Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00737

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00737

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол,  Ус3 дугаар байрны 20 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Оготор йеншеебу овогт Жадамбын Туяа /РД:УГ61031603/-ийн хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Туяа, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие 1986 оны 6 дугаар сард Оросын холбооны улсын Екатеринбург хотын Уулын дээд сургуулийг Өрмийн технологи мэргэжлээр төгсөж ирээд мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс Түлш эрчим хүчний яамны томилолтоор Багануурын уурхайн Ус шүүрүүлэх хэсэгт засварчнаар,1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 17 тоот тогтоолоор тус уурхайн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд зааварлагчаар, Уурхайн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот тогтоолоор тус хорооны даргаар тус тус ажилласан.  

Одоо Монголын хуульчдын холбооны Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул өөрийн хүсэлтээр уг тэтгэврийг авахаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргахад Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1988 оны тогтоолын хуулбарыг шаардсан. Тус холбоо нь 1988 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж бие даан үйл ажиллагаа явуулахаа больсонтой холбогдуулан архивын баримт бичиг нь олдохгүй байгаа тул 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Бага нуурын уурхайн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ж.Туяа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ж.Туяа нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Багануурын уурхайн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд зааварлагчаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Багануурын нүүрсний уурхайн даргын “Ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” 1988 оны 287 дугаартай тушаал, Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 20 жилийн ойд зориулан гарсан номонд бичигдсэн дурсамжууд, гэрч Д.Туул, Ц.Мандахбаяр нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хүсэлтийг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Туяаг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Багануурын уурхайн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд зааварлагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                  

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО