Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2019/0224/Э |
Дугаар | 2019/ШЦТ/226 |
Огноо | 2019-10-25 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Д Мд холбогдох 1812004010250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Довогт Д М /
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн урд зогсоол дээр автомашинтай худалдаа хийж байсан иргэн Д.Бгийн 475.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812004010250 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бгийн мэдүүлсэн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байх “Хасу” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байсан Рио маркийн 57-41 УБЭ улсын дугаартай автомашины багаажийг онгойлгон ногоо зарж байгаад өдөр 15 цагийн үед автомашины багаажинд байсан цүнхэнд байх түрийвчнээс мөнгө авахаар түрийвчээ онгойлгож үзтэл түрийвчин дотор байсан 500.000 орчим мянган төгрөг алга болсон байхаар нь гайхаад нөхөр Гыг аваад өөр газар хийсэн байх гэж бодоод асуутал мэдэхгүй, би аваагүй гэж хэлэхээр нь гайхаад хулгайд алдсан байж болзошгүй гэж бодоод байж байтал манай нөхөр Г түрүүн чиний хажууд зогсоод ногоо үзэж байсан цагаан даашинзтай хүүхэн авчихсан байж магадгүй гэж хэлэхлээр нь “Тансаг” дэлгүүрийн камерыг шүүж үзтэл 12 цаг 48 минутын орчид цагаан даашинзтай шар хувцастай жижиг хүүхэд тэвэрсэн хүн ирээд сэжиг бүхий байдлаар машины багаажнаас юм авч цүнх рүүгээ хийж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж шалгуулсан. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй. Цагаан өнгийн даашинзтай, дунд зэргийн нуруутай, шардуу царайтай, 20 гаруй насны эмэгтэй хүн байсан бөгөөд шар өнгийн хувцастай, цагаан өнгийн малгайтай 1 насны бололтой хүүхэд тэвэрсэн эмэгтэй байсан. Голдуу 20.000 төгрөгийн дэвсгэрт, тэгээд 10000, 5.000 төгрөгийн дэвсгэрт цөөхөн байсан. Манай нөхөр Г, манай хүү А нар байсан. Тэр хүнийг одоо харвал бараг танихгүй байх. 500 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бгийн дахин мэдүүлсэн:... Яллагдагч Д.М нь 475.000 төгрөг байсан гэж үнэн мэдүүлсэн байна. Надад 475.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар 22-ны өдөр би Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байх “Хасу” худалдааны төвийн урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн Рио маркийн 57-41 УБЭ улсын дугаартай автомашины багаажийг онгойлгон эхнэр Бгийн хамтаар хүнсний ногоо зарсан юм. Тэгээд өдөр 15 цагийн үед эхнэр цүнхээ уудалж үзсэнээ чи мөнгө авсан юм уу түрийвч нэмгэрсэн байна гэхэд нь би мөнгө аваагүй гэж хэлээд ногоогоо зарж байтал манай эхнэр Б мөнгөө тоолж үзсэнээ 500.000 орчим төгрөг алга болсон байгаа талаар хэлэхээр нь бид 2 сандраад “Тансаг” дэлгүүрийн камерыг шүүж үзтэл өдөр 12 цаг 40 минутын үед хүүхэд тэвэрсэн цагаан өнгийн даашинзтай хүүхэн ирээд манай машины багаажнаас юм авч байгаа сэжиг бүхий бичлэг байхаар нь цагдаад мэдэгдэж шалгуулсан. Өдөр 12 цагийн үед байх, манай эхнэрийн ард цагаан өнгийн даашинзтай шар өнгийн хувцастай хүүхэд тэвэрсэн хүн зогсож байхыг 2-3 удаа харсан. Гэхдээ одоо харвал танихгүй байх. Тэр эмэгтэй хүн манай эхнэр Бгаас ногоо авахаар 40.000 орчим төгрөгийн ногоо бэлдүүлээд 25 кг шуудайнд хийж эргэж ирээд авна гэж хэлээд явсан байсан. Би тэр хүүхэд тэвэрсэн цагаан өнгийн даашинзтай эмэгтэй хүн манай машины багаажнаас мөнгө авч байхыг анзаарч хараагүй. Би тэр эмэгтэй хүнийг одоо харвал танихгүй байх. Нийт 500.000 орчим төгрөгийн хохирол учирсан байсан. Гэхдээ тодорхой тоог нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Б бид хоёрын ногоо зарсан мөнгө байсан. Би тэр эмэгтэй хүнийг өмнө нь зүс харж байгаагүй. Миний бодлоор гадны хүн шиг байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гэхдээ камерын бичлэг дээрх эмэгтэй хүнийг л сэжиглэж байна. Тэр эмэгтэй бордуу царайтай, 20-30 орчим насны, цагаан өнгийн даашинзтай, дунд зэргийн нуруутай, шар өнгийн хувцастай, 1 насны орчим хүүхэд тэвэрсэн байсан. Ихэнхи нь 20.000 төгрөгийн дэвсгэрт, бусад нь 10.000, 5.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Эмэгтэй хүн хаанаас ирээд аль чиглэлд явсныг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Мгийн мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний хүүхдийн гэдэс өвдөөд байсан болохоор ногооны зутан хийх гээд зах ороод ногоо зараад зогсож байсан эгч дээр очоод ногоо аваад буцаад явах гэж байтал ногоо зараад зогсож байсан худалдагч эгч өөрийн мөнгөө ил тавьсан, цаашаа хараад зогсож байхаар би ил тавьсан байсан мөнгийг нь аваад явчихсан. Тэгээд тэр мөнгөө аваад эмнэлэг дээр очоод тоолж үзтэл 475.000 төгрөг байхаар нь буцаагаад өгөх гээд зах дээр эргээд иртэл ногоо зарж байсан эгч явсан байсан. Би нийт 475.000 төгрөг хулгайлсан байсан. Би гэхдээ тийм их мөнгө байна гэж бодоогүй. Би хулгайлсан мөнгөө юунд зарцуулснаа сайн санахгүй байна. Ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан. Би Бд учирсан хохирлоос 100.000 төгрөгийг нь төлсөн бөгөөд 11 сар гэхэд би бүх хохирлоо төлж барагдуулж дуусна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48, 57 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн урд зогсоол дээр автомашинтай худалдаа хийж байсан иргэн Д.Бгийн 475.000 төгрөг хулгайлагдсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн урд зогсоол дээр автомашинтай худалдаа хийж байсан иргэн Д.Бгийн 475.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бгийн мэдүүлсэн “Би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байх “Хасу” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байсан Рио маркийн 57-41 УБЭ улсын дугаартай автомашины багаажийг онгойлгон ногоо зарж байгаад өдөр 15 цагийн үед автомашины багаажинд байсан цүнхэнд байх түрийвчнээс мөнгө авахаар түрийвчээ онгойлгож үзтэл түрийвчин дотор байсан 500.000 орчим мянган төгрөг алга болсон байхаар нь гайхаад нөхөр Гыг аваад өөр газар хийсэн байх гэж бодоод асуутал мэдэхгүй, би аваагүй гэж хэлэхээр нь гайхаад хулгайд алдсан байж болзошгүй гэж бодоод байж байтал манай нөхөр Г түрүүн чиний хажууд зогсоод ногоо үзэж байсан цагаан даашинзтай хүүхэн авчихсан байж магадгүй гэж хэлэхлээр нь “Тансаг” дэлгүүрийн камерыг шүүж үзтэл 12 цаг 48 минутын орчид цагаан өнгийн даашинзтай шар хувцастай жижиг хүүхэд тэвэрсэн хүн ирээд сэжиг бүхий байдлаар машины багаажнаас юм авч цүнх рүүгээ хийж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж шалгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “2018 оны 07 дугаар 22-ны өдөр би Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байх “Хасу” худалдааны төвийн урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн Рио маркийн 57-41 УБЭ улсын дугаартай автомашины багаажийг онгойлгон эхнэр Бгийн хамтаар хүнсний ногоо зарсан юм. Тэгээд өдөр 15 цагийн үед эхнэр цүнхээ уудалж үзсэнээ чи мөнгө авсан юм уу түрийвч нэмгэрсэн байна гэхэд нь би мөнгө аваагүй гэж хэлээд ногоогоо зарж байтал манай эхнэр Б мөнгөө тоолж үзсэнээ 500.000 орчим төгрөг алга болсон байгаа талаар хэлэхээр нь бид 2 сандраад “Тансаг” дэлгүүрийн камерыг шүүж үзтэл өдөр 12 цаг 40 минутын үед хүүхэд тэвэрсэн цагаан өнгийн даашинзтай хүүхэн ирээд манай машины багаажнаас юм авч байгаа сэжиг бүхий бичлэг байхаар нь цагдаад мэдэгдэж шалгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд Д.Мгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний хүүхдийн гэдэс өвдөөд байсан болохоор ногооны зутан хийх гээд зах ороод ногоо зараад зогсож байсан эгч дээр очоод ногоо аваад буцаад явах гэж байтал ногоо зараад зогсож байсан худалдагч эгч өөрийн мөнгөө ил тавьсан, цаашаа хараад зогсож байхаар би ил тавьсан байсан мөнгийг нь аваад явчихсан. Тэр мөнгөө аваад эмнэлэг дээр очоод тоолж үзтэл 475.000 төгрөг байхаар нь буцаагаад өгөх гээд зах дээр эргээд иртэл ногоо зарж байсан эгч явсан байсан. Би нийт 475.000 төгрөг хулгайлсан байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Довогт Д Мг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгаас 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 04-12 тоотод оршин суух Б овогт Д-гийн Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн боломжоор төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Д.М нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Довогт Д Мг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 2 /хоёр/ сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ авах, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Д.Мгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгаас 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ... тоотод оршин суух Б овогт Д-гийн Бд олгосугай.
6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ