Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/00050/И |
Дугаар | 181/ШШ2016/00457 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00457
2016 оны 08 сарын 05 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00457 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний чихэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Ууганбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Ч -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х ХХК -д холбогдох
Үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 10.587.815 төгрөг, гэм хор учруулсны төлбөр 3.518.133 төгрөг, хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл хугацаанд 1.172.711 төгрөг олгож байхыг Х ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ч , түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн төлөөлөгч Г.Т, Ж.О, иргэдийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Ч миний бие Х ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 14-нд няраваар ажилд орж 2014 оны 4 дүгээр сарын 21-нээс тус компанийн Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр багт байдаг Нүүдэлчин фермерт ахлах менежерээр ажиллах болсон. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байгаад 1 тн гаруй жинтэй франц буханд даруулснаас миний нурууны сэртэн яс хугарч, ууц нуруу, аарцгандаа гэмтэл авсан. Компаниас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уг ослыг үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоосон ба Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны хурлаар миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 12 сарын хугацаатай тогтоосон. Ингээд 2015 оны 10 дугаар сараас эхлэн тахир дутуугийн тэтгэвэрт сар бүр 339834 төгрөг авч байна. Би гэмтэл авснаас хойш эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 9 дүгээр сард ажилдаа эргэн орсон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас болж ажлаа хийж чадахгүй болсон тул 2016 оны 3 дугаар сард хэд хоног ажиллаад ажлаа хүлээлгэн өгч 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалаа гаргуулж авсан. Би 2015 оны 10 дугаар сард хуучин захиралдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд тэр мөнгийг чинь өгнө эхлээд чи сайн эмчлүүл, эрүүл болохоо бод гэсэн ч өгөөгүй. Дараа нь ажлаас гарахдаа хэлэхэд мөнгийг чинь бөөнд нь өгөхгүй бага багаар өгнө гэсэн. Би энэ мөнгийг бөөнд нь аваад Солонгос явж мэс засал хийлгэх тул зөвшөөрөөгүй. Осол гарсан өдөр манай фермээс бухан бяруу худалдан авах хүмүүс ирээд би мал зүйч, туслах ажилтан, худалдан авагч нартай хамт бухан бярууг хийсэн хашаа руу орсон. Тэнд бухан бяруу франц бухыг дагаад яваад байсан тул юмаар шидэж холуулаад бухан бярууг туух гэтэл франц бух цааш явж байснаа гэнэт буцаж эргээд над руу дайрсан. Би барьж явсан труба төмрөөр цохиод дийлээгүй зугтаж чадалгүй газар унахад бух цээжээрээ намайг дарсан. Тэнд байсан хүмүүс тал талаас нь юмаар цохиж байж бухыг надаас холдуулсан. Уг бухтай харьцахдаа зориулалтын дөр, цахилгаан бороохойтой байх ёстой ч компани авч өгөөгүй, намайг осолд орсны дараа Франц улсаас тэдгээр хамгаалалтын хэрэгслээ авч ирсэн. Иргэний хуулийн 497.1,505.1, 509.1 дэх хэсгүүдийг үндэслэн ажил олгогч нь гэм хор учруулсны төлбөрт намайг ажилгүй болсноос хойш тахир дутуугийн тэтгэвэр 339834 төгрөг, нэг сарын дундаж цалингийн зөрүү 1.172.711 төгрөгийг 2016 оны 4,5,6 дугаар саруудад төлөөгүй байна. Би 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1,2 дугаар сарын цалингийн дундаж 1.512.545 төгрөг болж байна. Би 3 дугаар сард бүтэн ажиллаагүй, Дээрх цалингийн дунджийг 7 сараар үржүүлэхэд 10.587.815 төгрөг болж байна. Хариуцагч нөхөн төлбөрт 3.373.200 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ мөнгийг зөвхөн эмчилгээнд зориулж өгч байсан. Иймд
1.Үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 10.587.815 төгрөг
2.Гэм хор учруулсны төлбөрт 2016 оны 4,5,6 дугаар сарын төлбөр 3.518.133 төгрөг
3.Хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актыг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс цуцлах хүртэл сар бүр 1.172.711 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэв
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.Ч нь Х ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон нь үнэн. Компаний зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлөх санал тавьсан боловч хүлээн аваагүй, О.Ч өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч тус компанитай хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан учир Иргэний хуульд заасан гэм хор учруулсны нөхөн төлбөрийг төлөхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу гэс хор учруулсны нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээгүй гэж үзэж байна. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэрээний харилцаатай холбоогүй байдаг. Иймд гэрээний бус үүргийг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани өмнө нь 5 удаа эмчилгээний зардалд, Мөнгөн гүүр эмнэлэгт, Солонгос эмчид үзүүлэхэд, эм авахад зориулж нийт 3.373.200 төгрөг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөрт 8.053.889 төгрөг төлөх ёстойгоос өмнө нь өгсөн 3.373.200 төгрөгийг хасаад үлдэх 4 680 689 төгрөгийг төлнө.
Гэм хор учруулсны төлбөрт 2016 оны 4,5,6 дугаар сарын төлбөр 3.518.133 төгрөг, хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актыг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс цуцлах хүртэл сар бүр 1.172.711 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч О.Ч нь үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 10.587.815 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт /2016 оны 4,5,6 дугаар сарын/ 3.518.133 төгрөг, хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актыг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс цуцлах хүртэл сар бүр 1.172.711 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Х ХХК нь үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, өмнө эмчилгээний зардалд өгсөн 3.373.200 төгрөгийг суутгана гэж маргажээ.
О.Ч нь 2013 оны 11 дүгээр сарын 14-нд Х ХХК-д няраваар ажилд орж 2014 оны 4 дүгээр сарын 21-нээс 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл тус компанийн Нүүдэлчин фермд ахлах менежерээр ажиллаж байжээ.
Хариуцагч О.Ч нь Х ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 тн гаруй жинтэй франц буханд даруулснаас нурууны сэртэн яс хугарч, ууц нуруу, аарцагандаа гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно./хх-ийн 9,10,18-р хуудас/
Х ХХК-иас осол гарсан шалтгаан нөхцлийг судлах ажлын комисс байгуулагдан О.Ч ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоож, уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлджээ. /хх-ийн 9-11-р хуудас/
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр О.Ч ыг ердийн өвчний жагсаалтын 1-10-17 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үйлджээ.
Х ХХК-нь нэхэмжлэгч О.Ч ад эмчилгээний зардалд 3.373.200 төгрөг өгсөн гэж тайлбарладаг боловч нөхөн төлбөрт олгоогүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн-52-63-р хуудас/
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй.”
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийн улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч О.Ч нь хөдөлмөрийн чадварыг 50 хувь алдсан тул ажил олгогч түүнд 7 сарын хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.
О.Ч ын ажиллаж байсан сүүлийн 3 сар /2015 оны 12-р сар, 2016 оны 1,2-р сар/-ын цалингийн дундаж 1.512.545 төгрөгийг 7 сараар тооцож 10.587.815 төгрөгийг Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
/1.440.000+2.257.635+840.000=1.512.545/ /1.512.545х7=10.587.815/
2.Нэхэмжлэгч О.Ч нь үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж Х компанийн Нүүдэлчин фермд ахлах менежерийн ажлаа эрхлэх боломжгүй болсны улмаас нийгмийн халамжийн сангаас 339854 төгрөгийн тэтгэвэрийг авч байгаа болох нь Халамжийн сангаас олгох тэтгэврийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7,8-р хуудас/
Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т “ Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой төлбөрийг сар тутам төлнө.”
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.
Иймд О.Ч ын хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой төлбөр болох тус компанид ажиллаж байсан үеийн цалин, одоо авч буй тэтгэмжийн зөрүү 1.172.711 /1.512.545-339854=1.172.711/ төгрөгийг 2016 оны 4,5,6 дугаар сараар тооцож 3.518.133 төгрөгийг, түүний цалин тэтгэмжийн зөрүү 1.172.711 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Харин О.Ч ын хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актыг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс цуцлах хүртэл хугацаагаар төлбөр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй, харин 2016 оны 9 дүгээр сарын 30 ны өдрийг хүртэл хугацаагаар олгох нь зүйтэй.
Хариуцагч нь эмчилгээний зардалд 3.373.200 төгрөгийг нэхэмжлэгчид зориулж зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч уг төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр, дутуу авсан цалин хөлсний зөрүү гэж хасаж тооцох үндэслэлгүй байна.
О.Ч нь нийгмийн халамжаас тэтгэмж авч байсан үедээ Х компанид ажиллахыг хариуцагч зөвшөөрч ажиллуулан цалин олгож байсан байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 509 дүгээр зүйлийн 509.1-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас нөхөн төлбөрт 10.587.815 төгрөг, 2016 оны 4,5,6 дугаар сарын цалин тэтгэмжийн зөрүү 3.518.133 төгрөг, нэхэмжлэгч О.Ч ын цалин, тэтгэмжийн зөрүү 1.172.711 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Ч ад олгож, О.Ч ын хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актыг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс цуцлах хүртэл хугацаагаар төлбөр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 298843 төгрөгний 246070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 52774 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 246070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.УУГАНБАЯР