Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 743

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 5-11 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ70092711, Борлууд овогт Чимэдийн Батзул,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 5-11 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЭ70121963, Галзад овогт Цэвээний Дарьжав нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 8.930.083,47 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө, бусад эд хөрөнгө, бүх төрлийн бизнес болон цалингийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Чимэд овогтой Батзул нь тус банкнаас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250023868 тоот зээлийн гэрээг байгуулан 8.680.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27.6 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон суудлын машин /KIA WIDEBONGO, УВА 55-46 дугаартай, 1997 оны, арал KNCSC0362VS211791/, гэр 6 ханатай, газар 545.1 м.кв газар өмчлөх эрх /ГД-0000197933, УБД-1520002583/ зэрэг хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 8 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.10.03/ байдлаар Чимэд овогтой Батзул болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Цэвээн овогтой Дарьжав нарын төлөх ёстой 1250023868 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 8.438.888,89 төгрөг, зээлийн хүү 478.189,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.005,51 төгрөг, нийт 8.919.083,47 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 8.930.083,47 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чимэд овогтой Батзул, Цэвээн овогтой Дарьжав нар хамтран Хас банкнаас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Бид хоёр 8.930.083 төгрөгийг төлж барагдуулахыг  хүлээн зөвшөөрч байна. Хэрэв мөнгөө төлөөгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

       Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Батзул, Ц.Дарьжав нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 8.930.083,47 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө, бусад эд хөрөнгө, бүх төрлийн бизнес болон цалингийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 8.930.083,47 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 8.930.083,47 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.831 төгрөг төлсөн ба тал хувь болох 78.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 78.916 төгрөг, хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нараас 78.916 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 8.930.083,47 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 157.831 төгрөгөөс 78.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 78.916 төгрөг, хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нараас 78.916 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ч.Батзул, Ц.Дарьжав нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР