Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 579

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б- даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Д.П дагва

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүгдэгч Т.П-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн П-т холбогдох эрүүгийн 1905017960000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 7 эхнэр 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9-р хороо Даваа 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, өмнө Баянгол дүүргийн шүүхийн анхан шатны эрүүгийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /         / Б овгийн Т-ийн П-.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Т.П-нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Даваа 1 дүгээр гудамжны 00 тоотод байх иргэн О.Г-ы гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч Samsung S6 маркын гар утас хулгайлж, О.Г-д 179.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Т.П-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

 

Шүүгдэгч Т.П-нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Даваа 000 тоот хашаанд байх хохирогч О.Г-ы гэрт нэвтэрч, Самсунг Галакси Эс-6 загварын гар утас хулгайлан авч, хохирогч О.Г-д 179.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч О.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Давааны 000 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манайх хашаандаа 5 ханатай Монгол гэрт амьдардаг. Манай гэр Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цоожтой байдаг. Гэрийн цоож ганцхан түлхүүртэй. ...Гэрийн түлхүүрээ гэрийнхээ амбаарын зүүн урд талын буланд жижиг хайрцагт хийгээд явдаг байсан. Манай хүүхдүүд хичээлээсээ тарж ирээд жижиг хайрцагнаас түлхүүрээ авч гэртээ ордог. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим манай нөхөр бид 2 хоёр хүүхдээ аваад хашааны хаалгаар машинтайгаа орсон чинь манай гэрийн хаалгаар манай гэрээс баруун зүгт эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг Т.П-гэх залуу улаан өнгийн бээлий өмссөн гарч ирсэн. Нөхөр бид 2 яагаад энэ манай гэрээс гарч ирдэг билээ гэж гайхаад нөхөр маань машинаасаа буух гэхэд Т.П-зугтаасан. Араас нь манай нөхөр хөөсөн. Тэгээд гүйцээгүй. Эргэж ирэхээр нь гэртээ хамт ороход манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэсэн чинь манай гэрийн хойд талд зурагтын хажуу талын шургуулганд байсан хөх өнгийн Самсунг Галакси Эс-6 маркийн гар утас байхгүй байсан. ...Т.П-нь манай эзэнгүй, цоожтой байгаа гэрт нэвтрэн орох, гэрийн хойд талын шургуулганаас эд зүйл авч захиран зарцуулах эрх байхгүй. Т.П-той ямар нэг садан төрлийн холбоо байхгүй. ...Энэ утас бол зүгээр ажиллагаатай байсан. ...Манай гэрээс авч гараад Т.П-унагаасан хагласан байх. ...Би хөх өнгийн гадаргуутай Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг 2018 оны 8 дугаар сарын сүүлээр танихгүй хүнээс 220,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би дэлгэц нь хагархай утас хүлээн авлаа. Энэ утас хулгайд алдагдах үед бүтэн ажиллагаатай, дэлгэц нь хагараагүй байсан болохоор Т.П-оос дэлгэц засуулахад шаардагдах 120.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 тал/,

 

Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Эхнэр бид 2 амарч байсан болохоор хоёр хүүхдээ аваад гадуур гарч хоол идчихээд орой 16 цаг өнгөрч байхад хашааныхаа хаалгаар машинтайгаа орж ирсэн чинь манай гэрээс Т.П-гарч ирсэн. Т.П-манай гэрээс 30-50 метрийн цаана байдаг манай хөрш айлын залуу байгаа юм. Гэр эзэнгүй, цоожтой байхад яагаад манай гэрээс гарч ирдэг билээ гэж гайхаад машинаасаа буугаад дуудсан чинь Т.П-зугтаасан. Би хойноос нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд эргэж ирээд гэр рүүгээ ороход манай гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэрт орсон байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь гэрийн хойморьт байрлуулсан байсан шүүгээнээс хөх өнгийн Самсунг Галакси эс-6 гар утас алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. ...Энэ утсыг манай эхнэр Гэрэлчулуун ашиглаж байсан. ...Би 2019 оны 03 дугаар сарын сүүлээр байх өөрийнхөө гар утсыг барьцаанд тавиад энэ утсыг 7 хоног ашиглаад утсаа барьцаалан зээлдүүлэх газраас авсан. Ингээд энэ утсыг унтрааж цааш нь хийсэн байсан. Үүнээс хойш ашиглаагүй байсан болохоор зүгээр байсан гэсэн үг. П надаас зугтааж байхдаа унаж ойчсон уу? Утсаа газар унагаасан уу? Тэгээд л эвдэлдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Шүүгдэгч Т.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...манай хүүхдийн бөмбөг манай урд талын хамар хашаа руу орчихсон байхаар би хашааг нь давж ороод бөмбөгөө авч хашаа руугаа шидчихээд гэр лүү нь харахад цоожтой байсан. Амбаарынх нь гадна талд жижиг төмөр өлгөөстэй лаазанд түлхүүр нь байхаар аваад цоожийг нь онгойлгож ороод зурагтны өмнө байсан Самсунг Эс-6 маркийн гар утсыг аваад гарч ирээд гэртээ ороод нуучихсан байсан. Тэр өдрөө би цагдаад баригдаад маргааш нь байцаагчтай хамт гэрт очиж утсыг нь гаргаж өгсөн. Согтуудаа шунахайн сэдэлтээр авчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

 

Хулгайд алдагдсан гэх Самсунг Глакси Эс-6 загварын гар утсыг шүүгдэгч Т.П-оос хураан авсан, хохирогч О.Г-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 3-5тал/,

 

Д-К-ийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Хуучин ашиглаж байсан, 2018 оны 8 сард худалдан авсан Самсунг Эс-6 загварын гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 179.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46 тал/ бүхий нотлох баримтууд хамаарч байна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Т.П-ын хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Э,Н-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21-22, 27, 30-32, 62-63, 65-69 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

 

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан хохирогч О.Г-ы “...Т.П-нь манай эзэнгүй, цоожтой байгаа гэрт нэвтрэн орох, гэрийн хойд талын шургуулганаас эд зүйл авч захиран зарцуулах эрх байхгүй...”, гэрч Ц.Б-ы “...манай гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэрт орсон байсан...”, шүүгдэгч Т.П-ын “...Гэр лүү нь харахад цоожтой байсан. Амбаарын гадна талд жижиг төмөр өлгөөстэй лаазанд түлхүүр нь байхаар аваад цоожийг нь онгойлгож ороод зурагтны өмнө байсан Самсунг Эс-6 маркийн гар утсыг аваад гарч ирээд гэртээ ороод нуучихсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.П-нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Даваа 1 дүгээр гудамжны 00 тоот хашаанд байх иргэн О.Г-ы гэрт нь буюу хүн байнга амьдрах орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

        Хулгайн эд зүйл болох Самсунг Глакси Эс-6 загварын гар утасны зах зээлийн үнэ 179.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 45-46 дахь талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол энэ гэмт хэргийн улмаас учирсан гэж үзнэ.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж хуульчилан тогтоож өгсөн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, ...зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдсан гэж шүүх дүгнэв.

 

Иймд хяналтын прокуророос Т.П-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Т.П-дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.П-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайд алдсан Самсунг Глакси Эс-6 загварын гар утсыг хохирогч О.Г-д хүлээлгэн өгсөн, мөн шүүгдэгч нь 120.000 төгрөгийг хохирогчид Хаан банкны 5845400000 тоот дансаар төлсөн, гомдолгүй гэх бичгийг хохирогч шүүхэд ирүүлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.П-оос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж хохирол нөхөн төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон болно. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч Т.П-нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Т.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Э,Н-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянгол дүүргийн 9 хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П-нь Баянгол дүүргийн 9 хороо, Даваа 00 тоотод ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тэнсэж хянан харгалзаж байсан байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.П-нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу нэг жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Т.П-энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн П-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-ийн П-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.П-энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.Болортуяа