Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 583

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905025290000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-нд Төв аймагт төрсөн 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Би Э-д дуудлагын инженер ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, Төв аймгийн зуун мод сум 6 дугаар баг, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /                   / Б овогт Б-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг болох Ш нэртэй караокед Г.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй караокед хохирогч Г.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь хүүхэд болох П-ын хуримын цайллага болсон. Орой 17 цагийн үед дуусаад хамаатны эгч Н, Л, дүү Б нөхөр П  бид нар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй караокед орсон. Ингээд дуулах нь дуулаад уух нь уугаад манай нөхөр тасарсан. Тэгээд явцгаахаар болоод байж байтал Б манай нөхрийг авч явна гэхээр нь би явуулахгүй бид 2 гэртээ харина гэж хэлсэн. Тэгтэл Б би ахыг аваад явна чи муу манай ахыг дандаа дарамталдаг биз дээ гэх мэтээр намайг доромжилсон. Тэгээд маргалдаж байтал Б баруун гараараа миний зүүн шанаа нүд хэсэгт 2 удаа цохиод авсан. Би нөхрийн хамт хариад өглөө босоод иртэл нүүрний зүүн тал битүү хавдсан байсан. Би томографикт харуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Томографикийн мөнгийг Б өөрөө төлсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Г.М-ын биед зовхи, хацар шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 15тал/,  

 

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай дүүгийн хурим болоод 17 цаг өнгөрөөгөөд дууссан. Ингээд хамаатныхантайгаа Ш нэртэй караокед орсон. Тэгээд дуулаад пиво архи, уугаад нилээд согтсон байсан. Караокеноос гарах гэж байх үедээ хамаатны М эгчтэй нөхрөөс нь болж маргалдаад нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. ...Тухайн үед авга П тасраад унасан байсан бөгөөд би авч явна гэтэл М эгч явуулахгүй гэснээс болж маргалдаад би нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохичихсон юм. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/ хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28-35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.М-ын биед “зовхи, хацар шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан нь хэргийн 15 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Г.М-ын зүүн шанаа хэсэгт 2 удаа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б“хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Хохирогч Г.М- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА