Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/227

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Дгийн Бт холбогдох 1912002750249 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: , Д овогт Дгийн Б /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 48 дугаар байрны 48 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.Хгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний толгой, зүүн нүд, баруун бугалга хэсэгт тус тус цохиж, үснээс нь зулгаан зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912002750249 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хгийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 06-ны орой манай нөхөр Д.Б гэртээ согтуу орж ирээд маргаан өдөөд, хэрүүл хийгээд байсан. Б надтай хэрүүл хийж байсан уурандаа миний зүүн талын хацар шанааны орчимд гараараа нэг удаа цохичихоор нь би гэрээс зугтааж гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ нилээд их согтсон, бараг тасарчихсан байдалтай орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад намайг зодсон. Тэр үед манайд хүн байгаагүй, бид хоёр хоёулахнаа л байсан. Манай нөхөр Д.Б намайг ганцхан удаа л гараараа миний зүүн шанаа хацар орчимд цохисон. Өөр байдлаар цохиж, гар хүрээгүй. Намайг урьд өмнө нь буюу 2019 оны хавар гэртээ архи ууж ирээд бас нэг удаа цохиж, зодож байсан. Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би тэр үед цагдаад бас дуудлага өгч байсан. Тэрнээс урьд өмнө нь бол цохиж, зодож байгаагүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай нөхөр Д.Б учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хгийн дахин мэдүүлсэн: ...Д.Б нь намайг урьд өмнө нь нийт 2 удаа цохиж, зодож байсан. 2019 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, тухайн үед үл ялих зүйлээс болж бид 2 маргалдсан чинь манай нөхөр уурлаад намайг гараараа дал, нуруу, толгой, дагз, гуя хөл рүү хэд хэдэн удаа цохиж, зодсон. Тухайн үед рентгенд харуулахад хавирга хугарч гэмтсэн зүйл байгаагүй. Би эмнэлэгт үзүүлээгүй. Тэр үед миний хамаг бие хөндүүрлэж байгаад зүгээр болсон. Ил харагдах гэмтэл учраагүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай нөхөр гэртээ согтуу ирээд бас хэрүүл маргаан хийж байгаад уурандаа миний тархи толгой руу гараараа олон удаа цохиж, үс зулгааж хоолой багалзуурдаж, зүүн талын нүд рүү цохисон. Мөн баруун талын гарын бугалганаас базаж цохисон. Энэ үед миний зүүн хацар хөхөрч хавдаж нүдний салст улайсан байсан. Мөн үс урд хэсгээргээ хэсэг газар унасан байсан. Тухайн үед манай ажил дээр шалгалт ирэх гэж байсан юм. Шалгалтын үеэр би хацар нүднийхээ гэмтлийг нууж хар шил байнга зүүн ажлаа хийж байсан. Д.Б нь намайг өөр байдлаар цохиж, зодож, гар хүрч байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи уугаад гэртээ ирэхгүй байхаар нь би араас нь хайж яваад айлаас олсон. Тэр үед манай нөхөр нилээд их архи уусан гэртээ харъя гэхэд харихгүй, үхнэ гээд надаас зугтаачихсан. Тэр үед би цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж байсан. Энэ өдөр бол манай нөхөр намайг зодож гар хүрээгүй. Би Д.Быг амиа хорлочихож магадгүй гэж санаа зовоод эрүүлжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бол намайг зодоогүй. Би тухайн үед нөхөр Д.Бт маш их гомдож байсан бөгөөд үүнээс болж хольж, сольж мэдүүлэг өгсөн байх. Д.Б намайг нийт 2 удаа цохиж, зодож байсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээр бол намайг зодоогүй. Ер нь бол хэрүүл маргаан хийгээд л өнгөрч байсан. Гар хүрч цохиж зодоогүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай нөхөр Д.Б намайг зодоход дүгнэлтэд тусгагдсан бүх гэмтлүүд энэ өдөр учирсан. Тухайн үеүүдэд манайд хэн ч байгаагүй, нөхөр бид хоёр л байсан. Б хүүхдүүдээ ганц нэг удаа загнах үе бол байж л байдаг. Гэхдээ цохиж, зодож гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Намайг нөхөр Бт зодуулж байсан талаар садан төрлийн хүмүүс мэдэхгүй. Манай ажлын хүмүүс бол ил харагдаж хамт ажиллаж байгаа болохоор мэднэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хгийн дахин мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 20-д гарсан санагдаж байна, Манай нөхөр Д.Б согтуу ирээд ялихгүй маргаанаас болоод зүүн шанаа, хацар орчимд 1 удаа гараараа цохисон. Тэрнээс болоод нүд хөхөрч хавдсан. Тэрнээс биш 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зодсон асуудал байхгүй. Өмнө нь хөхөрсөн байсан бөгөөд нүдний хөх 05 дугаар сарын 06-ны өдөр арилаагүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ирэхгүй болохоор нь хайгаад 2 дугаар багийн өрхийн эмнэлгийн сахиул Жийгээгийнд тас гэдэргээ хараад шалан дээр хэвтэж байхаар нь уур хүрээд сэрээгээд аваад явах гэхэд гараад зугтсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд “Сувд” сувиллын араас цагдаа ирж авч явж эрүүлжүүлсэн бөгөөд би гэртээ харьсан. Өмнө нь энэ гэмтлийг авсныг манай ажлын газрын хүмүүс мэднэ. Би хар шил зүүгээд яваад байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед учруулсан гэмтлийг манай нөхөр согтуу ирээд хоёулаа маргалдаж байгаад гараараа цохьчихсон. Энэ гэмтлийг манай нөхөр учруулсан бөгөөд тэр үед гэртээ хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Бтайгаа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жгийн мэдүүлсэн: ...Би өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд сахиулаар ажилладаг. 2019 оны 05 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, оройхон цаг нарыг мэдэхгүй байна, Б нилээд халамцуу орж ирээд манай шалан дээр гэдрэг хараад унтаад өгсөн. Би жаахан архи нь гарахаар нь орон дээр гаргах санаатай сэрээгээгүй. Тэгсэн чинь удаа ч үгүй Х араас нь ороод ирсэн. Бынх манайхтай их ойрхон байдаг болохоор байнга л орж гарч байдаг юм. Тэгээд сэрээгээд авч явах гэж байгаад эхлээд Х гараад араас нь Б гараад явсан. Гарч явснаас нь хойшхи асуудлыг мэдэхгүй. Б маргалдсан талаар ярьсан юм байхгүй. Согтуу орж ирээд л шалан дээр хэвтээд өгсөн. Би ганцаараа учраас ор руу гаргаж дийлэхгүй, архи нь гарахаар нь орон дээр хэвтүүлье гээд байж байсан чинь эхнэр нь орж ирээд л гарцгаасан. Зодоон нүдээн хийлээ гэж Б, Х хоёрын аль аль нь яриагүй. Хгийн биед ил харагдах шарх сорви байсан талаар надад л юм мэдэгдсэнгүй. Би нилээд хараа муудсан. Зодсон цохисон гэж юм яриагүй болохоор анзаарсангүй. Хааяа нэг хэрүүл маргаан байлгүй л яахав. Гэхдээ зодоон цохион хийж байхыг нь огт хараагүй. 2019 оны 04 сард Б эхнэрээ зодож гэмтээсэн талаар би мэдэхгүй. Манай эхнэрийг амьд байхад нь нарийн ширийн юм ярьдаг л байсан байх. Одоо бол тийм гэр орныхоо асуудлыг яриад байдаггүй. Б манайд орж ирэхдээ согтуу байсан. Б нилээн өндөр согтолттой байсан. Хг орж ирэхэд нь нүд нь хөхөрч хавдсан талаар ёстой анзаараагүй, хараагүй. Б гэр бүлээ хүчирхийлдэг асуудал байдаг эсэх талаар би мэдэхгүй, тийм зүйл мэдэгддэггүй. Б манайхаар 10 гаруй жил орж гарч байна. Бид найз нөхөд болохоор хааяа нийлж архи уучихдаг, тэглээ, ингэлээ, агсан согтуу тавиад гэж юм л дуулддаггүй бөгөөд өөрсдөө тийм зүйл ярьдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Манай ажлын шинжээч эмч С.Х 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, зүүн шанаа нь хавдсан ирсэн. Бид нар яасан, ийсэн гэж асуугаагүй. Нөхөр нь хаяа гар хүрчихдэг талаар мэддэг учраас нөхөр нь цохиж дээ гэж бодоод л өнгөрсөн. Яг хэдний өдөр, хаана зодуулсныг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нөхөртөө зодуулсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Зүүн талын нүд нь хөхөрч хавдсан нь 04 дүгээр сарын сүүлээр тийм болчихсон байсан бөгөөд 05 дугаар сарын 05, 06-ны үед тэр нь арилаагүй байсан. Тэрийг яагаад сайн мэдэж байна гэхээр 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай ажил дээр шалгалт ирэхэд зүүн нүд нь хөхөрсөн, хар шилтэй явж байсан. Ер нь анзаарснаар бол нөхөр зодлоо гээд нүүр, ам нь хавдчихсан тохиолдол байдаг. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Сын мэдүүлсэн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 06 ны өдөр 16-22 цагийн хооронд томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өдрийн эргүүлд ганцаараа гарсан. Тэр өдөр 2 дугаар 48 айлын орон сууцны 48 тоотод Б гэгч нь эхнэрээ зодоод гараад зугтлаа гэсэн дуудлага, мэдээлэл ирж жижүүрийн жолоочийн хамт очсон. Тэгээд дуудлагын дагуу очиход гэртээ байхгүй, гараад утас руу нь залгахад “Сувд” сувиллын арын зам дээр байна, хурдан хүрээд ирэх үү гээд тэнд нь очсон бөгөөд очиход Б нилээн согтуу замын хашлаган дээр суусан, эхнэр Х нь нэг талын нүд /зүүн шиг санагдаж байна/ хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад наад хүн чинь согтуу орж намайг зодлоо, авч явж эрүүлжүүл, би араас чинь очиж гомдлоо гаргана гээд үлдсэн. Тэгээд Быг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Хгийн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Өөр гэмтэл мэдэгдээгүй. Б гэгч нь зодсон эсэх талаар ярьсан юм байхгүй. Ах нь эрүүлжүүлэхэд чинь орно гээд л ирээд эрүүлжүүлэгдсэн. Б нилээн өндөр согтолттой байсан. С.Х нүд рүү цохиод л гэж ярьж байсан. Өөр тэгж, ингэж зодлоо гэсэн зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай албан дээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шалгалт ирсэн юм. Тэр үед С.Х эмчийн нүд нь хөхөрсөн нүдний шил зүүгээд яваад байсан бөгөөд яг аль талын нүд нь хөхөрсөн байсан талаар би мэдэхгүй байна. Шалгалт ирэх үед ямар ч байсан нүд нь хөхөрсөн гээд шил зүүгээд яваад байсан. Би нэг их өрөө тасалгаагаар нь ороод яваад байдаггүй болохоор тэр болгон юу болсон талаар нь мэддэггүй. С.Х эмч хааяа нуруу өвдлөө гээд эмчийн магадлагаа аваад ажлаасаа чөлөө авдаг. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр магадлагаа авсан эсэх талаар нь би сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 06-ны орой би гадуур архи уучихаад байж байхад манай эхнэр намайг олоод хүрээд ирэхээр нь гэртээ харихгүй гээд зугтаагаад Булган уул руу очоод байж байхад араас цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд эрүүлжүүлсэн. Би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр гэртээ байж байхдаа хэрүүл маргаан хийгээд улмаар миний уур хүрээд С.Хг гараараа толгой, зүүн талын нүд, хацар орчим нь цохиж, үснээс нь зулгааж, цохиж, зодсон. Тухайн үед манай эхнэрийн зүүн хацар нь хавдаж хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл маргаан хийх болсон. Би янз бүрийн юмаар цохиж, зодоогүй. Харин тухайн үед өөрийн баруун гараараа эхнэр С.Хгийн нүүр, толгой, зүүн талын нүд орчим нэг удаа гараараа цохисон бөгөөд үүнээс болж манай эхнэрийн зүүн хацар хавдаж хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Өөр гар хүрээгүй. Би эхнэр С.Хтай хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ, өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан. Гэхдээ тийм сүртэй хэрэлдэж, маргалддаг асуудал байхгүй. Ер нь бол архи ууснаас л болж хэрүүл маргаан гардаг. Би жаахан архи уусан үедээ урдаас нь янз бүрийн юм ярьдаг. Тэгээд л хэрүүл маргаан гардаг. Би эхнэр С.Хгийн зүүн шанаа, зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа баруун гараараа алгадаж цохисон учраас эрүү, нүүр хэсэг нь хөхөрч хавдсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй. Манай эхнэр надад гомдол санал байхгүй гэсэн. Миний асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. С.Хгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зулайн урд хэсэгт үс унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үс зулгаах үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун бугалганы цус хуралт нь хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 48 дугаар байрны 48 тоотод С.Хгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 48 дугаар байрны 48 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.Хгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хгийн мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 06-ны орой манай нөхөр Д.Б гэртээ согтуу орж ирээд маргаан өдөөд, хэрүүл хийгээд байсан. Б надтай хэрүүл хийж байсан уурандаа миний зүүн талын хацар шанааны орчимд гараараа нэг удаа цохичихоор нь би гэрээс зугтааж гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ нилээд их согтсон, бараг тасарчихсан байдалтай орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад намайг зодсон. Манай нөхөр Д.Б намайг ганцхан удаа л гараараа миний зүүн шанаа хацар орчимд цохисон”, “Д.Б нь намайг урьд өмнө нь нийт 2 удаа цохиж, зодож байсан. 2019 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна, тухайн үед үл ялих зүйлээс болж бид 2 маргалдсан чинь манай нөхөр уурлаад намайг гараараа дал, нуруу, толгой, дагз, гуя хөл рүү хэд хэдэн удаа цохиж зодсон. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай нөхөр согтуу гэртээ ирээд бас хэрүүл маргаан хийж байгаад уурандаа миний тархи толгой руу гараараа олон удаа цохиж, үс зулгааж хоолой багалзуурдаж, зүүн талын нүд рүү цохисон. Мөн баруун талын гарын бугалганаас базаж цохисон. Энэ үед миний зүүн хацар хөхөрч хавдаж нүдний салст улайсан байсан. Мөн үс урд хэсгээрээ хэсэг газар унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15-17, 18-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жгийн мэдүүлсэн “Би өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд сахиулаар ажилладаг. 2019 оны 05 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, оройхон цаг нарыг мэдэхгүй байна, Б нилээд халамцуу орж ирээд манай шалан дээр гэдрэг хараад унтаад өгсөн. Тэгсэн чинь удаа ч үгүй Х араас нь ороод ирсэн. Тэгээд сэрээгээд авч явах гэж байгаад эхлээд Х гараад араас нь Б гараад явсан. Гарч явснаас хойшхи асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн “манай ажлын шинжээч эмч С.Х 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ажилд ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, зүүн шанаа нь хавдсан ирсэн. Нөхөр нь хаяа гар хүрчихдэг талаар мэддэг учраас нөхөр нь цохиж дээ гэж бодоод л өнгөрсөн. Зүүн талын нүд нь хөхөрч хавдсан нь 04 дүгээр сарын сүүлээр тийм болчихсон байсан бөгөөд 05 дугаар сарын 05, 06-ны үед тэр нь арилаагүй байсан. Ер нь анзаарснаар бол нөхөр зодлоо гээд нүүр, ам нь хавдчихсан тохиолдол байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Сын мэдүүлсэн “Би 2019 оны 05 дугаар сарын 06 ны өдөр 16-22 цагийн хооронд томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр өдөр 2 дугаар 48 айлын орон сууцны 48 тоотод Б гэгч нь эхнэрээ зодоод гараад зугтлаа гэсэн дуудлага, мэдээлэл ирж жижүүрийн жолоочийн хамт очсон. Тэгээд дуудлагын дагуу очиход гэртээ байхгүй, гараад утас руу нь залгахад “Сувд” сувиллын арын зам дээр байна, хурдан хүрээд ирэх үү гэхээр нь тэнд нь очиход Б нилээн согтуу замын хашлаган дээр суусан, эхнэр Х нь нэг талын нүд /зүүн шиг санагдаж байна/ хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад наад хүн чинь согтуу орж намайг зодлоо, авч явж эрүүлжүүл, би араас чинь очиж гомдлоо гаргана гээд үлдсэн. Хгийн нүд нь хөхрөөд хавдсан байсан. С.Х нүд рүү цохиод л гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манай албан дээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шалгалт ирсэн юм. Тэр үед С.Х эмчийн нүд нь хөхөрсөн нүдний шил зүүгээд яваад байсан бөгөөд яг аль талын нүд нь хөхөрсөн байсан талаар би мэдэхгүй байна. Шалгалт ирэх үед ямар ч байсан нүд нь хөхөрсөн гээд шил зүүгээд яваад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, мөрдөн байцаалтын шатанд Д.Бын  яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 06-ны орой би гадуур архи уучихаад байж байхад манай эхнэр намайг олоод хүрээд ирэхээр нь гэртээ харихгүй гээд зугтаагаад Булган уул руу очоод байж байхад араас цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд эрүүлжүүлсэн. Би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр гэртээ байж байхдаа хэрүүл маргаан хийгээд улмаар миний уур хүрээд С.Хг гараараа толгой, зүүн талын нүд, хацар орчим нь цохиж, үснээс нь зулгааж, цохиж, зодсон. Тухайн үед манай эхнэрийн зүүн хацар нь хавдаж хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Тухайн үед өөрийн баруун гараараа эхнэр С.Хгийн нүүр, толгой, зүүн талын нүд орчим нэг удаа гараараа цохисон бөгөөд үүнээс болж манай эхнэрийн зүүн хацар хавдаж хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Би эхнэр С.Хгийн зүүн шанаа, зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа баруун гараараа алгадаж цохисон учраас эрүү, нүүр хэсэг нь хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/, хохирогч С.Хгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Д овогт Дгийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Дгийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ