Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ХШТ/59

 

Л.Э-д холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б (цахимаар), хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Л.Ц, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалтай, Л.Э-д холбогдох эрүүгийн 2418000000728 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Л.Ц-н гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Т” ХК-д нягтлан бодогч ажилтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-н Э.

 

Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум, 14 дүгээр баг, Парк Таун 1 дүгээр хорооллын хажуугийн зам дээр Д.О-н эзэмшлийн “Тоёота приүс 20” маркийн **-** ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын зохицуулалтгүй хэсэгт явган хүний гарцаар гарч явсан Б.С-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Э-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасаж, 3,000 (гурван мянган) нэгж буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож,

Хохирогчийн нэхэмжилсэн 15,173,400 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөөс 6,593,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8,580,000 төгрөг болон эмчилгээний зардалтай холбоотой 1,998,500 төгрөг буюу нийт 10,578,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хохирогчийн ажилгүй байсан хугацаатай холбогдох зардалд нэхэмжилсэн 10,426,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Э нь хохирогч Б.С-т 2,477,500 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс нийт 8,101,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 21 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын холбогдох заалтуудыг зөв хэрэглээгүй нь хохирогчид гэмтэл учруулсан жолооч Л.Э-д оногдуулсан ял шийтгэлийг хэтэрхий хөнгөрүүлсэн, мөн хохирогчийн эрх, ашиг сонирхлыг дордуулсан гэж үзэн гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явган хүний гарцаар гарч явсан Б.С-ийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн юм. Тухайн үед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.С-ийн биед хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэсэн боловч гэмт үйлдэл болсноос хойш одоог хүртэл бүтэн 4 сар шахам хугацаанд биеийн эрүүл мэнд дордож, баруун хөлийн өвдөлт нь улам ихэссээр, дахин эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхэд хөлийн шөрмөсөнд гэмтэл учирсан, мэс засал хийлгэхээс өөрөөр эдгэрэх боломжгүй болсныг тодорхойлсон.

Хохирогч үүнд маш ихээр хямарч шаналсаар 150 гаруй хонож байгаа бөгөөд удаан хугацаагаар шаналж өвдөж, мөд эдгэрэхгүй гэмтэл авсан учраас анхан шатны шүүх хуралдаан дээр гэмтлийн зэрэг тогтоолгох дүгнэлтийг дахин гаргуулахаар хүсэлт гаргаж, мөн улсын яллагч ч дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байжээ. Гэвч анхан шатны шүүх хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал, хохирлын хэр хэмжээг дутуу үнэлж, бодит байдлыг дүгнэж үзэлгүйгээр шүүгдэгчийн ял шийтгэлийг хэтэрхий хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Л.Э нь Д.О гэгчийн эзэмшилд байсан машиныг барьж яваад хохирогчийг явган хүний гарц дээр мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, энэ талаар хохирогч нь машины эзэмшигчээс бас хохирлоо нэхэмжлэх талаар ярьсаар байхад хэрэгт иргэний хариуцагчийг тогтоогоогүй нь хууль зөрчсөн. Хохирогч Б.С-ийн биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр, зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 2 дугаар үеийн цууралт зэрэг гэмтлүүд тогтоогдсоноос гадна тухайн үед баруун хөл өвдөлт намдахгүй гишгэж явж чадахгүй гэснээр дахин эмнэлэгт үзүүлэхэд хөлийн шөрмөс гэмтсэн ба мэс засалд орохоос өөрөөр эмчлэгдэхгүй гэжээ. Энэ талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсэхэд шүүх хүлээж аваагүй байна. Энэ гэмтлийнхээ улмаас хохирогч одоог хүртэл 150 гаруй хоног өвдөж шаналсаар удаж байна. Хохирогч нь сургуулийн багш хүн бөгөөд гэмтлийнхээ улмаас ажлаа хэвийн хийж чадахгүй, өвдөлт шаналлаас болоод амьдралын баяр баясалгүй болох зэргээр хэвийн амьдралын чанар нь муудсан гэж үзэхээр нөхцөл байдал бий болсон нь илэрхий харагддаг.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тодорхой зааж өгсөн бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31 ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2-р хавсралтын “Гэмтлээс үүдэлтэй үлдцийн 3 дугаар зэрэглэлд: Гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжилсэн ужиг хариу урвал илрэх...” гэжээ. Хохирогчийн биед баруун хөлийн чагтан холбоос бүгд гэмтсэн мөн шөрмөсөнд гэмтэл учирсан тул мэс заслын аргаар эмчлэгдэх боломжтой гэх асуудал нь дээрх заалттай нийцэж байгаа юм. Хохирогч нь нөхөн төлбөр тооцох аргачлалын 3 дугаар зэрэглэлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлснээр тооцож 15,170,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэтэрхий их бууруулснаар 150 хоног эмчилгээ хийлгэх зардалд хүрэлцэхгүй эдийн засгаар хохирч байна. Энэ нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах,нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын 1 дүгээр зүйлийн 1.3-тай зөрчилдөж байна.

Шүүгдэгчид 1 жилээр жолоодох эрхийг хасаж, 3 сая төгрөгийн торгох ялыг 10 сард хуваан төлөхөөр хөнгөрүүлж ял шийтгэлийг оногдуулахдаа “... шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил эрхлэлтийн байдал өрхийн орлого зэргийг харгалзан...” гэж дүгнэсэн атлаа хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршгийг харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн биед дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Б.С хохирол хор уршгийг шийдвэрлэсэн байдалд маш их гомдолтой байгаа тул хяналтын гомдол гаргав” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын эхний үндэслэлд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж дурдагджээ. Л.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Э анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Уг нөхцөл байдал шийтгэх тогтоолд бүрэн тусгагдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Хоёрдугаарт, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 3 хүүхэдтэй эмэгтэй. Түүнчлэн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Осол болсон нөхцөл байдлын хувьд, шүүгдэгч нь нарны өөдөөс явж байгаад нарны хаалтаа буулгах агшинд хохирогчийг шүргэсэн байдаг. Машинд ямар нэгэн гэмтэл учраагүй, толь нь эвхэгдсэн байдалтай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгч “тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татаагүй нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх ёстой байсан. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний хариуцагчийг заавал оролцуулна гэж заагаагүй. Хоёрдугаарт, хохирогчид эмчилгээний зардал бодитой төлөгдсөн, шүүгдэгч нь шүүхээс гаргасан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Энэ нөхцөлд иргэний хариуцагчийг заавал оролцуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хохирогчийн өмгөөлөгч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг тайлбарлаж байна. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон. Үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Тэгэхээр энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гэмтлийн зэргийг дутуу тогтоосон, өвдөгний гэмтлийг гаргаагүй гэх асуудал яригдаж байна. Өвдөгний гэмтлийн хувьд, хохирогч 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр MRI-д үзүүлэхэд хэвийн гарсан эмнэлгийн баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан тул шүүх дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлүүлэх, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоох асуудалд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар батлагдсан хууль, тогтоомжийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Л.Э нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.С-ийг гарцаар гарч байхад нь тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсэн. Б.С анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Тодруулбал, зүүн нүдний ухархай хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвууны 1 дүгээр хурууны 2 дугаар үеийн цуурал, баруун хөлийн өвдөлт намдахгүй, гишгэж чадахгүй гэх гэмтлүүд дүгнэлтээр тогтоогдсон. Ослоос хойш хохирогчийн биеийн өвдөлт намдахгүй, давж заалдах шатны шүүх хуралдаан болох үед хөл нь маш муу байсан. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хохирогч MRI хийлгэж, “Монгол-Япон сургалтын эмнэлэг”-т үзүүлэхэд өвдөгний шөрмөс урагдсан, мэс засалд орох шаардлагатай гэж оношлогдсон. Анхан шатны шүүхэд дээрх асуудлыг тайлбарласан бөгөөд улсын яллагчийн зүгээс дахин дүгнэлт гаргуулах санал, дүгнэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн давж заалдах шатны шүүхэд уг хүсэлтийг дахин тавихад хүлээж аваагүй.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын талаарх асуудлыг тайлбарласан. Гэвч хоёр шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй, хэргийг хохирогчид хохиролтой шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирогчийг гэмтээчхээд 3,000,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Хохирогч нь багш мэргэжилтэй, биеийн байдал нь саяхнаас гайгүй болж байна. Хөл нь өвдөөд ажлаа хийж чадахгүй, сэтгэл санаагаар 6 сар хохирсон. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэх, ажлаасаа чөлөө авах асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, хохирогчид 3,000,000 төгрөгөөс илүү хохирол учирсан. Гэтэл хоёр шатны шүүх уг нөхцөл байдлыг харьцуулж дүгнэлт гаргаагүй.

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, анхан шатын шүүх хохирлын талаар мэтгэлцээн өрнүүлээгүй, хэргийг Б.С-т ашигтайгаар шийдвэрлэх асуудлыг харгалзаж үзээгүй. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох шаардлагыг хангах хүрээнд Улсын дээд шүүх тогтоолдоо иргэний хариуцагчийг зохих хэмжээнд оролцуулах талаар тайлбарласан. Л.Э хохирогчид гэмтэл учруулахдаа өөр хүний машиныг жолоодож явсан. Гэтэл энэ хэрэгт иргэний хариуцагчийг оролцуулаагүй. Иймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид амьдралын боломж муутай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдлуудыг нь харгалзан торгох ял оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үздэг атлаа хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзэхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс бидний зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг бодит байдлаар дахин гаргуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан хохирогч Б.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харгалзан үзээд шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт иргэний хариуцагчийг анхнаасаа тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч, прокурор хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд иргэний хариуцагчийг тогтоож болохоор хуульчилсан бөгөөд прокурорын зүгээс энэ хэрэгт иргэний хариуцагч тогтоох шаардлагагүй гэж үзэж, иргэний хариуцагчийг тогтоогоогүй. Иймээс энэ талаар гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учирсан гэмтлийн зэргийн асуудал хэлэлцэгдсэн. Энэ талаар анхан шатны шүүх зохих дүгнэлтийг хийсэн.

Харин хоёр шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд тусгагдсан хүснэгтээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.3 дугаар зүйлүүдэд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д заасан  гэмт хэргүүдэд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол нь ямар зэрэглэлд хамаарах талаар тогтоосны эцэст шүүгдэгчээс тус хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын энэ талаарх шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ” гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлон заажээ.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ял шийтгэлийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хяналтын шатны шүүх хянах эрх, үүрэгтэй юм.

 

Хуулиар тодорхойлсон дээрх эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар Л.Э-д холбогдох хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад шүүгдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, Парк Таун хорооллын хажуугийн зам дээр Д.Отгонцэцэгийн эзэмшлийн **-** ДАУ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.С-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Л.Ц-н хяналтын шатны шүүхэд Л.Э-д оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй, иргэний хариуцагчийг тогтоогоогүй, хохирогчийн биед дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Дээр дурдсан үндэслэл, зарчмын хүрээнд анхан шатны шүүх Л.Э-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

Тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулагдсан шинжээчийн гаргасан дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэв хохирогч Б.Сийн баруун хөлийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхүйц нөхцөл байдал шинээр илэрвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмаар шийдвэрлэх боломжтой тул энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацаатай холбогдох зардлаа гэм буруутайд тооцогдсон этгээд болон тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Отгонцэцэг нараас нэхэмжлэх эрхтэй” талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Б.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлан гаргахдаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн обьектив шинжийг урьд нь “хүний бие махбодод гэмтэл учруулсан” гэж явцуу утгаар томьёолж байсныг “хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэх өргөн агуулгаар өөрчлөн найруулсан нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлж, мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үзэл баримтлалыг агуулсан өөрчлөлт болсон билээ.

 

Улмаар сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотойгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд ямар төрлийн гэмт хэрэгт сэтгэцийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, мөн сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтооход харгалзан үзэх нөхцөл байдлыг хуульчлан зааснаас гадна сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах нарийвчилсан журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын дээд шүүхэд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах бүрэн эрхийг олгосон байна.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-ыг тус тус баталснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.

 

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан ба үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-ын дагуу мөнгөн хэлбэрээр тооцох учиртай.

 

Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан зохицуулалтад хамаарч байхад хохирогч Б.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй атлаа хүснэгтээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалд хохирогч Б.С нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Л.Э-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсэн өөрчлөлтийг оруулахаар хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,998,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хохирогч Б.С нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой төлбөрийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж,

 

6 дахь заалтыг “Шүүгдэгч Л.Э нь хохирол төлбөрт 2,477,500 төгрөгийг хохирогч Б.С-т төлсөн болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, дээрхийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсэгт нэмэлт заалт болгон оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Д.БАТБААТАР

                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                              Ч.ХОСБАЯР