Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1821

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч:  Н.Гэрэлмаа

 хохирогч: Д.Б

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов: 

шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Г М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1906063122491 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г М, 19  оны 8 дугаар  сарын 19-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй,  хувиараа бизнес эрхэлдэг, ам  бүл 3, нөхөр, хүүхдийн  хамт  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж яваагүй, РД: ,

           Холбогдсон хэргийн талаар:

          Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд дарь-Эхийн тоотод хадам ээж Д.Б таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний үснээс зулгаах, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв иэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед бид нар унтаж байхад манай ач охин нилээд уйлсан юм. Г.М босож ирээд охиныг аргадсан боловч уйлаад байсан. Манай хүү Э сэрээд охиноо аргадаад дуугүй болгооч гэж Г.М хэлсэн. Тэгэхэд М аргадаад дуугүй болохгүй байна гэж байсан. Би хэсэг чимээгүй хэвтсэн. Би охиноо аргадаад болхгүй байна уу гэж асуухад болохгүй байна гэсэн. Энэ хүүхэд чинь арганд орохгүй байгаа юм чинь яах юм гээд хүүхдээ гудсан дээр нь хэвтүүлсэн. Бие нь өвдсөн юм биш үү сайн үзээч гэж хэлсэн. Удалгүй хүүхдийнхээ хонгон дээр алгадаад байхаар нь би босож ирсэн. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан. Туслах багш нар очиж ангиа цэвэрлэдэг юм. Би ажил дээрээ байх хугацаанд бид хоёр маргалдсан байсан. Над руу М залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгэхэд М гэрийн хаалга эвдээд орсон байсан. Чамайг хүү чинь тоохгүй байхад чамайг яасан ч яадаг юм гэж хэлсэн. Айлд бэр орчихоод айлын хаалгыг эвдээд орсон байсан.  Мөн хадам ээжийгээ хүндлэхгүй толгойнд хүрч гэмтэл учруулсанд хэцүү байна. Би бэрийгээ ямар хүн гэдгийг ойлголоо. Би бэрээ хайрлая гэж зөндөө бодсон болохгүй юм байна. Надад бол хэцүү байна. Би гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй, ганцаараа ажил хийдэг. Одоо ажил хийж чадахааргүй болж байх шиг байна. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа. Би дусал тариа хийлгэсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Миний хавирга руу өшиглөсөн. Г.М нь манай бэр болоод 3 жил болж байна. Эхэндээ сайн хүүхэд байсан. Сүүл рүүгээ давардаг юм байна гэв.

          Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд Дарь-эхийн  тоотод гэртээ унтаж байтал манай 2 настай охин Э уйлаад унтахгүй үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь би хөлөн дээр нь хоёр удаа алгадсан. Тэгээд сууж байсан чинь цаад өрөөнөөс хадам ээж Б гарч ирээд үгийн зөрүүгүй шууд намайг алгадаад авсан. Яаж байнаа гэсэн чинь шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд авсан. Ингээд бид хоёр харилцан үсдэлцсэн. Тухайн үед манай нөхөр бид хоёрыг салгасан. Тэгээд охиноо дагуулаад өрөө рүүгээ орсон. Би нөхөртэйгээ мөн муудалцсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 08.00 цаг өнгөрч байхад нөхөр охин бид 3 гэрээс гараад машинтайгаа нөхрийг ажилд нь хүргэж өгөөд охин бид хоёр өдрийн 12.00 цаг хүртэл таксинд халтуур хийж явсан. Охин маань халуураад байсан учир эм уулгах гээд гэртээ орох санаатай хашаанд ортол миний хувцаснуудыг хашаанд тараагаад хаячихсан байсан. Миний хувцас дээр нохой шээчихсэн байж байсан. Тэгэхээр нь би уйлаад нөхөр лүүгээ хэлчихээд гэрийн хаалгаа эвдэж ороод өөрийн болон нөхөр охиныхоо хувцаснуудыг аваад машиндаа хийсэн. Гэтэл хадам ээж ирчихсэн машин ухаад байж байхаар нь би юу ухаад байгаа юм гэхэд шууд намайг үсдээд дарсан. Би ч харилцан үсдэлцээд байж байтал намайг шууд түлхсэн тэгээд нэг мод бариад намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад гар дээрээ цохиулсан. Мөн миний нуруу руу цохисон. Тэгээд би гэрт ороод охиноо авах гэтэл араас орж ирээд намайг өшиглөсөн. Бид хоёр харилцан үсдэлцсэн. Охиноо аваад гарах гэтэл над руу хоолны шавхруу чулуудсан. Мөн аяга авч шидээд миний толгойг оносон. Миний охин ширээн дээр сууж байгаад унасан ба би хүүхдээ автал намайг үсдэх гэж байснаа миний охиныг үсдсэн. Тэгээд хадам ээж гэрээс гараад зугтаачихсан. Өмнө нь манай хадам ээж бид гурвыг байнга хөөж туудаг байсан гэжээ. /хх-н /

          Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой манай гэрт бэр М, манай хүү Э, ач охин Э нар байсан. 00.03 цагийн орчимд манай ач охин уйлсан ба аргадаад болохгүй уйлаад байсан. Гэтэл манай хүү эхнэртээ хандаад хүүхдээ дуугүй болгооч гэж хэлсэн. Гэтэл аргадаж болдог бол аргадмаар байна аргадаж болдоггүй биз дээ гэсэн. Гэтэл бэр уурлаад охиноо хоёр удаа алгадсан. Тэгтэл манай хүү чи эх нь байж аргадаад дуугүй болгож чадахгүй байна уу гэж хэлээд тэр хоёр маргалдаад зодолдож эхэлсэн.  Би хүн амьтнаас санаа зовдоггүй юм уу гээд тэр хоёрыг салгасан. Гэтэл манай бэр над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи манай гэрт 3 жил амьдарлаа би янхан гичий юм бол чи юм гэж хэлээд баруун гарын мөр лүү нь түлхсэн. Гэтэл чиний янхан ээж надад гар хүрдэг хэн юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан шаазан аягыг авч над руу шидсэн чинь миний зүүн талын гарны шууны хэсэгт онож цохисон. Энэ маргаан шөнийн 04.00 цаг хүртэл үргэлжилсэн. Өглөө нь би ажилдаа явсан тэр гурав унтаад үлдсэн. Намайг ажил дээрээ байж байхад манай бэр М утасдаад байхаар нь би утсаа аваагүй. Гэтэл мессэж бичээд сүрдүүлсэн байсан. Тэгээд өдөр 14.00 цагт ажлаа тараад иртэл манай бэр гэрийн хаалгыг тулгаад машинаа тавьчихсан гэрийн цоожийг эвдээд орчихсон байсан. Тэгээд бүх зүйлээ машиндаа хийчихсэн байхаар нь би яаж байгаа юм яагаад хаалга эвдэж байгаа юм гэж хэлсэн. Мөн миний дэвсдэг гудсыг авчихсан байхаар нь би машинаас нь авсан. Гэтэл намайг зодсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. / хх-н 14-18/

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай ээж манай эхнэр хоёр маргалдаж зодолдсон гэсэн. Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна.Өмнөх шөнө нь манай охин 2 настай Э уйлаад байсан чинь манай эхнэр М алгадсан энэ асуудлаас болоод ээж Мөнхзул хоёр маргалдсан. Тэгээд тэр хоёр салахгүй болохоор нь би дундуур нь орж салгасан. Гэтэл маргааш нь манай эхнэр над руу залгаад ээж чинь охин бид хоёрыг зодлоо гээд байсан. Манай ээж манай эхнэр хоёр ер нь хоорондоо таарамж муутай байдаг юм. Гэхдээ цагдаагийн байгууллагад өгч байгаагүй. Ажид төрөл хийсэнгүй гээд л маргаан болдог юм гэжээ.  /хх-н 19-20/

          Шинжээч томилох тухай тогтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12802 тоот акт:

1.Д.Б биед баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  /хх-н 25-26/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 27-28/         

          Г.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 34/

           Г.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-46/

          Г.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 47-48/ зэрэг болно.

          Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунддарь-Эхийн 40-2007 тоотод хадам ээж Д.Б таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнтэй харилцан  үснээсээ зулгаалцах, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

       Хохирогч  Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай бэр над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи манай гэрт 3 жил амьдарлаа би янхан гичий юм бол чи юм гэж хэлээд баруун гарын мөр лүү нь түлхсэн. Гэтэл чиний янхан ээж надад гар хүрдэг хэн юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан шаазан аягыг авч над руу шидсэн чинь миний зүүн талын гарны шууны хэсэгт онож цохисон. Маргааш өдөр 14.00 цагт ажлаа тараад иртэл манай бэр гэрийн хаалгыг тулгаад машинаа тавьчихсан гэрийн цоожийг эвдээд орчихсон байсан. Тэгээд бүх зүйлээ машиндаа хийчихсэн байхаар нь би яаж байгаа юм яагаад хаалга эвдэж байгаа юм гэж хэлсэн. Мөн миний дэвсдэг гудсыг авчихсан байхаар нь би машинаас нь авсан. Гэтэл намайг зодсон гэсэн мэдүүлэг / хх-н 14-18/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12802 тоот шинжээчийн дүгнэлтээр : Д.Б биед баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоожээ.  /хх-н 25-26/

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... манай охин 2 настай Энхсувд уйлаад байсан чинь манай эхнэр М алгадсан энэ асуудлаас болоод ээж М хоёр маргалдсан. Тэгээд тэр хоёр салахгүй болохоор нь би дундуур нь орж салгасан. Гэтэл маргааш нь манай эхнэр над руу залгаад ээж чинь охин бид хоёрыг зодлоо гээд байсан. Манай ээж манай эхнэр хоёр ер нь хоорондоо таарамж муутай байдаг юм. Ажил төрөл хийсэнгүй гээд л маргаан болдог юм гэсэн мэдүүлэг   /хх-н 19-20/

          Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... хадам ээж Б гарч ирээд үгийн зөрүүгүй шууд намайг алгадаад авсан. Яаж байнаа гэсэн чинь шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд авсан. Ингээд бид хоёр харилцан үсдэлцсэн. Тухайн үед манай нөхөр бид хоёрыг салгасан.  Охин маань халуураад байсан учир эм уулгах гээд гэртээ орох санаатай хашаанд ортол миний хувцаснуудыг хашаанд тараагаад хаячихсан байсан. Миний хувцас дээр нохой шээчихсэн байж байсан. Тэгэхээр нь би уйлаад нөхөр лүүгээ хэлчихээд гэрийн хаалгаа эвдэж ороод өөрийн болон нөхөр охиныхоо хувцаснуудыг аваад машиндаа хийсэн. Гэтэл хадам ээж ирчихсэн машин ухаад байж байхаар нь би юу ухаад байгаа юм гэхэд шууд намайг үсдээд дарсан. Би ч харилцан үсдэлцээд байж байтал намайг шууд түлхсэн тэгээд нэг мод бариад намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад гар дээрээ цохиулсан. Мөн миний нуруу руу цохисон. Тэгээд би гэрт ороод охиноо авах гэтэл араас орж ирээд намайг өшиглөсөн. Бид хоёр харилцан үсдэлцсэн. Охиноо аваад гарах гэтэл над руу хоолны шавхруу чулуудсан. Мөн аяга авч шидээд миний толгойг оносон. Миний охин ширээн дээр сууж байгаад унасан ба би хүүхдээ автал намайг үсдэх гэж байснаа миний охиныг үсдсэн. Тэгээд хадам ээж гэрээс гараад зугтаачихсан гэсэн мэдүүлэг  /хх-н / зэрэг болно.         

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Г.М нь өөрийн хадам ээж Д.Б хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдох явцдаа биед нь баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий  хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Г.М дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч  Г.М нь хохирогч Д.Б эмчилгээний зардалд гарсан  148.000 төгрөгийг ойрын хугацаанд нөхөн  төлөхөө илэрхийлсэнг хохирогч харилцан зөвшөөрсөн байна. Иймд Г.М 148.000 төгрөгийг гаргуулж  төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас  Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх Г.М  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Б овогт Г М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.М 148.000 төгрөгийг гаргуулж Д.Б олгосугай.

         9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН