Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 284

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019          10                01                                               2019/ШЦТ/284                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ж.Э , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1934004330314 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

  

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эмээ, өвөө, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 гудамж, 180Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар арын 21-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 8 сарын хугацаагаар хэрэглэсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ......... дугаарын регистртэй, Б овгийн Ж.Э

 

                                          Холбогдсон хэргийн талаар

                              /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Э нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 36-180 тоотоос 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 23 цагийн орчимд өөрийн ах Ч.Батбаярыг унтаж байхад түүний эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй согтуурсан үедээ, Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг, “Туул гол”-ын гүүр гэх газарт байх асфальтан замд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө Ч.Батбаярын эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 11.14-д “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас урдаа явсан Тоёота Марк-Х маркийн 37-03 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч А.Дамбапунцагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э :

...2019 оны 06 дугаар 01-ний орой гэртээ байхад А.Дамбадунцаг намайг дуудаад  байхаар нь би гараад Лүн сум орсон. Г.Мөнхболд, Жанчив бид 3 Урьхан зоогийн газар ороод 1 шил архи уусан. Тэгээд дахин 1 шил архи авч уусан. Хот ороод жолоо барих хүн олно гээд хөдөлөөд осол орсон. Осол гарсны дараа түргэний машин дуудаад А.Дамбапунцагийг эмнэлэгт хүргэсэн... гэж мэдүүлжээ. 

 

  Эрүүгийн 1934004330314 дугаартай хэрэгт хохирогч А.Дамбапунцаг /хх-ийн 18, 109-110 дугаар хуудас/, хохирогч Г.Мөнхболд /хх-ийн 81 дүгээр хуудас/, хохирогч Ч.Батбаяр /хх-ийн 107-108 дугаар хуудас/, гэрч А.Дамбапунцаг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч В.Жанчивын /хх-ийн 22, 83 дугаар хуудас/, гэрч Г.Мөнхболд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч С.Цэцэгмаа /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ч.Батбаяр /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч О.Алтансүх /хх-ийн 82 дугаар хуудас/, гэрч С.Цэцэгмаа /хх-ийн 111 дүгээр хуудас/ иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр /хх-ийн 86 дугаар хуудас/, яллагдагч Ж.Э /хх-ийн 102-103 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Эд зүйлийн үнэлгээний /хх-ийн 35 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7001 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 388 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуудас/, 

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1166 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 51 дүгээр хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1167 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 57 дугаар хуудас/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт /хх-ийн 4 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал /хх-ийн 6-7 дугаар хуудас/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-16 дугаар хуудас/, 35-77 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, 43-07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58, 62 дугаар хуудас/, хохирогч Ч.Батбаярын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтууд /хх-ийн 65-66, 68 дугаар хуудас/, хохирогч А.Дамбапунцагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Э ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 64, 67, 70-76, 112, 117, 119 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 23 цагийн орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 36-180 тоотоос өөрийн ах Ч.Батбаярыг унтаж байхад түүний эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуурсан үедээ, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өглөө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг, “Туул гол”-ын гүүр гэх газарт байх асфальтан замд Ч.Батбаярын эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлий хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 11.14-д “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас урдаа явсан Тоёота Марк-Х маркийн 37-03 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч А.Дамбапунцагийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Дамбапунцаг ...120 км цагийн хурдтай явж байсан би согтуу зарим юм аа сайн санахгүй байна. Хонь, ямаа хараад тоормозоо гишгэсэн боловч хонь, ямаа мөргөтөл араас Х.Пит маркийн автомашин мөргөөд би асфальтан замын баруун гар талын цементэн хашлага мөргөсөн юм... /хх-ийн 18 дугаар зүйл/,

...Улаанбаатар хот руу явах санаатай хөдлөөд явж байгаад туул голын цементэн гүүрэн дээр хонь гарч ирээд би хонь мөргөөд тоормоз гишгэхэд араас машин мөргөөд тэгээд би цементэн гүүр мөргөж зогссон. Тухайн үед би марк-Х машин жолоодож явсан. Харин намайг мөргөсөн манай найз Ж.Э болохоор Х.Пит маркийн машин жолоодож явсан... /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

хохирогч Г.Мөнхболд ...Зүүн нүд хөхөрсөн, тархи хөдөлсөн, өөр биед хохирол учраагүй... ...миний эмчилгээний 800.000 төгрөгийг гаргаж өгвөл гомдол санал байхгүй... /хх-ийн 81 дүгээр хуудас/,

хохирогч Ч.Батбаяр ...миний дүү Ж.Э нь намайг унтаж байхад миний эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг надад хэлэхгүйгээр авч явсан юм. Хүүхэд болохоор сонирхсон юм шиг байгаа юм. Миний бие энэ хэрэгтэй холбоотойгоор дүүгээсээ нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна... /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

гэрч А.Дамбапунцаг ...туул голын гүүр дөхөөд зам дээр гэнэт хонь ямаа гараад би тоормозоо гишгээд хонь ямааг мөргөөд араас манай найз Ж.Э  пит маркийн машинаараа мөргөөд би машинтайгаа Туул голын гүүрний ертөнцийн зүгээр урд талын хашлага мөргөөд зогссон... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч В.Жанчивын ...Дамбапунцаг  өөрийнхөө марк-Х маркийн авто машинаа жолоодоод хажууд нь Мөнхболд суугаад араас нь 43-07 УНП улсын дугаартай ПИТ маркийн авто машиныг Ж.Э  жолоодоод би хажуу талын суудал дээр нь суугаад асфальтан замаар явж байснаа санаад түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ж.Э  намайг алгадаж сэрээтэл асфальтан замын ертөнцийн зүгээр хойд тал руу машинтайгаа орчихсон Дамбапунцаг машинтайгаа асфальтан замын ертөнцийн зүгээр урд цементэн хашлагыг мөргөөд зогссон. Дамбапунцаг, Мөнхболд хоёр машинаасаа гарч ирсэн... /хх-ийн 22 дугаар хуудас/,

...Ж.Э , Батбаяр ахаасаа машиныг хэлээгүй зөвшөөрөл аваагүйг нь би мэдээгүй. Надад тэр талаар Ж.Э аас ахынхаа машиныг яаж авсан талаар би мэдээгүй, хэлээд зөвшөөрөл авсан гэж бодож байсан... /хх-ийн 83 дугаар хуудас/,

гэрч Г.Мөнхболд ...би хараад мал гэж хэлтэл хонь, ямаа мөргөтөл араас машин хүчтэй мөргөсөн. Хэсэг хугацаанд би ухаан алдаад сэргэтэл Туул голын гүүрний ертөнцийн зүгээр баруун талын урд цементэн хашлага мөргөөд зогссон байхаар нь би машинаас буугаад жолоочийн талаар очоод Дамбапунцагийг бие чинь яаж байна гэтэл хөл хөдлөхгүй байна гэсэн асфальтан зам дээр гартал Пит маркийн автомашин ертөнцийн зүгээр асфальтан замын хойд талд далан хэсэг рүү уруудаад зогссон байсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч С.Цэцэгмаа ... хонины хагас Туул голын гүүрний баруун талаар асфальтан замаар гарч байтал ертөнцийн зүгээр баруун талаас их хурдтай жижиг суудлын 2 машин ар араасаа цувраад ирж байснаа урд машин манай хоныг мөргөтөл араас нь нөгөө жижиг машин ирж урдах машинаа мөргөсөн. Тэгээд би буцаад тасарсан хэдэн хонио туугаад осол болсон газар очтол манай сумын Дамбапунцаг гэдэг залуугийн машин манай хонийг туул голын гүүрний баруун талын урд хашлагыг урд хэсгээрээ мөргөөд зогссон... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Ч.Батбаяр ...2019 оны 06 дугаар сарын 01-ний орой Улаанбаатар хотод гэртээ унтаж байтал Ж.Э  миний машины түлхүүрийг надад хэлэлгүй аваад машин унаад явсан байсан... /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч О.Алтансүх ...35-77 УБЕ улсын дугаартай Т.Марк-Х маркийн автомашинаа худалдаж аваад өөрөө хэрэглэж байгаад дүү Дамбапунцаг 2018 оны 11 дүгээр сард өгсөн болохоор одоо надад хамаагүй... ...Дамбапунцаг бид хоёрт машины талаар ямар нэгэн мөнгөний өглөг авлага байхгүй, миний дүү болохоор бие биендээ итгээд эзэмшигчийн нэрийг нь одоо болтол шилжүүлээгүй байгаа юм... /хх-ийн 82 дугаар хуудас/,

гэрч С.Цэцэгмаа ...тухайн зам тээврийн ослын улмаас миний 11 тооны мал дайруулж үхсэн. Надад үнэлгээгээр 1.090.000 төгрөгийн хохирол учирсан. Би дээрх малнуудаа тоо ёсоор нь малыг малаар нь А.Дамбапунцагаар төлүүлж авсан. Тиймээс надад ээнэ хэрэгт цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал алга... /хх-ийн 111 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр ...би болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн  зөвөөр мэдүүлсэн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. Ж.Э аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй... /хх-ийн 86 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Э ...ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш явж байтал Дамбапунцаг тормозлоод би машинтайгаа араас нь тулж ирээд тормоз гишгээд зүүн гар тийш рүүгээ дараад баруун талаараа марк-Х маркийн авто машины араас мөргөөд асфальтан замаас гараад ертөнцийн зүгээр хойд даланг уруудаад зогссон. Машинаас Жанчив бид хоёр бууж иртэл Дамбапунцаг ертөнцийн зүгээр асфальтан замын урд гүүрний ертөнцийн зүгээр баруун захын цементэн ханыг машинаараа мөргөөд зогссон байсан...,

...би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...,

 ...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 23 цагийн орчимд өөрийн ах Ч.Батбаярыг унтаж байхад түүний эзэмшлийн 43-07 УНП улсын дугаартай Х.Пит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан... /хх-ийн 21, 97-98, 102-103, 124-125 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7001 дугаартай ...Г.Мөнхболдын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 388 дугаартай ...А.Дамбапунцагийн биед баруун дунд чөмөгт ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан.. талаарх дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай ...Х.Пит маркийн 43.07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1166 дугаартай ... 35-77 УБЕ улсын дугаартай ”Toyota Mark X” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7.380.000 төгрөгөөр үнэлсэн... автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 51 дүгээр хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1167 дугаартай ...43-07 УНП улсын дугаартай “Нonda Fit” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1.520.000 төгрөгөөр үнэлсэн... автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 57 дугаар хуудас/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт /хх-ийн 4 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал /хх-ийн 6-7 дугаар хуудас/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-16 дугаар хуудас/, 35-77 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, 43-07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58, 62 дугаар хуудас/, хохирогч Ч.Батбаярын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтууд /хх-ийн 65-66, 68 дугаар хуудас/, хохирогч А.Дамбапунцагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Э-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 64, 67, 70-76, 112, 117, 119 дүгээр хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.    

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч Ж.Э ын өөрийн ах Ч.Батбаярын эзэмшлийн “Нonda Fit” маркийн 43-07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, эс үйлдэхүй нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө буюу өөрийн ахын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигч болох ахдаа мэдэгдэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, завших зорилгогүйгээр бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авснаараа төгссөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

 

мөн согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа өөрийн ах Ч.Батбаярын эзэмшлийн “Нonda Fit” маркийн 43-07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.14-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас урдаа явсан “Toyota Mark-X” маркийн 37-03 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч А.Дамбапунцагийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч яваад согтуу, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа төгссөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ж.Э  болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Э-ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ж.Э-ын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батбаярт эд хөрөнгийн хохирол,

мөн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Дамбапунцагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г.Мөнхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд болон шүүх хуралдаанд хохирогч А.Дамбапунцаг, Г.Мөнхболд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр нар нь шүүгдэгч Б.Ж.Э-аас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон  эд хөрөнгөнд учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч А.Дамбапунцаг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр нар нь шүүгдэгч Б.Ж.Э-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтас хэрэгт авагдсан хохирогч А.Дамбапунцагийн хохирогчоор болон хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 109-110 дугаар хуудас/, хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/, хохирогч А.Дамбапунцагийн шүүгдэгч Б.Ж.Э-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан мэдэгдэх хуудсаар,

хохирогч Ч.Батбаярын хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 26, 85-86, 106-108 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ж.Э-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Дамбапунцаг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр нарт төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Харин хохирогч Г.Мөнхболд нь хэдийгээр эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч 800.000 /найман зуун мянга/ төгрөг нэхэмжилдэг талаар хавтас хэргийн 23, 80-81 дүгээр хуудсанд хохирогч болон гэрчийн мэдүүлэг авагдсан байна.

 

Иймд хохирогч Г.Мөнхболд нь энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ж.Э-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид болох А.Дамбапунцаг, Ч.Батбаяр нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Г.Мөнхболдод учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан санаатай үйлдсэн гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж,

харин болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт нь тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэснийг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Ж.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба хоёр жилийн хугацаагаар түүний эрхийг хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Ж.Э  нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Дамбапунцаг, Ч.Батбаяр нарт төлөх төлбөргүйг, хохирогч А.Дамбапунцаг, Ч.Батбаяр нар шүүгдэгч Б.Ж.Э-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч Г.Мөнхболдод учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

                 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

                        38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

                                          заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

            

1. Шүүгдэгч Б овгийн Ж.Э-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  

2. Шүүгдэгч Б овгийн Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг,

мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгааралалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэснийг тус бүр тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э-д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Б овгийн Ж.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд, 

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг биелүүлээгүй, тогтоосон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э ын 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

10. Шүүгдэгч Б овгийн Ж.Э-д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Дамбапунцаг, Ч.Батбаяр нарт төлөх төлбөргүйг, хохирогч А.Дамбапунцаг, Ч.Батбаяр нар шүүгдэгч Б.Ж.Э д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч Г.Мөнхбаяр шүүгдэгч Б.Ж.Э аас 800.000 /найман зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг, шүүгдэгч Б.Ж.Э  нь хохирогч Г.Мөнхболдод учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

  

11. Хохирогч СВ91071817 дугаарын регистртэй, Боржигон овгийн Ганболдын Мөнхболд нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 800.000 /найман зуун мянга/ төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

12. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.       

 

13. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

15. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН