| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05707/И |
| Дугаар | 181/ШШ2016/00765 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00765
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2016/00765 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр гудамжны 508 тоотод оршин суух, 48 настай, эмэгтэй, РД:МИ68111002, Тариачин овогт Харваагийн Дулмаагийн хүсэлттэй
1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Цолмон-Эрдэнийн төрсөн эх тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Дулмаа, түүний өмгөөлөгч Л.Золзаяа нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Дулмаа миний бие С.Мандахбаяртай 1994 онд гэр бүл болж хамт амьдарсан. Бид 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Цолмон-Эрдэнийг төрүүлсэн. Хүүгээ төрөхөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, би иргэний үнэмлэхгүй байсан тул өөрийн төрсөн эгч Х.Наранцэцэгийн иргэний үнэмлэхийг ашиглан хүүгийнхээ төрсний гэрчилгээг авсан. Миний нөхөр 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан. М.Цолмон-Эрдэнэ нь төрсөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл миний асрамжид байдаг. Хүү маань гадаадад сурч амьдарч байгаа тэгээд би хүүхэд рүүгээ явах гэсэн юм. Иймээс Х.Дулмаа намайг хүү М.Цолмон-Эрдэнийн төрсөн эх болохыг тогтоож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Дулмаа нь 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр М.Цолмон-Эрдэнийг төрүүлсэн бөгөөд тухайн үед миний төрсөн дүү Х.Дулмаа нь бичиг баримтгүй байсан учраас миний иргэний үнэмлэхийг авч бүртгүүлсэн. Одоо М.Цолмон-Эрдэнийг, төрүүлсэн эх Х.Дулмаагийн нэр дээр болгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Х.Дулмаа нь 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Цолмон-Эрдэнийн төрсөн эх тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Х.Дулмаа нь 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү М.Цолмон-Эрдэнийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээд Харваагийн Наранцэцэгийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4751 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд "хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11,D18S51, PentaE, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179,TROX, FGA локусын аллелиар Х.Дулмаа нь хүү М.Цолмон-Эрдэнийн биологийн эх байх боломжтой байна, Х.Дулмаа нь М.Цолмон-Эрдэнийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна" гэжээ.
Иймд 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Цолмон-Эрдэнийн төрсөн эх нь Х.Дулмаа болохыг тогтоох үндэстэй.
Гуравдагч этгээд Х.Наранцэцэг нь 1 дүгээр ангид сурдаг хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг, авдаг ажилтай учир өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Цолмон-Эрдэнийн төрсөн эх нь Х.Дулмаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО