Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ХШТ/45

 

Ч.Х-т холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгч Ч.Х, хохирогч Ц.Б, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаар магадлалтай, Ч.Х-т холбогдох эрүүгийн 2403002370834 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 416 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 6 жил хорих, Говь-сүмбэр аймгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд заасан хорих ял эдлэхээс зайлсхийх гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөнөөс хүний амь нас хохироож, хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Р овогт Ч-ийн Х.

 

Шийтгэх тогтоол, магадлал болон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Ч.Х-г Архангай аймгийн шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199а, 200а-д зааснаар 1 жил хорих, Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 6 сар хорих шийтгүүлсэн гэж бичигдсэн боловч Архангай аймгийн прокурорын газраас Архангай аймгийн хэсгийн ардын 4 дүгээр шүүхийн 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол буюу огнооны зөрүүтэй ирүүлсэн, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 6 сар хорих шийтгүүлсэн тогтоол хэрэгт байхгүй зэрэг зөрүүтэй нөхцөл байдал байх боловч энэ удаа Ч.Х-ийн холбогдсон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм .

 

Шүүгдэгч Ч.Х нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ШТС-ын баруун талын тээврийн хэрэгсэл зорчих замд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны 10 цаг 30 минутын орчим “Тоёота приус” загварын **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 3, 1.3, 10.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан мопед унаж явсан хохирогч Ц.Б-тай мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Х-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-с нийт 4,882,940 /дөрвөн сая найман зуун наян хоёр мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д олгож, уг хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулах,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-с нийт 8,580,000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д олгож, уг хохирлыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулах,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-с 1,439,161 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, уг хохирлыг 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулах,

 

Хохирогч Ц.Б нь нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 187 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...1 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...”, 7 дахь заалтын “... 2 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...”, 8 дахь заалтын “... 2 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ч.Х миний бие 2024 оны 04 дүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Дэнжийн 1000-ын хойноос урагш явахдаа урд машинаа гүйцэд түрүүлэхээр зүүн дараад зогсоход урсгал сөрж явсан мопед ирж мөргөсөн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх намайг буруутайд тооцож, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор 6 сар зорчих эрхийг хязгаарлах, мөн арав гаруй сая төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулах шийдвэр гаргасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх богино хугацаанд төлөх шийдвэр гаргасан.

Миний бие энэ их мөнгийг богино хугацаанд төлөх ямар ч боломжгүй учир энэ шийдвэрийг эргэн харж амьдралд ойрхон, зөв шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Миний бие 2026 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарна. Миний хувьд эд хөрөнгө, эрхэлсэн ажилгүй тул зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Х хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “2026 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарна. Тэгээд тэтгэврийн зээл аваад хохирлоо төлөхөөс өөр боломжгүй байна. Хохирогч замын баруун талд явах ёстой байсан ч замын зүүн талд буюу урсгал сөрж ирээд намайг мөргөсөн. Надад бас тодорхой хэмжээний хохирол учирсан. Тэр машин минийх биш хүний машин унаж явсан юм. Надад өөрийн гэсэн унаа, хөрөнгө байхгүй. Тэгээд энэ залуу ярихдаа намайг мөргөөд хол газар чирсэн гэж худлаа юм ярьсан. Тийм зүйл огт болоогүй. Зүүн гар тийшээ эргээд цагаан шугамаас метр хүрэхгүй зайд яваад зогссон. Шинжээчийн дүгнэлтэд машин зогсоогоогүй гэдэг ч би зогссон. Хараад л зогссон, ирээд л мөргөсөн” гэв.

 

Хохирогч Ц.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нөхөн төлбөрийг шууд гаргуулж авмаар байна. Сэтгэл санаа, бие махбодын хувьд хэцүү байна. Одоо хүртэл ажлаа хийж чадахгүй байна. Цагаан зураас давсан тухайд би цагаан зураасны дотор явж байсан” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Х нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн гомдлын хувьд давж заалдах шатны шүүх богино хугацаанд хохирол барагдуулах шийдвэр гарсан гэж байгаа боловч анхан шатны шүүхээс хугацаа тогтоосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Энэ нь шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал болсон. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Хүрэлбаатараас сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-2.1.5-т заасан гэмт хэргүүдэд сэтгэцийн хор уршгийн зэргийг тогтоосон шинжилгээг үндэслэн сэтгэцийн хор уршгийг гаргуулна гэж заасан. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох ажиллагааг хууль болон журамд заасны дагуу гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны 10 цаг 30 минутын орчим “Тоёота приус” загварын **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх зорилгоор зүүн гар тийш дарах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан мопед жолоодож явсан хохирогч Ц.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Х-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирол, төлбөрийг хугацаа тогтоон гаргуулахдаа тодорхой үндэслэл заагаагүй, шүүгдэгч өнөөг хүртэл хохирогчид хохирол, төлбөрөөс төлөөгүй, хохирогчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хохирол, төлбөр төлөх хугацаа тогтоох шаардлагагүй буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор биелэгдэх боломжтой гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хугацаа тогтоосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.” гэж заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг гомдлоор хязгаарлахгүй заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар хяналтын шатны шүүхэд хүлээлгэжээ.

Энэхүү зохицуулалтын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянавал хохирогч Ц.Б-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х-с гаргуулж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт Үндсэн хуулийн энэ заалтыг дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан билээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заажээ.

Шүүгдэгч Ч.Х нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарч байхад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байна.

 

Дээр дурдсанаар заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалын холбогдох заалтыг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Хохирогч Ц.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Ч.Х-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧИД                                                    Д.БАТБААТАР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   Ч.ХОСБАЯР