2019 11 15 2019/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
-шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А у угалзта овогт А.Б-т холбогдох 1934009680445 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1977 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сум 2 дугаар баг Цогт-Өндөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавь шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, А у угалзта овогт А.Б /РД:__77012210/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох С.Мартыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох С.Мартыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 17 тал/
- Хохирогч С.Мартын эмчил үзүүлсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 12 тал/
- Хохирогч С.Март, шүүгдэгч А.Б-г нарын мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, эвлэрсэн гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 27 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 34 тал/
- 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны №746 дугаартай “...1. С.Мартын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалага, цээж нуруу, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ шэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн тал/
- Хохирогч С.Мартын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед манай нөхөр А.Б нь Амаан гэдэг найзтайгаа гэртээ ямар ч байсан нэг 0,5 гр архи ууж дуусаад дараа 0,75 гр архи хувааж ууж байх шиг харагдсан. Тэр үед би нөхөртөө ээж чинь үхэл хагацал үзчихээд байхад чи архи уулаа гэж хэлсэн чинь манай нөхөр А.Б нь намайг энэ муу дандаа ингэж байдаг юм гээд тогоотой хоолыг авч шидээд намайг 2 удаа баруун талын өгзөг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь найз Амаанд нь чи эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй гээд найз нь хориглосон чинь найзтайгаа маргалдаж, зодолдоод эхэлсэн. Тэгээд гэрээс гарч гадаа ноцолдож байгаад машинаа асааж унаад тэр хоёр яваад өгсөн...Тэгээд нэлээд орой 21 цагийн үед би үнээгээ сааж байхад найз Амаантайгаа манай нөхөр буцаад орж ирсэн. Тэгээд намайг үнээ саалгахгүй гаапуугаар цохиод хүүхэд айлгаж ичээгээд амар тайван байлгахгүй байсан. Тэгэхээр нь би хүүгээ аваад зугтааж гэртээ орход араас гэрт орж ирээд сандал эвдэж сандалын модоор цохиж газар унахад өшигчөөд гартаа таарсан юм болгоноор цохиж, намайг их зодсон. Бид 2 суугаад 3 сар болж байна. Урьд нь нэг удаа ингэж зодож байсан. Миний нүдний ухархай гэмтсэн. Хөл гар биеэр хөхрөлттэй өвчинтэй байгаа. Тэр үед манайх хөдөө хадланд гарсан байсан болохоор мэдэгдэж чадаагүй юм. Би одоо бие давхар жирэмсэн болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
- Хохирогч С.Мартын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “Би баянбилэг гэх хүнтэй 2019 оны 03-р сар анилцсан түүнээс хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа 2019 оны 09-р сарын 25 өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. энэ хугацаанд намайг 3 удаа зодсон тухайн үед нь болох бүтэх байх архи уухаа болих байх сайхан амьдарья гэж л хэлэхгүй өнгөрч байсан Гэтэл 2019 оны 10-р сарын 20-ны өдөр нөхөр Б найз Амаантай хашаандаа мод хөрөөдөөд хөрөө эвдэрч түүнийг засах гэтэл болохгүй Амаан нь нэг хөрөө аваарай гээд тэгээд нэг шил Хараа архи тамхи аваад өгчих гэсэн юм шиг байна лээ тэгээд архи авчираад гэрт уусан би хоол хийж байгаад нөхөр харсаар байхад 3 хундага уухаар нь чи одоо үхэл зовлон үзчихээд одоо бас яах нь вэ наад архиа боль гээд хэлсэн чинь энэ дандаа ингэж хуцдаг юм гээд намайг зодсон Амаан нь чи эмэгтэй хүн зодож болохгүй гээд би тэгэхээр та хоёр наад архиа гарч уу миний нүдэнд битгий архи уугаад байгаа гээд гаргасан. Гадаа гараад хоорондоо ноцолдоод байсан. Би гараад үхэрээ сааж байтал нөхөр Б араас орж ирээд гаапуугаар намайг цохиод үхрээ бас цохиод гэрлүү чирч оруулаад үргэлжилүүлж зодсон хүүхэд уйлаад байна гэсэн чинь чиний муу зулвасга яаадаг юм бэ гээд алаг саладтай вшил авч надруу шидсэн. Тэгээд намайг үсдэж чирээд гадаа гаргасан буцаж ороод хүүхдээ авчихья гэтэл дахиад зодсон . Миний гар утсыг эвдэж холбоо барих зүйлгүй богосон тэгээд гарч урьд айлаас нь ар гэрийхэнтэйгээ ярьсан... Анх 3 сард хамаатан Эрдэнэбилгийнд үхэр саах гэж ирээд энэ үед Б орж гарч байгаад танилцсан. 4 сарын 01 нээс нэг гэрт орж хамт амьдарч сая 2019 оны 09-р сарын 25 -ны үед гэр бүлээ батлуусан. Урьд өмнө архи уугаад ирэхээрээ зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/
- Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 10-р сарын 20-ны өдөр найз Амаантай хашаандаа мод хөрөөдөөд хөрөө эвдэрч түүнийг засах гэтэл болохгүй Амаан надаас нэг хөрөө аваарай гээд тэгээд яахав хүний юм авах гэж байгаа юм гэж бодоод нэг шил Хараа архи авч гэртээ хоёуллаа хувааж ууж байтал эхнэр Март эхнэр чамайг архи уувал би салаад хот руу машин дуудаад явна шүү гэхээр нь эхлээд болиод тэгээд Амаан архиа аваад гараад явсан тэгтэл эхнэр маань үхэр малаа чи өөрөө янзал гэхээр нь уур хүрч маргалдсан.Тэгээд эхнэр Мартын гар хөлрүү нь нүүр цохисон уйлаад байхаар нь гарч үхрийн байрны гэрэл унтраачихаад эргэд ороод ирсэн чинь гараад явсан байсан. Тэгээд ах дүү нарлуугаа яриад мөн цагдаад дуудлага өгсөн байсан... Урьд өмнө мөн маргалдаж нэг удаа зодож байсан...Урьд нь 4 удаа хүнтэй амьдарч байсан 5 хүүхэдтэй. Ер нь ааш их муутай байнга л хардаж сэрдээд мөрдөж мөшигөөд төвөгтэй санагдаад л түүнийг нь бодож явсаар байгаад гар хүрэх болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 тал/
- Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт гэртээ юм хийж байгаад найз Амантай уулзаад бид хоёр 1 шил 0,75 литрийн архи дэлгүүрээс авч уусан ба манай ээжийн дүү нас бараад хот руу явсан байсан юм. Тэгтэл манай эхнэр уурлаад ээжийн талын хүн нас барчихаад байхад чи энд архи уугаад байх гэж наад архи дарсаа боль хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ хөл, гуя, хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал манай найз Аман намайг дагуулаад эхнэртэй уурлаж болохгүй гээд намайг гэрээс дагуулаад гарсан ба дахиад эхнэрээ зодсон гэсэн би тэр талаар сайн санахгүй байна, би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, эхнэртэйгээ эвлэрсэн, уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч А.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-ийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-т сануулав.
Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хохирогч С.Мартад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “нөхөр бид хоёр эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлдбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч А у у овогт А.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- А у у овогт А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА