Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00800

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр       Дугаар 181/ШШ2016/00800       Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн, ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр 2 давхар, Ард даатгал ХХK-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 14-р хороо, хандгайт 29-260б тоот, Иргэн Соёг овогтой Саянсамбуугийн Ганзориг /РД: НТ62020230/-д холбогдох

1 588 277 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн С.Ганзориг нь 2014.04.26-ны өдөр Юнител ХХK-тай дараа төлбөрт үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 88031414 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 900,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy S5 гар утас зээлээр худалдан авч сар бүр 75,000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн.

Иргэн С.Ганзориг нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 1 050 518 төгрөг байна. Гэрээний 4 зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Ард даатгал ХХK нь Юнител ХХK-тай Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юнител ХХK-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ.

Ард даатгал ХХK нь даатгалын нөхөн төлбөрт 1 077 875 төгрөг шилжүүлсэн.

Иймд иргэн С. Ганзоригийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 1 575 777 төгрөг, Эй Эс Партнёрс ХХK-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал болох 2500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10 000 төгрөг, нийт 1 588 277 төгрөгийг Ард Даатгал ХХK-д гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Эрдэнэцогт нь өөрийнхөө 88031414 дугаартай Samsung Galaxy S5 гар утас авахдаа бичиг, баримтгүй явж байгаад миний бичиг баримтаар гэрээ хийгээд авсан. Би энэ асуудлаа өөрөө шийд гээд итгэмжлэл өгсөн.  Б.Эрдэнэцогт хариуцан төлнө гэжээ.

Хариуцагч С.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ард даатгал ХХK-ийн нэхэмжилж байгаа 1 588 277 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлөх ёстой 1 588 277 төгрөгийг 2016.11.30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Ард даатгал ХХK нь С.Ганзоригоос 1 588 277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч С.Ганзориг нь Б.Эрдэнэцогтод Ард даатгал ХХK-н нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх, бүх шатны шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардан авах, гомдол гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгожээ.   

            С.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 588 277 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ард даатгал ХХK-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 588 277/ нэг сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг хариуцагч С.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт нь 2016.11.30-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ард даатгал ХХK-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 002 44 төгрөгийн тал хувь болох 21 001 22 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсөвийн 261 101 6809 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21 001 22 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

       

ШҮҮГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО