| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0234/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/236 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Хохирогч: Б.С
Шүүгдэгч: Б.Б, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Бийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б ын Б нарт холбогдох 1912005490270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Бын Б /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 07-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, П овогт Бийн М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар хохирогч Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуу авч шидэж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагз орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, үс унасан, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед хадам болох Бынд очсон. Би тэднийд очоод ямар нэгэн хэрүүл маргаан хийх гэж бодоогүй бөгөөд үлдсэн малаа маргааш ах дүү нартайгаа ирж авна гэж хэлчихээд би гараад машинаа унаад явна гээд машиндаа суугаад асаатал хадам ах Б, баз С хоёр гүйж гарч ирээд миний үснээс зулгаагаад, хоолой боож чирч буулгасан. Тэгсэн чинь эхнэр С нь байж бай Булгаа би буулгая гээд намайг чирч буулгахаар нь би тэр хоёрт хандаж та хоёр яаж байгаа юм бэ, ямар сонин юм бэ, хүний юм өгч явуулахгүй яаж байгаа юм гэсэн чинь тэр хоёр намайг янхан, чи Од зодуулсаар байгаад ийм болсон гээд элдвээр доромжлоод байсан. Стэй би өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Би тэр үед С та бид хоёр нэг айлын бэр, та яагаад над руу ингэж дайрч байгаа юм бэ, та хоёр хүний машин өгч явуулахгүй яаж байгаа юм бэ гээд уйлаад дайрахад хадам аав тэр хоёрт хандаж та хоёрын буруу шүү, хүний машиныг өгөөд явуул, та хоёр эцэст буруутан болно шүү гээд гэрийн хажууд хараад суугаад байсан. Тэгээд энэ хоёр миний гарнаас тавихгүй болохоор нь би аргаа бараад гэрийн хажууд байсан түмпэн авч шидсэн чинь тэр нь оноогүй. Би дараа нь би аргаа бараад уурандаа бачимдаад чулуу авч шидсэн чинь Сийг оносон. Би энэ хүнийг санаатай цохиогүй. Тэгээд таксины ах ирээд намайг явъя гээд чирсэн. Энэ хоёр хүн миний машины түлхүүрийг булааж авчихаад, аккумлъторыг нь салгаад авчихсан. Тэгээд би таксины ахтай аймар руу явсан. Тэр үед би цагдаад зөндөө дуудлага өгөхөд ирээгүй учраас би таксины хүнтэй аймагт ирээд цагдаа дээр буугаад энэ талаар гомдол гаргасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын хохирогчоор мэдүүлсэн: Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ: М гэдэг хүн 09 дүгээр сарын 15-ны өдөр малаа авна гээд манайд очихоор нь би Маа чи урд өдөр нь эртхэн хэлээд ялгаад авчихгүй яасан юм бэ гэсэн чинь М манай нөхөрт хандаж би өөрийнхөө авах ёстой юмыг өөрөө авч байна гэсэн. Эдний нөхөр О нь манай нөхөрт хэлэхдээ Мөнзулд мал битгий өгөөрэй, мал өгч болохгүй шүү, харин идэх ямаа энэ тэр алаад явуулахгүй юу гэсэн. Тэгээд би нөхөртөө хандаж дүү чинь юу гэж хэлсэн ч бай чи бид хоёрт хамаагүй, чи бид хоёр хүний юмыг өгөх ёстой гэж хэлсэн. 15-ны өдөр 15 цаг болж байхад очсон. Тэгээд М манай мал дутуу байна, би ах дүү нараа авчирна, цагдаа, шүүх дуудаж ирнэ гэж хэрүүл маргаан хийгээд гэрээс гараад машинд орж суусан. О бид нарт хэлэхдээ битгий машин тэрэг өгч явуулаарай гэж хэлсэн байсан болохоор би Мыг О чамд битгий машин тэрэг өгч явуулаарай гэсэн, чи Ог ирэхээр бол гээд машинаас татаад буулгасан нь үнэн. Тэгээд би чи Мд гар хүрч болохгүй гээд Булгааг мотоциклийн цаагуур оруулаад гарыг нь бариад би чи эмэгтэй хүний үснээс зулгааж болохгүй, чи хүн зодож болохгүй гэж хэлээд Булгааг гэр рүү оруулах гэсэн чинь М миний араас чулуу шидсэн. Ийм л асуудал болсон. Өөр хэрүүл маргаан болоогүй. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912005490270 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай бэр Б.М аймгийн төвөөс ирээд би өөрийн малаа авна гээд хэрүүл маргаан хийж бид нарыг хэл амаар доромжлоод янз бүрийн үгээр хэлээд та нарыг бүгдийг чинь цагдаад хэлнэ гээд орилж чарлаж байгаад манай нөхөр бид хоёрын араас чулуу шидээд байсан чинь шидсэн нэг чулуу нь миний толгойн ар хэсэг рүү нэг удаа оносон. Өөр цохиж зодоогүй. Харин манай нөхөр хэрүүл маргаан хийж байх явцдаа Б.Мын толгойн хэсгийн үснээс зулгаасан. Өөр биед нь хүрч гэмтэл учруулахаар зодоогүй. Манай бэр нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж, энэ хоёр салж байгаа бөгөөд өмч хөрөнгө болох өөрийн малаа бэр М авч байгаа. М малаа авахдаа манай мал дутуу байна, үлдсэн малаа авна гээд хэрүүл маргаан хийх болсон. Миний биед манай бэр Б.М гэмтэл үүсгэсэн. Миний ар толгой хэсэг рүү нэг удаа чулуу шидэж чулуугаар толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисноос гэмтэл үүсгэсэн. Манай бэр Б.М миний биеийн толгойн ар хэсэг рүү нэг удаа чулуу шидэж онож миний толгойн ар дагз руу нэг удаа цохисон. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед хадам аав Б, манай нөхөр Б, М, хамт явсан таксины жолооч нар байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Биеийн эрүүл мэндэд учирсан хохирол мөнгөө авмаар байна. Би гомдол саналтай байна. Би эмчилгээний зардал мөнгө болох 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Надад ямар нэг баримт байхгүй. Би Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сийн дахин мэдүүлсэн: ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Би ямар нэгэн баримт материал өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би Архангай аймгийн төвөөс нэг танихгүй жолоочтой такси хөлслөөд Цагаан үнээний ферм гэх газар очсон. Би тэнд очоод өөрийн тээврийн хэрэгслийг авах гэтэл манай нөхөр Оын ах Б болон түүний эхнэр С нар над руу дайрч улмаар бид нар хэрүүл маргааж хийж эхэлсэн. Би энэ явдал болохоос 2-3 хоногийн өмнө өөрийн гэх 80 гаруй тооны хонь, ямаагаа очиж авсан юм. Үлдэгдэл 20-30 тооны хонь, ямаа үлдсэн байсан. Хонь, малаа авах болсон шалтгаан нь би өөрийн нөхөр Б.Отай шүүхээр орж гэр бүлээ салгуулах болсон учраас өөрийн малыг авахаар болсон юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэрүүл маргаан болоод Б нь миний хоолойг боож, үснээс зулгааж хэсэг газрын үсийг тугаар нь зулгааж халцарсан. Би тэр үед уурандаа газраас чулуу авч шидэх үед миний шидсэн чулуу С гэх хүний толгой руу оносон юм. Тэр үед надтай хамт явсан таксины жолооч ах миний дүү явъя гээд намайг татаж чангааж салгаад машиндаа суулгаад аймаг руу орж ирсэн. Тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би хадам аавын гэрт өөрийн машиныг авахаар очсон бөгөөд машинаа асаагаад хөдөлгөх гээд байж байтал Б өөрийн эхнэр Сийн хамтаар над руу дайрч миний хоолойг боож, үснээс зулгааж зодсон. Тухайн үед миний үс халцарч унасан, хүзүү хоолой урагдаж, хөхөрч улайсан байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б намайг цохиж, зодож учруулсан. Тэр үед манай хадам аав Б, таксины жолооч ах, Б, С бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний хувьд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын дахин мэдүүлсэн: ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Би ямар нэгэн баримт материал өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Бын мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар намайг өөрийн хүү Б.Б, бэр С нарын хамт байж байхад манай бага бэр Б.М нь аймгийн төвөөс ирээд малаа авна гээд хэрүүл, маргаан үүсгэж хоорондоо бие, биеэ хэл амаар доромжилж манай бага бэр Б.М нь манай хүү, том бэр С нар руу төмөр түмпэн авч шидээд дараа нь чулуу шидээд бэр Сийн толгойн ар хэсэг рүү нь чулуугаар цохисон. Манай хажууд хүүгийн ачааны Портер маркийн машин байсан бөгөөд тэр машиныг манай бага бэр Б.М авч явна гээд тэрийг нь өгч явуулахгүй гээд энэ асуудлаас болж хэрүүл, маргаан гарах болсон. Өөр ямар нэг асуудал болоогүй. Миний харснаар манай хүү Б толгойтой үснээс нь зулгааж газар түлхэж унагаасан. Өөр гар хүрээгүй. Манай бэр С энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж түлхэлцээд байснаас өөр цохиж, зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Миний харснаар өөр ямар нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Миний харснаар угаадас хийдэг төмөр түмпэн авч шидээд оноогүй, дараа нь газраас чулуу шидээд нэг удаа Сийн толгойн ар хэсэг рүү нь онож цохисон. Өөр ямар нэг гэмтэл учруулахаар цохиж, зодоогүй. Тухайн үед би хүү Б, бэр С, бэртэй хамт очсон 80-87 АРА улсын дугаартай жижиг цагаан өнгийн машины жолооч нар байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хүнсний захын үүдэнд таксинд явж байхад нэг эмэгтэй ирээд та явах уу гэхээр нь би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар очсон бөгөөд тэнд нэг хүүхэн, нэг залуу, нэг хөгшин хүн байсан. Би гадаа машиндаа байж байсан чинь хүүхэн, залуу хоёртой надтай цуг очсон Б.М гэдэг эмэгтэй хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд хэрүүл маргаан хийх явцдаа тэнд байсан залуу Б.Б гээд байгаа эрэгтэй Б.Мын толгойтой үснээс нь зулгаасан. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Тэнд байсан хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь би одоо боль гэж хэлээд Б.М гэх эмэгтэйтэй буцаад аймгийн төв рүү орж ирж цагдаа дээр ирээд буусан. Би гадаа машиндаа сууж байсан бөгөөд гэр дотор юу болсныг мэдэхгүй. Гадаа гарч ирээд Б.М гэдэг эмэгтэй машинд сууж байсан чинь Б.Б гэдэг эрэгтэй үснээс нь татаж машинаас буулгасан. Тэд нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. М гэх хүн С гэх хүнийг чулуугаар цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Би гэрт нь ороогүй, гэр дотор юу болсон талаар мэдэхгүй. Би та нар одоо больцгоо гэж хэлээд цуг очсон хүнээ суулгаад цагдаа дээр буулгаад явсан. Би тэнд байсан хүмүүсийг таньж мэдэхгүй. Тухайн үед миний такситай явсан Б.М, мөн цагаан үнээний ферм гэх газар байсан Б.Б, эхнэр Б.С, түүний аав нар байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай бэр М аймгийн төвөөс Архангай аймгийн 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар ирээд хэрүүл маргаан хийж эхнэр бид хоёртой муудалцаж байгаад манай эхнэрийн толгой руу чулуугаар цохихоор нь би өмсөж явсан цамцнаас нь татаад толгойтой үснээс нь зулгаасан. Өөр сүртэй их зодоон хийгээгүй, ямар нэг асуудал болоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин манай хадам дүү М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Хөдөө гэрт манай бэр дүү М ирээд та нар хонь, ямаа дутуу өгсөн байна гээд үлдсэн малаа авна гээд тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн. Уг нь хэд хоногийн өмнө манай бэр М өөрийн мал болох хонь, ямаагаа хүнд зарсан юм. Тухайн үед манай эхнэр бид хоёртой хэрүүл маргаан хийж байгаад манай эхнэр Сийг чулуугаар нэг удаа толгой руу нь цохихоор нь би өмсөж явсан цамцнаас нь татаж, толгойтой үснээс нь нэг удаа зулгаасан. Би өөр гар хүрээгүй. Би урьд нь Мтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Харин манай бэр М тухайн өдөр ирээд манай аав Б, манай эхнэр С бид нарыг гичий нохой, янхан гэх мэт үгээр харааж доромжлоод байсан. Би Мын биед нь хүрч зодоогүй, харин өмсөж явсан цамцнаас нь татаж толгойтой үснээс нэг удаа татсан. Тухайн үед түүний биед өөр гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мын мэдүүлсэн: ... Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар байдаг хадам аав, хадам ахын гэрт нь аймгийн төвөөс очоод өөрийн малаа авч явна, явахдаа маргааш авч явна гэж хэлээд өөрийн машинаа авч явах гээд машиндаа суусан чинь хадам ах болох Б.Б миний хоолойг боож үснээс зулгааж газар чирч унагаасан. Мөн эхнэр хамт байсан. Би өөрийгөө хамгаалах гээд газраас төмөр түмпэн авч шидээд оноогүй, тэгээд газраас нэг удаа жижиг чулуу авч шидээд эхнэр Б.Сийн толгойн ар хэсэг рүү нь нэг удаа онож цохисон. Өөр ямар нэг байдлаар цохиж, зодсон асуудал байхгүй. Тухайн үед эдгээр хүмүүс хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн өдөр би бэр эгчтэй хэрүүл маргаан хийгээгүй, би өөрийн машинаа аваад явах гэсэн чинь нөхөр нь хамт гарч ирээд миний үснээс зулгааж газар буулгасан. Дараа нь эхнэр нь хэл амаар доромжилж намайг газар түлхэж унагахаар нь би өөрийгөө хамгаалах гээд газраас чулуу авч шидээд бэр эгч Б.Сийн толгойн ар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Өөр асуудал болоогүй. Тухайн үед би бэр эгч Б.Сийн толгойн ар хэсэг рүү нэг удаа газраас чулуу авч шидэж оносон. Өөр гар хүрээгүй. Би урьд нь Стэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Харин тухайн үед хэл амаар доромжлоод байсан. Би Сийн биед нь хүрч зодоогүй, харин газраас нэг удаа жижиг чулуу авч шидээд толгойн ар хэсэг рүү нь нэг удаа онож цохисон. Тухайн үед түүний биед өөр гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-77 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 426 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Сийн биед тархи доргилт, дагз орчим зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 428 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Мын биед зулайн урд хэсгийн үс унасан, хуйханд цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үснээс зулгаах үед үүснэ. 3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Үс унасан, хуйханд цус хурсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 53 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102, 106 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 80, 104 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар Б.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар хохирогч Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуу авч шидэж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагз орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, үс унасан, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “М манай мал дутуу байна, би ах дүү нараа авчирна, цагдаа, шүүх дуудаж ирнэ гэж хэрүүл маргаан хийгээд гэрээсээ гараад машинд орж суусан. О бид нарт хэлэхдээ битгий машин тэрэг өгч явуулаарай гэж хэлсэн байсан болохоор би Мыг О чамд битгий машин тэрэг өгч явуулаарай гэсэн, чи Ог ирэхээр нь бол гээд машинаас татаад буулгасан нь үнэн. Тэгээд би Мд гар хүрч болохгүй гээд Булгааг мотоциклийн цаагуур оруулаад гарыг нь барьсан. Би Булгаад чи эмэгтэй хүний үснээс зулгааж болохгүй, чи хүн зодож болохгүй гэж хэлээд Булгааг гэр рүү оруулах гэсэн чинь М миний араас чулуу шидсэн”, “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай бэр Б.М аймгийн төвөөс ирээд би өөрийн малаа авна гээд хэрүүл маргаан хийж бид нарыг хэл амаар доромжлоод янз бүрийн үгээр хэлээд та нарыг бүгдийг чинь цагдаад хэлнэ гээд орилж чарлаж байгаад манай нөхөр бид хоёрын араас чулуу шидээд байсан чинь шидсэн нэг чулуу нь миний толгойн ар хэсэг рүү нэг удаа оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 17-18/, мөрдөн байцаалтын шатанд Б.Мын хохирогчоор мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэрүүл маргаан болоод Б нь миний хоолойг боож, үснээс зулгааж хэсэг газрын үсийг тугаар нь зулгааж халцарсан. Би тэр үед уурандаа газраас чулуу авч шидэх үед миний шидсэн чулуу С гэх хүний толгой руу оносон юм. Тухайн үед би хадам аавын гэрт өөрийн машиныг авахаар очсон бөгөөд машинаа асаагаад хөдөлгөх гээд байж байтал Б өөрийн эхнэр Сийн хамтаар над руу дайрч миний хоолойг боож, үснээс зулгааж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Бын мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар намайг өөрийн хүү Б.Б, бэр С нарын хамт байж байхад манай бага бэр Б.М нь аймгийн төвөөс ирээд малаа авна гээд хэрүүл, маргаан үүсгэж хоорондоо бие, биеэ хэл амаар доромжилж манай бага бэр Б.М манай хүү, том бэр С нар руу төмөр түмпэн авч шидээд дараа нь чулуу шидээд бэр Сийн толгойн ар хэсэг рүү нь чулуугаар цохисон. Миний харснаар манай хүү Б толгойтой үснээс зулгааж газар түлхэж унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн “Би гадаа машиндаа байж байсан чинь хүүхэн, залуу хоёртой надтай цуг очсон Б.М гэдэг эмэгтэй хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд хэрүүл маргаан хийх явцдаа тэнд байсан залуу Б.Б гээд байгаа эрэгтэй Б.Мын толгойтой үснээс нь зулгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай бэр М аймгийн төвөөс Архангай аймгийн 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар ирээд хэрүул маргаан хийж эхнэр бид хоёртой муудалцаж байгаад манай эхнэрийн толгой руу чулуугаар цохихоор нь би өмсөж явсан цамцнаас нь татаад толгойтой үснээс нь зулгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/, Б.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цагаан үнээний ферм гэх газар байдаг хадам аав, хадам ахын гэрт нь аймгийн төвөөс очоод өөрийн малаа авч явна, явахдаа маргааш авч явна гэж хэлээд өөрийн машинаа авч явах гээд машиндаа суусан чинь хадам ах болох Б.Б миний хоолойг боож үснээс зулгааж газар чирч унагаасан. Мөн эхнэр хамт байсан. Би өөрийгөө хамгаалах гээд газраас төмөр түмпэн авч шидээд оноогүй, тэгээд газраас нэг удаа жижиг чулуу авч шидээд эхнэр Б.Сийн толгойн ар хэсэг рүү нь нэг удаа онож цохисон. Тухайн үед би бэр эгч Б.Сийн толгойн ар хэсэг рүү нэг удаа газраас чулуу авч шидэж оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77/, “Би тэднийд очоод ямар нэгэн хэрүүл маргаан хийх гэж бодоогүй бөгөөд үлдсэн малаа маргааш ах дүү нартайгаа ирж авна гэж хэлчихээд би гараад машинаа унаад явна гээд машиндаа суугаад асаатал хадам ах Б, баз С хоёр гүйж гарч ирээд миний үснээс зулгаагаад, хоолой боож чирч буулгасан. Тэгээд энэ хоёр миний гарнаас тавихгүй болохоор нь би аргаа бараад гэрийн хажууд байсан түмпэн авч шидсэн чинь тэр нь оноогүй. Би дараа нь би аргаа бараад уурандаа бачимдаад чулуу авч шидсэн чинь Сийг оносон” гэх мэдүүлэг, хохирогч Б.Сийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 426 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/, хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 428 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П овогт Бийн М, Б овогт Бын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.М, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.М, Б.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Бийн М, Б овогт Бын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.М, Б.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ