Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 313

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 139-р байрны 45 тоотод оршин суух Цэнгүлэн овогт Жийтогоогийн Ганхуяг /РД: ЕН70021613, yтас: 99763176/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 139-р байрны 49 тоотод оршин суух Баян овогт Шагдарын Баяржавхлан /РД: ЛЮ75022733, yтас: 96663382/-д холбогдох,

“1,063,860 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Ганхуяг миний бие нь 139-р байрны 45 тоотод оршин суудаг бөгөөд 49 тоотод иргэн Ш.Баяржавхлангийнх амьдардаг. Баяржавхлангийнх манай дээрээс удаа дараа ус алдаж шаардлага тавихад үл ойшоож 2015 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар 4 удаа ус алдсан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 05-д, 2016 оны 09 дүгээр сарын 18-д гэх мэт 6 удаа ус алдаад байна. Ус алдсаны улмаас цахилгааны далд монтажид гэмтэл үүсч манай коридорын гэрэл, банны өрөөний гэрэл, гал зуухны өрөөний гэрэл асахгүй болсон ба банны өрөөний бойлуур шатсан. Мөн ус нэвтэрсний улмаас банны өрөөний таазны шавар, гал зуухны таазны булангийн шавар хэсэг газар ховхорч унасан. Манайх коридорын гэрэл, банны өрөөний гэрэл, гал зуухны өрөөний гэрэл, банны өрөөний бойлуур зэргийг шинээр худалдан авч хийсэн. Одоо банны өрөөний таазны шавар, гал зуухны шавар өнгөлгөө хийж чадаагүй байна. Бид бойлуур 799 юань, коридорын гэрэл 50 юань, банны өрөөний гэрэл 100 юань, гал зуухны гэрэл 150 юаниар худалдаж авахад 1,129 юань буюу 383,860 төгрөг ажлын хөлсөнд 80,000 төгрөг нийт 463,860 төгрөг зарцуулсан. Одоо банны өрөөний тааз, гал зуухний өрөөний таазны засал хийхэд материалын болон ажлын хөлс нийлээд 600,000 төгрөг болно. Иймээс Ш.Баяржавхлангаас 1,063,860 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Ш.Баяржавхлангаас 1,063,860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 600,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 463,860 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ш.Баяжавхлан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... тодорхой хэмжээний хохирол 1129 юань буюу 383,860 төгрөгийг 2016 он дуусахаас өмнө төлж барагдуулна. Бусад нэхэмжилсэн мөнгийг бодит зураг, баримтгүй амаар хэлж байгаа учраас үнэлгээ хийлгэж дараагийн арга хэмжээг авна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ганхуяг, хариуцагч Ш.Баяржавхлан нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Ж.Ганхуяг нь Ш.Баяржавхлангаас 463,860 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ш.Баяржавхлантай харилцан тохиролцон ярилцаж 423,860 төгрөгөн дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 40,000 төгрөгөөсөө татгалзав, хариуцагч Ш.Баяржавлан нь Ж.Ганхуягтай харилцан тохиролцож бодит хохирол болох 383,860 төгрөг, засвар үйлчилгээний зардал 40,000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ байгуулав. 423,860 төгрөг дээр эвлэрэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ж.Ганхуяг нь хариуцагч Ш.Баяржавхланд холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1,063,860 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ганхуяг, хариуцагч Ш.Баяржавхлан нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,063,860 төгрөгнөөс нэхэмжлэгч 640,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 423,860 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,083 төгрөгнөөс 50 хувь болох 15,041.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 423,860 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 13,366 төгрөгнөөс 50 хувь болох 6,683 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ганхуяг, хариуцагч Ш.Баяржавхлан нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 423,860 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун жар/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 30,083 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 15,041.5 төгрөгийг, хариуцагч Ш.Баяржавхлангаас 6,683 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Ганхуягт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ