Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 115/2020/0002/З |
Дугаар | 221/МА2020/0478 |
Огноо | 2020-08-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0478
“ХХАТ” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.О нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ХХАТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, “ФР” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар ХХАТ НҮТББ-ын гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд “ФР” ХХК ийн зүгээс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. “ХХАТ” Төрийн бус байгууллагын гаргасан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, “ФР” ХХК-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох
2. Нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр , тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4. Маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт өгсөн буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн,
5. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломжийг олгоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна
6. Захиргааны гэрээний оролцогч аж ахуйн нэгжийн гэрээгээр хэрэгжүүлсэн үүрэг дуусгавар нэгэнт болсон эрх зүйн үр дагаварт хууль зүйн дүгнэлт өгөөгүй.
Hэг: Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актийг зөрчсөн бол илт хууль бус байх үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгодог. Гэтэл дээрх шинжийг буюу Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан илт хууль бус байх шинжийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай гэрээ огт агуулаагүй Газар түүний хэвлийн баялаг нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар төрийн өмч учир ашигт малтмал эрэх, хайх, олборлох харилцаа Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн байж, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахаар хуульчлагдсан.
2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай гэрээ нь Захиргааны гэрээ нь нийтлэг эрх ашгийн төлөө төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бөгөөд Нэгэнт байгуулагдсан захиргааны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс 100 хувь бие даан өөрийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлж бүтээн байгуулсан цэцэрлэг, болон дэд бүтэц, сумын хөгжил , иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлсэн гэрээ нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд хуульд нийцсэн.
2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020 оны хөтөлбөрүүдийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын хүрээнд байгуулагдаж хэрэгжиж байгаа захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, бол илт хүчин төгөлдөр бус байна гэсэн шинжийг агуулаагүй, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар танилцуулагдаж мэдээлэгдсэн байхад хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ: Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн гэрээ гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загвартай харьцуулахад гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих Хамтын ажиллагааны хороог тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулахтай холбоотой 4 дэхь хэсгийг огт тусгаагүй орхигдуулсан, түүнчлэн загварын 5.1-д заасан “Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд, гэрээ байгуулсан талаар талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна гэснийг, Гэрээний нэг тал Засаг дарга хэрэгжүүлээгүйгээс үзвэл нэхэмжлэгч ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд дурьдсан Засгийн газрын тогтоолын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүйгээс .... хороог байгуулаагүй нь иргэдийн тухайн шийдвэрийг гарахад оролцох эрхийг нь хязгаарласан гэх тайлбар үндэслэлтэй болох нь батлагдаж байна гэсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэхь хэсгүүдэд “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, “32.1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах Үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбартаа “ХХАТ” Төрийн бус байгууллагын гаргасан нэхэмжлэгчийн шаардлага болох “ФР” ХХК-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай хамтран ажиллах гэрээний загвараар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Үүнээс Элдэв багын хэмжээнд 7 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Үүний 5 нь нүүрсний уурхай, 2 нь нүүрс угааж баяжуулах үйлдвэртэй гэсэн тайлбарыг өгсөөр байтал анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг хэрхэн байгуулсан болон ижил байгуулсан 24 аж ахуйн нэгжийн гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар авахгүйгээр сумын иргэдийн тухайн шийдвэрийг гарахад оролцох эрхийг нь хязгаарласан гэж үзсэн нь үндэслэл бүхий байж чадахгүй байна. Засгийн газрын тогтоолд үндэслэн төрийн болон өөрөө удирдах ёсны удирдлагыг аймаг сум багийн засаг дарга, харьяа засаг захиргаа нутаг дэвсгэр дээр иргэдийн саналд тулгуурлан, боловсруулж, нутгийн өөрөө удирдах байгууллагаар батлуулснаар хэрэгжүүлж байгаа Дорноговь аймгийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020 оны хөтөлбөрүүдэд тусгагдсан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааны нэг хэсэг болох Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
Сум орон нутгийн хэмжээнд байгуулсан хамтран ажиллах захиргааны гэрээнүүдийг нэгтгэн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд болон, салбар яам, аймгийн холбогдох байгууллагууд, иргэдийн хамтарсан “Уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдал, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, орон нутагт тулгамдсан асуудлыг хэлэлцэх” Хариуцлагатай уул Уурхай-Хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг оролцуулан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тухайн өдрөө нийгмийн цахим сүлжээнд байрлуулж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Дорноговь телевиз DTV нийтэд мэдээлсэн.
Уг өдөрлөгөөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хэмжээнд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар байгуулсан бүх аж ахуйн нэгжүүд буюу 24 компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг иргэдэд мэдээлж танилцуулсан ба үүнд дотор “ФР” ХХК-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай хамтран ажиллах гэрээ багтаж иргэдэд мэдээлэгдсэн. Гэтэл сонсох ажиллагаа явуулаагүй, иргэдэд мэдээлээгүй, иргэдийн Ашигт малтмал эзэмшигч нь тусгай зөвшөөрөл бүхий талбай байрших нутгийн захиргааны байгууллагатай, байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар шийдвэр гаргахад оролцох эрхийг нь хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Сонсох ажиллагаа хийгдэж, иргэдэд мэдээлсэн төр аж ахуйн нэгж иргэдийн оролцсон өдөрлөгийг талаарх холбогдох мэдээ баримт, нотлох баримтыг цуглуулах үүрэг нь анхан шатны шүүхэд байсаар байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн Дорноговь аймгийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020 оны хөтөлбөрүүдийн иргэдээр хэлэлцүүлэн баталсан байдал, уг төлөвлөгөө болон хөтөлбөрүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээ, уул уурхай болон байгаль орчны талаарх авч хэрэгжүүлэх зорилт, иргэдийн амьдрах нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн талаарх тусгагдсан асуудлууд, мөн төлөвлөгөө хөтөлбөрүүдийг боловсруулахад иргэдэд танилцуулсан, иргэдээс санал авсан, нийтэд мэдээлсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цуглуулж нотлох баримтаар гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн. Дээрх баримтыг цуглуулсан нөхцөлд иргэдийн бүс нутгийн бөгөөд орон нутаг дахь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын талаар хамтран ажиллаж хэрэгжүүлэхтэй холбоотой сонсох ажиллагаа явагдаж иргэдийн санал хүсэлт тулгуурлан зайлшгүй хэрэгжүүлэх бодлого зорилтот үйл ажиллагааны чиглэлд хамтран ажиллах гэрээний нөхцөл орсон болох нь тогтоогдох байсан.
Мөн 2019 оны 3 дугаар сард УИХ, салбар яамд аймаг орон нутгийн зохих байгууллагууд, иргэдийн оролцоотой зохион байгуулсан Хариуцлагатай уул уурхай сэдэвт өдөрлөгөөр аймгийн хэмжээнд нийт ашигт малтмал, уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд , тэдгээртэй байгуулах гэрээ, хэрэгжилт хяналт хариуцлагын талаарх яригдсан баримт материалаас, уг өдөрлөгт оролцсон аж ахуйн нэгжүүд, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд “ФР” ХХК оролцсон эсэх, мэдээ мэдээллийг өдөрлөг зохион байгуулсан аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан хэрэгт цуглуулахгүйгээр, хэт нэг талыг барьж, иргэдэд мэдээлэгдсэн танилцуулагдсан, бодит нөхцөл байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна.
/Цаг хугацааны хувьд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг өдөрлөг хийгдэж, тухайн өдрөө нийгмийн цахим сүлжээнд байршин нийтэд мэдээлэгдэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон нутгийн зурагтаар мэдээлэгдсэн илэрхий, үйл баримт мэдээлэл одоо ч аймгийн нэгдсэн мэдээллийн сайтад байсаар байна. Зургийг хавсаргав./
Мөн иргэдийн сонсох ажиллагаа гэдгийг компани тус бүр дээр болон эсхүл нэг захиргааны гэрээ бүр дээр хийх албагүй бөгөөд аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, хариуцлагатай уул уурхай талаарх нэгдсэн бодлогын хүрээнд бүх уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах тухай нийтэд мэдээлэн өдөрлөгт танилцуулж хэлэлцүүлсэн байхад сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Гурав: Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгахдаа:
“Элдэв багын эрх бүхий албан тушаалтнуудаас авсан мэдүүлгээр уурхайн орчны зарим худаг шандын усны түвшин багассан, уурхайн олборлолт болон, нүүрс тээврийн шороон замаас дэгдсэн тоос, тоосонцор зэргээс шалтгаалан, малын үс ноос унах, ноолуурын чанарт өөрчлөлт орсон, бог малын зарим дотор эрхтэнг /Голдуу уушиг/ хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон зарим үед уурхайн нүүрсний овоолго шатаж нүүрсний угаарын хий ихээр гарснаар түүний ойр орчмын иргэдийн хувьд, дотор муухайрах, толгой дүйрэх, зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг гэсэн мэдүүлгүүдийг үнэлэхдээ зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг нь шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, түүнд өгөх тайлбар байхад дээрх нөхцөл байдлыг тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт хийсэн. Дээрх нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэх тусгай мэдлэг шүүхэд байхгүй, мөн гэрчийн мэдүүлгүүдэд авагдсан үйл баримтыг лабораторийн шинжилгээ болон, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн үнэлгээ, малын үс ноос, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөлөл, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинжүүд хэзээ хэн дээр гарсан, уг шинжүүд нь захиргааны гэрээ байгуулах болон хяналт тавих зэрэг үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон эмнэл зүйн баримт, мөн малын үс ноос унасан ноолуурын чанарт нөлөөлсөн, бог малын дотор эрхтэн уушиг голдуу хүнсэнд хэрэглэх боломжгүй талаар ямар дүгнэлт байгаа болохыг нэрлэн заагаагүй байж гэрчүүдийн мэдүүлсэн нөхцөл байдлыг тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх дээрх тогтоогдож буй нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч тайлбар хийхдээ гэжээ.
Шүүх гэрчүүдийн мэдүүлсэн үйл баримтыг урьдаас хөтөлбөргүй үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна .
Мөн анхан шатны шүүх “Түүнчлэн тус гэрээг байгуулсны улмаас бусдад бодитойгоор учирсан хохирол байхгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд түүнээс үүдсэн сөрөг нөлөөлөл зайлшгүй зэрэг нөхцөл шалтгаанууд байгааг үгүйсгэх аргагүй ч, тухайн тохиолдолд сонсох ажиллагаа явуулах ялангуяа нөлөөллийн бүсийн иргэдэд тухайн гэрээг байгуулах талаар мэдэгдэж тэднээс тайлбар авах саналыг холбогдох гэрээнд тусгах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд тулгараад буй хүндрэл бэрхшээлийг уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон агаарын бохирдол тоос тоосонцор, угаарын хий усны хомсдол, дуу чимээ зэргээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байжээ гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Учир тус гэрээ байгуулснаар иргэдэд бодитой хохирол байхгүй гэж дүгнэсэн байж уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үйл ажиллагааны чиглэлээсээ болж “ФР” ХХК сөрөг нөлөөллийг бий болгодог нь зайлшгүй, нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд бий болгож буй хүндрэл бэрхшээл уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон агаарын бохирдол тоос тоосонцор, угаарын хий усны хомсдол, дуу чимээ зэргээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл бууруулах байсан гэж баримтад тулгуурлаагүй зүйлд буруутган дээрх нөхцөл байдлыг бууруулахад нөлөөлөх байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт тогтоогдож нотлогдоогүй үйл баримтыг үндэслэн гарсан хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Угаарын хий, усны хомсдол, ноолуурын чанар, бог малын махны чанар, хүний эрүүл мэнд зэрэг сөрөг нөлөөллийг гэрчийн мэдүүлэгээр тогтоох боломжгүй ба, шүүх тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад уг үйл баримтыг тогтоогдож байна, бууруулахад нөлөөлөх байсан гэж дүгнэсэн маргаанаас гадуур асуудалд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дөрөв: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч , тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна.” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн. Хариуцагч болон гуравдагч этгээдийн байлцуулахгүйгээр шүүхээс үзлэг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
Хариуцагч талыг хотод эмнэлэгт байхад шүүх хэргийн оролцогчийг оролцуулахгүйгээр үзлэг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвхөн шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчим хэрэгжих ёсгүй бөгөөд, бүхий л шатанд мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдана гэсэн хуулийн шаардлага нөхцөлийн анхан шатны шүүх зөрчиж шүүхийн үзлэг хийхэд талуудыг хүрэлцэн ирэх, оролцох боломжоор хангаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “СМО”–ын хэрэгт холбогдсон Б.М нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хуралд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10.00 цагаас эхлэн ажлын 7 хоног үргэлжилсэн шүүх хуралд шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд олон хоног үргэлжилсэн шүүх хуралдааны явцад өглөө эхэлж шүүх хуралдаан ажлын цаг дуусган 21 цаг хүртэл хуралдаж байсан тул холбогдох баримтыг шүүхэд хүргүүлэх боломжгүй байсан. Шүүх ч боломжит хугацааны өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй.
Анхан шатны шүүх хэргийн нэг талыг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан атлаа шийдвэртээ “мэтгэлцэх боломжоор хангасан” гэж бичсэн ойлгомжгүй байна.
Тав: Захиргааны эрх зүйн гэрээ нь аливаа гэрээний адил үүргийн эрх зүйн үндсэн шинжийг өөртөө агуулдаг учир шүүх тухайн гэрээг хууль зүйн үндэслэл, түүний хууль зүйн үр дагаварт дүгнэлт өгч, хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой.
Засгийн газрын тогтоолыг үндэслэн өмнө нь уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг дарга, байгуулдаг байсныг 2019 оноос Аймгийн Засаг дарга баталж, уул уурхайн компаниудтай сумдын засаг дарга нар, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, төсөл арга хэмжээг, цогц хэлбэрээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нийгмийн хариуцлага бүхий 24 аж ахуйн нэгжүүдтэй Даланжаргалан сум хамтран ажиллах байгуулсны зөвхөн нэг гэрээ нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай гэрээ бөгөөд 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний эрх зүйн үр дагавар хэрэгжиж дууссан Эрх зүйн үр дагавар нь нэгэнт дуусгавар болсон гэрээг дүгнэсэн, гэрээний нэг тал болох гуравдагч этгээд “ФР” ХХК-ийн хувьд захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нь үр дагавар болох нэгэнт хэрэгжиж дууссан байхад захиргааны гэрээний оролцогч аж ахуйн нэгжийн гэрээгээр хэрэгжүүлсэн үүрэгт Иргэний эрх зүйн суурь зохицуулалт үйлчлэх бөгөөд нэгэнт хэрэгжүүлсэн үүрэгтэй холбоотой захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд тохируулж хэрэглэх эрх зүйн харилцааг шүүх буруу дүгнэн шийдвэрлэсэн.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд, хувь нэмрээ оруулах, төрийн зарчим чиг үүргийг нийгмийн хариуцлагын хүрээнд бие даан шийдвэрлэж, нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж олгон, 88 хүүхэд хүлээн авч хүмүүжүүлэх цэцэрлэгийг бие даан санхүүжүүлж ашиглалтад хүлээлгэн өгсөн, мөн орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутгаас ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, малчдын өвөлжилт, хаваржилт мал төллөх ажлын үед малын малын өвс тэжээлийн тусламж үзүүлэх зэргээр бодитой хувь нэмэр оруулж “ФР” ХХК-ийн Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн зэрэгт шүүхээс хууль ёсны дүгнэлт хийж гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн зохицуулалт үр дагавар эсхүл нөхөн тохируулах эсэх тухайд шүүх дүгнээгүй нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийн хувьд ойлгомжгүй байна.
Захиргааны гэрээ байгуулах үйл явц нь Захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үүрэг бөгөөд гэрээ байгуулахдаа хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэж байгаа бол ямар ч буруугүй гэрээний нэг тал болох гуравдагч этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн үр дагавар хэрхэн тооцох нь ойлгомжгүй байна. Уг гэрээ нь нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бий болгох биш харин ч ашиг тустай чиг үүргийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн.
2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/2019 дугаартай гэрээ нь Захиргааны гэрээ нь нийтлэг эрх ашгийн төлөө төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бөгөөд нэгэнт байгуулагдсан захиргааны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс 100 хувь бие даан өөрийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлж бүтээн байгуулсан цэцэрлэг, болон дэд бүтэц, сумын хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлсэн гэрээ нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд хуульд нийцсэн.
Иймд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, “ФР” ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон “ФР” ХХК нар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 /2019 дугаартай, тусгай зөвшөөрлийн талбай орших сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нийтлэг үндэслэл бүхий “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.
Нэхэмжлэгч “ХХАТ” НҮТББ “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, “ФР” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд анхан шатны шүүх “хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болсон байна.
Уг гэрээний дагуу “ФР” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд өөрийн хөрөнгөөр цэцэрлэг байгуулах, зам тавих ажлыг гүйцэтгэж, тухайн орон нутгаас ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан эерэг нөлөөлөл бүхий акт гэдгийг гэрээнд тусгагдсан зүйл, заалтууд нотлох ба хууль зөрчөөгүй хэмээн хариуцагч болон гуравдагч этгээдээс маргажээ.
Гэвч хэрэгт дээрх гэрээг байгуулахад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас тус сумын Элдэв багийн нутгын иргэдэд дээрх гэрээний хувьд мэдэгдэх, оролцоог нь хангах ажиллагаа хийсэн тухай нотлох баримтыг бус харин 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багт зохион байгуулагдсан уул уурхайн олборлолтын нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл” болон “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багт олборлох салбарын олон талт хамтын ажиллагааны гэрээ” зэргийг ирүүлсэн байх ба гэрч З.Ц, Ш.Э, П.Баярсайхан, Д.Ө, О.Б, С.Д, Н.Б нарын “...сумын Засаг дарга маргаан бүхий гэрээ, байгуулахад иргэдээс урьдчилсан сануулж, тайлбар хүсэлтийг аваагүй бөгөөд тухайн гэрээг байгуулсны дараагаар тус сумын иргэдэд мөн танилцуулаагүй, тухайн гэрээг мэдэхгүй...” гэх мэдүүлгүүдээс үзвэл хариуцагчаас шүүхэд тайлбарлаж буй маргаан бүхий гэрээг байгуулахад иргэдийн оролцоог хангасан гэх үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Үүнд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг оролцуулан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийж, нийгмийн цахим сүлжээнд байрлуулж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Дорноговь телевиз DTV мэдээллийн сувгаар нийтэд мэдээлсэн гэжээ.
Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой ба Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний загвар”-ын 4.1 дэх хэсэгт заасан “Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна” гэх маргаан бүхий гэрээнд тусгагдаагүй агуулгаас үзвэл гэрээ байгуулахаас өмнө орон нутгийн иргэдийн төлөөллийг гэрээ байгуулах хамтын ажиллагааны хороонд оролцуулан тайлбар, саналыг гэрээнд тусгахаар байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу мэдэгдэх, сонсгох болон захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үйл ажиллагаа нь захиргааны шийдвэр, гэрээг байгуулахаас өмнө урьдчилан хийх ажиллагаа байх тул маргаан бүхий захиргааны гэрээг байгуулсны дараагаар хийсэн ажиллагааг мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж зааснаар хуульд заасан арга хэлбэрээр авсан хэргийн оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн баримт зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэгдэх тул тэдгээр баримтуудын хүрээнд маргаан бүхий гэрээний улмаас “...иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй...” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлсэн байна.
Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж зааснаар уг маргааныг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй бөгөөд шүүх дээрх нотлох баримтууд болон хэргийн оролцогчдийн тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Мөнхтуяад шүүхээс хийх үзлэгийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хийх товыг мэдэгдэж, “Шүүхээс хийх үзлэгийн тов мэдэгдэх тухай баримтад” тэмдэглэгдсэн боловч тухайн үзлэгт гуравдагч этгээдээс оролцоогүй, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Одонтуяа нарт уг хэргийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтад тэмдэглэгдсэн боловч гуравдагч этгээдээс тус өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхэд гаргаж, мэдэгдээгүй бөгөөд хүрэлцэн ирээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА