Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00027

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, Чингэс овгийн Нямгаагийн Бямбажавын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1 240 170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 2 912 180 төгрөг, нийт 41 523 500 төгрөгийн 10 хувь болох 4 152 350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бямбажавт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Н.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Нэхэмжлэгч Н.Бямбажав Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 457 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагчаар томилогдон ажиллах хугацаандаа сум орон нутгийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг амжилттай сайн гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

... Н.Бямбажав би Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхгэрэл, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Баяраа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан.

Дээрх 2013 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 5 дугаар заалт буюу гэрээний урамшуулал ба хариуцлагын талаарх зохицуулалтын 5.1 дэх заалтад “... Төрийн жинхэнэ албан хаагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг байгууллагын эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ ...”,

2014 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 2.3 дахь заалтад “Жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-ын дагуу Татварын хэлтсийн давуулан биелүүлсэн орлогын дүнгээс 10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх захирамж гарган шагнаж урамшуулна ...” гэж зохицуулжээ.

Н.Бямбажав миний бие 2013 онд ажлын үр дүнгээр 94.2 хувь “А” буюу маш сайн гэсэн үнэлгээ, 2014 онд ажлын үр дүнгээр 95.8 хувь “А” буюу маш сайн гэсэн үнэлгээг тус тус авч, 2013 оны орон нутгийн орлогод 12 401 700 төгрөгөөр, 2014 оны орон нутгийн орлогыг 29 121 800 төгрөгөөр, нийт 41 523 500 төгрөгөөр давсан орлого оруулсан нь үр дүнгийн гэрээ дүгнэсэн дүгнэлтээр нотлогдсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл: Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, мөн хуулийн 38.4-т “Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас татварын улсын байцаагчид шагнал олгох тухай 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 тоот тогтоолын дагуу үр дүнгийн урамшуулал авах эрхтэй болж байна.

Тухайлбал энэхүү тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-т “Ажлын үр дүнгийн шагналыг олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн биелэлтийг үндэслэнэ”,

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу “... төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн урамшуулал олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгохоор ...”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасны дагуу “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” баталгаагаар хангагдана, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж, өндөр амжилт гаргасан гавъяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, түүнийг дараах байдлаар шагнаж, урамшуулна. Мөн зүйлийн 31.1.1-т заасны дагуу мөнгөн шагнал олгох,

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журмын 2.1.1-т заасны дагуу “Албан хаагчийн тухайн жилийн ажлын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны гүйцэтгэлийн биелэлтийг тооцож, хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулахад зарцуулна” гэж заасныг тус тус Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга зөрчиж, нэхэмжлэгч миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Зохих урамшууллын асуудлыг өмнө нь ажиллаж байсан Засаг дарга нар зөвшөөрч, 2014 онд урамшууллын мөнгөний оронд “Supervin” мотоциклийг өгсөн боловч 2017 оны 03 дугаар сард буцаан авсан. Үүнээс хойш уг асуудлыг шийдвэрлэхийг бичгээр болон амаар хүссэн боловч шийдвэрлэхгүй өдийг хүргэсэн учир дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1 240 170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 2 912 180 төгрөг, нийт 41 523 500 төгрөгийн 10 хувь болох 4 152 350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бямбажавт олгохыг даалгаж өгнө үү.

... Хийх ёстой ажлаа хугацаанд хийгээгүй учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Яагаад хууль бус гэж хэлж байна вэ гэхээр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, тухайн татварын байцаагч Н.Бямбажав нарын байгуулсан Баянзүрх сумын олсон орлогоос давсан орлогыг тухайн татварын улсын байцаагчид олгоно гэсэн гурвалсан гэрээ байгаа. Гурвалсан гэрээг 2013, 2014 онд дүгнэсэн дүгнэлт нь байгаа. Үүнд Н.Бямбажав 2013 онд 94.2 хувиар үр дүнгийн гэрээгээ маш сайн буюу “А” үнэлгээтэй, 2014 онд үр дүнгийн гэрээгээ 95.8 хувь буюу маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн байдаг. 2013 оны орон нутгийн орлогод 12 401 700 төгрөг, орон нутгийн орлого 21 800 000 төгрөгөөр нийт 41 523 500 төгрөгөөр давсан болох нь үр дүнгийн гэрээг дүгнэснээр нотлогдож байгаа учраас тэр гурвалсан гэрээний үр дүнд бий болсон давуулан биелүүлснийхээ 10 хувийг авъя гэж хэлж байгаа юм. Сая хариуцагч хэлэхдээ 10 хувь байх юм уу, 5 хувь байх юм уу тодорхойлоогүй гэж хэлж байна. 2013, 2014, 2015 онуудад тухайн сумын иргэдийн төлөөлөгчид нь манайх ээлжит бус хурлаа хийгээгүй гэж хэлж байсан. Хийгээгүй гэдэг нь эс үйлдэхүй нь үүн дээр харагдаж байгаа юм. Хэдэн хувиар олгохоо тохироогүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийгээгүй нь эс үйлдэхүй юм гэж үзэж байна. Хууль тогтоомжийн дагуу орон нутгийн орлогоос давсан орлогын 10 хувийг авна гэсэн. Шагнал урамшуулал авсан байна гэж хэллээ. Аймагт оршин тогтнож байгаа татварын хэлтэс босоо удирдлагатай учраас ямар урамшуулал олгогдож байгаа гэдгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 715 дугаартай тоот тушаалаар урамшуулал олгосон байгаа. 474 дугаартай тушаалаар олгох урамшуулал нь миний ойлгож байгаагаар хоёр өөр ойлголт гэж үзэж байна. Татварын ерөнхий газар хуулиар олгогдсон эрхийн дагуу Н.Бямбажавт урамшуулал олгож болно. Гурвалсан гэрээний ач холбогдол нь давсан орлогын хэдэн хувийг Н.Бямбажавд өгнө гэсэн санаа юм. Урамшуулал авсан гэж хэлж байна. Аваагүй гэж хэлээгүй. Энэ 2 урамшуулал нь тус тусдаа ойлголт юм. Гурвалсан гэрээн дээр төсөв захиран зарцуулах эрх бүхий субъект нь Н.Бямбажавт иргэдийн хурлын шийдвэрээр олгоно гэсэн байгаа. Н.Бямбажав нь өөрөө  хүсэлтээ гаргасан байдаг. Н.Бямбажавыг тэтгэвэрт гарахад нь сумын Засаг дарга Мягмар нь Н.Бямбажав гуай таны урамшууллыг олгоно гэж явж байгаад яг тэтгэвэрт гарах үед нь Supervin нэртэй мотоцикль өгөөд үүгээрээ урамшуулал олгож байгаагаар аман тохиролцоо хийсэн байгаа. Гэтэл 2017 оны 03 дугаар сард Засаг дарга солигдоход одоо Засаг дарга хийж байгаа Б.Баярмагнай хэлэхдээ манайх энэ мотоциклийг биш мөнгийг нь өгье гэж хэлээд мотоциклио авсан байдаг. Тэрийг мотоциклийг манай Засаг даргын Тамгын газрын хөрөнгө юм байна гээд авсан. Маргаан үүсэх шалтгаан нь мөнгө ч олдохгүй мотоцикль ч олдохгүй болохоор дахин маргаан үүсч байгаа юм билээ. Тухайн үедээ иргэдийн хурлаар шийдээгүйн улмаас ийм үр дагавар маргаан үүсч байна гэж үзэж байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... 2013 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг аймгийн татварын хэлтсээс авсан тул давхардуулан олгох боломжгүй. 2014 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг тухайн  хугацаанд нь олгоогүй бол нөхөн олгох тухай хууль эрх зүйн үндэслэл байхгүйн улмаас олгох боломжгүй гэж үзэж байна. Мөн Supervin мотоциклийг 2014 оны 6 дугаар сард Засаг даргын Тамгын газрын орлогод авсан, татварын улсын байцаагчийн албан хэрэгцээнд зориулагдсан тээврийн хэрэгсэл юм. Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд бүртгэлтэй мотоциклийг Н.Бямбажавын хувийн хэрэгцээнд өгсөн тухай баримт байхгүй бөгөөд түүнийг тэтгэвэрт гарсны дараа албан хэрэгцээнд ашиглагдаж байсан мотоциклийг буцаан авч дараагийн татварын улсын байцаагчийн албан хэрэгцээнд ашиглуулахаар болсон. Үр дүнгийн гэрээний давсан орлого нэхэмжилж байгаа боловч давсан орлогоо тооцохдоо 10 хувь өгөх юм уу, 6 хувь өгөх юм уу гэдгийг тодорхой зааж өгөх ёстой. Энэ нь нэгдүгээрт хууль бус байна. Тэгсэн байж 10 хувь нэхэмжилсэн байгаа. 2013 оны давсан орлого бол 1 240 700  байгаа үүнээс хувиараа эрхлэх аж ахуйн орлого 1 228 700 төгрөг, үүнд ойн төлбөр 1 938 000 төгрөг гэсэн орлогоор давсан эдгээр орлого нь татварын байцаагч Н.Бямбажавын үйл ажиллагааны үр дүнд  хамааралгүй юм. Аж ахуйн орлого  ноосны урамшууллаас 10 хувь суутгаж авдаг. Ойн орлогыг ойн байцаагч нар хийдэг бөгөөд татварын байцаагчид огт хамааралгүй. Хүү торгуулийг цагдаа торгох эрх бүхий албан тушаалтан торгодог. Түүнээс Н.Бямбажавыг торго гээд байдаггүй. Энэ бүгдийг тооцсон баримт байхгүй. 2014 онд ойн төлбөр 7 193 000 төгрөгөөр давсан, агнуур 14 000 000 төгрөгөөр давсан. Хүү торгууль  6 161 700 төгрөг гэх мэтээр дээрхтэй адилаар давсан. Н.Бямбажавтай холбогдсон асуудал байх юм бол энэ орлогоос миний биелүүлсэн орлого тэдэн төгрөг давсан байна гээд хүү торгуулийг тооцоод 10 хувь юм уу хэдэн хувь юм гэдгийг тодорхой зааж өгөх ёстой байсан. Ийм зүйл огт байхгүй байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж Н.Бямбажавын нэхэмжлээд байгаа урамшууллыг шийдвэрлэх ёстой. Татварын ерөнхий газрын даргын 474 дүгээр тушаал дээр байгаа урамшууллыг олгохдоо хамт олны хурлаар шийдэх ёстой. Н.Бямбажав бол шууд Татварын хэлтсээс цалинждаг тийм учраас манайх цалингийн урамшуулал олгох үндэслэл байхгүй. Хамт олны хурлаар шийдээд гурван талт гэрээгээ үндэслээд шийдэх учиртай. Давсан орлогыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаад Хурлаас хэдэн хувь давуулан биелүүлсэн талаар тогтоогоод хэдэн хувийн урамшуулал олгохоо шийдвэрлэнэ. Гэтэл аль орлогыг хэдэн хувиар оруулснаа зааж өгөөгүй байна. Сумын Засаг дарга ч гэсэн оруулаагүй байх гэж бодож байна. Иргэдийн хурлаас шийдвэр гаргаагүй учраас сумын Засаг дарга мөнгө төгрөг гаргах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл татвараас цалинждаг учраас боломжгүй. Манай сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд татварын байцаагчийн цалингийн сан орохгүй. Бид цалингийн сангаас давж олгосон бол хамт олны хурлаар хэлэлцээд олгох боломжтой байгаа. 2013, 2014 онд Татварын ерөнхий газрын даргын 474 дүгээр тушаалыг үндэслээд хоёуланд нь урамшуулал авсан байгаа. Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд энэ тухай баримтаа оруулаагүй байсан. Энэ захиргааны хэргийн шүүхэд материал бүрдүүлэхдээ 2014 оны баримтыг хавсаргасан байсан. Би тооцож үзэхэд Татварын хэлтсээс 3.000.000 гаруй төгрөгний урамшуулал авсан байсан. 173 дугаар тушаалыг үндэслээд  дахин урамшууллыг давхцуулан олгох заалт байхгүй. 2013, 2014 онд Н.Бямбажав урамшуулал олгох эсэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээгүй. Иймд энэ мөнгийг манайхаас олгох боломжгүй гэж үзэж байна” гэв. 

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Н.Бямбажавын Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1 240 170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 2 912 180 төгрөг, нийт 41 523 500 төгрөгийн 10 хувь болох 4 152 350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бямбажавт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг доорх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэг талаас менежер буюу төсвийн шууд захирагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхгэрэл, нөгөө талаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагч Нямгаагийн Бямбажав нар гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх үүрэг, гэрээний урамшуулал ба хариуцлагын талаар тохиролцон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар үр дүнгийн гэрээ[1] байгуулсан байх ба уг гэрээний төгсгөлд талууд болон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар нар гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байна.

Энэхүү гэрээний 5.1-д “төрийн жинхэнэ албан хаагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулахыг байгууллагын эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Н.Бямбажав “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1 240 170 төгрөг олгохыг даалгах”-ыг хүсчээ.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагч Н.Мягмарт түүнийг томилох, чөлөөлөх, түүнд цалин хөлс, урамшуулах олгох эрх бүхий албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар 2013 онд үр дүнгийн урамшуулал олгож байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхгэрэл, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагч Нямгаагийн Бямбажав нарын байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээнд[3] Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга гарын үсэг зурсан боловч түүний эдлэх эрх, хүлээх үүрэг гэрээнд тодорхой тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү үр дүнгийн гэрээгээр Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар нь тус сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавт татварын давсан орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох үүрэг хүлээгээгүй, энэ талаар үр дүнгийн гэрээнд тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн нэг талаас менежер буюу төсвийн шууд захирагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Баяраа, нөгөө талаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагч Нямгаагийн Бямбажав нар гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх үүрэг, ерөнхий менежер, Засаг даргын хүлээх үүрэг, гэрээний урамшуулал ба хариуцлагын талаар тохиролцон 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар үр дүнгийн гэрээ[4] байгуулсан байх ба уг гэрээний төгсгөлд талууд болон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар нар гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон байна.

Энэхүү гэрээний 2.3-т “Жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлаас баталсан орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-ын дагуу Татварын хэлтсийг давуулсан орлогын дүнгээс 5-10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх захирамж гарган шагнаж урамшуулна” гэж заасан[5] байх ба нэхэмжлэгч Н.Бямбажав “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 10 хувь 2 912 180 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бямбажавт олгохыг даалгах” шаардлага гаргасан.

Гэвч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Баяраа, Баянзүрх сумын татварын улсын байцаагч Нямгаагийн Бямбажав нар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар  байгуулсан үр дүнгийн гэрээгээр Баянзүрх сумын Засаг дарга тус сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавт давсан орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох үүрэг хүлээгээгүй байна.

Харин Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д заасны дагуу Татварын хэлтсийг давуулсан орлогын дүнгээс 5-10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх захирамж гарган шагнаж урамшуулахаар заасан ажээ. Үүнээс үзэхэд Баянзүрх сумын Засаг дарга нь аймгийн Татварын хэлтсийг давуулсан орлогын дүнгээс 5-10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх үүрэг хүлээсэн байх ба Баянзүрх сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавыг давуулсан орлогын дүнгийн 10 хувиар урамшуулах үүрэг хүлээгээгүй байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар Баянзүрх сумын татварын улсын байцаагч Н.Мягмарт 2014 онд үр дүнгийн урамшуулал олгож байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Бямбажав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д зааснаар Баянзүрх сумын Засаг дарга нь татварын улсын байцаагч Н.Бямбажавт давсан орлогын дүнгээс 10 хувиар урамшуулал олгох ёстой” хэмээн маргасанд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болох ба мөн хуулийн 46.3-т төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах /хуулийн 46.3.2/, нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх /хуулийн 46.3.3/ зэрэг арга хэмжээнд зарцуулж болно гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 46.4-т энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгохоор хуульчилжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-аар Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасан “Төсвийн урамшууллыг ... байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нийтлэг арга хэмжээнд зарцуулна” гэж заасан эрхийг хэрэгжүүлэх, үр дүнгийн гэрээний биелэлтийн дагуу олгосон төсвийн урамшууллыг зарцуулах, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулжээ.

Энэхүү журамд зааснаар аймаг, нийслэл, дүүргийн татварын албадын дарга нар орон нутгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшууллын мөнгөн хөрөнгийн 60 хүртэл хувийг Татварын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь нэмэгдэл санхүүжилтийн дансанд төвлөрүүлэх, 40-өөс багагүй хувийг тухайн татварын албаны Төрийн сан банкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, Татварын ерөнхий газрын нэмэгдэл санхүүжилтийн дансанд хуримтлуулсан урамшууллын хөрөнгийг Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр татварын албадад ажлын үр дүнг харгалзан хуваарилахаар байна.

Дээрх аймаг, нийслэл, дүүргийн татварын албадын дарга нар орон нутгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, олгосон урамшууллыг “албан хаагчийн тухайн жилийн ажлын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны гүйцэтгэлийн биелэлтийг тооцож, хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагч, хэлтэс тасаг хамт олныг шагнаж урамшуулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ... татварын албадын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийх ... гэх мэт” зүйлд зарцуулахаар журамлажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-д менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн урамшуулал олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болохоор,

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байхаар тус тус заасан.

Үүнээс үзэхэд менежер бөгөөд төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түүнд цалин хөлс олгох эрх бүхий албан тушаалтан болох Татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газар нь татварын улсын байцаагчид төсвийн урамшуулал олгох эрхтэй байна.

Харин Татварын ерөнхий газрын дарга, орон нутгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, олгосон төсвийн урамшууллыг сумын Засаг дарга захиран зарцуулах эрхтэй байхаар хууль тогтоомжид заагаагүй. Үр дүнгийн гэрээний урамшууллын мөнгөн хөрөнгийг Татварын ерөнхий газрын нэмэгдэл санхүүжилтийн данс, татварын албаны харилцан дансанд төвлөрүүлж, улмаар Татварын ерөнхий газрын нэмэгдэл санхүүжилтийн дансанд хуримтлуулсан урамшууллын хөрөнгийг ТЕГ-ын даргын шийдвэрээр татварын албадад ажлын үр дүнг харгалзан хуваарилахаар зохицуулагджээ.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д зааснаар татварын улсын байцаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, түүнийг тухайн сумын татварын давсан орлогын 10 хувиар шууд урамшуулах эрх сумын Засаг даргад олгогдоогүй бөгөөд Засаг дарга гэрээний дагуу Татварын хэлтэст төсвийн урамшуулал олгох асуудлыг холбогдох журмын дагуу хэрэгжүүлэхээр байна.

Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга нь тус сумын Татварын улсын байцаагч Н.Бямбажавт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан татварын орлогоос давсан орлогын 10 хувтай тэнцэх хэмжээний урамшууллыг түүнд өгөх үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэхээр, 38.4-т ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батлахаар заасан бөгөөд Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох асуудлыг зохицуулжээ.

Энэ тогтоолд зааснаар татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгох бөгөөд Баянзүрх сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавт Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар 2013, 2014 онуудад сар бүр үр дүнгийн шагнал олгож байсан[7] нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх заалт, 2013 оны үр дүнгийн гэрээний 5.1 дэх заалт, 2014 оны үр дүнгийн гэрээний 5.1 дэх заалттай тус тус нийцэж байна.

Нэхэмжлэгч Н.Бямбажав “зохих урамшууллын асуудлыг өмнө ажиллаж байсан Засаг дарга нар зөвшөөрч 2014 онд урамшууллын мөнгөний оронд Supervin мотоциклийг өгсөн” гэж тайлбарлаж байгаа.

Гэвч түүний 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад хандан гаргасан өргөдөлд[8] “2013, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд олгох 4 152 350 төгрөгийн оронд мотоциклийг оролцуулан надад өгөхөөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар, Э.Чинбат нар шийдвэрлэн, надад хүлээлгэн өгсөн хэдий ч зохих шийдвэр гаргаагүй ...” гэж бичсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Supervin мотоциклийг 2014 оны 6 дугаар сард Засаг даргын Тамгын газрын орлогод авсан, татварын улсын байцаагчийн албан хэрэгцээнд зориулагдсан тээврийн хэрэгсэл юм. Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд бүртгэлтэй мотоциклийг Н.Бямбажавын хувийн хэрэгцээнд өгсөн тухай баримт байхгүй бөгөөд түүнийг тэтгэвэрт гарсны дараа албан хэрэгцээнд ашиглагдаж байсан мотоциклийг буцаан авч дараагийн татварын улсын байцаагчийн албан хэрэгцээнд ашиглуулахаар болсон” гэх тайлбараас үзэхэд Н.Бямбажавын 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд тооцож Баянзүрх сумын татварын улсын байцаагчийн албан хэрэгцээний мотоциклийг түүнд өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Бямбажав 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад хандан 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 4 152 350 төгрөг гаргуулахыг хүсч өргөдөл[9] гаргасан бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/99 тоот албан бичгээр[10] урамшууллыг олгох боломжгүй гэсэн хариу өгчээ.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан[11] үр дүнгийн гэрээний урамшуулалд 4 152 350 төгрөгийг Н.Бямбажавт олгохыг даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Гэвч нэхэмжлэгч Н.Бямбажав аймгийн Засаг даргад өгсөн дээрх өргөдлийнхөө хариуг авалгүйгээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар захирамжаар “... аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч түүнээс албан ёсны хариу аваагүй байж шууд шүүхэд хандсан, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд ирүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан тул нэхэмжлэгч Н.Бямбажав Баянзүрх сумын Засаг даргад өөрт нь хандаж, улмаар Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/99 тоот албан бичгээр урамшууллыг олгох боломжгүй гэсэн өгсөн, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандаж, түүнээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1674 тоот албан бичгээр[12] хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар тасалдсан байна гэж үзлээ. Учир нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/99 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн хариу өгч, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, Хөвсгөл аймгийн Засаг даргаас шүүгчийн захирамжтай холбогдуулан хариу өгч, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдож байх тул хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүдийг дүгнэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.2, 46.4, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бямбажавын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1 240 170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 2 912 180 төгрөг, нийт 41 523 500 төгрөгийн 10 хувь болох 4 152 350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бямбажавт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 


[1] Хэргийн 8-10 дугаар хуудас

[2] Хэргийн 82-93 дугаар хуудас

[3] Хэргийн 8-10 дугаар хуудас

[4] Хэргийн 18-20 дугаар хуудас

[5] Хэргийн 20 дугаар хуудас

[6] Хэргийн 67-79 дүгээр хуудас

[7] Хэргийн 67-93 дугаар хуудас

[8] Хэргийн 35-36 дугаар хуудас

[9] Хэргийн 35-36 дугаар хуудас

[10] Хэргийн 7 дугаар хуудас

[11] Хэргийн 4-5 дугаар хуудас

[12] Хэргийн 6 дугаар хуудас