Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00861

 

 

 

 

 

 

   2016 оны 10 сарын 04 өдөр

 

 

 

 

      Дугаар 181/ШШ2016/00861

 

 

 

 

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

            Нэхэмжлэгч: Г.Ш ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ш д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813  төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ц  хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Г.Г, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ш нь Ш ийн ректорын 2016 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн Б\01 тоот тушаалаар Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудитор албан тушаалд ажилд орсон.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил олгогч хуульд заасны дагуу туршилтын хугацаагаар 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Ажил олгогч  туршилтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой байтал 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр туршилтын хугацааг дахин 3 сараар сунгаж байгуулсан.

Дээрх хугацаа дуусахад Ш ийн ректорын 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/158 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр дуусгавар болгож намайг ажлаас чөлөөлсөн.

Миний бие ажиллах хугацаандаа аливаа ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагын дотоод журам, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ажил олгогчийн байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах хуульд заасан үүргээ зөрчиж хугацаатай гэрээ байгуулан одоо хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тус үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 2.13-т Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж жинхлэн ажиллуулах тухай Ректорын болон захирлын тушаал гаргана.  гэж эаасан байхад хөдөлмөрийн гэрээг байгуулж байнгын ажлын байраар хангах ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй нь миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Ш ийн ректорын 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/158 тоот тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Ш намайг Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 734 813  төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Ш ийг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Ш -ийн Рөкторын Б/01 тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс тус сургуулийн Захиргаа мониторингийн газрын дотоод аудиторын  албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилон ажиллуулсан.

 Туршилтын хугацааг Ш -ийн Ректорын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 тоот тушаалаар 3 сараар сунгасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, Сургуулийн удирдлага туршилтаар ажиллах 6 сарын хугацаанд Г.Ш ийг дотоод аудиторын албан тушаалыг “хангалтгүй гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож түүнийг ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Г.Ш нь Ш -ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын албан тушаалыг хангалтгүй гүйцэтгэж байсан  жишээ нь:

1. Ш -ийн Захиргаа мониторингийн газраас 2016 онд хуваарийн дагуу дотоод аудитор Г.Ш нь 2016 оны 1 дүгээр сард Гадаад хэлний институт, 2016 оны 2, 3 дугаар сард БуХС / КТМС/, 2016 оны 4 дүгээр сард ОУДБСТөв, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуульд, 2016 оны 5, 6 дугаар сард ХШУС-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд тус тус дотоод хяналт шалгалтыг явуулах төлөвлөгөөтэй байсан. Дээр дурдсан төлөвлөгөөт 6 шалгалтаас Г.Ш 5 сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг явуулах төлөвлөгөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан дотоод аудиторын үндсэн чиг үүргийг гүйцэтгээгүй тасалж орхигдуулсан.

2. Г.Ш нь туршилтын хугацаанд Гадаад хэлний институтын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, Механик тээврийн сургуульд төлөвлөгөөт бус нийт 2 шалгалт явуулсан боловч дотоод хяналтын ажлын шаардлагыг хангаагүй.

Гадаад хэлний институт дээр явуулсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сургуулийн удирдлагад танилцуулж, хурлаар хэлэлцүүлээгүй төдийгүй шаардлага хангахгүй удирдамж боловсруулан, батлуулаагүй удирдамжаар хяналт шалгалт явуулсан.

 3.Механик тээврийн сургуулийн нярав Н.Энхбаярын ажилд хяналт шалгалт явуулж өгөх хүсэлтийн дагуу дотоод аудитор С.Энхбаатар, Ш.Шүрэнцэцэг нар шалгасан боловч шалгалтын дүгнэлт тайланг сургуулийн удирдлага, санхүүгийн албан тушаалтнууд болон зөрчил гаргасан кассын няравт танилцуулж, дүгнэлтэнд нэр бүхий хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй, шалгалтаар 59.389.766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашиглаж шамшигдуулсан байхад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын хэргийг цагдаагийн байгуулагад шилжүүлэх, шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй орхигдуулсан нь Ш -ийн дотоод хяналт шалгалтын журмын 5.1.1-д заасныг зөрчсөн.

4. Манай сургуулийн үйл ажиллагаа кредит цагийн системээр явагддаг бөгөөд дотоод аудитор сургалтын төлбөрийн тооцоо, орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хяналт шалгалт хийхдээ багш нарын цагийн тооцоо, оюутны кредит сонголт, кредитийн урамшуулал судалж шалгах үүрэгт ажлаа хийж чадахгүй гэдгээ Ректорын зөвлөлийн хурлаар тайлан хэлэлцүүлж байх үеэрээ хэлж байсан болно.

5. Ректорын зөвлөлийн гишүүд болон бүрэлдэхүүн сургуулийн зарим нягтлан бодогч нар Г.Ш ийн зан байдал, хүмүүстэй харьцах харилцааны асуудал дээр шүүмжлэлтэй хандаж, удирдлагуудад аман байдлаар гомдол санал гаргаж байсан болно.

6.Дотоод хяналтын ажилд хариуцлага, санаачлагагүй хандсан. Монгол Улсын Аудитын тухай хуулийн 9.1., 3.1.14-т заасныг зөрчин түүний явуулсан гэх шалгалтын материал нь бичиг хэргийн стандарт нормативын дагуу эмхэтгээгүй, шалгалтын материалыг бүрдүүлээгүй.

7. Г.Ш ийг хяналт шалгалтын ажил гүйцэтгэхэд байгууллагын захиргаанаас ажиллах боломж нөхцөлөөр бүрэн хангаж ирсэн боловч ажлын бүтээмж муу төлөвлөсөн ажлын биелэлт 10 орчим хувийн гүйцэтгэлтэй, 90 орчим хувийг тасалдуулсан нь түүний ажил хариуцах чадвар, идэвхи санаачлага хэт сул гэж үзэхээс аргагүй нөхцөлд хүрсэн.

8. Г.Ш дотоод аудитороор ажиллах зургаан сарын хугацаанд ямар төлөвлөгөө, удирдамжийг үндэслэн хаана, хэдий хугацаанд ямар шалгалтыг явуулж, хичнээн зөрчил илрүүлж засуулав, шалгалт явуулсан тайлан дүгнэлт, хурлаар хэлэлцүүлсэн байдал, шалгалттай холбогдуулан гарсан санал хүсэлтийг шийдвэрлэсэн талаар бичгийн баримт, шалгалтын материал байхгүй байгааг ажил хариуцах чадвар хэтэрхий сул, дотоод аудитор гэсэн хариуцлагатай ажил, албан тушаалыг гүйцэтгэх чадваргүй болохоо туршилтын зургаан сарын хугацаанд харуулсан.

9. Г.Ш 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2016 оны 6 сарын ЗО-ны өдрийг дуустал 6 сар туршилтаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлын тайланг бичиж гарын үсгээрээ баталгаажуулсан болно. Ажлын тайланд төлөвлөгөөт шалгалт Гадаад хэлний институтын 2015 оны санхүүгийн болон сургалтын төлбөрийн баримтанд дотоод хяналт шалгалтыг 2016 оны 2 дугаар сарын 10-наас 2016 оны 2 дугаар сарын 29-нийг дуустал 9 хоног, төлөвлөгөөт бус шалгалт Механик тээврийн сургуулийн 2014 оны кассын болон сургалтын төлбөрийн баримтанд дотоод хяналт шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 10-наас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 21 хоног шалгасан гэснээс үзэхэд 30 хоног буюу 1 сарыг хяналт шалгалт хийхэд зориулжээ гэдэг нь тогтоогдож байгаа болно. Туршилтын 5 сар буюу 150 хоногт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, өөрийн санаачилгаар ажил гүйцэтгэсэн гэсэн тайлбар хийж, сургуулийн дотоод үйл ажиллагаатай танилцсан, төлөвлөгөө боловсруулахад хамтран оролцсон, нийтлэг илэрсэн зөрчилтэй танилцсан, санхүүгийн программтай танилцсан гэж өдөр тутмын ахуйн шинж чанартай асуудлыг гүйцэтгэсэн ажил болгон сул чөлөөтэй, ажлын цаг хийдүүлсэн цаг хугацаагаа ажил хийсэн болгож тайлагнасан нь бодитой байдалд нийцэхгүй байна.

Г.Ш туршилтаар ажиллах хугацаандаа Ш -ийн бүрэлдэхүүн сургууль, нэгж, салбаруудад хийх хуваарьтай дотоод хяналт, шалгалтын нэгдсэн төлөвлөгөөт ажлын 1,  төлөвлөгөөт бус 1 шалгалт гүйцэтгэн төлөвлөсөн хяналтын ажлын 10 хувийг гүйцэтгэж, 90 орчим хувийг гүйцэтгээгүй, туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон учир сургуулийн удирдлагаас туршилтын хугацаанд ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүй, шудрага ёсонд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа болно.

10.Г.Ш ажил хүлээлцэх комиссын шаардлагыг үл тоож, ажлаа хүлээлгэн өгөөгүй учраас туршилтын 6 сарын хугацааны 2016 оны 2 дугаар сарын 10-наас 2016 оны 2 дугаар сарын 29-ний хүртэл 19 хоног явуулсан гэх шалгалтын материал олдохгүй байгаа учраас хууль зүйн дүгнэлтийг гаргах боломжгүй болоод байна.

Ректорын тушаалаар Г.Ш ийн ажлыг хүлээлцэх комисс байгуулан дуудахад ирэхгүй ажлаа хүлээлгэж өгөхгүй гээд алга болж байгаа юм. Энэ байдал нь түүнийг зан байдлын хувьд ёс суртахуунгүй, аливаа дүрэм журмыг хүндэтгэн үздэггүй болохыг гэрчилж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болно гэж заасны дагуу Г.Ш тэй харилцан тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 3 сарын хугацаатайгаар Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд авсан. Түүнд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ сайн гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй байгуулах боломж олгож гэрээгээ дахин 3 сараар сунгасан. Энэ бүхнийг Г.Ш сайн мэдэж байгаа. Туршилтын дээрх хугацаанд хангалттай сайн ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд Г.Ш ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813  төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Г.Ш тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж маргажээ.

            Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудитороор ажиллаж байсан Г.Ш ийг  “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус сургуулийн Б/158 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 3-9,47-49,63-75-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Г.Ш ийг  “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Г.Ш нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Г.Ш тэй харилцан тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаатай Хөдөлмөрйин гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 3-6-р хуудас/

 

            Уг туршилтын хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 дугаартай тушаалаар 3 сараар сунгаж Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зуржээ. /хх-ийн 3-7, 44-р хуудас/

Дээрх хугацаанд Г.Ш нь Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудитороор ажиллаж байсан байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 2.13-д Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ректорын болон захирлын тушаал гаргана гэжээ. /хх-ийн 70-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй боловч 23.2.2-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасны дагуу ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролцооны үндсэн дээр ажил олгогч нь Г.Ш тэй хугацаатай гэрээ хийсэн болох нь Хөдөлмөрийн гэрээ, ажилтны өргөдөл, ажил олгогчийн зөвшөөрлөөр тогтоогдож байна./хх-ийн 3-7, 56 –р хуудас/  

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид дахин сунгагдахгүй болсон “ тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсний дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Г.Ш ийг Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813  төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.Ш ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Г.Ш ийг Ш ийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813  төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО