Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00371

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02310 дугаар магадлалтай,

Д.Оын нэхэмжлэлтэй

“О Т”ХХК-д холбогдох

“О Т” ХХК-ийн Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс дуусгавар болгох талаар мэдэгдлийг надад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн. Би халагдах үндэслэлийг зөвшөөрөөгүй тул уг мэдэгдлийг хүлээн авсан гэх баримтад гарын үсэг зураагүй. Би тус компанид ажиллах хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, харин ч эсрэгээрээ шагнал урамшуулал авч байсан. “О Т” ХХК-ийн Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэст туслах процессийн 2 металлургич ажилладаг бөгөөд нэг нь би, нөгөө нь миний шавь буюу Батжаргал юм. Одоо уг орон тоон дээр 3 хүн ажиллаж байгааг би олж мэдсэн. Гэтэл орон тоо цөөрүүлсэн гэж намайг цомхотгохдоо ямар журмаар намайг сонгож цомхотгосон нь ойлгомжгүй, хамгийн хөгшин гэж намайг сонгож байгаа юм уу, эсхүл тэр ажлын байранд хамгийн туршлагатай нь гэж намайг сонгож байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг би зөвшөөрөхгүй тул намайг “О Т” ХХК-ийн урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, Г.Батдолгор нар шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгчийн Т.Навчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Т” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан иргэн Д.Отай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр цуцалсан. Тиймээс нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Орон тоо цөөрсөн нь үнэн. Ажлын үзүүлэлт, ажил тасалсан байдал, сахилгын зөрчил гаргасан байдал зэргийг харгалзан үзэж Д.Оыг сонгож ажлаас нь халсан. Цөөрсөн орон тоонд хэнийг авч үлдэж ажиллуулах нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Оыг “О Т” ХХК-ийн Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “О Т” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24 901 190 төгрөгийг гаргуулж Д.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацааны Д.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “О Т” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Оын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “О Т” ХХК-аас 282 460 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02310 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Оын “О Т” ХХК-д холбогдуулан гаргасан Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О Т” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 210/МА2017/02310 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “О Т” ХХК-д холбогдуулан Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30 572 013 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул 210/МА2017/02310 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хууль нь “...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг...”-ийг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахаар нарийвчлан зохицуулагджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно”, мөн зүйлийн 7.3-т “ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан. Ажил олгогч нь Д.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотлоогүй, орон тоо цөөрүүлсэн гэх боловч энэ нь мөн нотлогдоогүй, орон тоо цөөрсөн юм бол ямар үндэслэл, шалгуураар Д.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо хариуцагч нотлоогүйн дээр ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсан тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 210/МА2017/02310 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Хариуцагч “О Т” ХХК-д холбогдох Баяжмалын техникийн үйлчилгээний хэлтсийн туслах процессийн металлургичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 30 572 013 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Оын нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байдал тогтоогдов.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” гомдол гаргасан ба гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

“О Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Жонс нь гэрээгээр олгосон бүрэн эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох эрхийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 44/16 тоот тушаал гаргаж, “О Т” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн HR0079/17дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...ажилтны тоог цөөрүүлсэн...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 75, 78, 105-107 тал/

Ийнхүү тушаал гаргахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /хх-ийн 4-6 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2 орон тоог 1 болгон цөөрүүлэхдээ нэг ажилтныг нь ямар журмаар сонгож, ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, ...ялгаварлан гадуурхсан гэснээс гадна миний орон тоонд шинээр хүн авсан, одоо 4 хүн ажиллаж байна...” гэсэн үндэслэлийг заажээ.

Зохигчдын мэтгэлцсэн байдал, маргааны зүйлээс үзвэл тухайн байгууллагад орон тоог цөөрүүлэх, хасах тохиолдолд ажилтныг үлдээхдээ тодорхой дүрэм, журам баримтлах эсэхийг зохицуулсан хэм хэмжээ байгаа эсэхийг шүүх тодруулаагүйгээс гадна нэхэмжлэгчийн орон тоонд өөр хүн авсан эсэх талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй байна. 

Анхан шатны шүүх “орон тоо цөөрүүлсэн” үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар чөлөөлж, нөгөө ажилтныг үлдээсэн нь тодорхой бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг, ажил олгогчийн эрх хэмжээний талаар анхаараагүй нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.” гэж заасан тул “...орон тоог бий болгосон...” эсэх маргааны зүйлийн талаар зохигчид мэтгэлцэх нь ач холбогдолтой байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч .”...нэхэмжлэгчийн оронд дахин хүн авсан байх тул нийгмийн даатгалын газарт үзлэг хийлгэх” гэсэн хүсэлт гаргасныг шүүгч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2017/12915 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг хүсэлт үзлэг хийлгэх шаардлага, үндэслэлд хамаарахгүй боловч зорилго нь орон тоог дахин бий болгосон үйл баримтыг нотлохтой холбоотой байх тул шүүх хүсэлтийг тодруулж, Нийгмийн даатгалын байгууллагаас маргааны үйл баримтад хамаарах хугацаанд ажил олгогч байгууллагын зүгээс ажилтнуудын нийгмийн даатгалын бичилт хийлгэсэн баримтыг гаргуулах замаар нотлох баримтыг бүрдүүлэх боломж байжээ. /хх-185, 186/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02431 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02310 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА