Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/338

 

                        

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Ж.Мөнхсувд, Ц.Энхтуяа

Шүүгдэгч Н.Б, Б.Б, Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн 1925000570359 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н.Б

Шүүгдэгч: Б.Б

Шүүгдэгч: Б.О

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Быг  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"–ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт, 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

-шүүгдэгч Б.Оийг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"–ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2018 оны 11 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймагт Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7-17 тоотод, 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-шүүгдэгч Б.Б-г 2019 оны 01 дүгээр сарын 16- наас 18-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын мэдүүлсэн: Би Эрдэнэхүүтэй хамаатан юм. Тэр өдөр утас руу нь залгахад Оргил буудалд байна гэсэн. Очиход согтуу өвс татаж байсан. Бид тэнд 2 өрөөнд хоносон. 2018 оны 9 сард би хотоос ирж явах замдаа Жаргалантад бууж өвс түүсэн. Өвсний тухай мэдээнээс сонсож байсан. Зургийг нь харж байсан. Цаашид хэрэглэхгүй гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Б мэдүүлсэн: 2019 оны 1 дүгээр сард найз Эрдэнэхүү дуудахаар нь Оргил буудалд очсон. Тэнд архи ууж нэлээд согтсон. Эрдэнэхүү, Бат-Ивээл, Отгонбаатар бид 3 үлдсэн байсан. Хаанаас ч юм өвс гаргаж ирж ороож байхад Очгэрэл орж ирсэн. Хамт сорсон. Орой нь Булгантамирын гаргасан өвсийг татсан. Маргааш нь бас татсан. Буудалд надад өвс байгаагүй. Маргааш нь байцаагч чамд байсан юм биш үү гээд байхаар нь энд хадгалсан гэж орцныхоо хайрцагийг зааж үзүүлсэн. Сая өвс татаж байгаад 30 хоногоор баривчлагдсан. Их зүйл ойлгосон              гэх мэдүүлэг,  

-шүүгдэгч Б.Оийн мэдүүлсэн:2018 оны 11 сард Заамараас ирэх замдаа өвс түүсэн нь үнэн. Гэртээ Дэнж Эрдэнэ багт хадгалсан. Оргил буудалд тэр өдөр очиж өвс сорсон нь үнэн. Буудалд надад өвс байсан, Б өвс байсан, Булгантамир бас өвстэй орж ирсэн. Энержи ресурс ХХК-д ажиллаж байгаа. Өвсний талаар мэдээлэл маш их байдаг тул сонирхож татсан. Цаашид ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар /Оргил буудалд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 28-32-р хуудас/

-Хүний бие болон хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 33-34-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1078 дугаартай ....шинжилгээнд ирүүлсэн “Н.Баас хураан авсан 2.18 гр өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,7863 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Баас хураан авсан 2,18 грамм өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1077 дугаартай ....шинжилгээнд ирүүлсэн “Б.Оээс хураан авсан 2,92 гр өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,2773 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Оээс хураан авсан 2,92 грамм өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1076 дугаартай ....шинжилгээнд ирүүлсэн “Батсайхан Очгэрэл РА92032351” гэж хаягласан шээс, “Нямдаваа Булгантамир РА01212016” гэж хаягласан шээс, “Ч.Энхчимэг” гэж хаягласан шээс, “Мөнхбаяр Эрдэнэхүү РБ99090991” гэж хаягасан шээс, “Батгэрэл Бат-Эрдэнэ” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Энхчимэг” гэж хаягласан шээс “Б.Бат-Ивээл” гэж хаягласан шээс, “Отгонбаатар” гэж хаягласан шээс тус бүрээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн ”Батсайхан Очгэрэл РА92032351” гэж хаягласан шээс, “Нямдаваа Булгантамир РА01212016” гэж хаягласан шээс, “Мөнхбаяр Эрдэнэхүү РБ99090991” гэж хаягасан шээс, “Батгэрэл Бат-Эрдэнэ” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 46-56-р хуудас/

 

-Гэрч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...”2019 оны 01 дүгээр сарын 18-ны 12 цагийн үед манай Оргил төвийн буудлын үйлчлэгч Эрдэнэчимэг надад 304 тоотод өчигдөр шөнө хоносон 4 залуу өрөөнөөсөө гарахгүй байна цэвэрлэгээ хийх гэсэн юм гэж надад хэлэхээр нь би  304 тоот өрөө рүү ороод шагайхад уг өрөөнөөс эвгүй үнэр үнэртэж байсан ба 2 залуу нь орон дээр суучихсан 2 залуу нь цонхны тавцан дээр цаашаа харчихсан юм хийгээд байсан. Орон дээр сууж байсан 2 залуу нь та хаалгаа хаачих бид нар өрөөгөө дахиад нэг хоногоор сунгана гэж хэлэхээр нь надад сэжиг бүхий санагдаад цагдаад дуудлага өгсөн.”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/

-Гэрч М.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”Тэгээд бид нар “Оргил” төвийн 304 тоот өрөөнд ороод архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа О Б нар ирсэн.  Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан чинь Б, О, Б нар одоо хэдүүлээ сэргэе гээд О халааснаасаа мансууруулах төрлийн ургамал гаргаж ирсэн. Тэгээд бид  дөрөв хамт байж байгаад 303 тоот өрөөнд хэрэглэсэн. Тухайн үед Ивээлт, Э, Отгонбаатар нар 304 тоот өрөөнд унтаж байсан. Тэгээд бид нар өвсөө татаж байгаад унтахаар болсон. Би 303 тоот өрөөнөөс гараад 304 тоот өрөөнд орж унтсан. Тэгээд өглөө сэрээд бид нар байж байгаад Ивээлт Энхчимэг Отгонбаатар нар гараад явсан. Тэгээд би 304 тоот өрөөнд байж байсан чинь манай өрөөнд О, Б, Б нар орж ирсэн. Орж ирэхдээ О нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид нар байж байсан чинь О хэдүүлээ сэргэе гэж хэлээд халааснаасаа мансууруулах ургамал гаргаж ирээд Очгэрэл ороож татсан. Бид нар ороосон өвсийг тойруулаад татсан.   ....Тухайн 00-ын өрөөнд О мансууруулах төрлийн ургамал нуусан юм. Тухайн үед О бөөлжөөд байхаар нь би нурууг нь дарж өгөх гээд орсон чинь мансууруулах төрлийн ургамалыг почкины араар хийж байсан. Тэр нь гялгар ууттай жаахан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/

-Гэрч Э.Энхчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...”Тухайн өвсийг Очгэрэл өөрийн халааснаас гаргаж ирсэн. Тэгээд ганцаараа татсан. Яагаад энэ талаар сайн мэдэж байгаа вэ гэхээр би 303 тоот өрөөнд орсон чинь бүгд унтаж байсан. Намайг орсон чинь Очгэрэл сэрээд босоод ирсэн. Босож ирээд өмдний халааснаасаа цагаан гялгар уутанд боосон байдалтай өвс гаргаж ирээд өөрөө татаад байсан. Энэ үед тэд нар босоогүй байсан.”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/

            -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-103-р хуудас/

           -Шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд /хх-ийн 110-121-р хуудас/

-Б.О, Б.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 122-126-р хуудас/

-Шүүгдэгч Н.Бын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 127-р хуудас/

-Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 129-186/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарыг яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"–ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт  бодисын түүхий эд өвсийг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Рашааны ойролцоох жалганд, 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан,

 шүүгэгч Б.О нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"–ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд өвсийг  2018 оны 11 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймагт Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7-17 тоотод, 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан,

-шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-5-р байрны 1-р орцонд байрлах Sky media төхөөрөмжийн хайрцагт болон биедээ сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд өвсийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, шүүгдэгч нар 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Оргил зочид буудалд өвсийг татаж хэрэглэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б, Б.Б, Б.О нарын, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"–ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, биедээ болон бусад газарт хадгалсан эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон...сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан... гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б, Б.Б, Б.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй байна.        

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгч нар аливаа мэдээллийн сөрөг талыг тунгаан бодохгүйгээр, ухамсарлахгүйгээр, бусдыг даган дуурайх, сонирхох байдлаар хандаж үйлдсэн байх ба нөгөө талаар, сургууль болон эцэг эх, нийгмийн зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, нийгэмд учруулах аюултай байдлын талаар системтэй мэдлэг олгох, хууль тогтоомж сурталчилах ажиллагаа хийхгүй байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,  3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно гэж тус тус заасан.

Мөн хуулийн 13.1-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч нар сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул дүгнэлт гаргахдаа: Гэм буруугийн талаар маргахгүй. Очгэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгч Булгантамир гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулна уу. Оногдуулсан ялыг хойшлуулна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа дүгнэлт гаргахдаа:Шүүгдэгч Бат-Эрдэнэ өвс хадгалсан бэлтгэсэн үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу          гэжээ.

             Шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Оногдуулах хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Булгантамирын тухайд хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан болох нь  хэрэгт авагдсан Н.Бын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 127-р хуудас/, төрсөний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдсон тул үйлдсэн хэргийн онцлогийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Эрүүгийн хуулийн Найм дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.92 гр, 2,18 гр, 1,20 гр, 0,90 гр шатсан өвс мэт зүйлүүд, мөнгөлөг цаас 1 ширхэг, гялгар ууттай шүдэнз, шүдэнзний хайрцагны цаас, Ранитидин 5 ширхэг эм мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч шүүгдэгч Хонин онход овгийн Н.Б, Б.О нарыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Б.Б Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйээр хууль бусаар  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.О нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.О, Б.Б нарт оногдуулсан тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.92 гр, 2,18 гр, 1,20 гр, 0,90 гр шатсан өвс мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг, гялгар ууттай шүдэнз, шүдэнзний хайрцагны цаас, Ранитидин 5 ширхэг эм мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ