Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00898

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2016/00898 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.О ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н.М

Хариуцагч: Н.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 53 710 257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тс, хариуцагч Н.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М , Н.Б нар нь 2012 оны 5 дугаар сард 15 000 ам долларыг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш тэд 2014 оны 9 дүгээр сард зээлийн хүүд 9 000 000 төгрөг буюу 4905 ам долларыг тухайн үеийн ханш болох 1835 төгрөгөөр тооцож өгсөн.Түүнээс хойш зээл зээлийн хүү төлөхгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч нартай харилцан тохиролцож тооцоо нийлэн гэрээгээ шинэчилж Зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үлдэгдэл төлбөр 23 595 ам долларыг 7 сарын хугацаатай сарын 2 хувийн хүү тооцохоор болж тохиролцсон. Миний бие гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа шаардаж байсан боловч элдэв шалтаг заан, төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүрч байна. Иймд Н.М , Н.Б нараас үндсэн зээлийн төлбөрт 23595 ам доллар гэрээгээр тохирсон 7 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүнд 3303,3 ам доллар, нийт 26 898,3 ам доллар буюу 53 710 257 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М миний бие 2012 оны 5 дугаар сард 20 000 000 төгрөгний хэрэгцээ гарсан учраас иргэн Д.О аас түр хугацаагаар хэрэглүүлэх мөнгө зээлдүүлэх боломжтой эсэхийг асуухад 15 000 доллар байна гээд зээлдүүлсэн.

Би дээрх 15 000 ам долларын 10 000 ам долларыг 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 5000 ам долларыг нь өөрийн эхнэр Н.Б гаар дамжуулан авч нийт 15 000 ам долларыг Д.О аас авсан тухай баримт үйлдсэн нь үнэн. Анхнаасаа надад долларын биш төгрөгний хэрэгцээ байсан болохоор би 20 000 000 төгрөг зээлдэж байна гэж бодож байсан. Уг мөнгийг яаралтай буцааж өгнө гэж тооцож байсан боловч мөнгөний боломжгүй байсан болохоор удаасан. Түүнээс хойш 9 дүгээр сард 9 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо 11 000 000 төгрөгийг л төлнө. Өөр мөнгө төлөх учиргүй.

Миний эхнэр Н.Б нь энэ зээлэнд ямар ч хамааралгүй зөвхөн 5000 ам долларыг л Д.О аас надад авч ирж өгсөн. Тооцоо нийлэхэд очоогүй гарын үсэг ч зураагүй, үлдэгдэл мөнгийг би төлнө гээд байхад яагаад Н.Б г хариуцагчаар оруулаад нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О нь намайг мөнгө зээлсэн мэт бичсэн байна. Би Д.О аас мөнгө зээлээгүй, 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Н.М нэхэмжлэгч Д.О аас зээлсэн мөнгийг авч ирж өгсөн. Тэдний хооронд мөнгө дамжуулж аваачиж өгөх үүргийг хүлээсэн. Н.М нийт 15000 ам долларыг зээлсэн, Д.О д төлнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Миний бие Д.О аас мөнгө зээлж байсан удаагүй бөгөөд Д.О тай гэрээ хэлцэл хийж байгаагүй тул Д.О ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаарлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь Н.М , Н.Б нараас 26898,3 ам доллар буюу 53 710 257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Н.М нь 15 000 ам долларыг зээлдэн авахдаа 20 000 000 төгрөг авч байна гэж бодож авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Б нь би мөнгө зээлдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс 10000 ам долларыг 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Н.М , 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Н.Б нар хүлээн авчээ./хх-ийн 44-р хуудас/

Хариуцагч Н.М нь Д.О аас зээлсэн дээрх 15 000 ам долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр тооцож нийт 35000 ам долларыг 2015 оны 5 дугаар сард багтаан төлж барагдуулна гэсэн бичгийг 2015 оны 2 дугаар сарын 09, 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус өгч байсан байна./хх-ийн 45-46-р хуудас/

Энэ бүхнээс харахад талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн 15 000 ам долларыг зээлдэгч Н.М хүлээн авч, сарын 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 5 дугаар сард багтаан төлж барагдуулах үүрэг хүлээж зээлийн гэрээг бичгээр үйлдсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ

Зээлдэгч Н.М , зээлдүүлэгч Д.О нар нь харилцан тохиролцож хоорондоо тооцоо нийлснээр Зээлийн төлбөр барагдуулах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулж зээлдүүлэгч Д.О , зээлдэгч Н.М нар гарын үсэг зуржээ./хх-ийн 5-р хуудас/

Уг гэрээгээр 23595 ам долларыг 2 хувийн хүүтэйгээр 7 сарын хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 15-нд төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

Дээрх төлбөрийг хариуцагч Н.М төлөхөөр тохирсон 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч Н.Б нь зээлдүүлэгч Д.О аас мөнгө зээлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч түүнд мөнгө зээлдүүлсэн гэдгээ нотлож чадаагүй тул Н.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иймд хариуцагч Н.М аас үндсэн зээлд 23 595 ам доллар, 7 сарын хүүд 3303,3 ам доллар /471,9х7=3303,3/, нийт 26898,3 ам доллар /26898,3х1996,79=53 710 257/, буюу 53 710 257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Н.М аас 53 710 257 /тавин гурван сая долоон зуун арван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг гаргуулж Д.О д олгож, Н.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                         

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО