Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/318

 

   2019          11             04                                           2019/ШЦТ/318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бархас

-хохирогч О.Энхболд

-хохирогч М.Энхжаргалан, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн

-иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнгөнцэцэг, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

-шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овгийн С.Г-т холбогдох эрүүгийн 1934000350071 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын хороо 17г гудамжны 395а тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б  овгийн С.Г, /РД:__87072913/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Г  нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “ Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-83 УНР улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Г нь: “Улаанбаатар хотоос гарч яваад машин гүйцэт түрүүлэх гэж байгаад осол гаргасан гэв” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бархас: “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу явж байсан. Тахилтын даваа гэх газар араас нэг улаан машин гүйцэт түрүүлэх гээд байсан. Тэгээд ойртоод ирсэн чинь гэнэт гарч ирээд мөргөсөн. Нэхэмжлэх зүйл гэвэл машины үнэ болон бусад зардлаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч О.Энхболд: “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Тахилтын давааны орчим осол гарсан. Хохирол төлбөр аваагүй. Осолын дараа Мөнгөн-гүүр эмнэлэгт үзүүлэхэд 477.700 төгрөгийн төлбөр тооцоог хийсэн. Би ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

            Хохирогч М.Энхжаргалан: “2019 оны 12 дугаар сарын 31-нд Эрдэнэтээс Улаанбаатар хотруу явах замд авто осолд орж хүнд гэмтэл авсан. Энэ бүх хугацаанд өөрөө өөртөө хувиасаа эмчилгээний зардал гаргаж олон сая төгрөгний зардал буюу 24.713.952 төгрөгний нэхэмжлэл гаргаж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилнэ. Солонгос улсруу эмчилгээнд явах шаардлагатай, бүрэн бүтэн байсан эд эрхтэнг минь хохироосонд гомдолтой байна. Хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү ” гэв.

            Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнгөнцэцэг: “2018 оны 01 дүгээр сард Тайгын булаг банк бус санхүүгийн байгууллагад 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж 7.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Г  надаас уг тээврийн хэрэгсэлийг 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 1.940.000 төгрөгийг төлж дараа сарын 30-ны өдөр 600.000 төгрөг төлж 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр надад бүх мөнгөө өгч дуусгана гэж гэрээ байгуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл 100 хувь даатгалтай, даатгалын компани С.Г-ын гэм буруу нь тогтоогдсоны дараа даатгалын мөнгийг олгоно гэсэн” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэрэг учрал гарсан гэх газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 26 тал/, хохирогч О.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 26, 32 талууд/, хохирогч М.Энхжаргалангийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, хохирогч Э.Батсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 133, 135-136 тал/, хохирогч Б.Бархасын мэдүүлэг /хх-ийн 36, 149-150 талууд/, гэрч С.Г-ын мэдүүлэг /хх-ийн 35 тал/, гэрч Б.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 34 тал/, гэрч Б.Баттөмөрийн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,  гэрч Б.Бархасын мэдүүлэг /хх-ийн 36 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-63 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 тал/, Бэст эстимэйт ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай үнэлгээ /хх-ийн 71-86 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 тал/, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг / хх-ийн 37-38, 249-250 талууд/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч С.Г  нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “ Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 03-11 тал/,
  • Тайгын булаг кредит ХХК-тай хийсэн зээлийн гэрээ /хх-ийн 15-20 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №37 дугаартай “1. Э.Батсамбуугийн биед баруун сарвуунд язарсан шарх, дээд уруул, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гмэтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №38 дугаартай “1.2. Б.Бархасын биед доод уруулын салстанд, баруун ташаанд язарсан шарх, дээд уруул, эрүү, цээж, зүүн ташаа, баруун өгзгөнд зулгаралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гмэтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх мэдүүлэг “хх-ийн 52-53 тал/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №36 дугаартай “...1. О.Энхболдыг биед бүсэлхий нурууны мөгөөрсний урагдал, цээжний гол хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №60 дугаартай “1.2. М.Энхжаргалангийн биед цээжний хэнхэрцэг баруун талд 5,7,8,9,10-р хавирга, зүүн талд 2,3,4,5,7,8-р хавирганд хугарал, цээжний хөндийд хий, шингэний хуримтлал, баруун уушигны бүрэн бус агааргүйдэл, хэвлийн хөндийд сул шингэн, сээрний 4-р нугалам, бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын хөндлөн сэртэн, 5-р нугалмын их биеийн хугарал, зүүн дунд чөмөгт яс, зүүн шаант, тахилзуур ясанд хугарал, тархины эдэд цус харвалт, баруун сарвуунд шарх, баруун шилбэ хамарт зулгаралт, баруун сарвуу, бугуй, бугалга, зүүн тохой, хэвлий, цээж, баруун гуя, шилбэ, шагай өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь мохоо ба ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Хэрэг учрал гарсан гэх 2018-12-31-ний өдөр үүссэн байх боломжтой тухайн үеийн шинэ гэмтэл 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 60-63 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №39 дугаартай “1. С.Ганбаатарын биед баруун шуу ясны хугарал, зүүн хацар эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 67 тал/
  • 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №07 дугаартай “Тоёота приус 30 маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байна гэж үзэв...цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/
  • “Бэст Эстимэйт” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай “Б.Бархасын өмчлөлийн 76-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 16750000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /хх-ийн 71-86 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 95 тал/
  • Хохирогч М.Энхжаргалан, Э.Батсамбуу нарын хохирлын баримтууд /хх-ийн 35, 138-148, 177-180 талууд/,
  • Шүүгдэгч С.Г-ын хохирогч нарт эмчилгээний хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 152-154, 174-176 тал/,
  • Хохирогч М.Энхжаргалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-60 ОРХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд нь суугаад Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу хөдлөсөн. Замдаа унтаад явж байтал аваарт орсон ба одоо юу ч санахгүй байна. Би тархиндаа цус хуралттай, 1,9-р хавиргаас бусад нь баруун талын 3-4 хавирга хугаралттай, чацархай уушиг бяцралттай, дотуур цус алдалттай, сээр, нуруу хугаралттай, зүүн талын хөлийн шилбэ 2, дунд чөмөг хугаралттай, ерөнхийдөө биеийн бүх хэсэг гэмтэл авсан. Би эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаа, ажил хөдөлмөрөөрөө хохирсон тул маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,
  • Хохирогч О.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу 76-60 ОРХ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд 20.000 төгрөг төлөөд суусан. Ингээд тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудалд суугаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт орж ирээд явж байхад эсрэг урсгалаас саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл манай урсгал руу орж машин гүйцэд түрүүлээд тэр чигээрээ манай машиныг мөргөсөн. Би зүгээр явж байгаад осолд орсондоо гомдолтой байна. Нэхэмжпэх зүйл гэвэл эмчилгээний зардалд 700000 төгрөг, ажилгүй сул зогсолтын 800000 төгрөг, нийт 1500000 төгрөг болж байна. Эмч намайг 3 сар хүнд юм өргөж болохгүй гэсэн мөн дахиад эмчилгээ хийлгэх шаардлагатай болохоор дахиад зардал гарна..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
  • Хохирогч О.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орохоор замын унаанд суусан...Тахилтын даваа уруудаад явж байтал өөдөөс 3 машин өгсөж ирж байсан тэгтэл тэр 3 машины нэг гүйцэд түрүүлэх гээд цухуйгаад буцаад орсон манай жолооч гэрлээ дохиод сигналаа дараад тэгтэл өөдөөс ирж байгаа машинтай 10-20 алхамын зайтай өөдөөс гэнэт дараад гараад ирсэн, манай жолооч энэ яаж байна гээд баруун тал руу дарсан тэгтэл өөдөөс давхиад ороод ирсэн, тэгээд нэг мэдсэн мөргөлдсөн. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл 50-60 км цагийн хурдтай явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
  • Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Батсамбуугийн “...зардал 852144 төгрөгний баримт гаргаж өгсөн байгаа. Би гомдолтой байна гарсан зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 135-136 тал/,...гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор тээврийн товчоон дээрээс 11 цагийн үед хөдөлсөн. Тэгээд бид хэд Тахилтын даваа өнгөрөөд явж байтал өөдөөс 3 машин ирж явсан гэтэл хамгийн арынх машин гүйцэд түрүүлэх гээд нэг гарч ирээд буцаад орсон. Тэгснээ гэнэт гараад ирэхээр нь манай жолооч зайлуулаад баруун тийшээ дарсан боловч нөгөө машин ирээд мөргөсөн, би өөрийнхөө толгойг үзүүлж шинжилгээ өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх- ийн 33 тал/,
  • Хохирогч Б.Бархасын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...76-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Миний хувьд гарсан зардал болон тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 149-150 тал/...гэрчээр мэдүүлсэн: “...би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хот руу өөрийн машинтайгаа замдаа 4 зорчигч аваад гарсан. Тэгээд явж байгаад Төв аймаг Жаргалант сумын Тахилтын даваа гэх даваа уруудаад явж байтал өөдөөс ирж байсан машинуудаас нэг тээврийн хэрэгсэл эхлээд өмнөх машинаа гүйцэд түрүүлээд миний хажуугаар зөрсөн тэгтэл өөдөөс улаан машин ирж байсан араас нь нэг приус ирж байсан. Тэгээд тэр приус маркийн тээврийн хэрэгсэл араас нь гүйцэд түрүүлэх гээд нэг удаа ухас хийж гарч ирээд буцаад орсон. Тэгэнгүүтээ шууд гарч өөдөөс мөргөсөн. Тэгээд осол болоод цагдаа эмнэлэг ирсэн. Би 5-лаа явж байсан, би жолоо бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
  • Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар орохоор МТ колонкийн хажуугаас 11 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд би арын суудал дээр сууж явсан ба Дархан өнгөрч байхад унтсан. Тэгтэл би урагшаа юм мөргөх шиг болохоор нь сэртэл хоёр машин мөргөлдсөн байсан...манай жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/
  • Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “ 76-83 УНР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг би хамгийн анх 2017 оны 09 сард худалдаж аваад дараа нь 2018 оны 01 дүгээр сард Тайгын булаг ББСБ-д 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж 7 сая төгрөг зээл авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхөрийн найз С.Г  надаас уг тээврийн хэрэгслийг 13000000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 1940000 төгрөгийг төлж дараа нь сар бүрийн 30-ны өдөр 600000 төгрөг төлж 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүх үлдсэн мөнгөө надад төлж дуусгана гэж гэрээ байгуулсан. Тэгэхээр би С.Г-аас авсан 1940000 төгрөгөөс нь маргааш нь 1693000 төгрөгийг Тайгын булаг ХХК-ний данс руу шилжүүлж Тайгын булаг ББСБ-тай тооцоогүй болсон. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр биш Тайгын булгийн нэр дээр байсан. Харин бодит байдал дээр С.Г  надаас худалдаж авсан, гэхдээ төлбөрөө төлж чадаагүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
  • Гэрч Б.Гантөмөрийн “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Мөнгөнцэцэг нь зээл төлөх үндсэн үүргийг гүйцэтгэх зорилгоор манай компаний өмчлөлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл унаж явах зорилготой зээлийн барьцаанд тавьсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1691452 төгрөгийг төлж зээлээ бүрэн төлж хаасан. Одоо Б.Мөнгөнцэцэг манайд өр төлбөргүй. Бодит байдал дээр уг тээврийн хэрэгсэл нь манайд ямар ч хамаагүй Б.Мөнгөнцэцэгийн эзэмшлийнх юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
  • Шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...би Улаанбаатар хотод гэртээ байсан. Тэгтэл манай ах Одбаатар залгаад манай хамаатан Оогий шинэ машин авч явж байгаад осолд орсон байна гэсэн. Тэгээд манай найз Б.Мөнгөнцэцэг гэдэг хүнээс машиныг нь гуйгаад унасан байсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын Тахилтын даваа гэдэг газар руу явсан. Тэгээд миний урд хар машин явж байсан би тэр машиныг гүйцэд түрүүлэх гээд хажуугаар нь гарсан. Тэгтэл өөдөөс машин ирээд би буцаад дарж амжилгүй мөргөлдсөн тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Би 60 км цагийн хурдтай явж байгаад гүйцэд түрүүлэх гэж хурдаа нэмээд 70 км болсон тэгээд амжилгүй мөргөлдсөн. Би архи дарс хэрэглээгүй байсан. Би машин гүйцэд түрүүлэх гэж байгаад амжаагүй тэгээд миний буруугаас болоод осол гарсан, би гэм буруугаа ойлгож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
  • Шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 11 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газарт хамаатны ах тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна хүрээд ир хэмэн дуудахаар нь Улаанбаатар хотоос 76-83 УНР дугаартай саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад Жаргалант сумын нутаг Тахилтын давааны өвөр гэх газарт тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх гэж байгаад мөргөлдсөн...гүйцэт түрүүлэх үед 70 км цагийн хурдтай явсан...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан...осол машин гүйцэт түрүүлэх үйлдэлээс болсон гэж бодож байна. Миний буруугаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна..би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найзынхаа эхнэр Мөнхцэцэг гэдэг хүнээс урьдчилгаа мөнгийг нь төлөөд уг тээврийн хэрэгслийн гэрээ байгуулж авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэрчилгээн дээрээ Тайгын булаг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгч С.Г  нь Тоёота приус 30 маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

          Шүүгдэгч С.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Г-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.Г  нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

       Иймд шүүгдэгч С.Г-ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь “...надад хэргийн материал танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн...тухайн хэргийн мөрдөгч Б.Жаргал нь өмгөөлөгчтэй ашиг сонирхлын зөрчилтэйг прокурор мэдсээр байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх боломжгүй тул зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, хэрэв өмгөөлөгч нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрөө мэдүүлэг өгөх үүрэгтэй.

     Түүнчлэн шүүгдэгч С.Г-т холбогдох эрүүгийн хэрэг нь тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн, өнөөдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгч Б.Баярмагнай нь хэргийн материалтай танилцах боломж бүрэн байсан бөгөөд шүүгдэгч С.Г-т 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн материалыг танилцуулж хуульд заасан эрхийг эдлүүлсэн байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч М.Энхжаргалан нь мөрдөн байцаалтын шатанд 3 сарын цалин болон бусад зардалд 21.725.184 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 2.988.768 /6 хоногийн цалин болон бусад зардал/ төгрөгийн нийт 24.713.952 төгрөгийн, хохирогч Б.Бархас нь эд хөрөнгийн хохиролд 16.750.000 төгрөгийн, хохирогч Э.Батсамбуу нь эмчилгээний зардалд 1.421.900 төгрөгийн, хохирогч О.Энхболд нь шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардалд 1.200.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь эд хөрөнгийн хохирлын 11.002.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаснаас шүүгдэгч С.Ганбаатар нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд хохирогч М.Энхжаргаланд 800.000 төгрөгийг, хохирогч Б.Бархасд 477.700 төгрөгийг, хохирогч О.Энхболдод 573.080 төгрөгийг тус тус төлсөн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч С.Г-аас нотлох баримтын шаардлага хангасан хохирогч М.Энхжаргалангын 9.662.875 төгрөгийн, хохирогч Б.Бархасын эд хөрөнгийн хохиролд 16.750.000 төгрөгийн, хохирогч Э.Батсамбуугийн 1.421.900 төгрөгийн, хохирогч О.Энхболдын 424.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн 11.002.000 төгрөгийг гаргуулахаар, нотлох баримтын шаардлага хангаагүй хохирогч М.Энхжаргалангийн 13.967.460 төгрөгийн, хохирогч О.Энхболдын 776.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч М.Энхжаргаланд 1.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бархасд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд нотлох баримтын шаардлага хангасан хохирогч М.Энхжаргалангын 8.662.875 төгрөгийн, хохирогч Б.Бархасын 15.750.000 төгрөгийн, хохирогч Э.Батсамбуугийн 1.492.900 төгрөгийн, хохирогч О.Энхболдын 424.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн 11.002.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шүүгдэгч С.Г-аас гаргуулж, хохирогч М.Энхжаргалан нь нотлох баримтын шаардлага хангаагүй 13.967.460 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч О.Энхболд нь 776.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээлээ.

Тодруулбал хохирогч М.Энхжаргалангийн хохирлыг тооцохдоо нийт нэхэмжилсэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд 24.713.952 төгрөгийн баримтуудаас давхардсан, үнийн дүн нь мэдэгдэхгүй буюу бүдгэрсэн, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн үнийн дүнгийг хасаагүй зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй 1.352.535 төгрөгийн баримтыг хасч тооцсон. Мөн 3 сар /мөрдөн байцаалтын шатанд гаргасан 12.898.542/ 6 хоногийн /шүүхийн шатанд гаргасан 1.068.918/ цалин 13.967.460 төгрөгийн баримт болох ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан хэдий ч хохирогч М.Энхжаргалан нь эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримт болох лист, цалин болон листний зөрүүгийн үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцох тул энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч М.Энхжаргалангийн ажилгүй байсан хугацааны цалин  13.967.460 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч С.Г-ын унаж явсан 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Тайгын булаг” ХХК-ыг болох нь 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 20 тал/ нотлогддог бөгөөд Б.Мөнгөнцэцэг нь 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Тайгын булаг” ХХК-д барьцаалан зээл авч 2018 оны 11 дүгээр сарын 18-нд зээлийн үлдэгдлийг төлж дуусахаас 1 өдрийн өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийг С.Г-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан С.Ганбаатарын эзэмшилд шилжсэн байна.

Шүүгдэгч С.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан байх тул иргэний хариуцагчийн хувьд Б.Мөнгөнцэцэгээс бусдад учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

Харин Б.Мөнгөнцэцэгт 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 11.002.000 төгрөгийг шүүгдэгч С.Г-аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-хохирогч М.Энхжаргалангийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “шүүгдэгч С.Г  нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч хохирогч М.Энхжаргаланд маш их хэмжээний хохирол учирсан байхад 800000 төгрөг л өгсөн. Өөрийн санаачлагаараа өгөөгүй ийм олон сар болж байхад хохирол төлбөр өгөх ямар ч санаачлага гаргаагүй. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийг хурдан төлүүлмээр байна” гэх саналыг,

-иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнгөнцэцэг, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган: “Ял шийтгэлийн хувь тусгайлсан саналгүй” гэх саналыг,

- хохирогч М.Энхжаргалан: “Миний зүгээс эрүүл мэнд сэтгэл санаа бүх зүйлээр хохирсон тэр бүгд мөнгөн хэмжээгээр илэрхийлэгдэхгүй тул ялыг дээд хэмжээгээр нь оноож өгнө үү” гэх саналыг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь “шүүхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд завсарлага авсан. Завсарлага авсан хугацаандаа хохирлыг тодорхой хугацаанд барагдуулж, үлдсэн хохирлоо барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас хохирлыг барагдуулах үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хувийг төлсөн. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчилж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг харгалзаж эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр зааж өгсөн. Мөн энэ хэрэг нь олон хохирогчтой тул шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлөөд явбал гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилна гэж үзэж байна. Тийм учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч С.Г-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлбөр тодорхой хэмжээгээр төлсөн хэдий ч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогч болон өмгөөлөгч нарын дүгнэлтүүд, хохирогч нарын гомдолтой гэх мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу С.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү..” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

            Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч С.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан М.Энхжаргалан, хүндэвтэр гэмтэл учирсан О.Энхболд нарт учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.   

Шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар шүүгдэгч С.Г-ын №01812223 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолж, түүний №1090842 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогтой С.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б  овогтой С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 \нэг\ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овогтой С.Г-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолж,, түүний №1090842 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Энхжаргалангын 8.662.875 төгрөгийг, хохирогч Б.Бархасын 15.750.000 төгрөгийг, хохирогч Э.Батсамбуугийн 1.492.900 төгрөгийг, хохирогч О.Энхболдын 424.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн 11.002.000 төгрөгийг шүүгдэгч С.Г-аас гаргуулж, хохирогч М.Энхжаргалан нь 13.967.460 төгрөгийн, хохирогч Б.Бархас нь 15.750.000 төгрөгийн, хохирогч О.Энхболд нь 776.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Г-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА