Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0485

 

“ХТЛ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, Н.Долгорсүрэн шүүгч, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ХТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр:

 “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХТК” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “ХТК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч тус бүрээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Маргаан бүхий 427 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019/13 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт хууль бус болох нь тогтоогдож байна. Хариуцагч шийдвэр гаргахдаа тухайн тохиолдлыг нарийвчлан зохицуулсан заалтуудыг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл “ХТК" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй.” гэжээ.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын кадастрын хэлтсийн даргын 427 дугаар шийдвэр гарсан болно.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2103 тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "ХТК” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасан дүгнэлт гаргах” Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2103 тоот албан бичгийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаар бүхий дүгнэлтэд “ХТК” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул ашигт малтмалын ашиглалтын MV-020511 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй.

Мөн түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүргүүлэлгүй цуцалсан шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт хуулийн заалтуудыг дурдсан болно. Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/302 тоот албан бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/13 дугаартай дүгнэлт” гарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 427 дугаар шийдвэрээр “ХТК” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020511 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж хариуцагчаас тайлбарлажээ.

Үүнд нэхэмжлэгчээс “..2016 оноос хойш маргаан бүхий актууд гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн болон олборлолтын ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлт гаргахдаа ашиглалт бүхий талбайд очиж судалж үзээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь мөн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй...” хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “ХТК” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “ХТК” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг “..захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, тайлбар, санал авах ажиллагаа хийгээгүй, бодит байдалд үйл ажиллагаа явуулж байсан эсэх, байгаль орчинд ямар хор, хохирол учруулсан, учирч болох байсан болохыг тогтоогоогүй...” зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаар хэрэв байгаль орчин, түүний баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг тогтоосон дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 тоот албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/79 тоот албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч “ХТК” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт, ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй байх ба 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Засаг даргын “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103 тоот албан бичиг болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын “Санал хүргүүлэх тухай” 1/302 тоот албан бичгүүдээс өөрөөр, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасан, гаргах боломжтой талаар тогтоосон баримтад байхгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/13 дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэр гарсан тул маргаан бүхий актууд хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ... ” гэж тайлбарлаж байх боловч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Иймд хариуцагч нар нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй ба бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх тусгай зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаагүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “ХТК” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгааг баримтаар тогтоож, энэ талаар холбогдох баримтад үндэслэн санал гаргах, тус саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой, эрх бүхий байгууллага албан тушаалтнууд энэ талаар зохих шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА