Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 412

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б, /РД: **************/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй, улсад 34 жил үүнээс татварын байгууллагад 19 жил, Өмнөговь аймгийн Татварын албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оноос Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Татварын газрын Төрийн захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын дарга Л.Зийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар нэг албан тушаал дээр давхардуулан томилжээ. /2016 оны Б/192 тоот, 2017 оны Б/02 тоот тушаалуудын хуулбарыг хавсаргав/ Энэхүү захиргааны акт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8, 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 17 дугаар зүйлийн 17.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 заалтуудыг зөрчсөн байна. 

Ц.Быг томилсон 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаал гарах үед 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дүгээр тушаалаар А.Быг уг албан тушаалт томилсон шийдвэрт өөрчлөлт оруулаагүй, албан тушаалаас чөлөөлсөн, өөрчилсөн ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдсон тул ажлаа хүлээлгэн өгөөд байна. /2017 оны Б/03 тушаалын хуулбарыг хавсаргав./

Ц.Быг томилсон тушаал нь хууль бус, уг албан тушаалд ажиллаж байгаа намайг албан тушаалаас чөлөөлсөн, өөрчилсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад ажил хүлээлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх талаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн албаны зөвлөлд өргөдөл, гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр, хариу ирүүлээгүй тул хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. 

Татварын ерөнхий газрын дарга Л.З, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Ц нарт өргөдөл өрсөний дараа Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалаар А.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлжээ. Энэхүү захиргааны акт нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 заалтуудыг зөрчсөн байна. 

Улаанбаатар хотноо 2017 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд болсон Татварын ерөнхий газрын Удирдах ажилтны зөвлөгөөнд Татварын хэлтсийн дарга Б.Цийг оролцоод ирэхэд уулзаж, миний асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодруулахад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг танилцуулж, тайлбарласан болно. 

Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалд намайг ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг дурьдаагүй, тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн заалтыг бариагүй, Татварын хэлтсийн мэдэлд шилжиж буй албан хаагчийн сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг албан тушаалд томилогдох хүртэл хэвээр олго гэсэн боловч хэзээ, ямар ажилд томилогдох гэдэг нь тодорхой бус байна. Уг тушаалын 2 дугаар заалт нь ажил хийгээгүй мөртлөө сул цалин авахаар байгаа тул хууль нийцээгүй байна. 

Миний бие төрийн албанд 34 жил, Татварын байгууллагад 19 жил, Өмнөговь аймгийн Татварын албанд 16 дахь жилдээ төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Татварын ерөнхий газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа, ямар нэгэн нам эвсэл, олон нийтийн бусад байгууллагын харьяалалгүй жирийн нэгэн төрийн жинхэнэ албан хаагч билээ. 

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Б/02 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, мөн оны Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн захиргааны тасгийн дарга, Татварын улсын ахлах байцаагчид эгүүлэн тогтоож өгнө үү.“ гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

 “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: 

“А.Бын тухайд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргаа, хууль эрх зүйн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчаар томилсон байна.

Гэтэл Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны Б/192 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад намайг Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар томилсон байдаг.

Мөн хариу тайлбарт: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Ц.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар томилсон.” гэжээ.

Гааль, татварын ерөнхий газарт Захиргаа, хууль эрх зүйн тасаг /хуучин бүтцээр/ гэж байгаад, Татварын ерөнхий газарт Захиргааны тасаг /бүтцийн өөрчлөлтөөр/ гэдэг болсон юм. Иймд Татварын ерөнхий газрын Хууль зүйн хэлтсийн татварын улсын /ахлах/ байцаагчид үүнийг мэдэхгүй байна гэж юу байхав, татварын улсын байцаагч Ц.Быг бүтцийн өөрчлөлтөөр томилсон мэтээр харуулахыг оролджээ гэж үзэж байна.

Мөн хариу тайлбарт: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус актаар тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй болно.” гэжээ. 

Ц.Быг томилсон 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал гарах үед 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар намайг уг албан тушаалд томилсон шийдвэрт өөрчлөлт оруулаагүй буюу албан тушаалаас чөлөөлсөн, өөрчилсөн ямар нэг шийдвэр гараагүй тул энэхүү тушаалыг нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

- Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТУАБ-аар намайг томилогдон ажиллаж байхад уг албан тушаалд татварын улсын байцаагч Ц.Быг давхардуулан томилсон Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 заалтуудыг буюу нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна.

-Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны Б/192 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Татварын ерөнхий газрын харьяа аймгийн татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилсон байтал Ц.Быг томилсон 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын тэмдэглэх хэсэг нь дээрх тушаалын тэмдэглэх хэсэгтэй бараг үг үсэг, цэг таслалын зөрөөгүй байгаа нь уг баримт бичгийг зохион бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шаардлагыг хангаагүй байх үндэслэлтэй тул захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл З бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй буюу утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж байна.

- Ц.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар томилжээ. Мөн Ц.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны Б/192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчдөд дэмждэг үзүүлэх тасгийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагчийн албан тушаалаас дахин чөлөөлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар томилсон нь ямар хэлтэс, тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг нь тодорхойгүй байна. Эдгээр үг, үсгийн алдаа нь үр дагаврын хувьд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн тул утга агуулгын илэрхий алдаатайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд уг захиргааны акт /2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал/ нь нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт хэрэглэхгүйгээр гаргасан байна гээд захиргааны акт илт хууль бус гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан болно. 

Хоёрт: Хариуцагчаас хариу тайлбартаа Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар А.Б-ыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн нь:

Нэгдүгээрт “цаг хугацааны хувьд зөрүүтэй ч хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.” гэжээ.

Уг захиргааны акт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, тушаалын үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай” хуулийн заалт бариагүй, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, албан тушаалаас чөлөөлсөн нь /Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг зөрчсөн/ эрх зүйн үндэслэлгүй маргаантай байх тул тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Хоёрдугаарт “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9.1, 4.10.3, 4.10.4, 4.12-т заасны дагуу А.Быг дараагийн албан тушаалд томилтол Өмнөговь аймгийн татварын хэлтсийн мэдэлд шилжүүлэхдээ ажиллаагүй хугацааны цалин, нэмэгдлүүдийг олгож байсан.” гэжээ.

Уг тушаалын 2 дугаар заалтаар татварын хэлтсийн мэдэлд шилжиж буй албан хаагчийн сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг албан тушаалд томилогдох хүртэл хэвээр олгох гэсэн нь ажил хийгээгүй мөртлөө сул цалин авахаар байгаа нь хуульд нийцээгүй байна.

Иймд энэхүү маргаан бүхий захиргааны акт /Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал/-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан болно.

Мөн хариу тайлбарт: “А.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт, хүний нөөцийн асуудал эрхэлсэн татварын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна.” гэжээ.

Уг тушаалын тэргүүд “Ажилд томилж, сэлгэн ажиплуулах тухай” гэсэн боловч сэлгэн ажиллуулах тухай ямарч заалт ороогүй нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар албан тушаалтнууд өөрийн үзэмжээр биш хуулийн дагуу шийдвэр гаргадаг байх, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрсөнөөр ...сэлгэн ажиллуулж болно” гэсэн заалтыг зөрчиж, захиргааны санаачлагаар албан тушаал болон цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулсан байна гэж үзэж байна.” гэжээ.

Хоёр. Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан.

Үүнтэй холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа харьяа аймгийн татварын хэлтсийн ажилтан албан хаагчдыг Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Татварын ерөнхий газрын харьяа аймгийн татварын хэлтсийн ажил албан тушаалд томилсон. 

А.Бын хувьд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргаа, хууль эрх зүйн тасгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчаар томилсон байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Ц.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, Захиргааны тасгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчаар томилсон. 

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус актаар тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй болно. 

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар А.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн нь нэгдүгээрт цаг хугацааны хувьд зөрүүтэй ч хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 

Хоёрдугаарт Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал эрхэлсэн татварын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна. 

А.Быг Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, өөрчилсөн нь А.Бын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь тус шүүхэд “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын  Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-г хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ .

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, Татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар  А.Быг Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Тасгийн дарга, Улсын ахлагч байцаагчийн албан тушаалаас нь чөлөөлж , Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлагч байцаагчийн албан тушаалд томилжээ . 

Гэтэл маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар  

 Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Улсын байцаагчийн Ц.Быг Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон. 

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Улсын байцаагчийн Ц.Быг дээрх Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дагуу татан буугдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын харьяа  хэлтсийн албан тушаалд томилжээ.

Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У “...Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын илэрхий алдааг Захиргааны байгууллага өөрсдийн санаачлагаар засах хүсэлт байна,...эхний нэхэмжлэлийн шаардлага болох захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэж тайлбарласан болно

Хэдийгээр энэхүү актыг Ц.Бод холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч Л.Бд хамааралгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй мэт харагдах боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” шинжийг агуулж байгаа тул энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Бод холбогдох хэсэг бүхэлдээ илт хууль бус акт байна. 

Хоёр: Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлагч байцаагч А.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өмнөговь аймгийн татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлжээ. 

Энэхүү тушаалыг нэхэмжлэгч А.Б эс зөвшөөрч “...захиргааны акт цаг хугацааны хувьд зөрчилтэй, Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан Төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заалтуудыг зөрчсөн...” гэж маргажээ. 

Харин хариуцагчаас “...А.Быг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушалаас чөлөөлсөн нь нэгдүгээрт цаг хугацааны хувьд зөрүүтэй ч хуулийн ямар нэг  зүйл заалтыг зөрчөөгүй. Татварын ерөнхий газрын даргад татварын улсын байцаагч болон ахлах байцаагчийг томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь хуулиар олгогдсон...” гэж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар захирамжийн үндэслэлээ тайлбарлан үгүйсгэжээ.

Хариуцагчаас уг маргаан бүхий Б/27 дугаар тушаалыг гаргахдаа “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9, Татварын ерөнхий газрын даргын  2016 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9.1, 4.10.3, 4.12 дахь заалтуудыг үндэслэжээ.

Үүнээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актад төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд  буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүй, хуулийн ерөнхий заалтыг баримталсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “...Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт...”гэж ойлгуулан  А.Быг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарласан тул шүүхээс үүнд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдсан, цөөрсөн, хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” тушаалын 2.5.1-д “аймгийн татварын хэлтэс Захиргааны тасагтай” байхаар заасан байх бөгөөд А.Бын өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл Л.Бын өмнө эрхэлж байсан Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Тасгийн дарга, Татварын улсын ахлагч байцаагчийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь бүтэц өөрчлөгдөн зохион байгуулагдсан ч өөрчлөгдөөгүй байх тул Татварын салбарт 20 жил ажиллаж буй түүнийг төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг нь хариуцагч зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.4-д ”Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5-т захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.4-д захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж хуульчилжээ.

Гэтэл маргаан бүхий Б/27 дугаар тушаал нь захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөлгүй, нэхэмжлэгч А.Быг хуульд заасан үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гурав: Харин нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 

Учир нь хавтас хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар “Ажилд томилох, сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар  А.Быг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилжээ.

  Уг захиргааны актыг нэхэмжлэгч А.Б нь хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар сэлгэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар маргаагүй байна.

Энэ талаар нэхэмжлэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Б/76 дугаар тушаал гарсан тул уг тушаалын дагуу ажиллаж байна. Уг тушаалаас өмнөх зүйлийг ярихгүй хойших зүйлийг  яриад байна. Одоогийн  байдлыг ярих шаардлага байхгүй...”  гэж мэдүүлжээ.

Дээрхээс үзвэл А.Быг “Ажилд томилох, сэлгэн ажиллуулах тухай” Татварын ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэгчийн “...Татварын хэлтсийн Захиргааны тасгийн дарга, Татварын улсын ахлах байцаагчид эгүүлэн тогтоолгох...” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР