Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 753

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Нисэхийн задгайд оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ОЮ61101519, Тугтан овогт Жумдааны Сүхбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга трестэд токорчноор ажилд орж 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржийн авто гражид токорчноор тус тус ажиллаж байсан. Одоо хүнд, хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэрт токорчноор ажиллаж байсныг маань засварчнаар гэж бичилт хийгдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Барилга трест болон Барилга биржид 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус токорчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Ж.Сүхбаатарт 1983 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

2. Увс аймгийн Барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 301 тоот Ажилд томилох тушаал,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Жумдааны Сүхбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 3 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал токорчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн 63 тоот Барилга угсралтын трест УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Барилгын бирж УҮГ болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

5. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 113 тоот Зарим ажилчдад тэтгэмж олгох тухай тушаалын хавсралтын 14-рт Ж.Сүхбаатар, токорчин гэж бичигджээ,

6. Гэрч Ц.Буянжаргалын шүүхэд өгсөн: Миний бие 1977 оноос Увс аймгийн Барилга угсралтын конторт шохой альбастрын цехэд нормчноор ажилд орж улмаар 1984 оноос авто гражид засварчин, 1992 оноос Барилгын бирж нэртэй болоход мөн засварчнаар, 1995 онд Их барилга ХК болоход мөн засварчнаар 2000 он хүртэл ажилласан юм. Ж.Сүхбаатар нь манай байгууллага нь Барилга угсралтын трест нэртэй байхад авто гражид токорчноор ажилд орж 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос Барилгын бирж нэртэй болоход мөн токорчноор, 1995 онд Их барилга ХК болоход мөн токорчноор ажилласан бөгөөд 2000 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Гэтэл түүний ажилд орсон тушаал нь засварчнаар гарсан байдаг юм байна лээ гэх мэдүүлэг,

7. Гэрч С.Сүрэнжавын шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нимгэн төмрийн цехэд 1974 оноос 1989 оны хооронд нимгэн төмөрчин, 1989 оноос 2003 он хүртэл автын дарханаар тус тус ажиллаж байсан. Ж.Сүхбаатар нь 1986 онд Барилга угсралтын трестийн засварын цехэд токорчноор ажилд орж 2003 он хүртэл ажилласан. Барилга угсралтын трест нь 1992 онд Барилга бирж нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1995 оны 1 дүгээр сараас Их барилга ХХК болон үйл ажиллагаа явуулсан. Ж.Сүхбаатар бид хоёр 2003 он хүртэл Их барилга ХХК-ийн авто гражид токорчин, би автын дарханаар тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,

8. Гэрч Ц.Буянжаргал, С.Сүрэнжав нарын Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус токорчноор ажиллаж байсан болох нь Ж.Сүхбаатарт 1983 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 301 тоот Ажилд томилох тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Жумдааны Сүхбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 3 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал токорчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 113 тоот Зарим ажилчдад тэтгэмж олгох тухай тушаал, гэрч Ц.Буянжаргал, С.Сүрэнжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

    Ж.Сүхбаатарын хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон тушаалд түүнийг засварчнаар ажилд томилсон гэж бичигдсэн боловч түүний Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон тушаалд токорчноор ажиллаж байсныг маань засварчнаар гэж бичилт хийгдсэн байсан гэх тайлбар, мөн түүний хөдөлмөрийн дэвтэрт Барилга угсралтын засварын газрын токорчны ажлаас чөлөөлж Барилгын биржийн авто гражид токорчноор авч ажиллуулав гэх бичилт, гэрч Ц.Буянжаргал Ж.Сүхбаатар нь манай байгууллага нь Барилга угсралтын трест нэртэй байхад авто гражид токорчноор ажилд орж 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос Барилгын бирж нэртэй болоход мөн токорчноор, 1995 онд Их барилга ХК болоход мөн токорчноор ажилласан бөгөөд 2000 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм,С.СүрэнжавЖ.Сүхбаатар нь 1986 онд Барилга угсралтын трестийн засварын цехэд токорчноор ажилд орж 2003 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг зэргээр токорчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 4 сар токорчноор, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил токорчноор, нийт 8 жил, 4 сар токорчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Жумдааны Сүхбаатарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 4 /дөрөв/ сар токорчноор, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил токорчноор, нийт 8 /найм/ жил, 4 /дөрөв/ сар токорчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР