Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1809

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч:  Д.Ариунжаргал

           шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Нарантуяа

хохирогч: О.А

шүүгдэгч: Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Э Ш холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906062212386 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Ш, 19  оны 12 дугаар  сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 6, эхнэр, хүүхдүүдийн  хамт  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, РД: ,

           Холбогдсон хэргийн талаар:

          Э.Ш  нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.А хамар тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

       Шүүгдэгч  Э.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед найзуудтайгаа уулзаж нэг газар ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 23:40 минут болж байхад би тамхилах гээд гадаа гарч ирсэн. Тухайн үед зам дээр хоёр машин мөргөлдсөн байж байгаад нэг машин брожур давж гарч ирээд миний хөлийг дайрах шахсан. Тэгэхээр нь би машиныг нь өшиглөхөд хохирогч найзтайгаа машинаасаа бууж ирсэн. Машин өшиглөсөн гээд хоёр талаас зууралдаад байсан. Би өөрөөсөө салгах гээд түлхэж байгаад хохирогчийн хамар тус газарт нь цохисон. Тэгээд би эрүүлжүүлэхэд очсон гэв.

            Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 02:00 цагт Баянцээлийн гаднаас тамхи ширхэгээр зардаг хүнээс тамхи аваад эгчтэйгээ хамт явж байсан. Би машин дотор байгаагүй. Бид хоёр энэ залуутай гадаа зөрсөн юм.  Шүүгдэгч Э.Ш  машины хаалга руу өшиглөөд байсан. Манай эгч болиоч яагаад байгаа юм гэж хэлэхэд та нарт хамаагүй. Та нарт хамаагүй гээд манай эгчтэй барьцалдаж авсан. Би болиочээ гээд дундуур нь салгах гээд ороход миний хамар луу цохисон. Би чи яагаад миний хамар луу цохиж байгаа юм гэхэд цагдаадаа аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй цагдаа гарч ирээд Э.Ш аваад явсан. Миний хамрын таславч муруйсан, хамар хугарсан байсан. Би нэгдүгээр эмнэлэгт хамраа тэгшлүүлсэн. Хамрын талстыг нь Эм Жи эмнэлэгт 2.270.000 төгрөгөөр эмчилдэг гэсэн. Хэрвээ янзлахгүй байх юм бол хамрын гаймориттай болдог гэсэн. Би хамрын талстаа эмчлүүлэх гэсэн боловч шүүгдэгч нь хохирлоо бүрэн өгөөгүй байгаа учраас хамрын талстаа эмчлүүлж чадаагүй байна. Би ресторанд зөөгчөөр ажилладаг. Би 27 хоног ажилдаа яваагүй. Би сард 700.000 төгрөгийн цалин авдаг. Би нийт 602.500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид ажилдаа явж чадаагүй цалингаа нэхэмжилж байна гэв.

          Шүүгдэгч Э.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 12-ний орой 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд найз Б, Г, Т, Б нарын хамт ороод 2 шил Алтан Чингис нэртэй 0.75 литрийн архи уусан. Тэгээд тамхилах гээд ганцаараа баарнаас гарсан чинь Төв зам дээрээс суудлын жижиг хар өнгийн Акуа загварын тээврийн хэрэгсэл туслах зам руу боржуур давж ирээд миний хөлийг мөргөх гээд байхаар нь би хүн мөргөлөө ш дээ дүрмээрээ яваач гэж хэлээд машин руу нь өшиглөсөн чинь уг машинаас үл таних 2 эмэгтэй бууж ирээд яагаад машин өшиглөөд байгаа юм гээд над руу дайрсан. Тэгээд намайг загнаад миний фудволкноос зуураад алгадаж аваад зуураад тавихгүй байхаар нь би нэг хүүхнийх нь нүүрэн тус газар мангасдаж түлхсэн. Гэтэл жолооч нь гэх залуу цагдаа дагуулаад хүрээд ирсэн юм. Би тухайн үед нэг их согтоогүй болж байгаа зүйлүүдийг мэдэж байсан. Бааранд байсан манай найз нар уг асуудлыг мэдээгүй. Яагаад гэхээр намайг тэдгээр хүмүүстэй маргаж дууссаны дараа шууд эрүүлжүүлэх рүү авч явсан юм гэжээ. /хх-н 10/

          Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 12-ний 03.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт банкны хажуу зам дагуу ширхэгийн тамхи зарж байсан эмэгтэйгээс тамхи аваад татаад зогсож байтал тэр хавиар үл таних согтуу залуу явж байсан ба намайг эргээд хартал миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Ямар шалтгаанаар цохисныг би мэдээгүй. Удалгүй манай эгч цагдаад дуудлага өгсөн. Би уг залууг огт танихгүй намайг хүн андуурч цохисон байх. Миний хамрыг хугалсан гэжээ.  /хх-н 4-7/

          Шинжээч томилох тухай тогтоол/ хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12384 тоот акт:

1.О.А биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ.  / хх-н 17/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 18-19/

         Хохиролд 2.100.000 төгрөг төлсөн баримт / хх-н 27/        

          Э.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 21/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н  /,

           Э.Ш Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 22/, прокурорын тогтоол /хх-н 23/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26/

            Э.Ш хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-29/ зэрэг болно.

         Э.Ш  нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.А хамар тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

           Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Голомт банкны хажуу зам дагуу ширхэгийн тамхи зарж байсан эмэгтэйгээс тамхи аваад татаад зогсож байтал тэр хавиар үл таних согтуу залуу явж байсан ба намайг эргээд хартал миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Ямар шалтгаанаар цохисныг би мэдээгүй. Удалгүй манай эгч цагдаад дуудлага өгсөн. Би уг залууг огт танихгүй намайг хүн андуурч цохисон байх. Миний хамрыг хугалсан гэсэн мэдүүлэг  /хх-н 4-7/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12384 тоот шинжээчийн дүгнэлтээр: О.А биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ.  / хх-н 17/

          Шүүгдэгч Э.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн... Төв зам дээрээс суудлын жижиг хар өнгийн Акуа загварын тээврийн хэрэгсэл туслах зам руу боржуур давж ирээд миний хөлийг мөргөх гээд байхаар нь би хүн мөргөлөө ш дээ дүрмээрээ яваач гэж хэлээд машин руу нь өшиглөсөн чинь уг машинаас үл таних 2 эмэгтэй бууж ирээд яагаад машин өшиглөөд байгаа юм гээд над руу дайрсан. Тэгээд намайг загнаад миний фудволкноос зуураад алгадаж аваад зуураад тавихгүй байхаар нь би нэг хүүхнийх нь нүүрэн тус газар мангасдаж түлхсэн  гэсэн мэдүүлэг /хх-н 10/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Э.Ш нь  зууралдаад тавихгүй болохоор хамар луу нь нэг удаа мангасдаж түлхсэнээс О.А биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу зүүн зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Э.Ш дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн  хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул Э.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч О.А шүүгдэгч  Э.Ш нь 2.100.000 төгрөг төлсөн ба өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч 602.500 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөнийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хохирогч О.А нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч энэ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас  Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх Э.Ш ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б овогт Э Ш  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ш 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ш торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ш нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Э.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 8-19 тоотод оршин суудаг, /РД: / Э.Ш 602.500 төгрөгийг гаргуулж О.А олгох, О.А нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ш авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН