрээт ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Өөрөөр хэлбэл, манай гүйцэтгэх ажил бол нэгэнт бүтэц нь тогтсон барилгын буюу МҮЭХ-ны Хөдөлмөрийн ордоны барилгын дотор талын экстерьер, интерьер, дизайны зураг төслийн ажлыг хийх юм. Улмаар шинэчилсэн ажлын даалгаврын дагуу захиалагчийн зүгээс зарлан хуралдуулсан 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд манай компанийн төлөөлөгчид оролцон, ажлын талбайн орц, гарцад өөрчлөлт орсонтой холбогдуулан захиалагч буюу нэхэмжлэгчээс өгсөн ажлын даалгаврын дагуу манай гэрээт ажил үргэлжлэн хийгдсэн. Мөн манай компаниас ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн дэд бүтцийн болон инженерийн шугам сүлжээний зургуудыг бусад гүйцэтгэгч компаниудаас авч өгөх хүсэлтийг захиалагчид тавьсны дагуу эдгээр зургуудыг захиалагчаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манайд эцэслэн ирүүлснээр бид гэрээт ажлаа дуусгах боломж бүрдсэн байдаг. Эдгээр нэмэлт материал дээр тулгуурлан №ЗТАГГ13112201 гэрээнд заасан интерьер дизайны зургийг манай зүгээс эцэслэн захиалагч буюу нэхэмжлэгч талд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эцэслэн хүргүүлсэн болно. Захиалагчийн зүгээс зарласан 2015 оны 4 дүгээр сарын 28-ны хуралдаанд хоёр талын гэрээний асуудалд Улаанбаатар хотын банк давхар оролцсон бөгөөд энэ асуудлыг захиалагч мэдэж байгаа. Гэрээт ажлын үр дүнг актаар хүлээлцэх талаар талууд №ЗТАГГ13112201 тоот гэрээгээр харилцан тохиролцоогүй боловч манай тал өөрсдийн дизайнеруудын ажлыг үнэлэх, дүгнэх зорилгоор акт үйлдсэн. Ажил хүлээлцсэн актад, “ХХХХ” ХХК болон Улаанбаатар хотын банкны холбогдох хүмүүс гарын үсэг зурсан. Улаанбаатар хотын банкны дэд захирал ХХХ хамгийн сүүлийн гарын үсэг зурна гэж ажлын актыг авчихаад одоо бидэнд буцаан өгөхгүй байгаа. Улаанбаатар хотын банкны ажилтан ХХХ-тай Хөдөлмөрийн ордоны барилгын дотор талын экстерьер, интерьер, дизайны зураг төслийн талаар байнга и-мэйлээр харилцаж, санал солилцож байсан. Мөн “ХХХХ” ХХК нь гэрээний үнэ болох 52 500 000 төгрөгийг хоёр хувааж бүрэн төлсөн байгаа нь манай гүйцэтгэсэн зургийг хүлээн авсан болохыг нотлон харуулж байна. Иймд, “ХХХХ” ХХК нь гэрээний үр дүнг хүлээлгэн өгсөн тул “ХХХХ”ХХК-ийн 52 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “ХХХХХ" ХХК-иас 52 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420 450 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “ХХХХ ХХК-иас 420 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "ХХХХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:...Хариуцагчийн зүгээс гэрээт ажлын үр дүнг нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, гуравдагч этгээд төдийгүй шүүхэд хүлээлгэн өгсөн байтал зөвхөн нэхэмжлэгч талын "хариуцагчаас гэрээний гүйцэтгэлийг хүлээж аваагүй" гэсэн тайлбарыг үндэслэж байгаа нь үндэслэл багатай байна. Хариуцагчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15/01 тоот албан бичгээр “ХХХХ” ХХК-ийн мэдэгдлийн хариу албан тоотыг хүргүүлсэн байдаг бөгөөд энэхүү албан тоотын хавсралтаар нийт 48 хуудас зураг төсөл буюу гэрээний зүйлийг нэгэнт хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийгээ баримтаар шүүхэд гаргаж өгсөн төдийгүй шүүхийн хуралдааны явцад тайлбарласан байтал анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй буюу ямар нэг үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс гэрээт ажил гүйцэтгэгч нь өөр гуравдагч этгээд буюу Улаанбаатар хотын банктай харилцаад нэмэлт даалгавар, хүсэлт авсан байхад ямар гомдол, шаардлага гаргаж байсан талаарх баримт байгаа эсэх талаар асуухад энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд энэ талаар баримт байхгүй гэж байсан. Гэтэл шүүхийн зүгээс "хариуцагч нь хийсэн ажлын үр дүнг гуравдагч этгээдэд хулээлгэн өгч болох зохицуулалт гэрээнд тусгагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар зөвшөөрөл өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн болно. "ХХХХ” ХХК нь ажлын хөлс 52 500 000 төгрөгийг хэсэгчлэн буюу 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тус тус 26 250 000 төгрөгийг шилжүүлсэн нь ажлын үр дүнг хүлээн авсныг нотлохгүй, харин саналыг нь харгалзан, ажил хүлээн аваагүй байхдаа хөлсийг бүрэн шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалд илүү нийцэхээр байна" Талуудын хоорондын байгуулсан гэрээний хугацаа буюу 60 хоног нэгэнт дууссан хойно хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т заасан төлбөрийн хуваарийн дагуу 2, 3 дугаар шатны төлбөрийг хамтатган нэхэмжилсэн. Санхүүгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх харилцан итгэлцэл, харин нэхэмжлэгчийн зүгээс санал, хүсэлт гэж үзэн тайлбарлаж маргааныг хэт нэг талыг барин шийдвэрлэсэн. Бидний зүгээс гэрээ болон түүний хавсралт журманд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг үе шаттайгаар хийж гүйцэтгэн гэрээнд заасны дагуу зураг төслийн ажлын гүйцэтгэлийг төлбөрийн хуваарийн дагуу нэхэмжилж улмаар "ХХХХ" компани үүнийг зөвшөөрч төлбөр шилжүүлсэн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр манай гэрээт ажлын хөлсийг 100 хувь буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр хугацаа нэгэнт дууссан төдийгүй талуудын хооронд тогтсон байсан "харилцан итгэлцэл"-ийн зарчмаар гүйцэтгэгчийн зүгээс захиалагч болон түүнтэй нэгдмэл сонирхол бүхий этгээд болох Улаанбаатар хотын банкны зүгээс тавьсан хүсэлтийн дагуу зураг төслийг удаа дараа нэмэлт хүн хүч, зардал гарган гүйцэтгэн эцэслэн хүлээлгэн өгсөн байтал нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд тусгагдаагүй нөхцлөөр буюу "гэрээ цуцлахаар шийдвэрлэлээ" (хавтаст хэргийн 12 дахь тал) гээд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн үүргийн эрх зүйн нийтлэг зохицуулалт болох 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" (шүүхийн шийдвэрийн 5 дахь талын 2 дахь тал) гэснийг үндэслэн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн ойлгомж, үндэслэл муутай байна. Иймд дээрх дурьдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03237 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэг болон үндэслэх хэсэг нь хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийг 167.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдийн хооронд үүссэн маргаанд  хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ”ХХХХ” ХХК-иас зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 52 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.  

 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ”ХХХХХ” ХХК-иар Монголын Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Хөдөлмөрийн ордны барилгын экстерьер, интерьер дизайны зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “ХХХХ” ХХК нь зураг төслийн ажлын хөлс 52 500 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-6/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ” …гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнг Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсөн” гэж тайлбарласан байна. /хх 25/

 

Хариуцагч ”ХХХХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн “…сүүлийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 1-нд актаар ажлын гүйцэтгэлийг захиалагчид хүлээлгэн өгсөн” гэсэн агуулга бүхий 15/01 албан бичиг хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч “ХХХХ"-ийн захирал ХХХ-аас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар талууд үүрэг хүлээсэн бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан бие биендээ хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг бөгөөд харин ажлын үр дүнг гүйцэтгэгч ”ХХХХ” ХХК нь захиалагч “ХХХХ” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотлоогүй, уг нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх гүйцэтгэгч ”ХХХХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн Холбооны “Хөдөлмөрийн ордон”-ны барилгын экстерьер, интерьер дизаны зураг төсөл болосруулах ажлыг захиалагч “ХХХХ” ХХК-д  хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэнийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагч ”ХХХХ” ХХК ажлын үр дүнг Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, цахим хаягаар харилцаж байсан болон барилгын ажил үргэлжлүүлэх комиссын хурлын тэмдэглэл гэх бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан дээр ХХХХ, ХХХХнарыг гэрчээр асуулгасан байна.

                                                                          / хх 31-58, 118-134/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан бөгөөд хэргийн дээрх баримтаас үзэхэд Улаанбаатар хотын банк гэрээний нэг тал болж оролцсон, эсхүл нэхэмжлэгч байгууллагын өмнөөс захиалагчийн үүргийг Улаанбаатар хотын банк өөртөө шилжүүлэн авсан гэх байдал нотлогдохгүй байна.

 

Захиалагч байгууллагаас гүйцэтгэгч байгууллагад хандан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/271, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1/231, тоот албан бичгүүдийг хүргүүлж, гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж байсан байна. /хх12-13/ Иймээс гүйцэтгэгч ”ХХХХ” ХХК-ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Захиалагч гэрээг анх байгуулсны дараа 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын хөлс 50 хувь болох 26 250 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр үлдэх 50 хувийн төлбөр 26 250 000 төгрөгийг тус тус төлсөн зэрэг нөхцөл байдал нэхэмжлэгч байгууллагын “...бид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хариуцагчид өгч байсан” гэсэн тайлбар зэргээс үзэхэд  захиалагчийн зүгээс гэрээг шууд цуцалсан гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзэх үндэслэлтэй

 байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгуллагаас гэрээний үнэ болох 52 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч байгууллага ажлын үр дүнг өөр байгууллагад хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотолж, холбогдох этгээдэд шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа “Платинум Гейт Дек” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                        Ц.ИЧИНХОРЛОО