| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00485/И |
| Дугаар | 181/ШШ2016/00874 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/00874
|
2016 оны 10 сарын 04 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00874 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ХХК /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Б /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 46 815 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х, хариуцагч Г.Б , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь анх 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр И финанс ХХК-тай 18 тоот зээлийн гэрээг байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээгээр үндсэн зээлээс төлөлт хийлгүй, зээлийн хүүнд нийт 4 780 000 төгрөг, алдангид 580 000 төгрөг төлж 18 тоот зээлийн гэрээг хаасан. Үүний дараа үндсэн зээл 20 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлснээр болгож зээлийн гэрээг шинэчилж хийсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Б нь өөрийн өмчлөлийн 17-04 УБМ улсын дугаартай landcruiser 100 маркийн 2007 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалт бүхий тээврийн хэрэгслийг унуулах нөхцөлтэйгээр өгсөн. Г.Б нь зээлийн төлөлтийг хийж барагдуулаагүй хэрнээ барьцааны хөрөнгийг Д.Нямхүү гэх хүнд зарж үрэгдүүлсэн байна.
Гэрээг шинэчилж хийснээс хойш зээлдэгч Г.Б нь үндсэн зээл, зээлийн хүү, алдангид төлөлт хийгээгүй болно. Иймд үндсэн зээл: 20 000 000 төгрөг, хүү 16 800 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, баримт материалыг нотариатаар батлуулсны хөлс 15.000 төгрөг нийт 46 815 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2016 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би машин оруулж ирж зардаг юмаа. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан тул И ХХК /барьцаалан зээлдүүлэх газар/-д өөрийн өмчлөлийн 17-04 УБМ улсын дугаартай landcruiser 100 маркийн машинаа барьцаалаад 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдсэн. Зээлийн хүүд 4 780 000 төгрөг, алдангид 580 000 төгрөг төлсөн. Тэр гэрээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хааж мөн өдөртөө өмнөх үндсэн зээл 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлсэн мэт зээлийн гэрээг шинэчилж хийсэн.
Миний машин И ХХК-ийн нэр дээр байгаа боловч Нямхүү аваад унаад явсан. Нямхүү төлбөрөө төлөхгүй удаад ийм байдалд хүрчихсэн юмаа. Энэ зун 8-р сард 10 000 000 төгрөгийг өгсөн. Би одоо үндсэн мөнгөө төлнө. Хүү алданги төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 46 815 000 төгрөг нэхэмжилжээ.
Ихнаяд ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна./хх-ийн 12-р хуудас/
Г.Б нь Ихнаяд ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж 17-04 УБМ улсын дугаартай landcruiser 100 маркийн автомашин барьцаалан Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ./хх-ийн 5-6-р хуудас/
Хариуцагч Г.Б зээлийн хүүд 4 780 000 төгрөг, алдангид 580 000 төгрөг төлж, гэрээний талууд харилцан тохиролцсоноор дээрх зээлийн гэрээг дуусгавар болгож, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж 17-04 УБМ улсын дугаартай landcruiser 100 маркийн автомашин барьцаалан Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ./хх-ийн 7-р хуудас/
Талууд барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний 1 сарын хугацааг талууд сунгаагүй байх бөгөөд гэрээний 4.1.-д Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөр хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно гэж зээлдэгчийг үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон байх тул гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх үндэсгүй.
Зээлдэгч нь гэрээний 1.2., 1.3.-т зааснаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 1.5 дах заалтад заасан хугацаанд төлөөгүй байхад зээлдүүлэгч И финанс ХХК-нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар нь барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Зээлдэгч нь 2016 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөг төлснийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд баримт материалыг нотариатаар батлуулсны хөлс15 000 төгрөгийг хэн төлсөн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тус тус хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байх тул үндсэн зээлд 10 000 000 төгрөг, нэг сарын хугацааны хүүд нь 1 400 000 төгрөг, нийт 11 400 000 төгрөгийг хариуцагч Г.Б өөс гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгох үндэстэй болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтаар тогтоогдож байна./ хх-ийн 4-10-р хуудас/
Иймд зээлдэгч Г.Б өөс үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүү 1 400 000 төгрөг нийт 11 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгон, үлдэх 35 415 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1., 286.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б өөс 11 400 000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан И ХХК-д олгож, нэхэмжлэлээс 35 415 000 / гучин таван сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 197350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа 17-04 УБМ улсын дугаартай landcruiser 100 маркийн автомашиныг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО