Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00383

 

Ш.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэр,       

    Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ш.Ж

          Хариуцагч: О дунд сургуульд холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор болон цалингийн зөрүүг  амралтын мөнгөний хамт  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мэндбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2016.08.31-ний өдрийн, Б/48 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээний дагуу Англи хэлний багшийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг  англи хэлний багш Б.Гүнжлхамын ажилдаа эргэж орох хүртэл байхаар хугацаагаар байгуулсан. Ийнхүү 2016.08.31-ний өдрөөс 2017.01.06-ны өдрийг хүртэл Наран цогцолбор сургуульд Англи хэлний багшаар ажилласан ба Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2017-01-06-ны өдрийн Б/01 дугаартай тушаал гарч нэр бүхий 22 багшийг 17 дугаар сургуульд хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаал өөрчлөгдөхгүйгээр шилжүүлсэн. Миний бие 17 дугаар сургуульд Англи хэлний үндсэн багшийн ажил гүйцэтгэж цагийн багшийн цалин авч байсан. Энэ нь миний үндсэн багшаар ажиллаж байхдаа авдаг байсан цалингаас доогуур цалин юм. О дунд сургуулийн захирлын 2017-06-14-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.Би анх ажилд орохдоо Б.Гүнжлхам багшийг эргэж ирэх хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Б.Гүнжлхам эргэж ажилдаа ороогүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р дунд сургуулийн Англи хэлний багшийн ажилд эргүүлэн тогтоож, олговор, цалингийн зөрүүг амралтын мөнгөний хамт гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Ш.Ж нь 2016-08-31-ний өдөр Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн захирлын Б/48 тушаалаар Б.Гүнжлхам багш 1 жилийн чөлөө авсан тул ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар англи хэлний багшийн ажилд томилогдсон байна. Багш Б.Гүнжлхам нь 17 дугаар сургуулийн үндсэн багш бөгөөд сургуулийн байр ашиглалтанд орох хүртэл хугацаагаар Наран цогцолбор сургуульд түр шилжин ажиллаж байсан. Улмаар багш Б.Гүнжлхам нь 2017-05-29-ний өдөр чөлөөний хугацаа дуусгавар болсон тул ажилдаа эргэн орох өргөдлөөр сургуулийн захиргаанд гаргасан. Багш Б.Гүнжлхамын өргөдөл, хөдөлмөрийн гэрээний хугацааг үндэслэн түүний оронд түр ажиллаж байсан багш Ш.Жыг сургуулийн захирлын 2017-06-14-ний өдрийн Б/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ш.Ж нь Б.Гүнжлхам багшийн оронд түр ажиллаж байсан нь Наран цогцолбор сургуулийн захирлын Б/48 дугаартай тушаал, 114 дугаартай албан тоотоор нотлогдож байна. Ийм учраас Ш.Жын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Жыг 17 дугаар сургуулийн Англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалингийн зөрүү, амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Жын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч 17 дугаар сургуулиас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэсэн байна.

         Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Ш.Ж Англи хэлний үндсэн багшийн хийж гүйцэтгэдэг ажлыг хийж гүйцэтгэж байсан ба цагийн багш гэх нэрийн дор үндсэн багшийн цалингаас дутуу цалин авдаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 233.1-д “Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно”, 233.2.-т “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ”, 233.З.-т “Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана” гэж тус тус заасан. Наран цогцолбор сургууль Ш.Жыг англи хэлний багшаар ажилуулахдаа Б.Гүнжлхам багшийг ажилдаа орох хүртэл хугацаагаар гэж хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байсан боловч 17 дугаар сургуульд шилжин ирэх үед Ш.Жыг цагаар ажиллуулахаар шийдвэрлэн тушаал гаргаж, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч 17 дугаар сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 233.2, 233.3-т заасныг зөрчөөгүй байна гэсэн нь буруу байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалт нь Ш.Жыг 17-р сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үед буюу 2017 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй байсан бөгөөд 2017-04-21-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдсэн. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ –н 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ш.Ж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр О дунд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон цалингийн зөрүү, амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг шаарджээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс “...англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох...” шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Ш.Ж нь Орхон аймаг Баян-Өндөр сумын “Наран” цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2016 оны  Б/ 48 дугаар тушаалаар тус сургуульд англи хэлний багшийн ажилд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, гэрээ нь багш Б.Гүнжлхам ажилдаа орох хүртэл хугацаагаар тогтоогдсон, Ш.Ж 17 дугаар сургуульд шилжиж очихдоо 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан үйл баримт тус тус нотлогджээ.

       2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний /хх 59/  хугацаа 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусах байтал ажил олгогч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж “...гэрээний хугацаа дууссан...” гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй байх тул шүүх Ш.Жыг 17 дугаар сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хооронд байгуулагдсан  гэрээний хугацаа дууссан ч талууд түүнийг цуцлах санал тавиагүй байх тул шүүх Ш.Жыг англи хэлний багшийн ажилд  эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-г зөрчөөгүй гэж үзлээ.  

        Талууд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахад эсхүл уг гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр тооцож дуусгавар болгоход энэ тогтоол саад болохгүй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мэндбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ