Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ХШТ/78

 

Х.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Х.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, *** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-н Б- (РД:***).

 

Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *** нутаг дэвсгэр “***” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 14 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасан дарааллаар явагдах талаар хуралдаан даргалагч тайлбарласан ба оролцогчдоос гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад нь явуулах талаар санал хүсэлт гаргаагүй, шүүгдэгч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байхад шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад нь явуулж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэрэг хянан хэлэлцэхийг 60 хоногоор хойшлуулж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дугаартай шүүхийн тогтоол гаргасан ба тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэж хуульчилсан. Энэ заалтаас үзэхэд шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан тохиолдолд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад нь явуулж бусад тохиолдолд нэг мөр явуулахаар заасан байхад хуулийн дээрх заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан.

Уг шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч надад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд дахин томилогдсон нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байсан тул татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуульд заасан татгалзан гаргах үндэслэл тогтоогдоогүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба Х.Б-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Урьд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчид хэргийг дахин шийдвэрлэж байгаа нь талуудын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй, шүүгчийн урьдчилан бий болсон итгэл үнэмшлийн өөдөөс өмгөөлөгч хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний үндэслэлээр улсын яллагчтай мэтгэлцэх боломж үгүйсгэгдэж, оролцогчийн эрхийн суурь зарчим хөндөгдсөн.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан 151,800,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгож шийдвэрлэсэн. Хүнийг алах гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тодорхой нэрлэн заасан.

Энэхүү хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад сэтгэцийн гэм хорын хохирол гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тодорхой тусгаж, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон учир амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохыг шаардахгүй. Тодруулбал “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж, 2.10-т Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус зохицуулсан талаар дурдаж нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоох нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-2.1.5-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйл, 17.12 дугаар зүйл, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг нэрлэн заасан байх ба эдгээрээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно гэж журмын 2.10-т маш тодорхой заасан байхад хууль, журамд тусгагдсан хэм хэмжээг буруу тайлбарлан хууль хэрэглээний алдаа гаргасан.

Мөн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүйн улмаас анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар дүгнэлт хийгээгүй, хууль хэрэглээний алдааг зөвтгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч Х.Б-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г сандлаар цохин гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаарх дүгнэлтээ хэлье. Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэг явуулсан баримт зэргээр тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдалд үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж болох талаар заасан. Энэ журмын дагуу шүүх хэргийг хянан хэлэлцсэн. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч Х.Б- болон амь хохирогч Э.Х- нар нь гэрлэлт батлуулаагүй, өрх тусгаарлан амьдарч байгаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй байсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан хамтран амьдрагч гэх ойлголтод хамаарч байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид байнга гэсэн тооны давтамжийн тухай ойлголт хамаарахааргүй байна. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдэл, эсхүл байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн явцад нэг удаагийн тохиолдлоор үйлдэгдэх боломжтой. Хууль тогтоогч байнга гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинжид тодорхойлон заасан. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас нэг удаагийн тохиолдлоор хүний амь нас хохирсон нь дээрх зүйлчлэлээр хэргийг зүйлчлэх үндэслэл болно. Энэ нь хууль хэрэглээний практикт тогтсон ойлголт юм. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг тодорхойлж шийдвэрлэхдээ шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол хэр хэмжээний хор уршиг учирсан болохыг зөвхөн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоохоор хуульд заасан атал уг ажиллагаа хийгдээгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг тусгай мэдлэг бүхий шинжээч, шинжилгээний байгууллага хийхээр заасан. Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлт гарган зэрэглэлийг тогтооно гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд ямар хор уршиг учирсан, хор уршиг учирсан уу зэрэг асуудлыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж, улмаар давж заалдах шатны шүүх “амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу хохирогчид аль ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Иймд шийтгэх тогтоолын хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасан журмаар гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *** нутаг дэвсгэр “***” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

3.Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

4.Анхан шатны шүүх Х.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосон, шүүхүүд тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

 

5.Учир нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон нэг удаагийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон, жишиг ойлголт билээ.

 

6.Шүүгдэгч Х.Б-, амь хохирогч Э.Х- нар 2022 оноос хамтын амьдралтай болж тэдний дундаас 2023 оны 11 дүгээр сарын 10-нд охин Х.Э- төрсөн талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын мэдүүлэг болон төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байгаа болно.

 

7.Мөн шүүх шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 14 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн нь хуульд нийцжээ.

 

8.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг судлан үзэхэд анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэх явцдаа талуудын мэтгэлцээн дээр үндэслэн хэргийн зүйлчлэл болон бусад нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг хуульд заасан хугацаанд хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 

9.Дээрх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг эхнээс нь буюу гэм буруугийн шатнаас дахин хэлэлцэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх буюу хэргийг нэг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх тухай хуульд хоёрдмол утгагүйгээр тодорхой зохицуулсан.

 

10.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлийг хуульчилсан бөгөөд хуульд заасан аль үндэслэлд хамаарч байгаа талаар тодорхой заагаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж” үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.

 

11.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэхдээ өмнө нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс хоёр шүүгч оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

12.Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулан, “нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоох нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

13.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 7-8, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 3-4, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 10-11, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолын тодорхойлох хэсгүүдэд сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан тогтоолуудад хуулийн зохицуулалтын хууль зүйн агуулгыг хэргийн үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхтэй холбоотой дүгнэлтийг дахин хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

14.Иймд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын дээрх өөрчлөлтэй холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх” хэсгийг хангасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                          Д.БАТБААТАР

                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                          Б.ЦОГТ