| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05387/И |
| Дугаар | 181/ШШ2016/00748 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2016/00748
2016 оны 09 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2016/00748 Улаанбаатар хот
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 байрны 18 тоотод оршин суух Дугуйчин овогт Энх-Амарын Давхарбаяр /РД:ЛЮ87110816/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Ниссан төв, Моннис моторс ХХК /РД: 5446139/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Давхарбаяр, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Моннис моторс ХХК –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Давхарбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Моннис моторс ХХК-д шалгалт өгч тэнцээд 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл автын механикааар ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй, 2015 оны эцэст байгууллагын “Аварга ажилтан” болсон. Манай байгууллага 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр Амгалан салбарыг алдагдалтай ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр татан буулгаж ажлаас халсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул Моннис моторс ХХК –ийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Хонгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Давхарбаяр бол манай байгууллагын сайн ажилчдын нэг юм. Амгалан салбарын хувьд ажлаас гадуур ажил хийгээд байсан болохоор алдагдалтай ажиллаж байсан тул 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс татан буулгаж мөн өдрөөс Э.Давхарбаярыг ажлаас чөлөөлсөн. Үүнийг Давхарбаяр ч мэдэж байгаа. Бид харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Э.Давхарбаярыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор болсон. Харин манай нягтлан шимтгэл төлсөн тайлангуудаа тушаачихдаг тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар сард нь тушааж чадахгүй бөөнд нь тушаана гэж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Давхарбаяр нь хариуцагч Моннис моторс ХХК-д холбогдуулан Моннис моторс ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн, нөхөн бичилт хийлгүүлж өгнө гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Э.Давхарбаярыг Моннис моторс ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл/ цалинд 5 218 863 төгрөг төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилтүүдийг хийлгэхээр зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, Моннис моторс ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баярын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
/802 373+772941+1044281= 2 619595/, /2619595:3=873198/, /873198:21,5=40613/, /873198х5=4365990/ , /41613х21=852873/, /4 365 990+852 873=5 218 863/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Моннис моторс ХХК нь нэхэмжлэгч Э.Давхарбаярыг Моннис моторс ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговорт 5 218 863 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, Э.Давхарбаярын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилтүүдийг хийхээр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч Э.Давхарбаяр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Моннис Моторс ХХК-иас 125402 төгрөг гаргуулж улсын төсөвийн орлогод оруулсугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО