| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1817 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг
улсын яллагч: Н.Гэрэлмаа
хохирогч: Ж.О
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: О.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт О Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906062512508 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт О Х, 19 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж яваагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
О.Х нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 37а дугаар байрны 79 тоотод хадам ээж Ж.Отгонцэцэгтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг алгадах, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би 2016 онд сургуулиа төгсөж ирээд нөхөрийн хамт хадам аав, ээжийн гэрт амьдарсан. Энэ хугацаанд нөхөр гэх хүн амьдралаа авч явах чадваргүй эцэг, эхтэйгээ амьдарч байхад хадамууд хүүхдээ өөхшүүлдэг. Хамт амьдрах хугацаанд хадамууд надад сэтгэл зүйн дарамт учруулдаг байсан. Нөхөр амьдралаа авч явж чадахгүйгээс болж гэр бүлээ санхүүгийн хүнд байдалд оруулдаг байсан бөгөөд эцэг, эхтэйгээ нийлж гэрээсээ хөөдөг, хадмууд элдэв янзаар хэлж доромжилдог байсан. Нөхрөө хамтдаа тусдаа гараад амьдаръя гэхээр надад тийм чадвар, бололцоо байхгүй гэж олон удаа хэлдэг байсан. Би өөрөө байрны түрээсээ төлөө амьдарч байхад нөхөр “эцэг, эх маань байшин бариад тусдаа гарах гэж байгаа” гэж гуйгаад гэртээ аваачсан. Би гэрт нь өөрийн мөнгөөр засвар хийсэн. Уг хэрэг болохын урьд өдөр хадам ээж ирж хоносон. Угаалгын өрөөнд байсан хадмын эд зүйлүүдийг уутанд хийгээд жижиг өрөөнд тавьсан байсан чинь хадам ээж О “миний юмнуудыг ийш тийш нь зөөж тавилаа, миний гэрт дураараа аашиллаа” гэж хэлсэн бөгөөд угаалгын бодисуудыг хүүхдийн тоглоомны хажууд авчирч тавихаар нь буцаагаад аваачиж тавихад нөхөр рүү залгаад “энэ яагаад ингэж аашлаад байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд өрөөнөөс “чи хэн болчихоод миний гэр оронд орж ирээд ингэж аашлаад байгаа юм” гээд хэрүүл өдөж эхэлсэн. Мөн нөхөр орж ирээд ээжийгээ өмөөрч над руу дайрсан. Хадам ээж тэр ууттай эд зүйлүүдээ шкафанд хийж гэж яваад газар байсан миний зурган юман дээр гишгээд явахаар нь “яагаад гишгэж байгаа юм” гэж хэлэхэд намайг эхэлж цохисон. Тухайн үед миний хажууд 3 настай хүүхэд минь байсан бөгөөд ээжийг ингэж зодсон гэж ярьж байгаа. Намайг цохихоор нь хариу үйлдэл үзүүлж, биеэ хамгаалан түлхсэн бөгөөд энэ явцад хадам ээжид шарх үүссэн. Хадам ээж О намайг үсдэж дарж байхдаа хамаатны хүнтэйгээ камерааар утсаар ярьсан. Хадам ээж цагдаа дуудаад тэр өдөр намайг хүүхэдтэй минь гэрээсээ хөөж гаргасан. Тухайн үед миний биед ч бас гэмтэл үүссэн гэв.
Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү болон О.Х нар 2015 оноос харилцаатай байсан бөгөөд энэ үед О.Х Москвад сургуульд сурч байсан. О.Х амралтаараа манайд ирж очсон байхдаа жирэмсэн болсон байсан. О.Х нь 2016 оны 7 дугаар сард сургуулиа төгсөж ирээд манайд хамт амьдрах болсон. О.Х ааш авирыг тэвчиж байсан бөгөөд хувцасаа аваад эгчийнхээ гэр рүү явж байсан. 2019 оны 1 дүгээр сард айлын байр түрээсэлж амьдарсан. Тухайн үед манай хүү Хас банкинд жолоочоор ажилладаг байсан. Байрны эхний 3 сарын түрээсийн төлбөрийг О.Х ээж өгсөн гэж ярьдаг. Харин сүүлийн саруудын байрны түрээсийн төлбөрийг манай хүү цалингаасаа төлж байсан. Сүүлдээ байрны түрээсийн төлбөрөө өгч чадахгүй түрээсийн төлбөрөө 2 хувааж төлж байна гэж байсан. Тэр үед би “та нар тусдаа гарна гээд байр түрээсэлсэн тул байрны төлбөр өгч чадахгүй” гэж хэлж байсан. Манай гэрт амьдарч байх үед бололцооныхоо хэрээр хоол унд, байр, тог цахилгааны мөнгийг төлөөд аль болох бүтэхээр нь амьдруулахыг хичээж байсан. Хүүгээ тусад нь амьдруулах гээд байрандаа үлдээгээд 2018 оны намар хашаа аваад байшин барьсан. Би ажил дээрээ хүртэл усанд орж байсан. Уг хэрэг болохын урьд орой нь усанд орчихоод маргааш өглөө нь зах руу явж зуух авах ажилтай байсан бөгөөд манай дүү машинтай ирээд хүлээж байсан. Тэгтэл миний хэрэглэсэн шампунь зэргийг үүдэнд аваачаад тавьсан байсан. Тэр нь надад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Би миний гэрт ирчихээд яагаад ийм асуудал гаргаад байгаа юм гэж хэлэхэд “наад хар авгайгаа аваад зайл” гэж хэлэхээр нь “чи миний гэр оронд орж ирчихээд намайг хөөдөг хэн юм” гэж хэлээд маргаан болсон. Би өөрийн ууттай эд зүйлүүдээ нөхрийнхөө шкафан дотор хийхэд тэрнийг аваад над руу үсчээд орилохоор нь нэг гараараа үсдээд доош нь дарсан. Тухайн үед гар утсаараа зургаа авсан зүйл байхгүй. Хүү цалингаасаа будаг, замаск аваад манай ах засварыг нь хийсэн. Хүүдээ “өвөлдөө байрандаа өвөлжинө” гэж хэлж байсан. Миний үснээс зулгаасан бөгөөд намайг маажихаар нь О.Х үсдээд доош дарсан. Миний хувьд О.Х зодвол зодохоор байсан ч биеэ бариад зодоогүй. Тэгж аашилж байгаа хүнийг үүдээрээ гаргаад хаях л байсан боловч тэгээгүй. Би О.Х ямар ааш авир гаргадаг гэдгийг мэддэг учраас энэ асуудлыг цэгцлэе, хэлдэг газар нь хэлье гээд цагдаагийн байгууллагад хандсан гэв.
Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2016 оны 9 дүгээр сараас нөхөр болох Г, түүний эцэг, эхтэй хамт 2019 оны 1 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Тэгээд нэг хэсэг байр түрээслэн амьдарч байгаад дараа нь эргэж эцэг эхтэй нь хамт амьдарсан. Саяхнаас хадам аав, ээж хоёр хашаа байшинд гарч би нөхөр хүүхдийн хамт байранд нь амьдарч байгаа юм. Манай хадам ээж болох О нь намайг байнга дарамталж доромжилдог. Нөхөртөө энэ талаар хэлэхээр юу гэж тэгдэг юм гэж хэлээд ээж, ааваа өмөөрдөг. Өнөөдөр болсон асуудлын тухайд бол хадам ээжийн ууттай зүйлсийг би өөр өрөөнд оруулаад тавьчихсан юм гэтэл намайг гөлөг шээс минь чи ингэх болоогүй гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би та нар хүүхдээ тусд нь гаргаж чадахгүй байж гээд хэлчихсэн чинь манай нөхөр уурлаад намайг цохичихоод гараад явчихсан юм. Гэтэл хадам ээж чи муу буриадын шээс манайхаас зайл гэж хэлээд намайг зодсон. Миний дээр гарчихаад видео дуудлага хийгээд энэ муу гөлгийг хар гээд бичлэг хийгээд байсан. Ийм асуудал байнга гардаг. Би өмнөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Гэхдээ хаана нь цохисноо мэдэхгүй байна гэжээ. /хх-н 17/
Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн дугаар хороолол байрны тоотод гэртээ байж байтал манай бэр болох Х гэрт байсан ариун цэврийн өрөөний хэрэгсэлүүдийг уутанд хийгээд үүдэнд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би хэрэгтэй юмнуудаа аваад том өрөөнд оруулаад тавьсан чинь эргүүлээд үүдэнд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би яагаад энэ юмнуудыг үүдэнд тавиад байгаа юм би завааруулсан гэрийг чинь цэвэрлэж байна гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Х намайг хар авгай үмхий авгай гээд байсан ба манай хүү эхнэртэйгээ маргаж байгаад гараад явчихсан юм. Тэгээд би тортой юмаа нөхрийнхөө шкафанд хийх гэж байгаад газарт байсан зургын хавтан дээр гишгэчихсэн чинь Х уурлаад миний нүүрлүү алгадхаар нь би зөрүүлээд алгадсан. Тэгээд намайг үсдээд дархаар нь би мөн л үсдэж дарсан. Би түүнээс өмнө цагдаа дуудчихсан байсан юм. Би энэ охиныг гэртээ байлгах хүсэл алга гомдолтой байна гэжээ. / хх-н 7-10/
Шинжээч томилох тухай тогтоол/ хх-н 11/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12185 тоот акт:
1.Ж.О биед баруун хацар, эрүү хүзүү, зүүн эгэм, цээж, баруун бугалганд зулгаралт, зүүн суга, зүүн баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх-н 12/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 13-14/
О.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18 /,
О.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/
О.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/ зэрэг болно.
О.Х нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 37а дугаар байрны 79 тоотод хадам ээж Ж.О таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг алгадах, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай бэр болох Х гэрт байсан ариун цэврийн өрөөний хэрэгсэлүүдийг уутанд хийгээд үүдэнд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би хэрэгтэй юмнуудаа аваад том өрөөнд оруулаад тавьсан чинь эргүүлээд үүдэнд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би яагаад энэ юмнуудыг үүдэнд тавиад байгаа юм гэхэд би завааруулсан гэрийг чинь цэвэрлэж байна гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Х намайг хар авгай үмхий авгай гээд байсан ба манай хүү эхнэртэйгээ маргаж байгаад гараад явчихсан юм. Тэгээд би тортой юмаа нөхрийнхөө шкафанд хийх гэж байгаад газарт байсан зургийн хавтан дээр гишгэчихсэн чинь Х уурлаад миний нүүрлүү алгадхаар нь би зөрүүлээд алгадсан. Тэгээд намайг үсдээд дархаар нь би мөн л үсдэж дарсан гэсэн мэдүүлэг/ хх-н 7-10/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12185 тоот шинжээчийн дүгнэлтээр: Ж.О биед баруун хацар, эрүү хүзүү, зүүн эгэм, цээж, баруун бугалганд зулгаралт, зүүн суга, зүүн баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тогтоожээ.
Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хадам ээжийн ууттай зүйлсийг би өөр өрөөнд оруулаад тавьчихсан юм гэтэл намайг гөлөг шээс минь чи ингэх болоогүй гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би та нар хүүхдээ тусд нь гаргаж чадахгүй байж гээд хэлчихсэн чинь манай нөхөр уурлаад намайг цохичихоод гараад явчихсан юм. Гэтэл хадам ээж чи муу буриадын шээс манайхаас зайл гэж хэлээд намайг зодсон. Миний дээр гарчихаад видео дуудлага хийгээд энэ муу гөлгийг хар гээд бичлэг хийгээд байсан. Ийм асуудал байнга гардаг. Би өмнөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Гэхдээ хаана нь цохисноо мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 17/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
О.Х нь хадам ээж Ж.О хувийнх нь эд зүйлийг үүдэнд тавьсан асуудлаас болж маргалдан харилцан зодолдох явцдаа Ж.О биед баруун хацар, эрүү хүзүү, зүүн эгэм, цээж, баруун бугалганд зулгаралт, зүүн суга, зүүн баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. О.Х дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги, хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.О нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Х бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас О.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх О.Х ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт О Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Х торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН