| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0280/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 286
2019 10 07 2019/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Ц.Э-эд холбогдох эрүүгийн 1934007340355 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 10 дугаар 03-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1976 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ОИ76041011 дугаарын регистртэй, Т овгийн Ц.Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Э нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн Дэлийн ар гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө иргэн Н.Баярболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934007340355 дугаартай хэрэгт хохирогч Н.Баярболд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Н.Баярболд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Ц.Э /хх-ийн 6, 7-8 дугаар хуудас/, гэрч Г.Насанжаргал /хх-ийн 33 дугаар хуудас/, яллагдагч Ц.Э /хх-ийн 29-30 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 641 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Н.Баярболдын “ЛАЗЕР МЕД” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогчийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Н.Баярболдын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21, 23-25, 51 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн “Дэлийн ар” гэх газарт иргэн Н.Баярболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Баярболд ...Тэр өдөр Энэбишийн гэрт ороод архи ууж байгаад маргаад нэг мэдэхэд Энэбиш миний нүд рүү өшиглөсөн. Би өшиглүүлчихээд хаалга руу мөлхөж байхад дээрээс өшиглөж байсан... ...би энэ бишээс өөр хүнээр бол зодуулж цохиулаагүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Н.Баярболд ...Архи ууж байгаад би багана түшээд завилаад газар сууж байсан чинь гэв гэнэт нүд рүү тас буугаад явчихсан. Энэбиш гараа раа миний нүд рүү цохичихсон. Тэгтэл миний нүдний шил хагарсан. Би “чи яагаад ахыгаа цохив оо, чи согтоод байна уу “ гэхэд Энэбиш “та одоо юу гээд байгаа юм, намайг хулгайч гэх шиг” гэсэн. Би одоо тэгж хэлсэн байж болно л доо, хамаагүй юм хэлсэн баж болно. Тэрэнд чинь чи хүн хэтрүүлж зодож болохгүй ээ гэсэн чинь Энэбиш намайг өшиглөөд авсан. Би доошоо хараад хэвтээд өгсөн. Өшиглөөд байсан. Сүүлд нь арай л хатуу юмаар цохиод байх шиг санагдсан... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
гэрч Ц.Э ...Н.Баярболд ах намайг Увс аймгаас ирсэн увсын хулгайч, гаднаас ирсэн цагаач минь гэж хэлээд агсам тавиад бурхан тавьсан байсан авдар өшиглөөд гал байдаг хэсэг рүү шүлсээ хаяад согтуурхаад байхаар нь би бурхан шүтээн рүүгээ өшиглүүлж нулимуулчхаад уур хүрээд цохиод гаргачихсан. Би тэр үед согтуу байсан... ...би Н.Баярболдыг гар пизда минь гээд мөрнөөс нь татаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Гарахгүй болохоор гар болон хөл рүү нь өшиглөөд гэрээс гаргасан ... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч Г.Насанжаргал ...Ц.Э нь зан байдлын хувьд дуу цөөтэй, хүнтэй нэг их дугараад байдаггүй, чих жоохон хатуу, сонсгол муутай, хүнд тусархуу зантай, мал аж ахуй тал дээр их хөдөлмөрч олон жил мал дагаж амьдарч байна... /хх-ийн 33 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Э ...би бурхан шүтээн рүүгээ өшиглүүлж нулимуулчхаад уур хүрээд цохиод гаргачихсан юм... ...архи уучхаад настай хүн байж аятайхан байж чадахгүй агсам тавиад хүн доромжлоод байсан болохоор л тухайн үед уур хүрээд ийм юм болчихлоо... /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 641 дугаартай ...Н.Баярболдын биед зүүн эгэм ясны цууралт, зүүн бугалганд шарх, цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Н.Баярболдын “ЛАЗЕР МЕД” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогчийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Н.Баядрболдын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Э-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21, 23-25, 51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Э-ид холбогдох эрүүгийн 1934007340355 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Н.Баярболд нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Э-ийн иргэн Н.Баярболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл учирсан хөнгөн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Баярболдын эрүүл мэндэд биед биед зүүн эгэм ясны цууралт, зүүн бугалганд шарх, цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний з овхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Баярболд, шүүгдэгч Ц.Э-ээс эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 10-11 дугаар хуудсанд авагдсан Н.Баярболдын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хавтас хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Э-ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Баярболд нь шүүгдэгч Ц.Эид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ц.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т овгийн Ц.Э-ид шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Т овгийн Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Баярболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Ц.Э-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Ц.Э-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН