Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/336

 

  2019            11              18                                                    2019/ШЦТ/336

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа/и/, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүхийн шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,

  -иргэдийн төлөөлөгч М.Оюунгэрэл

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагч М.Гансувд

-хохирогч Ж.Баяртцэнгэл  

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

-шүүгдэгч С.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогтой С.М-т холбогдох эрүүгийн 1934000000295 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамтаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр настаны гудамж Модны зах талаасаа 4 дэх хашаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б  овгийн С.М  /РД:___84061211/;

Холбогдсон хэргийн талаар Яллах дүгнэлтэд дурьдагдсанаар/

Яллагдагч С.М  нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн адаг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам аав Ж.Баяртцэнгэлийн гэрт агсан тавьж, улмаар “охин чинь хаана байна, охин чинь архидаад янхандаад яваад байна” гэж хэлж уурлан, улмаар Ж.Баяртцэнгэлийн толгойн тус газар сүхээр цохиж, бие махбодийн шаналал зовиур үүсгэж хүнд хохирол, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Н.Алтанцэцэгийн цээжин тус газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.Тэргэлийн хөл рүү сүхээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч  С.М  мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед би 2 пиво уусан. Хамтран амьдрагч Б.Азжаргал хүрээд ирсэн. Тэгээд би гэрт нь хүргэж өгчихөөд, буцаад пиво ууж байсан газраа очсон. Бид хэд ууж байгаад бааранд орохоор болсон. Тэгээд Б.Азжаргалыг авахаар очтол гэрийн маань хамаг тавилгыг ачаад явсан байсан. Тэгээд олдохгүй болохоор нь Тэрэлж рүү хадмынд очтол хадмынхан унтаж байсан. Тэгээд би хадмынд агсарсан. Тухайн үед миний уусан архи гарчихсан байсан. Би тухайн үед охин руугаа ярь гэж хэлтэл хадам ээж намайг тайвшруулах маягтай тэвэрч авахад нь би хадам ээжийг цохисон. Тэгээд утсаар ярих гээд зогсож байтал Ж.Баяртцэнгэл гэрийн хугархай унь бариад над руу дайрсан. Би сүхээрээ Ж.Баяртцэнгэлийн толгой тус газар цохисон. Толгойн ар талаас нь цус гарч байхад нь толгойд нь боолт хийгээд  эмнэлэг явсан. Тухайн үедээ Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст очиж гэм буруугаа мэдүүлсэн” гэв.

Хохирогч Ж.Баяртцэнгэл мэдүүлэхдээ: “С.М нь шөнийн цагаар манайд галзуу хүн шиг л орж ирээд сүүтэй тогоо болон тавилга эд хогшил унагаагаад хашхираад ороод ирсэн. Тэгээд манай хөгшнийг сүхээрээ цээжин хэсэгт нь цохиод, намайг толгой руу цохисон. С.М намайг цохисноос хойш миний гар баруун гарны хуруу хэсэг ажиллагаагүй болсон. Байнга эм уудаг болсон. Би болсон явдлыг мартаад, мартамхай болоод байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл \хх-ийн 8-12 тал\, хохирогч нарын биед гэмтэл учирсан тэмдэглэл \хх-ийн 15 тал\, хохирогч Ж.Баяртцэнгэлийн мэдүүлэг \хх-ийн 86-88 тал\, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгийн мэдүүлэг \хх-ийн 23 тал\, насанд хүрээгүй гэрч А.Тэргэлийн мэдүүлэг \хх-ийн 30 тал\, хохирогч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг \хх-ийн 25 тал\, насанд хүрээгүй гэрч Ц.Энэрэлийн мэдүүлэг \хх-ийн 26 тал\, шинжээчийн №558 дугаартай дүгнэлт \хх-ийн 43 тал\, шинжээчийн №550 дугаартай дүгнэлт \хх-ийн 46 тал\, шинжээчийн №557 дугаартай дүгнэлт \хх-ийн 47 тал\, шүүгдэгч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг \хх-ийн 59-60 тал\, шүүх сэтгэц эмгэг судлалын №972 дугаартай дүгнэлт \хх-ийн 52-53 тал\, Налайх дүүргийн засаг даргын тодорхойлолт \хх-ийн 92 тал\, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагааны хуулбар \хх-ийн 94 тал\, эд зүйлийн үнэлгээ \хх-ийн 117 тал\, шүүгдэгч С.М-ыг урьд нь ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар \хх-ийн 99-108 тал\, шүүгдэгч С.М-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар \хх-ийн 110 тал\, шүүгдэгч С.М-ын ээж Б.Сарантуяагийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт \хх-ийн 161 тал\ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч С.М нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн адаг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам аав Ж.Баяртцэнгэлийн гэрт агсан тавьж, улмаар “охин чинь хаана байна, охин чинь архидаад янхандаад яваад байна” гэж хэлж уурлан, улмаар Ж.Баяртцэнгэлийн толгойн тус газар сүхээр цохиж хүнд хохирол, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Н.Алтанцэцэгийн цээжин тус газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.Тэргэлийн хөл рүү сүхээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 07 тал\

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэгийг хийхэд тус газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р багийн нутаг Шар булгийн амны эх гэх газар байх ба ...үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлж тосгоноос зүүн хойд зүгт Тэрэлийн гол гараад 2 км зайтай модон дотор эргэн тойрон хар мод болон улиас модоор хүрээлэгдсэн газар байх ба тус газарт үзлэгийг хийхэд цагаан бүрээстэй шар хаалгатай монгол гэр байх ба Монгол гэрийн баруун, зүүн хоёр талд 2x2 хэмжээтэй 2 ширхэг модон амбартай байв. Үзлэгийг монгол гэр дотор цагийн зүүний дагуу үргэлжлүүлэн хийхэд...Гэрийн баруун баган дунд хэсгээрээ хугарсан засаж хадсан байдалтай дээд хэсгээрээ мөн хугарсан ногоон өнгийн төмрөөр богиносгож эвлүүлж хадсан, зүүн баганы дунд урд хэсэгт иртэй зүйлээр цавчсан мөр гарсан, хаалганы гадна бариулны дээд хэсэгт мохоо зүйлээр үүсгэгдсэн 7 ширхэг мөр үүссэн байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган хэргийн газрын үзлэгээр ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт илрээгүй...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 тал/,

- Хохирогч Ж.Баяртцэнгэл, Н.Алтанцэцэг нарын биед учирсан гэмтлийн талаар харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15 тал/,

-Шүүгдэгч С.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүхийг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/,

-Хохирогч Ж.Баяртцэнгэлийн шүүхийн шатанд гаргасан хохирлын баримтууд \хх-ийн 168 тал\

-Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №558 дугаартай: “...1 .А.Тэргэлийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.5.6.7.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /хх- ийн 43 тал/,

-Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №550 дугаартай: “...1 .Ж.Баяртцэнгэлийн биед суурь ясны хугарал, тархины эдэд цус харвалт няцрал, хатуу хальсан доор цусан хураа, баруун зүүн нүдний ухархайн хананы хугарал, хуйханд шарх, баруун сарвууны 3-р хурууны хугарал, шарх, баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-т, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,

-Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №557 дугаартай: “...1.Н.Алтанцэцэгийн биед цээжинд цус хуралт зулгаралт, баруун шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №972 дугаартай: “...1 .С.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.С.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.С.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 4.С.М  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. б.С.Мягмар нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/

-Шүүгдэгч С.М-ыг цагдан хорьсон талаарх шүүгчийн захирамжууд \хх-ийн 63-76, 129-133 талууд\

-Хохирогч Ж.Баяртцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд : “...Би өдөр сударыг нь санахгүй байна шөнө унтаж байхад хүргэн М  нь хаалга эвдэж орж ирээд багана болон тогоог маань сүхээр цавчаад тэгээд миний толгой руу сүхээр цохисон бөгөөд би ухаан алдаж мэдрэлгүй болсон. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн юм. Одоо миний биеийн байдал хүнд л байна ухаан санаа орж гараад шөнө унтаж чадахгүй цочиж сэрээд байнга өвчин намдаах эм ууж өдөр хоногийг өнгөрөөж байна...Миний өөрийн гэр байгаа юм, манай гэрийн хаалга гаднаас хэд хэд цохисон мөр гарсан байгаа бөгөөд ямар нэг байдлаар үнэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Манайх тухайн гэрийг аваад 17 жил болж байгаа бөгөөд багана, тогоогоо үнэлж мэдэхгүй юм байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 тал/,

-Хохирогч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019.07.26-ны орой 21 цагийн үед гэртээ 2 зээ, нөхөртэйгээ унтаж байсан чинь гаднаас манай хүргэн М гаднаас согтуу орж ирээд танай охин хаана байна хэлээч гээд сүх барьчихсан байж байгаад гэрийн хоёр багана хуга цохиод зуух, сүүний сав зэрэг гэрийн хамаг эд зүйлийг цохиод манай хүн баганын мод бариад зогсож байтал бас цохиж аваад газар унагааж байгаад толгой руу нь сүхээр 3 удаа цохиод тархинаас нь цус олгойдоод бид нар орилолдоод байсан. Тэгсэн чинь нарийн юмаар боо, би өглөө эмнэлэг дуудна гэж хэлсэн. Тэгсэн чинь орон дээр хэвтэж байсан дагавар охиноо хөл рүү нь сүхээр цохиод авсан. Тэгэхээр нь би хөөе хүүхэд аллаа гээд намайг орилсон чинь миний цээжин дундуур сүхний ирээр цохиод баруун хөл рүү цохисон. Тэгээд 2 дагавар охиноо мотоцикль дээр суулгаад аваад явсан. Тэгээд явсных нь дараа цагдаа дуудсан. Одоо манай нөхөр ухаантай боловч өөрөө ярьж чадахгүй байна...Миний цээж хөндүүрлэж өвдөж байна, хөхөрсөн, мөн баруун хөл хөхөрч хавдсан байна...Мягмар нь манай охинтой гэр бүл болоод 2, 3 сар болж байгаа. Манай охин 2 охинтой, Мягмар 1 хүүхэдтэй гэр бүл болж байсан. Тэгээд охинтой минь муудалцсан юм уу, хаана байна гэж хайж орж ирээд зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одоо ерөнхийдөө амь наснаас нь холуур өнгөрсөн гэж бодож байна ямар ч байсан толгойн бүдүүн судсанд гуурс суулгаад, дагз хэсэгт нь төмөр сетка тавьсан байгаа ба ухаан санаа нь орж гараад л байгаа...Би гомдолтой байна...одоогоор баримттай баримтгүй нийлээд 3 сая төгрөг хол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч А.Тэргэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг эмээ өвөөгийндөө унтаж байсан чинь Мягаа ах ирээд хаалга сүхээр цохиод орж ирээд эгч бид хоёрыг бос пизда нар минь гээд миний хөл рүү сүхээр цохисон. Тэгсэн эмээ болиоч дээ гэхэд эмээг бас цээжинд нь сүхээр цохиод унагаасан. Тэгсэн өвөө болиоч ээ гэж хашгирхад өвөөг бас сүхээр толгойных нь энд нь /гэж гараараа өөрийн дагз хэсгийг зааж байв/ цохисон. Тэгээд өвөөгийн эндээс нь /гэж гараараа өөрийн дагз хэсгийг зааж байв/ цус гараад өвөө үхэр шиг дуугараад тэгээд Мягаа ах өвөөгийн толгойг даавуугаар боогоод бид хоёрыг дагуулаад Налайхад байдаг гэр лүүгээ дагуулж ирээд ээжийгээ олорой гээд өөрөө аав, ээжийнхээ гэр лүүгээ яваад өгсөн...Өмнө нь огт бид нарыг зодож цохиж байгаагүй, агсам согтуу ч тавьж байгаагүй...Өвөө манай гэрийг сүйрүүллээ гээд хугархай мод бариад чичрээд зогсож байхад нь М  ах толгой руу нь цохичихсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Ц.Энэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг эмээ өвөөгийндөө дүү Тэргэлийн хамт бид дөрөв унтаж байсан чинь гаднаас Мягаа ах хаалгаа онгойлго гээд цохиод ороод ирсэн.Тэгээд шууд дүү бид хоёр дээр ирээд бос гээд манай дүү Тэргэлийн хөл рүү сүхээрээ цохисон, тэгсэн эмээ болиоч хүүхэд аллаа гэхэд эмээгийн цээжин дээр нь сүхний араар нь 2 удаа цохиод дараа нь ирээр нь нэг удаа цохисон. Тэгээд гэрийн багана хугарсан байсан. Өвөө тэрийг нь бариад боль гээд зогсож байсан Мягаа ах битгий жүжиглээд бай гээд өвөөгийн толгой руу сүхээрээ цохиод өвөө унаад өгсөн. Тэгсэн Мягаа ах өвөөгийн толгой дээр зогсоод салтаан доороо байлгаж байгаад дахиад сүхээрээ цохисон, өвөөгийн толгойноос цус гараад өвөө сонин дуу гаргаад хэвтээд байсан. Тэгээд Мягаа ах даавуу аваад ир гээд даавуугаар өвөөгийн толгойг боогоод бид хоёрыг явъя гээд дүү бид хоёрыг аваад Налайх дүүрэгт гэрт авч ирээд өөрөө би одоо цагдаа дээр очоод хэргээ хүлээлээ, тэгээд эмнэлэг явна гээд гарсан ба шөнө дахин орж ирээд байж байгаад за за ах нь гарлаа гарахгүй бол болохгүй юм шиг байна гээд гараад явчихсан. Тэгээд өглөө цагдаа ирээд гэрийг нь заагаад өг гэхээр нь дүү бид хоёр гэрийг нь зааж өгөхөд Мягаа ах гэртээ унтаж байсан. Тэгээд цагдаа нар авч явсан байгаа...Намайг бол огт зодоогүй...Өмнө нь огт бид нарыг зодож цохиж байгаагүй, агсам согтуу ч тавьж байгаагүй...Манай Налайх дүүрэгт байдаг гэрийн сүхийг авч ирсэн, тэгээд буцаад явахдаа мотоциклийн суудал доор хийгээд дүү бид хоёр дээр нь суугаад хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: “...Би өөрийн хамтран амьдрагч С.М-тай 2018 оны 12 дугаар сард танилцаж, сүүлийн хагас жил нэг гэрт амьдарч байна. 2019 оны 07 сарын 26-ны орой 19.00 цагийн үед Налайх дүүрэгт байрлах Лхагвасүрэнгийн дугуй засвар дээр очих үед манай нөхөр С.Мягмар нь дугуй засварын 3 залуутай 2 том пиво уучихсан гээд сууж байсан. Тухайн үед С.М  намайг дүүгийнхээ вакум цонхны үйлдвэрийн гадаа хүргэж өгөөд би буцаж ирнэ гээд явсан. Би тухайн газар түр хугацаагаар тогооч хийж байсан. Тэгээд би С.М-ыг архи уухаараа агсан согтуу тавина, хэрэлдэж муудалцах юм болно гэж бодоод урд хороо руу найз Болорчимэгийн гэр лүү яваад өгсөн. С.М  тухайн үед өөрийн 86807742 дугаарын утсаар миний 80807742 дугаар луу залгаад байсан. Би гар утсыг нь авахгүй байхад “чи намайг хараарай, чи намайг өдөөд байна уу?” гэсэн сүрдүүлсэн утгатай зүйл бичээд байсан. Тэгээд би 20.00 цаг өнгөрөөгөөд гар утсаа унтраачихсан. Тухайн өдрийн өглөө манай хоёр охин ээж Алтанцэцэг, хойд эцэг Баяртцэнгэл нарын гэр болох Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шар булгийн адаг гэх газар очсон байсан. Би ээжийн 86101243 дугаарын утас руу залгахад “Мийгаа чинь ирээд Баяртыг зодож нүдээд алангаа алдлаа, сүх авчраад бид нарыг сүхээр зодлоо, бид нарыг ална гээд байна” гэж хэлсэн. Ээжийн утас нь цэнэггүй болоод унтарсан. Би арай ч сүртэй зүйл болоогүй билүү гэж бодоод тоолгүй орхисон. Би С.Мягмарын гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан тул найзындаа хоноод өглөө нь 08:00 цаг өнгөрч байхад эгчийндээ очсон. Манай эгч, хүргэн ах нар хүртэл мэдээгүй байсан. Тэгээд байж байтал хүргэн ах Мөнхбаатарын утас руу ээжийн найз гээд Оюунаа эгч залгаад “өчигдөр орой шөнө Мийгаа очоод бөөн юм болсон байна, цагдаа сэргийлэх болоод түргэн ирээд Баяртыг аваад явсан байна. Тэр дөрвийг бүгдийг нь сүхээр цохисон байна, биеийн байдал нь муу байна” гэж ярьсан. Би шууд хүргэн ахын хамт эмнэлэг дээр очих үед Баярт ахыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Ээж болон манай хоёр охин эмчид үзүүлж эмчилгээ хийлгээд найз Оюунаагийн гэр лүү явсан байсан. Ээжтэй уулзах үед цээжин хэсэг нь тэр чигээрээ хөхөрсөн, сүхний ором гарч шалбарч зулгарсан байсан. Манай 8 настай охин Тэргэлийн гуя хэсэг нь хөхөрсөн хавдартай, том охин 10 настай Энэрэлийн биед гэмтэл учраагүй байсан. Яагаад тэгсэн талаар асуухад ээжийн гэрт үг дуугүй хаалганы түгжээг эвдэж ороод ээжийг чамайг ална авгай минь, чи байнга хүүхдээ дууддаг, чиний янхан охин чинь хаана байна, чамайг ална” гэх зэргээр элдвээр хэлэн ээжийг цохиод зодохоор хойд эцэг Баярт буюу Баяртцэнгэлийг өмөөрөхөөр нь мөн зодож гэмтээсэн байсан. Мөн манай хоёр хүүхдийг гүйцээчихье гэж хэлээд хөнжлийг нь сөхөж байгаад цохисон талаар манай ээж Алтанцэцэг ярьж байсан. С.М нь сүүлд нь Баяртыг орон дээр хэвтүүлээд хагарсан толгой нь боож өгөөд гарсан. Хоёр охиныг дагуулж яваад гэртээ үлдээгээд цагдаа орж өөрөө хэргээ хүлээнэ гэж явсныг хүүхдүүд ярьж байсан. Манай гэрийнхэн бүгд айдастай байна, өчигдөр цагдан хорихоос гарсан гэдгийг дуулаад маш их айгаад ярьж байсан. Хойд эцэг...биеийн байдал маш муу байна...Өмнө нь манай гэр бүлийнхнийг зодож байсан зүйл байхгүй...Ганцхан намайг нэг удаа дайраад зодохгүй агсам тавиад хоолоо асгаад байхаар нь нэг удаа эрүүлжүүлэх дуудаж өгч байсан...Ер нь бол архи уухаараа зан нь аймаар өөрчлөгддөг, би айдаг...Мягмар нь сүхийг...Налайх дүүргээс гэрээсээ анхнаасаа зорилготой авч очсон байсан. Сүхээрээ зодчоод буцаагаад гэр лүүгээ аваад явсан.Гэрт тухайн сүх нь байна лээ. Уг сүх бол манай гэрт ахын хэрэглээндээ хэрэглэдэг сүх байгаа юм. Тухайн үед С.М  мопед унаад голоор гарсан юм шиг байгаа юм, сүх нь голын усанд угаагдсан юм уу гэмээр цус болоогүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

-Шүүгдэгч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед ковш дээр юм хийж байгаад унаад өвдөлтөө намдаах гээд хоёр ширхэг пиво авч гурвуулаа хамт уугаад, тэгээд нэг шил архи, гурван жижиг лаазтай пиво авч уучихаад байж байгаад эхнэрээ дуудахаар болоод би эхнэрийнхээ ажлын газар, гэртээ очсон чинь байхгүй байсан. Тэгээд би шууд хадам аав Баяртынх руу Тэрэлж рүү явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод гэр рүү нь орох гээд хаалганы замган түгжээг эвдээд гэрт ороод гэрийн зүүн талын орны урд очиж зогссон чинь Баярт ах юу эвдчихэв гээд намайг загнахад нь би хуцаад бай тэр охиноо хэлээч архидаад яваад байна, битгий тэрийгээ өөхшүүлээд байгаач гээд уурласан. Тэгээд Баярт ах босоод ирэхээр нь би над руу ойртвол ална шүү гээд сүх аваад багана, тогоотой сүү, янданг сүхээрээ цохиод унагаасан. Тэгээд би хадам ээжид хандан тэр охин руугаа ярь гэж хэлтэл хадам ээж утсаа харахгүй байна гээд хоёр охиныг дуудсан.Тэгэхээр нь унтаж байсан хоёр охиныг босооч гээд сүхээрээ орны хажуу тал дээр цохисон.Тэгээд бага охин Тэргэл утас асаагаад надад өгсөн. Тэгээд би эхнэр рүү залгаад чи хаана байна, энд агсам тавьчихлаа, чи ээжтэй ярь гээд яриулсан. Тэгээд би над руу ойртохгүй шүү гэрийн зүүн талын орны тэнд зогсоосон. Тэгсэн чинь хадам аав хугарсан багана газраас аваад над руу дайрсан. Би модыг нь татаад ноцолдож байгаад би сүхээрээ толгой дээр нь цохисон. Тэгээд цус гарахаар нь би сандраад охиноор дэвсгэр даавуу уруулаад толгойг нь боосон. Тэгээд хадам ээж бид хоёр хадам аавыг зүүн талын ор нь дээр өргөж тавьсан. Тэгээд би биеийн байдлыг нь асуучихаад хоёр охиныгоо аваад түргэн дуудъя гээд явсан. Тэгээд Налайх явах замдаа түргэн дуудсан. Тэгээд хоёр охиноо гэрт нь аваачиж унтуулчихаад Налайх дүүргийн цагдаагийн газар очоод би гэмт хэрэг үйлдчилээ гээд хэлсэн чинь харьж унт гэхээр нь би 5 цагийн үед гэртээ очсон чинь удалгүй араас цагдаа ирээд намайг аваад явсан...Би тухайн үедээ согтуу байсан. Тэгээд би маргалдсаны улмаас бас айлгах гээд сүх барьчихсан байсан чинь Баярт хугархай багана бариад дайраад ирэхээр нь би сүхээрээ цохичихсон...Би өөрөөсөө маш их айж байна. Би ахин ийм гэмт хэрэг үйлдэж магадгүй. Тиймээс би хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаас татгалзаж байна. Харин намайг шууд хорьж өгөөч гэж хүсэж байна...Би хадам аав Баяртын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлд би буруутай...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

-Шүүгдэгч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “...нэмж ярих юм гэвэл би тухайн өдөр би эхнэр Азжаргалтай 19 цагийн үед архи уусан юм шиг над руу ярихаар нь маргалдсан ба гэртээ очиход карт аваад явсан байсан. Тэгээд дансаа шалгатал мөнгө байхгүй байсан ба утсаар нь холбогдоход хэрүүл хийгээд нэг бол авахгүй байсан. Тэгээд хайгаад гадуур явж байгаад буцаад гэртээ очтол гэрийн тавилга байхгүй болчихсон байсан. Тэгээд юм байхгүй байхаар нь би шууд Тэрэлж яваад асуудал болсон ба...Би одоо өөрийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа...гэм бурууг ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-81 тал/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Төв аймгийн прокурорын газраас Шүүгдэгч С.М-ыг согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам аав Ж.Баяртцэнгэлийн гэрт агсан тавьж, улмаар “охин чинь хаана байна, охин чинь архидаад янхандаад яваад байна” гэж хэлж уурлан, улмаар Ж.Баяртцэнгэлийн толгойн тус газар сүхээр цохиж, бие махбодийн шаналал зовиур үүсгэж хүнд хохирол, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Н.Алтанцэцэгийн цээжин тус газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.Тэргэлийн хөл рүү сүхээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “ бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн “ гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэдэг нь шүүгдэгч С.Мягмарын сүхээр хохирогч Ж.Баяртцэнгэлийн дал болон толгойн тус газар тус тус 2 удаа цохиж байгаа, цохиж буй тухайн цаг хугацаанд цохигдсоны улмаас үүсэх өвдөлтийг хохирогч хэрхэн мэдэрч, яаж зовж шаналж байгаа  сэтгэцийн ухамсарт үйл ажиллагаа юм. Тэрнээс биш ухаан алдаж, цохилтын улмаас өвдөлт, зовиур, шаналалыг мэдрэхгүй байгаа үүсэх нөхцөл байдлыг ойлгохгүй.

            Иймд шүүгдэгч С.М-ыг согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн, бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулж Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан хүний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-д халдан бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч С.М-ын хамтран амьдрагчийнхаа эцэг, эх, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаагаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сүхээр хүнийг цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.Баяртцэнгэл болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг нар нь шүүхийн шатанд хохирлын 594.600 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 594.600 төгрөгийг хохирогч Ж.Баяртцэнгэлд төлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.” гэж тус тус заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Баяртцэнгэл “ ...манай хүүхдүүд миний эмчилгээнд бараг 3 сая гаран төгрөг зарцуулсан...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Баяртцэнгэл нь хүнд гэмтэл авсан байх тул эмчилгээ  хийлгүүлсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Харин энэ гэм хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан хохирогч Н.Алтанцэцэг, насанд хүрээгүй хохирогч А.Тэргэл болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Азжаргал нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас: “Шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 60 хоногын хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг асуудлууд гэм буруугийн шүүх хуралдаан дээр яригдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилж ирсэн. Хэрэгт авагдсан материал зэргээс харахад шүүгдэгч С.М  нь бага насны охинтой өөрийн хамтран амьдрагч нь гадаад руу гарч явсан, асран хамгаалалтын асуудал одоохондоо тодорхойгүй байгаа, ээжийнх нь хувьд бие нь тааруу гэсэн ийм нөхцөл байдлууд байна. С.М  нь анхнаасаа гэм  буруугаа хүлээж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шудрага ёсны зарчимд нийцүүлж  шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 05 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 60 хоногын хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар 05 жил 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь шүүгдэгч С.М-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

           Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүх 1 ширхэгийг устгахыг зохих байгууллагад даалгаж, С.М-ын 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 110 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М-т холбогдох эрүүгийн 1934000000295 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б  овгийн С.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 \тав\ жил 10 \арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 60 хоногын хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 \тав\ жил 10 \арав\ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 \зургаа\ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.М-т оногдуулсан 6 \зургаа\ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ын 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 110 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.М  нь хохирогч Ж.Баяртцэнгэлд хохирлын 594.600 төгрөгийг төлсөнийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хохирогч Ж.Баяртцэнгэл нь эмчилгээ хийлгэсэн зардалаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.М-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                              Б.БАТТУЛГА

 

                                                                      Ю.ЭНХМАА