| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0216/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/216 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Д.М
Иргэний хариуцагч: Ц.Б
Шүүгдэгч: Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ДГад холбогдох 1912004300230 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Цагаан эрэгийн цахиур” ХХК-д манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 34-3409 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ДГ /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Петровис шатахуун түгээх станцын урд зам дээр 91-00 АРА улсын дугаартай Пронтер маркийн аютомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Д.Мг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Д.М мэдүүлэхдээ: ...Миний гар хугарч, бяцарсан, зөөлөн эд нь эдгэсэн ч одоогийн байдлаар яс нь хөндий байгаа, мөн 4 шүд унасан, 3 шүд дундуураа хугарсан. 2019 оны 07 дугаар сард ахыгаа авах гэж явж байхад урдаас нэг машин гэрлээ шилжүүлэхгүй ороод ирсэн. Нуруу, шүдний хохирол төлбөрөө гаргуулна гэв.
Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Ц.Б мэдүүлэхдээ: ...Надад гомдол санал байхгүй. Машины эвдрэл гэмтлийг засаж өгсөн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912004300230 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мгийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 50 минутанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 5-506 тоотод байх гэрээсээ төрсөн ах Баттөрийг ажлаас нь авахаар өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио унаад гарсан. Би гэрээсээ гараад засмал зам нийлээд Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын зам дээр явж байхад замын эсрэг талын урсгалаас хөх өнгийн өнгийн Пронтер маркийн авто машин гэнэт урсгал сөрж орж ирээд намайг мөргөж унагаасан. Тэгээд би машинд мөргүүлээд ухаан алдаад түргэний машин ирж авахад ухаан ороод эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирж дахиж ухаан алдаж унаад нэг сэрэхэд эмнэлэгийн 5 дугаар тасагт эмчлүүлээд хэвтэж байсан. Тухайн үед орой болсон байсан учир машинуудын гэрэл ойгоод намайг мөргөсөн. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, содон шинж тэмдгийг сайн харж чадаагүй бөгөөд хөх өнгийн Пронтер маркийн автомашин байсан. Зам тээврийн осол болох үед би согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас миний хүзүүний судас зангиралттай, нуруу далийсан, зүүн мөрний бугалганы зөөлөн эд бяцарч, яс нь цуурсан, 4 шүд угаараа хугарч унасан, 3 шүд хагас цууралттай гэсэн гэмтлүүд учирсан. Одоогоор эмчийн хяналтанд байх шаардлагатай байгаа. Намайг мөргөсөн жолооч надад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, осол гарсны дараа тухайн газраас шууд зугтаж явсан байсан. Би маш их гомдолтой байна. Өөрт үүссэн хохирлоо хурдан барагдуулмаар байна. Миний зүгээр байсан биеийг гэмтээж, надад хохирол учруулсан нь үнэхээр хэцүү байгаа. Би хоол ундаа ч олигтой идэж чадахгүй байгаа гэж хэлмээр байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б. гийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 50 минутад Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 5-506 тоотод байх гэрээсээ өөрийн ах Бөттөрийг ажлаас нь очиж авахаар өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоциклио унаад явсан. Тэгээд 22 цаг 12 минутын үед би нөхөр Мгийн утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь хэсэг хугацааны дараа намайг дахиад залгахад М өөрөө утсаа аваад намайг доод “Петровис” шатахуун түгээх станцын тойрог өнгөрөөд явж байхад нэг машин мөргөчихлөө, гэрлээ шилжүүлэхгүй байсаар байгаад хажуугаас ирээд мөргөчихлөө би эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би 23 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход манай нөхөр Мгийн нүүр, ам нь цус болсон, уруулны дээд талаас нь цус гарсан, биеийн байдал нь муу байсан. Манай нөхөр Д.М нь архи уудаггүй. Тухайн үед гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Манай нөхрийн дээд үүдэн шүднээс 4 шүд нь угаараа хугарсан, нэг шүд нь хагас хугарсан, доод үүдэн шүднээс 2 шүд угаараа хугарч, нэг шүд нь хагас хугарсан мөн зүүн дээд уруул нь язарч, сэтэрсэн, зүүн талын мөр, бугалганы яс нь тохой хүртлээ хугарсан, зүүн ташаа хөхөрч хавдсан, хамар нь угаараа хавдаж гэмтсэн. Манай нөхрийн толгой нь өвдөөд, нүд нь бүрэлзээд, халуураад биеийн байдал нь ерөнхийдөө тааруу байгаа. Иймд явдал болсонд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед ажилдаа яваад манай нөхөр Г нь гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд орой 18 цагийн үед манай нөхөр над руу залгаад би хогоо хаячихаад ирье Гурваа дарга орой машин авна гэж байна гэж над руу ярьсан. Би орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Нийтийн худалдааны төв”-ийн дотор байрлах “Цахиур” ХХК-ны хашаанд байрлах гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгасан чинь нэг хүний юм ачиж өгнө гэж надад хэлсэн бөгөөд орой 23 цагийн үед гэрийн гадаа машин хаазлаад байхаар нь гараад хартал манай нөхөр ирчихсэн байсан. Манай нөхөр гэртээ орж ирж ирээд байж байтал удалгүй хоёр цагдаа манай гэрт хүрч ирсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ архи уусан ирсэн. Гэхдээ согтуу нь гайт байх шиг байсан. Манай нөхөр машинаа хашааны хойно орхиод гэртээ шууд орж ирсэн болохоор би сайн харж чадаагүй. Тэр машин нь манай нөхрийн ажилладаг “Цахиур” ХХК-ны эзэмшлийн машин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ц.Бын мэдүүлсэн: ...91-00 АРА улсын дугаартай “Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл нь манай “Цагаан эрэгийн цахиур” ХХК-ны эзэмшилд байдаг автомашин юм. Надад өөрийгөө иргэний хариуцагчаар тогтоогдсонтой холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Ер нь бол Д.Г нь манай “Цагаан эрэгийн цахиур” ХХК-нд манаач хийдэг. 91-00 АРА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг байгууллагын аж ахуйн ажилд тогтмол ашиглуулдаг. Тухайн өдөр гэр рүүгээ хогоо асгана гэж хэлээд унаж явсан. Д.Г нь автомашин авч зугтаасан асуудал байхгүй. Тухайн автомашиныг жолооч Д.Гын мэдэлд аж ахуйн ажилд ашиглах зорилгоор ашиглуулдаг. Гэхдээ албан ёсоор хариуцуулсан зүйл байхгүй. Нэг дохио нь эвдэрсэн байсан. Сүртэй эвдрэл гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Гын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр албан газрынхаа хогийг хаях гээд ачаад явж байтал найз Бтай тааралдсан. Б намайг машины тэвш ачаад өгөөч гэхээр нь хамт явсан. Бид 2 замдаа 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад хогоо аччихаад хогийн жалганы наана зогсоод 2, 2 татчихаад Бгийн гэрт очиж машины кузовыг нь ачиж аваачиж хаясан. Бид 2 буцах замдаа үлдсэн архиа уучихаад, Бгийн гэрт ирээд 1 аяга уучихаад харих гэж яваад “Хөрс” колонкоос шатахуун авах гээд зүүн тийш эргэтэл дээрээс мотоцикль орж ирээд мөргөлдсөн. Би мотоцикпь мөргөчихлөө гэдгээ мэдсэн. Тухайн үедээ айж сандраад яах учраа олохгүй давхиад гэр рүүгээ явчихсан. Би колонк руу орох гээд хурдаа сааруулаад 40 км/цаг орчим хурдтай явж байсан. Уг мотоцикль 24-н тойргоор орж ирж байсан. Би амжаад эргэчих байх гэтэл зөв талаар орж ирээд мөргөлдчихсөн. Би ганцаараа явсан. Би “Гэгээн үйлс” гэдэг эмнэлэг дээр шүднийх нь эмчилгээг хийлгэж байгаа. Уг автомашин хэний нэр бүртгэлтэй байгааг нь сайн мэдэхгүй байна, “Цахиур ХХК”-ны хогийг тээвэрлэх гэх мэт ажилд ашигладаг. “Цахиур” ХХК-ны захирлаар Жамц гэх хүн байдаг байсан. Одоо хэнийх нь нэр дээр байгааг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 91-94 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Мгийн биед зүүн бугалга ясны дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, 13,14, 43,44-р шүд унасан, 12,42-р шүдний их биеийн хугарал, уруулын дотор салст, буйл завьжинд язарсан шарх, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт сэтэрсэн шарх, зүүн гуя, ташаа, нурууны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох үеийн нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Зүүн бугалга ясны далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 13,14, 43,44-р шүд унасан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дөрөв, Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн Арван нэг. 52-3-д зааснаар хүндэвтэр зэрэгт, 12,42-р шүдний их биеийн хугарал, уруулын дотор салст, буйл завьжинд язарсан шарх, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт сэтэрсэн шарх гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, зүүн гуя, ташаа, нурууны доод хэсэгт зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид 13,14, 43,44-р шүд унасан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулна. Бусад гэмтэл тус бүр хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоер эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 2.1. Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоер эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүулэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундэа, мансруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 2.2. Жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3. Уг зам тээврийн осол нь жолооч Д.Гын буруутай үйлдлийн улмаас гарсан байна гэж үзэв. 4. Жолооч Д.Гын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Зогсоох арга хэмжээ аваагүй байна. 5. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 6. 1. Жолооч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. / Лавлагааг хавсаргав. 6.2. Жолооч Д.М тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын үнэмлэхтэй байна. / Лавлагааг хавсаргав/...гэх дүгнэлт /хх-ийн 67 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 07 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10, 12 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 97хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 96хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн “Петровис” шатахуун түгээх станцын урд зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Д.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, жолооч Д.Г нь зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдлууд тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Петровис шатахуун түгээх станцын урд зам дээр 91-00 АРА улсын дугаартай Пронтер маркийн аютомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Д.Мг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мгийн мэдүүлсэн “Би гэрээсээ гараад засмал зам нийлээд Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын зам дээр явж байхад замын эсрэг талын урсгалаас хөх өнгийн өнгийн Пронтер маркийн авто машин гэнэт урсгал сөрж орж ирээд намайг мөргөж унагаасан. Тэгээд би машинд мөргүүлээд ухаан алдаад түргэний машин ирж авахад ухаан ороод эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирж дахиж ухаан алдаж унаад нэг сэрэхэд эмнэлэгийн 5 дугаар тасагт эмчлүүлээд хэвтэж байсан. Тухайн үед орой болсон байсан учир машинуудын гэрэл ойгоод намайг мөргөсөн. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, содон шинж тэмдгийг сайн харж чадаагүй бөгөөд хөх өнгийн Пронтер маркийн автомашин байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, “миний гар хугарч, бяцарсан, зөөлөн эд нь эдгэсэн ч одоогийн байдлаар яс нь хөндий байгаа, мөн 4 шүд унасан, 3 шүд дундуураа хугарсан. 2019 оны 07 дугаар сард ахыгаа авах гэж явж байхад урдаас нэг машин гэрлээ шилжүүлэхгүй ороод ирсэн. Нуруу, шүдний хохирол төлбөрөө гаргуулна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лгийн мэдүүлсэн “ манай нөхөр Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 50 минутад Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 5-506 тоотод байх гэрээсээ өөрийн ах Бөттөрийг ажлаас нь очиж авахаар өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоциклио унаад явсан. Тэгээд 22 цаг 12 минутын үед би нөхөр Мгийн утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь хэсэг хугацааны дараа намайг дахиад залгахад М өөрөө утсаа аваад намайг доод “Петровис” шатахуун түгээх станцын тойрог өнгөрөөд явж байхад нэг машин мөргөчихлөө, гэрлээ шилжүүлэхгүй байсаар байгаад хажуугаас ирээд мөргөчихлөө би эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би 23 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход манай нөхөр Мгийн нүүр, ам нь цус болсон, уруулны дээд талаас нь цус гарсан, биеийн байдал нь муу байсан. Манай нөхрийн дээд үүдэн шүднээс 4 шүд нь угаараа хугарсан, нэг шүд нь хагас хугарсан, доод үүдэн шүднээс 2 шүд угаараа хугарч, нэг шүд нь хагас хугарсан мөн зүүн дээд уруул нь язарч, сэтэрсэн, зүүн талын мөр, бугалганы яс нь тохой хүртлээ хугарсан, зүүн ташаа хөхөрч хавдсан, хамар нь угаараа хавдаж гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн “орой 18 цагийн үед манай нөхөр над руу залгаад би хогоо хаячихаад ирье Гурваа дарга орой машин авна гэж байна гэж над руу ярьсан. Би орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Нийтийн худалдааны төв”-ийн дотор байрлах “Цахиур” ХХК-ны хашаанд байрлах гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгасан чинь нэг хүний юм ачиж өгнө гэж надад хэлсэн бөгөөд орой 23 цагийн үед гэрийн гадаа машин хаазлаад байхаар нь гараад хартал манай нөхөр ирчихсэн байсан. Манай нөхөр гэртээ орж ирж ирээд байж байтал удалгүй хоёр цагдаа манай гэрт хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд Д.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 буцах замдаа үлдсэн архиа уучихаад, Бгийн гэрт ирээд 1 аяга уучихаад харих гэж яваад “Хөрс” колонкоос шатахуун авах гээд зүүн тийш эргэтэл дээрээс мотоцикль орж ирээд мөргөлдсөн. Би мотоцикпь мөргөчихлөө гэдгээ мэдсэн. Тухайн үедээ айж сандраад яах учраа олохгүй давхиад гэр рүүгээ явчихсан. Би колонк руу орох гээд хурдаа сааруулаад 40 км/цаг орчим хурдтай явж байсан. Уг мотоцикль 24-н тойргоор орж ирж байсан. Би амжаад эргэчих байх гэтэл зөв талаар орж ирээд мөргөлдчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 91-94/, хохирогч Д.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот шинжээчийн дүгнэлт хх-ийн 67/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 07/, ослын газрын схем зураг /хх-ийн 08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10, 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт ДГыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Цагаан эрэгийн цахиур” ХХ компаниас гэм хорын хохиролд 1.374.981 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 05-506 тоотод оршин суух Б овогт Дагвын Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэх үед жолоодож явсан 91-00 АРА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашин нь “Цагаан эрэгийн цахиур” ХХ компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд тухайн үед шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгслийг тус компаний хог ачих ажлаар явж байсан болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41/, иргэний хариуцагч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 45/, шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.374.981 төгрөгийг иргэний хариуцагч “Цагаан эрэгийн цахиур” ХХ компаниас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.М нь өөрт учирсан хохирлын тооцоог бүрэн гаргаж тодорхой үнийн дүнгээр нэхэмжлээгүй боловч шүүх хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар “Лазер мед” эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөр, эм тарианы үнэ зэрэг 1.374.981 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжтой байна.
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Г-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Цагаан эрэгийн цахиур” ХХ компаниас гэм хорын хохиролд 1.374.981 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хорооллын 05-506 тоотод оршин суух хохирогч Б овогт Дагвын Мд олгосугай.
8. Шүүгдэгч Д.Гад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч /иргэний хариуцагчтай холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ