Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/00817

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр       Дугаар 181/ШШ2016/00817       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

            Нэхэмжлэгч: С.Ц гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Э нд холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, Ш.Б,  хариуцагчийн төлөөлөгч Б.Э, Э.С, Т.Б, гэрч Р.О , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ны дарга С.О нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар намайг тус хорооны Зохицуулалтын газрын даргын ажлаас халсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Үүний дараа надтай эвлэрлийн гэрээ байгуулан намайг өмнөх ажилд нь эгүүлэн авах зохих хохирлыг нөхөн төлөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж зохих бичилт хийх үүрэг хүлээсэн.

Энэ эвлэрлийн гэрээг шүүх 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3620/и дугаартай захирамж гаргаж эвлэрлийг баталсан. Гэтэл Э дээрх захирамжийг бодитойгоор биелүүлээгүй атлаа 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/119 тушаалаар намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоосон мэт тушаал гаргаж ажилд оруулахгүй, ажиллах боломж олгохгүй байсан тул эвлэрлийн гэрээ баталсан шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан.

 Шүүх уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай гүйцэтгэх хуудас , албадан биелүүлэх захирамжийг гаргасан. Э энэ захирамж гарснаас хойш 2 сар хагасын дараа эвлэрлийн гэрээнд заасан нөхөх олговрын мөнгийг шилжүүлсэн байсан. Намайг өмнөх ажилд оруулах ямар ч алхам хийлгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох тухай Б/119 тушаалтай хамт нэг өдөр намайг ажлаас халах тухай Б/120 дугаартай тушаал гаргажээ.

 Б/120 дугаартай тушаалыг өнөөдрийг хүртэл надад гардуулж өгөөгүй төдийгүй шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хуурах ажиллагаа хийсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 3620/и дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байсан.

 Гэтэл Э шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй атлаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг буруутган шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл саатаж би хохирсоор байна. Уг нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэг анхан, давах хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж дууссан. Давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1582 дугаартай магадлалдаа гуравдагч этгээд С.Ц нь Э ны 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/120 тушаалаар ажлаас халсан  нь үндэслэлтэй эсэх талаар хөдөлмөрийн тухай хуулийн 129.3., 128.1.2., 69.1 дэх хэсэгт зааснаар тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэж заасан. Улсын дээд шүүх 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 00096 дугаартай тогтоолд С.Ц г ажлаас халсан Б/120 дугаар тушаалын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гэж заасан болно.

Намайг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албан ёсоор биелүүлэхгүй болохоор нь дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нэхэмжилж шүүхэд хандахад зохигчийн маргаж байгаа зүйл түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Э 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3620/и дугаартай шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй атлаа 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/119 тушаалаар намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоосон мэт тушаал гаргаж ажилд оруулахгүй, ажиллах боломж олгохгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгч шүүхэд хандах миний эрхийг албаар хойшлуулж өнөөдрийг хүрсэн. Иймээс би гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна

Намайг Э ны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч  түүний  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ны даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/119 тушаалаар иргэн С.Ц г Зохицуулалтын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн авахдаа уг тушаалын 2 дугаар заалтаар 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Ц тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг буцаан сэргээсэн.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, Хорооны хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3, Э ны ажилтан, албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5, 2.1.6, 3.9, 3.10, 3.12, 4.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3.2 дах заалтуудыг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/120 тоот тушаалыг гаргасан. Б/120 тоот тушаал гарсныг С.Ц мэдэж байсан бөгөөд албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулах гэхээр зугатаж алга болсон, гэрийн болон гар утасаа салгасан байсан. Энэ асуудлаар хүний нөөцийн мэргэжилтэн Р.Одонтуяа биечлэн уулзахаар нилээд оролдлого хийсэн.

 С.Ц нь ёс зүйн ноцтой алдаа, дутагдал гаргаж байсныг гэрчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон төрийн бус байгууллагаас гомдол хүсэлтүүд ирүүлсэн. Түүнчлэн С.Ц д 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/63 тоот тушаалаар цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байхад 2014 оны 01 дүгээр сарын 28-ны Б/14 тоот тушаалаар дахин цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авсан. С.Ц г ажлаас халах хангалттай  үндэслэл байгаа тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин гэсэн ойлголт байхгүй, зөвшөөрөхгүй. Энэ бүхэн С.Ц гийн өөрийнх нь буруугаас болсон, өмнө нь бид С.Ц гийн өөрийнх нь хүсэлтийг аваагүй болохоороо эвлэрсэн. Цэцгээ сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан тул ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай өөрөө ч мэдсэн мөртлөө Б/120 тушаалыг санаатайгаар аваагүй. 

Э ны 2012 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Э ны шагнал, урамшууллын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д жилийн үр дүнгийн шагналыг олгохгүй байх нөхцлийг заасан байгаа бөгөөд мөн журмын 4.6.2-т Хорооны хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөний улмаас ажлаас халагдсан гэх үндэслэлээр 2014 оны үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөг нэхэмжилж  байгааг ч хүлээн авах үндэсгүй. С.Ц гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Р.Одонтуяагийн мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь Э ны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Ц г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргажээ.

            С.Ц нь Э ны Зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Түүнийг “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан” үндэслэлээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан нь зохигчийн тайлбар, тус хорооны даргын Б/120 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хорооны дүрэм,  дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 53, 63-79, 81-84-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь С.Ц г “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

            Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааны хувьд:

Э ны Зохицуулалтын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/63 тушаалаар “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр С.Ц гийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” үндэслэлээр цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж улмаар Э ны даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар С.Ц тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлөхөд С.Ц нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ./хх-ийн 80, 89, 94-р хуудас/

            Тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3620/и дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч С.Ц , хариуцагч Э нд холбогдуулан гаргасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Э ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч С.Ц г Зохицуулах газрын даргын ажилд эгүүлэн авч , ажилгүй байсан хугацааны олговорт 9 375 078 төгрөгийг нэхэмжлэгчид олгож С.Ц гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, дэвтэрт зохих бичилтийг хийх тухай зохигчдын эвлэрлийг баталж” хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./хх-ийн 4-5-р хуудас/

            Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Э ны Зохицуулалтын газрын дарга С.Ц г 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай Б/119 дугаартай тушаалыг гаргажээ./хх-ийн 137-р хуудас/

            Э ны дарга нь тус хорооны Зохицуулалтын газрын дарга С.Ц г 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай Б/119 дугаартай тушаалыг гаргасан атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ажлын байраар хангаагүй тул С.Ц нь шүүхэд хүсэлт гаргаж “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” захирамжийг 2014.10.03-ны өдөр, гүйцэтгэх хуудсыг 2014.10.06-ны өдөр тус тус бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байна./хх-ийн 6-8-р хуудас/

            Гэтэл Э нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015.9.16-ны өдөр 6199 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015.12.02-ны өдөр 1582 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016.02.01.-ний 00096 дугаартай тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10-22-р хуудас/

Мөн нэхэмжлэгч  С.Ц нь Э нд холбогдуулан ажиллаагүй хугацааны цалин, урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргахад шүүх 2015.6.10-ны өдрийн 19128 дугаартай захирамжаар “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ./хх-ийн134-135-р хуудас/

Дээд шүүхийн 00096 дугаартай тогтоолыг тухайн хэргийн гуравдагч этгээд С.Ц 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардан авч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргажээ. /хх-ийн 146-р хуудас/

            Э ны даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/119, Б/120 дугаартай тушаалуудыг С.Ц д гардуулан өгөөгүй С.Ц энэ тухай мэдсэн боловч шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан  болох нь дээрх үйлдлээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэсгүй.

Хоёр: Сахилгын зөрчлийг давтан гаргаж ажлаас халагдсан тухайд:

 Э ны дарга нэхэмжлэгч С.Ц г ажилд нь эгүүлэн тогтоох тухай тушаал гаргасан өдөр буюу  2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/120 дугаартай тушаалаараа С.Ц г тус хорооны зохицуулалтын газрын даргын ажлаас чөлөөлжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

          Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд С.Ц нь Б/120 дугаартай тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын ямар, ямар зөрчлийг хэзээ гаргаж давтан зөрчил гаргасан талаар тодорхойгүй байна. Түүнчлэн С.Ц тэй 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/119 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авахдаа дээрх хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг буцаан хэрэглэхээр заажээ.

Тус хөдөлмөрийн гэрээний 2.3.2.-д зааснаар  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж байгаа боловч С.Ц гийн өмнө ажиллаж байх үед гаргасан зөрчлийг сүүлд дахин зөрчил гаргасан мэт үзэж ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Гурав: Үр дүнгийн урамшуулалын тухайд:

“Хамтын гэрээ”-ний 3.7-д Жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 3 хүртэл сарын дундаж үндсэн цалин, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно. /хх-ийн 23-27-р хуудас/

“Э ны шагнал урамшууллын журам”-ын 4.1-д  жилийн ажлын үр дүнгийн шагналын хэмжээг тогтоох, олгохдоо хорооны захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан Хамтын гэрээнд заасан хэмжээ, тухайн жилд хорооноос дэвшүүлсэн зорилтуудын биелэлт, хорооны чиг үүргийг хэрэгжүүлсэн байдлыг харгалзан Даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэжээ. /хх-ийн 138-145-р хуудас/

Нэхэмжлэгч хамтын гэрээний дагуу 2014 оны үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийгээ нотлох тус хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэр болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.

          Иймд С.Ц г Э ны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2014 оны 9 дүгээр сарын 23-наас 2016 оны 9 дүгээр сарын 28 хүртэл /24 сар 5 хоног/ хугацаагаар сарын үндсэн цалинг /2014 оны 10,11,12 дугаар сарын цалингийн дундаж / 1 993 333 төгрөгөөр тооцож ажил олгогчоос /24х1 993 333=47 839 992/,  /1 993 333:21,5=92713, 5х92713=463 565/ нийт  48 303 557 төгрөгийг гаргуулан С.Ц д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих  бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 18 220 966 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан С.Ц г Э ны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, тус хорооноос 48 303 557/ дөчин найман сая гурван зуун гурван мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулан С.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 220 966 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд нэхэмжилсэн 8 361 557 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ц тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 399 467 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО