| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1757 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1757
2019 11 19 2019/ШЦТ/1757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Хохирогч Ц.Уранхишиг, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
Шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б д холбогдох эрүүгийн 1906060502266 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ш.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хамаг Монгол” цайны газарт иргэн Ц.Уранхишигийн барьж байсан аягатай халуун усыг гараараа цохин цээж хэсэг рүү нь халуун ус асгаж биед цээж, хэвлийн 1-2 дугаар зэргийн түлэгдэлт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг
өгөхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уранхишиг мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчээс мөнгө зээлсэн. Одоо би шүүгдэгч Ш.Б д 220.000 төгрөг өгнө. Шүүгдэгч хэрэг болдог өдрийн орой намайг “гөлөг минь, пизда минь” гэж орж ирсэн. Тэгээд би хэлэхдээ “чи тайван бай” гэж хэлэхэд “хуц гөлөг минь” гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнд халуун кофе хийж өгөхөд “гөлөг минь” гээд миний аягатай халуун ус барьж байсан гар руу цохиход миний энгэр рүү халуун ус асгарсан. Тэгээд би цаад талын өрөөндөө ороод хувцасаа сольсон. Шүүгдэгч надад олон удаа агсам тавьсан учир буцаад ороод ирнэ гэдгийг нь мэдээд би хаалгаа хаалгасан. Тэгсэн гаднаас “Урнаа гөлөг минь, пизда минь чамайг охинтой чинь ална шүү” гээд хаалга аймаар нүдээд байсан. Тэгээд миний зүрхний хэмнэл алдагдаад унасан байсан. Цагдаа 103 дуудсан. Түргэн ирээд түлэнхийг үзээд “зүгээр” гэсэн боловч тэр оройдоо цэврүү үсрээд халуурч хоносон. Маргааш нь ийм байдалтай болсон. Тэгээд би шүүгдэгчид хэлэхэд “чи битгий худал хэл, чи намайг цагдаад өгдөг нь хэн бэ, чамаас болоод мөнгөөр торгууллаа” гэсэн. Би ажлаа хийж чадахгүй халуураад байж байхад “чи пизда минь чи тэр мөнгийг гаргаж өг” гээд байсан. Би шүүдэгчид гомдолтой байна. Одоо шинэ жил болох гэж байна. Олон арга хэмжээнд оролцоно. Хамгийн гол нь надад агсам тавихдаа манай охиныг оролцуулдаг. Цагдаа дууддаг өдөр шүүгдэгч манай хаалгыг төмрөөр уясан байсан. Би охинтойгоо гарч чадахгүй байсан ч цагдаа ирээд төмрийг нь тайлж онгойлгоод бид нарыг гаргаж байсан. Тэгтэл шүүгдэгч замын цаана гарч зогсоод над руу мессеж бичээд пизда минь ална шүү гээд бичсэн. Энэ хүн надтай “сууя” гээд байдаг байсан. Архи уухаараа манайд орж ирдэг. Би нийт 225.000 төгрөгийн тос түрхэсэн. Энэ тосоо 6 сарын турш түрхэнэ гэж байсан. Түүнийхээ араас заавал тоник, чийгшүүлэгч түрхэх ёстой гэсэн. Тэгээд 6 сарын дараа яаж лазар хийх вэ гэдгээ шийднэ гэсэн. Би ер нь хохирлын баримтаа цуглуулж байгаагүй. Би 2.338.000 төгрөгийн хохирол гаргасан. Таксины мөнгө, эм тарианы мөнгө, 7 хоног ажлаа хийж чадаагүй. Эдгээр зардлуудаа нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Уранхишигийн өгсөн мэдүүлэг /хх-3-5, 10-11/, гэрч А.Бумбаярын өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 11782 дугаартай дүгнэлт /хх-15/, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-25/, Цагдаагийн асап сангийн иргэний лавлагаа /хх-19-20/, Ш.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан баримт /хх-26-31/, Ш.Б ы бичиж өгсөн амлалт /хх-22/, Ш.Б ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-43/, шүүгдэгч Ш.Б ы ял шийтгэлийг шалгах хуудас /хх-42/, шинээр ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан бичиг, дуудлагын лавлагаа 2 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хамаг Монгол” цайны газарт иргэн Ц.Уранхишигийн барьж байсан аягатай халуун усыг гараараа цохин цээж хэсэг рүү нь халуун ус асгаж биед цээж, хэвлийн 1-2 дугаар зэргийн түлэгдэлт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгийг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Уранхишигийн өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хамаг Монгол” цайны газарт Батсайхан “Урнаа гөлөг минь” гэж хашгираад орж ирсэн Тэгээд ширээн дээр суугаад халуун юм ууя гэхээр нь кофе найруулж өгөх гээд буцалгагчнаас ус аяганд хийгээд ширээний хажууд зогсож байхад Батсайхан босож ирээд “Урнаа гөлөг минь” гэж миний аягатай халуун ус барьж байсан гар руу цохисон. Халуун ус миний энгэр рүү асгаж түлэгдсэн. Босож ирэхдээ “гөлөг минь” гээд гар руу цохиод босоод ирсэн. Цээж хэвлий хэсгээр түлэгдсэн. Гомдолтой байна. 7 хоног ажлаа хийж чадаагүй. Цээж хэсгээр сорив үлдсэн. Би Ш.Б аас 1.800.000 төгрөг 2 сарын өмнө 5 хувийн хүүтэй зээлсэн. Өдөрт 30.800 төгрөг төлдөг юм. Ш.Б над руу байнга утсаар залгаж дарамталж мөнгө өгөхгүй 1 юм уу 2 хонохоор надтай уулзсангүй гэж бэлгийн дарамтанд оруулах гээд байдаг. Надтай сууя гээд байдаг. Согтохоороо олон юм ярьж агсам тавиад байдаг.” /хх-3-5, 10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бумбаярын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хамаг Монгол” цайны газрын гал тогооны өрөөнд хоол бэлтгээд байж байсан. Тэгтэл хоолны зааланд Батсайхан согтуу “Урнаа гөлөг” гээд ороод ирсэн. Би жижиг цонхоор харсан юм. Тэгээд Батсайхан “халуун юм ууна” гэхээр нь Уранхишиг эгч халуун ус аяганд хийгээд гал тогооны өрөөнөөс гарсан. Тэгтэл зааланд Уранхишиг эгч гэнэт орилохоор нь гараад очсон. Юу болсон гэхэд Батсайхан ax гар руу цохиод халуун ус асгачихлаа гээд Уранхишиг энгэр, цээж хэсгээрээ норсон...цээжээр нь улайсан байсан. Хэсэг хугацааны дараа Уранхишиг эгч зүрх нь савлаад хөдөлж чадахгүй байсан. Батсайхан ах цайны газрын хаалгыг нүдээд хашгираад байсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 11782 дугаартай шинжзэчийн дүгнэлт:
1. Ц.Уранхишигийн биед цээж, хэвлийн 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Б ы яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай ажилтан Дорж тэтгэвэртээ гараад хамт олноороо гэрт нь очиж суусан. Тэндээсээ гараад Ботаник орж “Хамаг Монгол” цайны газарт Уранхишигээс зээлсэн мөнгөө авах гэж очсон. Тэгээд мөнгө авъя гэхэд мөнгө байхгүй өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Ярьж сууж байгаад босохдоо Уранхишигийн барьж байсан аягатай цайг мөрөөрөө шүргэж Уранхишигийн цээж рүү асгасан.” /хх-39/ гэх мэдүүлэг,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-25/,
Шүүгдэгч Ш.Б ы ял шийтгэлийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ш.Б ы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Хамаг Монгол" цайны газарт иргэн Ц.Уранхишигийн барьж байсан аягатай халуун усыг гараараа цохин цээж хэсэг рүү нь халуун ус асгаж биед цээж, хэвлийн 1-2 дугаар зэргийн түлэгдэлт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уранхишиг нь өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, мөн тээврийн зардал 70.000 төгрөг эм тариа авсан 400.000 төгрөг, 2.100.000 төгрөг ажилгүй байсан хугацааны зардал гэж нийт 2.338.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Ш.Б ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Б ыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Б нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Ц.Уранхишиг нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлөдөр болох хүртэл Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС